Дарангуйлал руу шилжих “аюултай төсөл”
Тойрч нуршилгүйгээр шууд гол санаагаа хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төсөл эдүгээ мөрдөж буй Үндсэн хуулийн үзэл санааг эрс өөрчлөх төдийгүй Үндсэн хуульт байгуулалд ноцтой аюул учруулж мэдэхээр байгаа ажээ. Түүнчлэн парламентаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлсэн хойно Төрийн тэргүүн ийнхүү төсөл өргөн барьсан нь хэр нийцтэй вэ гэдэг асуудал ч гарч байна. Тиймээс, энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцэж буй эсэх, төсөлдөө дэвшүүлсэн санаанууд нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр онцолсон байна. Тэрээр УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүний илэрхийлсэн дээрх байр суурь бол УИХ-ын Ажлын хэсгийн байр суурь гэсэн үг.
Тэрээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай” хэмээн Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаан дээр хэлжээ. Үүнийг хувь хүн, хувь гишүүний субьектив байр суурь огт биш УИХ-ын байр суурь гэж ойлгож болно.
Хувь судлаач, хуульчдын хувьд ч дээрхтэй агаар нэг санал хэлж, байр сууриа илэрхийлжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийг долдугаар сарын 16 буюу энэ долоо хоногийн мягмар гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслөө УИХ-д өргөн барьсны дөнгөж дараахан МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна” хэмээн шуудхан хэлжээ. Хуульчид ийм байр суурьтай байгаа бол олон нийтийн санаа бодлыг танадахад ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжихээс дэмжихгүй нь тодорхой харагджээ.
Жишээ нь www.ikon.mn сайт Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс зөвхөн нэг санал буюу УИХ-ын гишүүний тоог 108 болгох, түүний дотор 50 хувийг нь пропорциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар, 50 хувийг сонгуулийн нэг том тойрог болгож одоогийн мажоритар тогтолцоогоор сонгох саналыг дэмжиж байгаа эсэх санал асуулга явуулахад уншигчдын 66 хувь буюу дийлэнх нь дэмжихгүй байна гэсэн санал өгчээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслөө УИХ-д өргөн барихдаа уг төсөлдөө олон нийтээс гаргасан саналуудыг багцалсан гэдгээ онцолсон. Гэтэл өргөн барьсан төслийнх нь нэг асуудлыг сугалаад авч үзэхэд олон нийт дэмжихгүй байгаа аж.
Ажлын хэсэг юу гэж дүгнэв?
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдсан гэдгийг дээр өгүүлсэн. Тэд өмнө нь өргөн барьж, эхний хэлэлцүүлгийг нь хийгээд байгаа төслөө биш хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг чиглэл чиглэлээр нь нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтүүдээ нэгтгэхэд бүтэн өдрийг зарцуулжээ. Ямар процесс өрнөснийг товч дурдъя.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн төсөл, саналд нийтдээ 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байгаа ажээ. Иймээс шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас цаашид асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар нухацтай ярилцах шаардлагатай гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийнхэн үзжээ. Тиймээс УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд өчигдөр үдээс өмнө хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хуралдаанаараа хэлэлцжээ. Эдгээр салбар хуралдаануудаар Ерөнхийлөгчийн төсөлд ямар санал, дүгнэлт гаргасныг дор сонирхуулъя.
Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Н.Лувсанжав:
-Ажлын дэд хэсэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Ингэхдээ Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд тусгагдсан асуудлуудыг хэлэлцүүлгийн шатанд хамтад нь харьцуулж ярилцаад шийдэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөл, саналдаа Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан байна. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн учраас Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан. Энэ санал нь төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр заасан агуулгатай тул Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна гэж үзэж буйгаа ажлын дэд хэсгийн гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасан нь Улсын Их Хурлаар одоо хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналаа илэрхийлсэн. Нөгөө талаар энэ санал нь агуулгын хувьд одоо хэлэлцэж буй төсөлд нийтлэг байдлаар зарчим нь туссан тул хамтатгаад хэлэлцэх боломжтой гэж үзсэн гэдгийг танилцуулав.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан:
-Ажлын дэд хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлтэй холбоотой заалтууд болон шинээр тавьсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөл, саналдаа одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд шүүхтэй холбоотойгоор тусгагдсан зарчмын гэж үзэж болохуйц хэд хэдэн заалтыг хасах санал гаргасныг ажлын дэд хэсэг дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой зааж өгөх, шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах, улстөржилтийг хаахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй, энэ зарчмаасаа ухрах учиргүй гэж ажлын дэд хэсэг үзэж байгаа.
Харин Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой саналыг ерөнхийд нь дэмжсэн. Учир нь одоо хэлэлцэгдэж буй төсөлд энэ саналын агуулга нь туссан гэсэн утгаар хүлээж авсанд тооцож болох юм гэж үзсэн. Түүнчлэн шүүхийн тогтолцоотой холбоотой төслийн 48.1 дэх заалт нь өмнө нь өргөн баригдсан төсөлд хөндөгдөөгүй учраас хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд бусад Байнгын хороод дээр төсөлд хөндөгдөөгүй заалтыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу хүлээн аваагүй учраас энэ зарчмыг барих нь зүйтэй гэж тогтсон. Хэрэв Улсын Их Хурал энэ заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзвэл томьёоллыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэдгийг хэллээ.
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Ц.Товуусүрэн:
-Ажлын дэд хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой долоон зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох хэдий ч одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй, одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа зүйл, заалтууд ч байгаа учраас эдгээрийг цаашид сайтар судалж нягтлах шаардлагатай гэж ажлын дэд хэсгийн гишүүд үзсэн. Хэрэв өмнөх төсөлд хөндөгдөөгүй зарим зүйл, заалтыг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэл холбогдох судалгаа тооцоо хийж, тайлбар, үндэслэлийг нарийвчлан боловсруулах замаар хамтатган хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаагаа дурдав.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар:
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан зүйл, заалтуудыг ажлын дэд хэсэг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжих болон дэмжих боломжгүй талаарх үндэслэл, тайлбар, санал, дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн улс төрийн намын төлөвшилтэй холбоотой 191 дэх заалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой 21.4 дэх заалт, Улсын Их Хурлын гишүүн давхар албан тушаал хавсрах эсэхтэй холбоотой 26.1 дэх заалт нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд ямар нэг байдлаар хөндөгдсөн, агуулга нь туссан учраас хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзсэн. Харин төслийн бусад зүйл, заалтуудын тухайд өмнөх төсөлд огт хөндөгдөөгүй, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчимд харшлах агуулгатай байгаа учраас дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Мөн төсөлд тусгагдсан Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо, хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоохтой холбоотой зүйл, заалтуудыг Улсын Их Хурал шийдэх нь зүйтэй гэж ажлын дэд хэсэг үзсэн.
Ийнхүү Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн саналын төсөл УИХ-ын түвшинд ээдрээтэй, зөрчилтэй байдал үүсгэв. Ажлын дэд хэсгийн ахлагчдын дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэхдээ Төрийн тэргүүний гаргасан уг төсөл, саналыг сайн судалж, байр сууриа нэгтгэх, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцолжээ. Мөн асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөц байдлаар хандаж болохгүй. Иймээс төслийн зүйл, заалтуудтай холбогдох судалгаа тооцоо, үндэслэл, тайлбараар гишүүдийг хангах хэрэгтэй гэдгийг ч хэлжээ.
Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Үндсэн хуулиа зөрчих үү?
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг ч хууль тогтоогчид сануулсан байна.
“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлага бий.
УИХ-ын гишүүдээс өргөн барьж, парламент дээр одоо өргөн баригдаад хэлэлцүүлэгт явж байгаа 46 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн агуулгын 20 гаруй хувь болж байгаа. Үүн дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг зүйл заалт бүрээр оруулна гэвэл хуульд заасан 35 хувийг давах болно. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болж таарна. Зарчмын хувьд цоо шинэ нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиа бүрэн шинээр найруулна гэсэн үг.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэхээр боллоо гэхэд хэлэлцүүлгийн шатанд хүндрэл үүснэ. Товчхондоо бол Ерөнхийлөгч яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг парламент дээр нэгэнт эхэлчихсэн хойно санал, төсөл оруулж ирэв. Хууль, журмын дагуу хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санал, төслөө өргөн мэдүүлж болох л байсан шүү дээ.
МУИС-ийн багш, судлаач, Үндсэн хуулийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан “Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хонгилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн). Яах вэ наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ. Гэхдээ, эдгээр байгууллагаас санал авсан төсөл нь халхавч байжээ. Биднийг "молиго үмхүүлээд" жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байгаад иргэний хувьд санаа зовж байна” хэмээсэн байна.
Юутай ч Ерөнхийлөгчийн гэнэт өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл парламентыг цочроож, шоконд орууллаа. Гүйцэтгэх засаглалыг хянаж, эрх мэдэлдээ байлгах, Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах, хараат бус шударга шүүхийг эсэргүүцсэн санаанууд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байгаа бол жинхэнэ айдас хүйдэс юм. Олон нийт гэгээлгээр харж буй өнцөг нь Ерөнхийлөгч ингэж гэнэт төсөл, санал өргөн барьсан нь зүгээр л Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг гацаах, зогсоох гэсэн алхам, нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн барьж буй гэнэтийн бэлэг гэдэг таамаглал. Тийм байгаасай гэж олон хүн хүсч байна. Ардчилсан Ерөнхийлөгч маань Ардын намтай нийлээд дарангуйлал руу улс орноо хөтөлсөн Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэгт хэн ч итгэхийг хүсэхгүй байгаа билээ.
Г.Ууганбаяр