Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Давхар дээл чинь давхар луйвар болчихлоо, Ерөнхий сайд аа!

Давхар шунал

Давхар дээл гэдэг нэр томьёо Монголын улс төрийн өвөрмөц хэлцийг баяжуулсаар уджээ. УИХ-ын гишүүд бүгд л наашаа харж муухай, буруу, тайл барь гэх атлаа цаашаа харахдаа бүгд л давхар дээл рүү тал засан гүйж, талимааран ширтдэг билээ. Энэ талимаа татсан харц нь тэднийг ховсдон татаж, нэг л мэдэхэд хоёр байтугай гурван давхар дээл өмсчихөөд дахиад дах нөмрөх гээд сууж байх хэмжээний дурлалтай учруулдаг нь олон жилийн дунджаар батлагджээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл эдүгээгийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга байхдаа сайдад нэр дэвшин сонгогдсон билээ. Ийнхүү гишүүн, сайд, байнгын хорооны даргын гурван давхар дээл углачхаад нэг хэсэгтээ л тун жаргалтай явсан. Олон нийт үүнийг нь анзаараад шүүмжилсэн, хэвлэлийнхэн ч бичсэн. Ингээд арга буюу Байнгын хорооны даргын дээлээ дуртай дургүй тайлсан. Гэхдээ л тэр давхар дээлтэй хэвээрээ.


Давхар дээл бол давхар эрх мэдэл, давхар хариуцлага, давхар ачаалал юм. Ажил хийе гэсэн хүнд давхар дээл шиг дараатай, хэрэггүй юм үгүй. Үүрэг, хариуцлагыг үл тоодог, ажил хийж ачаалал үүрэхийг боддоггүй, эрх мэдлийг далайлган, энэ биеэ дөвийлгөх дуртай хүмүүст бол давхар дээл яах аргагүй давхар гоёл, давхар боломж, давхар шунал юм. Тэгэхээр давхар дээлтэй сайдуудыг дээрх хоёр бүлэг хүмүүсийн алинд нь багтах вэ гэдгийг амархан мэдэж болно.
Хийсэн ажил нь, хариуцсан салбарынх нь нүүр царай, өнгө төрх тэр хүнийг хэн бэ гэдгийг харуулаад өгдөг л дөө. Өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаасаа бусад нь давхар дээлтэй. Үүгээрээ түүхэнд дээд амжилтыг тогтоох байх. Давхар дээлтэй гэдэг нь давхар ашиг сонирхолтой гэсэн үг. УИХ, Засгийн газрын ажил тал хагас л явна гэдэг нь ч тодорхой. 

 

Ажил хийхийн төлөө бус өөрсөд дээрээ эрх мэдэл нэмж овоолох дур сонирхол эрх баригчдад байсаар байгаагийн илрэл энэ юм. УИХ-ын гишүүд бүгд сайд болох сонирхолтой. Бүр тийм туйлын зорилготой ч гэмээр. Гишүүн болоод сэтгэл нь ханахгүй. Тиймээс бүгд дор дороо л Засгийн газар луу өлөн нүдээр харж, шүлсээ залгилдаг. Өө хайж, шүд амаа билүүддэг. Өөрийн хүний Засгийн газар хамаагүй болтлоо улайрна. Ямар ч аргаар хамаагүй сайд болж, давхар дээл өмсөх сөн гэж өдрийн бодол шөнийн зүүд болно. Ингээд Засгийн газар огцорч хоёрдугаар ээлжийнхэн нь хоолондоо орно. Хоцорч хоолондоо хүрсэн нөхөд өлөн ховдог юм шиг л дайрна. Ийм дүр зураг Монголын улс төрд хэв шинж болтлоо нутагшжээ.
Эцэст нь засгийн ажил л урагшилдаггүй. Зам зуурын сайд нар бол давхар дээлэн дотроо занхайтал таргалж аваад зайлцгаадаг. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайд болсон МАН-ын гишүүд “идэж уухаар” ёстой л өм цөм дайрцгаасан. Гурван сайд нь өөрсдийн компанид концесс авсан. Төсвийн тухай хууль зөрчин Засгийн газрынхаа гишүүдтэй концессын гэрээ байгуулсан явдал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон билээ. Давхар дээл бол давхар шунал гэдгийн учир энэ.

 

Давхар хангамж

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлснээ тайлбарлахдаа “Би давхар дээлийг эрх ямба гэж харахгүй байгаа. Давхар дээл ажил хийх боломж хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгож буй шалгуур гэж үзэн сонголтоо хийсэн. Өнөөдрөөс эхлээд манай сайд нар ард түмнийхээ өмнө УИХ-ын болон Засгийн газрын гишүүн гэсэн давхар хариуцлагыг хүлээх болно. Иймд манай сайд нарыг давхар дээлтэй гэхээсээ давхар хариуцлагатай сайд нар гэж хэлбэл илүү ононо гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм. Мэдээж У.Хүрэлсүх бол популист улстөрч. Тиймээс дээрх үг бол түүний хувьд зүгээр л цаасан дээр бичүүлж аваад цээжилж байгаад уншчихсан зүйл болохоос амьдрал дээр хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь огт биш.


Тиймээс түүний танхимын сайд нар бүгд давхар шуналтай гэсэн үг. Эхнээсээ шунал нь шулам болж ЖДҮХС-гийн хэрэгт холбогдон ажлаа өгцгөөсөн. Давхар дээлийг давхар хангамж гэж ойлгосон Ардын Засгийн сайд нар хүү, охин, ар гэр, ах дүүс, хүргэн, хадам гээд хамаатан садандаа хамаг бүхнээ зориулж байгааг Ц.Нямдорж сайдын хүү Австралид Элчин сайдаар томилогдож, Н.Энхболд сайдын хүү, хүргэн хоёр мөн гадаадад Элчин сайдын яаманд өндөр албанд заларч, Ч.Улааны хадам дүү улсын том тендер авч мал амьдаар нь гаргах эрхтэй болчихсон суугаа зэргээс харж болно. У.Хүрэлсүхийн танхимын сайд нар дотор давхар дээлийг давхар хариуцлага гэж ойлгосон хүн нэг ч алга. Тэд харин давхар дээлээ давхар хангамж гэж бодож тооцоолсон тул гурав дөрөв дэх удаагаа, бүр долоо дахь удаагаа сайд болж, давхар дээлэнд шургацгаагаад байгаа билээ.
Давхар дээлтэй сайд нар ажлаа тал хагас хийдэг нь өнгөрсөн арав гаруй жилийн гашуун туршлага харуулдаг. Давхар дээлтэй сайд томилно гэдэг тэр салбарыг хагас удирдлагатай, тал хариуцлагатай болгож байгаа л гээд ойлгоход болно.

 

Давхар молиго

Давхар дээлгүй болно гэж улстөрчид олон жил ярьж байгаа. Гэвч тэд ярьсныхаа эсрэг хийдэг. Хамгийн сүүлд л гэхэд 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж давхар дээлийг болиулах агуулгатай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан ч парламент хэлэлцэлгүй буцаасан юм. Түүхийг нь сөхвөл ганцхан 1996-1998 онд М.Энхсайханы Засгийн газрын гишүүд бүгд парламентын гаднаас бүрдэж байсныг эс тооцвол 1990 оноос хойшх бүх парламент давхар дээлтэй Засгийн газар байгуулж байжээ. Тухайн үед “Ардчилсан холбоо” эвслийнхэн өөрсдөө гүйж байгаад Үндсэн хуулийн Цэцээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн дүгнэлт гаргуулж байгаад М.Энхсайханы Засгийн газрыг дан дээлтэй байгуулаад удалгүй түлхэн унагаж, эргээд давхар дээлтнүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулсан байдаг.
2000 онд Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт оруулснаар давхар дээл хууль эрх зүйн хувьд баталгаатай, дархлаатай болсон юм. Түүнээс хойшх бүх Засгийн газар давхар дээлтэй сайд нартай байв. Харин ч жилээс жилд давхар дээлтэй сайд нарын тоо нэмэгдсээр өнөөдөр У.Хүрэлсүх оргилд нь тулгаад буй.
Ийм ашиг сонирхол улстөрчдөд, намуудад бодитой байдаг атал тэд сонгууль бүрээр давхар дээлийг хална, засаглалын харьцааг тэнцвэржүүлнэ гэх мэт хоосон уриа лоозон дэвшүүлдэг билээ. Гэвч сонгуулийн дараа давхар дээлтэй сайд нар төрөн гардаг. Энэ бол олон нийтийг хууран мэхэлж байгаа давхар молиго юм. Хулгайч л хулгайчийг бариарай гэж чанга хашхирдаг шиг давхар дээлийн донтнууд л давхар дээл буруу, муухай гэж сүртэй тунхагладаг аж.

 

Давхар дарамт

Давхар дээлийн дарамт хаа хаанаа л бий. Давхар дээлтнүүд өөрсдөө ч дарамтлуулна. Өрөөлийг ч дарамтална. Өргөн олонд ч дарамт чирэгдэл болно. Улсын ажилд дарамт учруулна. У.Хүрэлсүх сайдын хэлсэнчлэн давхар дээл давхар хариуцлага байсан нь хэзээ ч үгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарт хариуцлага тооцно гэж чанга дуугаар зарлаж л байна. Цаанаа очихоор сайд нар нь бүгд давхар дээлтэй. Давхар хуягтай гэсэн үг. УИХ-ын танхимд бүгд адилхан эрх мэдэлтэй гишүүд. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн үгэнд орно гэж байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр загнасан болоод өнгөрөхөөс өөр арга Л.Оюун-Эрдэнэд үлдэхгүй л болов уу. Давхар дээлийн давхар дарамт ингэж засгийн ажилд үүрэг хариуцлага ярих аргагүй болж байгаагаар илэрнэ.


Дараагийн дарамт нь харин давхар дээлтнүүдэд өөрсдөд нь ирдэг гэж болно. УИХ-ын 76 гишүүн бол бараг бүгд сайд. Бүгд л болдогсон бол төсвийг ерөнхийлөн захирах гэж зүтгэнэ. Тойрогтоо, үр хүүхдүүддээ, хамаатан садандаа, тойрон хүрээлэгчдэдээ ЖДҮХС, Газар тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан зэргээс ахиухан зээл авч өгөхийг хичээнэ. Өөрийн компанидаа тендер, концесс авахаар улайран зүтгэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан концесс, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулж буй ЖДҮХС-гийн хэрэг үүний жишээ. УИХ-ын гишүүн бүхэн сайд нараа дарамталж, шаналгаж, гуйж гувшиж авлига, албан тушаалын хэргийг агшин тутамд үйлдэж байдаг нь нууц биш.
Сайд нар ажлаа хийх гэхээр УИХ-ын гишүүд ямагт ашиг сонирхлын үүднээс хандаж, асуудлыг парламент дээр гацаадаг, унагадаг тохиолдол байнга гардаг. Монголын улс төрийн тамын тогоо ийнхүү давхар дээлтэй сайд нар, 76 гишүүдтэйгээ буцалж, оволзож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com