УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы найман сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг улс орны эдийн засаг, төрийн санхүү, төсөв хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоохтой холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газрын өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.” гэсэн санал гаргасныг хэлэлцэв.Тэрээр, “Манайх шиг жижиг эдийн засагтай улс дотоодын нийт бүтээгдээхүүнээсээ давсан өр үүсгэж болохгүй. Ер нь жижиг улс орнууд Үндсэн хуульдаа өрийн хязгаарын талаар тусгасан байдаг. Тиймээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоож өгөх ёстой” гэж гаргасан саналаа тайлбарлав. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахад анх Засгийн газрын өр 40 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан бол энэ нь жил бүр нэмэгдсэнээр ирснийг бодит жишээгээр тайлбарлав. Мөн Засгийн газрын өр 2016 оны зургадугаар сараас хойш өнөөг хүртэл зургаан их наяд төгрөгөөр нэмэгдснийг дурдав Энэ хоёр жишээ бидний төсөвтөө хэрхэн хандаж, сахилга хариуцлага ямар байгааг харуулж байгаа. Иймд Үндсэн хуульд тус заалтыг оруулах шаардлагатай гэж тайлбарласан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжсэнгүй.
Улс орны эдийн засагт туйлын чухал заалт Ардчилсан намын нэр хүнд өсчих байх гэсэн бяцхан хардлагын дор ийнхүү дэмжигдсэнгүй. Дээрх асуудлын талаар хэд хэдэн гишүүд үг хэлсэн боловч асуудлаа огт ойлгоогүй, ямар нэгэн тооцоо судалгаагүй байгаа нь тодорхой харагдана. Энэ асуудал яагаад манай улсын хувьд чухал асуудал байсныг тайлбарлан хүргэе.
ГАДААД ӨРИЙН ЗОХИСТ ХЭМЖЭЭ
Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Беларусь улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг хэд хэдэн удаа эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх хууль болгон хувиргасан нь харамсалтай.
Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж заажээ.
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хуулийн хэмжээнд байгаа талаар (өөрсдийн дураар өөрчилсөн тэрхүү хэмжээг хэлж буй хэрэг) Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж байдаг боловч бодит байдал дээр тэс өөр дүр зураг харагддаг. Тухайлбал, 2009 онд Жаст компани Эрдэнэтийн 51 хувийг Засгийн газраар баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 сая ам долларын барьцаанд тавьсан асуудал Лондонгийн Арбитрийн шүүхээс шийдвэр гараагүй бол хэн ч мэдэхгүй байж. Уг нь Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргасан учраас энэхүү зээлийн хэмжээ Монгол улсын гадаад өрийн жагсаалтад дурайж байх учиртай юм.
Мөн Оюу Толгой гэх мэт төслүүдэд эзлэх Төрийн эзэмшлийн хувь хэмжээний дүнгээр авсан зээлийн хэмжээг тооцвол Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий хэмжээнээс ихээхэн хол давахаар байна. Монголын нийт гадаад өрийн талаар тулхтай тоо баримт олоход бэрхтэй. Сангийн яам, судлаачид, улс төрчид Дэлхийн Банк зэрэг олон улсын стандартыг мөрдсөн ангилал бус өөр өөртөө таалагдсан хэмжүүр хэрэглэж иржээ. Гэвч өрийг өрөөр дарж эхэлсэн тэр мөчид Монгол Улс “өрийн урхи”-нд гүн баттай орсныг дэлхий нийт ойлгосон юм.
ГАДААД ӨР НЭМЭГДЭХ ҮНДСЭН ШАЛТГААН
Аливаа улсын өрийн хэмжээ нь тухайн улсын эдийн засгийг дүгнэх чухал хэмжүүрийн нэг байдаг. Гадаад өр нэмэгдэх үндсэн шалтгаан нь төсвийн алдагдал юм. Төсвийн данхар зарлага өсч, үүссэн алдагдлыг нөхөх зорилгоор төр гадна, дотоодын санхүүгийн зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж өндөр хүүтэй цохиж авдаг. Угтаа тэрхүү сул эх үүсвэр бүтээн байгуулалтад зориулагдаж, хүмүүсийг ажлын байраар хангаж байх учиртай юм. Ийнхүү ирээдүйд бий болох байсан “үндэсний үйлдвэрлэл” санхүүгийн эх үүсвэргүй шалтгаанаар зогсоход хөдөлмөр эрхлэлт буурч, дагаад иргэдийн амьжиргааны түвшин дордох нь гарцаагүй.
Төр төсвийн алдагдлаа нөхөхийн тулд татвараа нэмэх, гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хүүтэй зээл авах, шинээр мөнгө хэвлэх гэсэн цөөн замтай. Гэхдээ улсын төсөв хэлэлцэх үеэр зардлаа танаж “алдагдалгүй” батлах сайхан боломж байдгийг сонгогдсон тойрогтоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийж нэр хүндээ өсгөх амбицид хөтлөгдсөн УИХ гишүүд үл ойшооно. Татвар төлөгчдийн хувьд ч гэсэн энэ асуудалд өнөөг хүртэл онц ач холбогдол өгөхгүй явсаар ирлээ. Сөрөг хүчин болон зарим нэг эдийн засагчдын дуу хоолой нийтэд хүрэхгүй замхрах нь элбэг.
ГАДААД ӨР НЭМЭГДСЭНЭЭС ҮҮСЭХ НӨЛӨӨ
Аливаа улсын гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляц, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улс орны тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Гадаад өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог. Мөн дэлхийн санхүүгийн зах зээл дээр өрийн дарамтад орсон улсын нэр хүнд болон зээлжих зэрэглэл буурч, тэр хэмжээгээр санхүүгийн эх үүсвэр хүртэх боломж хязгаарлагддаг.
2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Америкийн “www.visitsrilanka.com” сайтад өнгөрсөн жил “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл гарсан бөгөөд дурдагдсан найман улсын тоонд Монгол Улс багтжээ. Уг нийтлэлд, “Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болвол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг” хэмээн анхааруулсан байна. Ийнхүү аливаа улс орон гадаад өрийн урхинд орвоос эдийн засгийн хувьд төдийгүй улс орны тусгаар тогтнолд аюул учирч болох юм. Засгийн газар шаардлагатай өр, зээлээ төлөхийн тулд дахиж шинээр зээл авч санхүүжүүлэхээс өөр гарц, сонголтгүй болсон тэр мөчөөс “өрийн урхи”-нд ордог.
Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшингээс давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Аливаа улс өр зээлийн дарамтад орсон тохиолдолд тулгарах эрсдлийг эдийн засгийн тоон үзүүлэлтийг нуршилгүй авч үзвэл:
1. Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно
Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны төвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно.
2. Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна
Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр “Өрийн хямрал” эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог аж.
3. Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана
Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.
ОРШЛЫН ОРОНД:
Монгол ёс заншил өргүй байхын үнэ цэнийг “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн зүйрлэж, үеийн үед сургаж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Улсын гадаад өрийн хэмжээ зохист хязгаарыг давсан тохиолдолд ноцтой үр дагаварт хүрч болохыг зарим нэгэн улсын туулж өнгөрүүлсэн түүхэн бодит жишээгээр авч үзэхэд ийм байна. Гадаад өрийн асуудал нийгмийг цочроож, элдэв хөдөлгөөн гарах, түүнийг бусад улс орон өөрийн эрх ашигт тохируулан ашиглах, тэр бүү хэл улс төрийн дэглэм солигдоход хүргэж байжээ. Дэлхийн хоёр том гүрний дунд хавчуулагдсан “жижиг” орны хувьд “гадаад өрийн асуудал” төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах учиртай юмсан, гишүүд минь.