Үндсэн хуулиа зөрчсөн Үндсэн хуулийн өөрчлөлт
Эрх баригчид улангасч эхлэв. Ямар ч үнээр хамаагүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж тэд улайран зүтгэж байна. Парламентад 64 суудалтай үнэмлэхүй олонхоороо далайлгаж, олон нийтийн санаа бодол гэдэг үлгэрээр хуурч, яг хэрэг дээрээ бол МАН-ын эрх ашгийг хамгаалсан, магадгүй бүр холын хорон бөгөөд аюултай ашиг сонирхол шингэсэн маш муу өөрчлөлтүүдийг өнөөгийн эрх баригчид “эцэг хууль“-д хийхээр асар хүчтэй ухуулга, сурталчилгаа явуулж эхэлжээ.
Үндсэн хуулийн төслийг УИХ-д нэгэнт өргөн бариад парламент дээр хэлэлцүүлэг нь эхэлчихсэн байхад УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт тойргийнхоо сонгогчидтой уулзалт зохион байгуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж, санал авч яваа нь нэгт гэвэл хууль зөрчсөн үйлдэл, хоёрт гэвэл иргэд, олон нийтийн тархийг угаах гэсэн явуургүй арга юм. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд тусгай хуулийн дагуу, нарийн чанд дэгийг мөрддөг. Наад зах нь Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлсэн бол дундуур нь өөр хуулийн төсөл хэлэлцдэггүй гэх мэт. 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой боловч эрх баригчид олонхоороо түрээ барин олон зүйл заалтыг нь зөрчсөөр байгаа юм. МАН-ынхан өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө олон нийтэд танилцуулсан болж харагдаж буй ч Ардчилсан намынхан хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзахад байдал эсрэгээрээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэд огт ойлголт, мэдээлэлгүй байгаа ажээ.
Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авах ёстой. Эдгээр процесс огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл ард түмнээсээ асуугаагүй, Төрийн тэргүүндээ танилцуулаагүй хуулийн төслийг өргөн барьчхаад Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж болно.
“УИХ улайраад ирэхээрээ л их сонин болдог” гэж эдүгээгийн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хэлж байсан удаатай. 2010 онд наадам эхлэхээс тавхан өдрийн өмнө УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байхад тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Одбаяр ийн мэдэгдэж байв. Өнөөдөр тэрээр хоржоонтой юм шиг Үндсэн хуулийн цэцийн дарга болчихсон, өөрийг нь нэр дэвшүүлэн томилсон нам нь Үндсэн хууль хууль бусаар гар хүрэх гэж баяр наадмын өмнө улайран зүтгэж байгааг хараад юу бодож суугаа бол. Ямар ч байсан түүний хэлснээр УИХ улайраад эхэлчихсэн. Тэд Тавантолгой, Оюу толгойн гэрээ, Ашигт малтмалын тухай хууль энэ тэрхэн биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төрийн машиныг ажиллуулж байгаа нь хардлага, сэрдлэг, айдас хүйдэс төрүүлж байна.
Халаасны намуудын ятгалга
Төрийн машин хэрхэн ажиллаж байгааг олон нийт харж, мэдэрч буй биз ээ. Олон нийтийн санал асуулгаар ард түмний 60 гаруй хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна гэдэг мессэжийг эрх баригчид олон нийтийн сүлжээгээр асар өндөр давтамжтайгаар тасралтгүй цацаж байгаа. Мөн улс төрийн намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна гэдэг болхи бүдүүлэг сурталчилгаа цацаад эхэлжээ. Ганц нам үнэмлэхүй олонх болж ардчиллын үнэт зүйл, хууль дүрэм, ёс зүйг уландаа гишгэсэн ийм парламент Үндсэн хуульд дур мэдэн өөрчлөлт хийхийг алга ташин дэмжээд байгаа намууд нь ганц хүний, нэг компанийн, эсвэл дөнгөж байгуулагдсан хэн ч мэдэхгүй намууд байгаа ажээ. Тухайлбал, “Буян” компаниар овоглосон БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга, “Хонин бууз”-ын эзэн Ш.Төмөрсүх, Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа, Хөдөлмөрийн үндэсний намын генсек Д.Гантулга, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Дэлхийн монголчуудын намын дарга Г.Тэмүүжин, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Ард түмний намын дарга Л.Гүндалай нар МАН-ынхны хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэнэ. Тэд ам уралдан Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг болсон гэдэг ганц үгийг тоть мэт давтацгаах аж. Үндсэн хуулийн ийм ийм заалтуудыг өөрчилснөөр Монголын амьдрал гайхамшигтай болно гэх шахуу хөөс сахруулан ярих халаасны намуудын дарга нарт хэн итгэх билээ дээ. Хүүхэд ч итгэхээргүй ийм үлгэрийг посткоммунистууд зохион дэглэж байгаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Ардчилал, шударга ёс, хууль эрх зүйт төрийн төлөө гэхээс илүү ашиг хонжоо, эд мөнгө, эрх мэдлийн араас сүнсээ худалдахад бэлэн явсаар ирсэн хүмүүс ийнхүү улс төрийн намын тамга сийлүүлж атгачхаад ард түмнийг төлөөлж ярих эрх үгүй билээ.
Харин Монголд өнөөдөр хамгийн бодитой бөгөөд хүчирхэг цорын ганц сөрөг хүчин байгаа нь Ардчилсан нам. Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа улс төрийн тавцан дахь тэнцвэржүүлэгч үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр ч энэ шинж чанараа хадгалж байгаа. Тиймээс Ардчилсан нам яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Үүнд “Эрх баригчид яагаад Үндсэн хуулийг яаран өөрчлөхөөр улайраад байгаа юм бэ?” гэдэг асуултыг сөргүүлэн тавихад хүрнэ.
Гаднын захиалгат бүлэглэл “Эцэг хууль”-д гар хүрэх нь
Ард түмнээсээ санал асууж, үндэсний зөвшилцлийн хэмжээнд бүх талын оролцоог хангаж байж хийх ёстой Үндсэн хуулийн өөрчлөлтийг ганц нам үнэмлэхүй олонх байгаа үедээ хүч түрэн батлах нь ямар хор уршиг, аюул занал дагуулах вэ гэдэгт олон нийт мэдээлэл, мэдлэг бага байж мэдэх юм.
Тэгвэл энэ талаар мэдлэг, боловсролтой, оюунлаг сэхээтнүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй болов уу. Тэд ч дуугараад хэдийнэ эхэлчихсэн.
Судлаач Д.Ганхуяг “МАН “зөвлөлдөх ардчилал”, “прогрессив алъянс”-ыг дулдуйдан Үндсэн Хуулийг хүчиндэн өөрчлөх замд шуудран оров” хэмээн шуудхан хэлжээ. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа “Барууны дэмжлэгтэй, Барууны сан, хөтөлбөртэй, Барууны мөнгөтэй болсон Г.Занданшатар Монголд “үй түмэн” хурал, зөвлөгөөн, семинар хийснийхээ хүчинд “тэргүүлэх онолч” болсон нь “зүй ёсны” хэрэг юм. Азийн сан, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн зэрэг Барууны маш олон байгууллага дэмжиж, тусалсаар байхад “онолч” болж чадахгүй бол хохь нь байхгүй юу ?!
Эхэндээ Г.Занданшатар хүчилж, хүчиндэж байгаад М.Энхболдод “зөвлөлдөх ардчиллаа” тулгасан боловч цаадах нь хаширлаад ганц нэг “бэлэн” илтгэл уншихаас хэтэрсэнгүй, олигтой ч хөдөлж өгсөнгүй. Энэ нь М.Энхболдыг унагах хүрэлцээтэй бөгөөд хангалттай гадаад шалтгаан юм. Уг нь улс төрч хүн ийм хашир байвал тун зүгээр л дээ…Ингээд У.Хүрэлсүх үлдэж байгаа юм. У.Хүрэлсүхтэй онол ярина гэдэг бол тун ч марзан асуудал болох нь ойлгомжтой” хэмээн тайлбарлажээ. Түүний нийтлэлийг цааш уншваас “Тэдний цорын ганц зорилго бол улс төрийн эрх мэдлийг ард түмний гараас булаан авч, МАНАН-гийн олигархиудын мэдэлд үүрд хадгалан үлдээх, МАНАН-г аврах явдал мөн. Тэд үхэж мөхөж буй МАНАН-г аврах сүүлчийн ганц боломжийг алдахгүй гэж үхэн хатан зүтгэж байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байна. Г.Занданшатарыг УИХ-ын дарга болсны дараа үйл явц улам түргэсч, илт тодорхой албадан хүчиндэх шинжтэй болов. Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нарын Үндсэн Хуулийн төсөлд ард түмний эрх мэдлийг булаан авч, МАНАН-гийн олигархиудад шилжүүлэх зорилготой элдэв төрлийн гох, дэгээ, гувчуур, урхи, хавх, сааль, занга зэрэг пиг дүүрэн.
Эндээс үхэж мөхөж буй МАНАН-д шинэ Үндсэн Хууль гэсэн “мөнхийн рашаан” өгч, түүнийг дахин амилуулж болохгүй гэсэн баттай дүгнэлт гарна. МАНАН-гийн зүгээс хүчиндэн зүтгүүлж буй Үндсэн Хуулийн өөрчлөлт гэх жүжгийг таслан зогсоох нь улс үндэстнээ аврах цорын ганц зөв зам мөн” хэмээн бичсэн байна.
Эндээс харахад Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон үйл явцаас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүч хэрэглэн хийх процесс эхэлсэн бөгөөд төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилал гэгчээр сольж, барууны туршилтыг Монголдоо хийх гэж буй санаархал ил болж байгаа юм. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Гаднын захиалгат бүлэглэл Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй” хэмээн хэлсэн нь ч санамсаргүй хэрэг биш болов уу.
Үүн дээр нэмээд зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн нийтлэлийг уншихад Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран шамдан хийх гээд байгаагийн цаадах булхай тодорхой харагдана. Тухайлбал, Засгийн газрын сайд нарыг томилох эрхийг Ерөнхий сайдад өгч УИХ-ын гүйцэтгэх засаглалын институцийг байгуулах эрхийг бүрмөсөн эвдэх, Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалын институцийг байгуулах эрхийг бүр мөсөн устгах, Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийг томилох бүх эрх мэдлийг устгах зэрэг хортой, аюултай заалтуудыг МАН-ынхан “хөвөнд боодолтой чулуу” болгон шидэж байгааг Д.Төрмөнх сэтгүүлч Үндсэн хуулийн өнөө мөрдөгдөж буй заалтуудыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд буй заалттай харьцуулан тун ойлгомжтой бичжээ.
Чоно борооноор, МАН наадмаар
Монголын тэргүүний оюунлаг сэхээтнүүд, халуун эх орончдыг ЗХУ-ын Коминтерн улсын баяр наадам, улс тунхагласны баяраар тааруулан баривчилж, хороосон байдаг. Тусгаар тогтнолыг маань устгаж байгаагаа тэгж харуулдаг байсан биз. Харийн энэ хорон бодлогыг МАН-ынхан идэвхтэй үргэлжлүүлж улс орны эдийн засаг, нийгэмд хор хохиролтой хуйвалдааны хуулиудаа дандаа баяр ёслол далимдуулж баталдаг зуршилтай. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дөрвөн жилийн өмнө 2006-2016 оны хооронд 10 жилийн хугацаанд МАН-ынхан баяр ёслол далимдуулж, хувийн явцуу эрх ашгаа шингээсэн 197 хууль баталсан гэдгийг танилцуулж байсан удаатай.
МАН-ынхан ингэж улсаа луйвар, булхайгаа хийдэг. Энэ аргаараа өнөөдөр Үндсэн хуулийг улсын баяр наадмын өмнө олон нийтийн анхаарал суларсан үед харь гадаадын захиалгаар яаран өөрчлөх гэж улайрч байна.
“Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш” гэж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Тэрээр үүгээрээ эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн эрхгүй гэдгийг тодорхой хэлсэн юм. МАН-ынхан олон хууль зөрчин Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгаагийн нэг жишээ л гэхэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд нь шинэчилсэн найруулгын хэмжээнд хүрээд байгаагаас харж болно. Аливаа хуулийн 20-иос дээш хувийг өөрчилбөл нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга гэж үздэг. Гэтэл Үндсэн хуулийг ийнхүү нэмэлт, өөрчлөлт нэрийн доор шинэчлэн найруулах гэж байгаагийн ард ямар эрх ашиг нуугдаж байгаа хэрэг вэ.
Энэ мэт олон асуулт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдон гарч байна. Биднийг айраг, хуушуур эргүүлэн бөх, морь үзсэн шиг наадаж байх зуур эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүч түрэн хийж, төлөөллийн ардчиллыг устган, өөрсдийн эрх ямбаа Богдын олбог шиг зузаалчхаад сууж байж мэдэх нь. Чоно дандаа борооноор биш баяр наадмаар ч хот руу дайрдаг билээ.
Г.Ууганбаяр
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН