Монголын рок хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойгоо тохиолдуулан олон ажлыг зохион байгуулж буй “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Харанга” хамтлаг энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хамгийн анхны уран бүтээлээ эхэлж байсан цаг үеэ дурсаач?
-“Харанга” хамтлагийн хамгийн анхны уран бүтээл бол “Амьдрал” концерт байсан. Тэр тоглолтыг бид байгуулагдаад удаагүй, богино хугацаанд хийсэн. 1989 оны хоёрдугаар сард бид Драмын театрт анх ажиллахаар орж байлаа. Зургадугаар сараас уран бүтээлээ хийж эхлээд, аравдугаар сард тоглолтоо хийсэн. Бид зэвсэгт хүчний Соёмбо чуулгад байсан юм. Тиймээс тэр хугацаанд нэлээн диктатуртай байсан санагддаг. Өглөө 09:00 цагт бэлтгэл эхэлнэ. Дундаа таван минут л завсарладаг. Бараг л тушаалаар ажиллаж байж анхны концертоо бэлдсэн. Тэр л анхны уран бүтээл гэж нэрлэгдэх байх.
-“Харанга” хамтлаг 30 жилийн хугацаанд гаргасан дуу болгон нь хит болж байсан. Монголын домог болсон хамтлаг яалт ч үгүй мөн. Тэгвэл энэ хугацаанд ийм амжилтыг гаргасан нууц нь юу бол?
-Үүнд нууц гэх зүйл байхгүй. Би “Харанга” хамтлагийг байгуулж, гишүүдээ сонгож авахдаа аль авьяаслаг, чадвартай найз нөхдөөрөө хамтлагаа бүрдүүлсэн. Манайд ая зохиодог дөрвөн хүн бий, гурав нь шүлгээ бичдэг. Тиймээс бидэнд хүнээс дуу, шүлэг гуйх шаардлага байдаггүй. Тэр утгаараа бид өөрсдийн хэлье гэсэн бодол, ойлгуулъя гэсэн утга санаагаа дуугаараа дамжуулж хэлэхэд дөхөмтэй байдаг. Энэ нь бидний уран бүтээл хүмүүсийн сэтгэлд хүрэхэд нөлөөлсөн юм болов уу. Манай хамтлагийн нэг давуу тал нь энэ.
-Одоо нийгэм өөр болсон. Техник технологи ч хөгжсөн. Үүнийг дагаад шинэ үеийн залуу дуучид ганц хоёр дуу гаргаад олны танил болох боломжтой болсон байна. Та нарын цаг үед, анх гарч ирж байхад энэ бүхэн өөр байсан шүү дээ. Тэр талаар?
-Бидний үед юу ч үгүй л байсан шүү дээ. Анх Я.Одсүрэн бид хоёр 1975 онд төмөр замд “Ногоон гэрэл” гэх хамтлаг байгуулж байлаа. Арван хэдэн настай л хүүхдүүд. Тэр үед гадаадын хамтлагуудыг их сонсч, тэднээс үлгэр авдаг байсан. Бид Монголд нэг ийм л хамтлаг байгуулах юм сан гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл биелэх боломж цэргийн алба хаах үед биелсэн гэж хэлж болно. 1977 онд бид цэрэгт татагдаж Соёмбо чуулгад очсон. Тэнд л анх Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш нартай танилцсан. Хамт ажиллаж, хэн ямар авьяастай, сайн хөгжимддөг гээд бие биеэ мэдэж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамт байна. Бас бидэнтэй хамтран ажилладаг авьяастай залуус байсан. Драмын театрын дууны инженер Сүхээ гэж залуу бидний эхний хэдэн дууг бичиж өгөөд, түүнийг нь радио, телевизээр нэвтрүүлсэн. Тэр цаг үед бүх зүйл өнөөдрийнх шиг боломжтой байгаагүй. Бид яригчаа хүртэл өөрсдөө гараараа хийж байсан. Тэр үеэ бодохоор одоо сайхан санагддаг. Ер нь аливаа зүйлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, хөдөлмөрлөж байж сайн уран бүтээл бий болно. Бид нэр төр, мөнгөний төлөө уран бүтээл хийж байгаагүй. Түүнийгээ хаана ч хэлдэг. Тиймээс дуртай, хайртай зүйлийнхээ төлөө хөлс, хүчээ, сэтгэлээ зориулах хэрэгтэй. Нэг үг, нотоо хараад дуулахад өөрийн болгоогүй үед хүний сэтгэлд хүрдэггүй. Харин тухайн дууг сэтгэлээсээ дуулж, чин зүрхнээсээ хөгжимдөж байж хүний сэтгэлд хүрдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Урлагийн хүний ар талд хамгийн том дэмжигч гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулаач?
-Би эхнэртэйгээ 1974 онд оюутан байхдаа танилцсан. Өнөөдрийг хүртэл хайрттайгаа сайхан амьдарч байна. Мэдээж урлагийн хүн цаг наргүй ажиллах үе заримдаа гардаг. Бараг бүх л баяр ёслолоор гэртээ байдаггүй. Тэр утгаараа гэр бүлийнхэнд маань хэцүү байдаг байх. Өнөөдрийн энэ баяр энэ олон жил уран бүтээлийг минь дэмжиж, ажлыг минь ойлгож байсан гэр бүлийн минь хүч шүү дээ. Мэдээж “Харанга” хамтлагийн бүх гишүүдийн гэр бүлийн дэмжлэг үүнд байгаа. Гэр бүл аятай, тухтай байж бид ажилдаа амжилт гаргана. Тиймээс нэмж хэлэхэд “Харанга” хамтлагийн гишүүдийн найдвартай ар тал болдог гэр бүлүүдэд баярлалаа гэж хэлэх ёстой.
-Урлагийн хүний онцлог юу вэ?
-Хүн хүсч, мөрөөдсөн зүйлээ, зорьж буй зорилгоо биелүүлж чадвал хамгийн баяр баясал, аз жаргалыг авдаг гэж боддог. Кино урлаг, драм, дуу хөгжим гээд бүхий л соёл урлагийн онолд “Урлаг бол нийгмээсээ 10- 20 жилээр түрүүлж явах ёстой” гэдэг. Тэгж байж нийгэмдээ зөв уур амьсгалыг үзүүлж, сургамжтай уран бүтээлийг гаргана. Тэр утгаараа урлаг гэдэг зүгээр нэг гитар барьж, тайзан дээр гарч дуулаад яваад байдаг ажил биш. Энэ дуугаараа хүмүүст юу гэж хэлэх вэ гэдэг утга санаа их чухал. “Амьддаа бие биеэ хайрлаарай”, “Битгий алдаарай”, “Зөв яваарай” гэх мэт иймэрхүү утга санаа бидний дуунд зөндөө бий. Бид гаргасан уран бүтээл болгоноороо нийгэм дэх үүргээ биелүүлдэг. Хүмүүст эерэг зүйл өгөхийг зорьдог.
-Таныг анх урлагт оруулсан, дуртай болгосон зүйл юу вэ?
-Миний ээж хөгжим тоглодог, дуулдаг, бүжиглэдэг байсан. Харин аав маань зураач, ах маань балетын бүжигчин. Надад гитар тоглохыг зааж өгсөн хүн бол миний ах. Энэ утгаараа би урлагийн гэр бүлд хүмүүжсэн хүн. Тийм учраас урлагт хайртай сонирхолтой болсон байх. Одоо миний том хүү гитар тоглодог, бага хүү маань дуулах дуртай. Бас л урлагт хайртай хүүхдүүд.
-“Харанга” хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ 30 жил хамт явсан энэ бат нэгдэл юунд байсан бол?
-Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон нь ч бий. Хүн болгон алддагийн адил хамтлагт ч бас алдаа оноо байж л байдаг. Гэхдээ бид хамтын хүчээр, эв нэгдлээр даван туулаад өдий зэрэгт хүрсэн. Бид атгасан гар шиг байж чаддаг. Нэгнийхээ хэлсэн үгийг ойлгож, бие биеэ хүндэлдэг, бас шүүмжлэлийг хүлээж авдаг. Энэ зан чанарууд байгаа учир үнэ цэнтэй, удаан оршиж байна гэж боддог. Энэ хугацаанд бид хийсэн дуугаа тоолж үзээгүй, тоогоо алдсан. Эх орондоо том хэмжээний есөн тоглолт бас Ази, Европоор аялан тоглолт хийсэн. Мөн Монгол улсаа хоёр, гурван удаа тойрч аялан тоглолт хийж байлаа. Мөн “Best of Kharanga”, “Эрин зууны хөг”, “Бодлын тэнгис”, “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” гэх нийт таван цомог гаргасан нь бидний энэ хугацаанд бүтээсэн түүхийн гэрчлэл болно.
“Харанга” хамтлагтай замд гаръя
Монголын рок попын ертөнцөд содон имиж, авьяас чадвар, гайхалтай уран бүтээлээрээ од болон гялалзаж, рок хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. “Шиврээ бороо”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Бүсгүйн заяа” гээд хүн болгоны зүрх сэтгэлд хүрсэн мартагдашгүй уран бүтээлүүд тэдэнд олон бий. Тасралтгүй 30 жил үзэгч сонсогчдодоо зориулан уран бүтээлээ туурвисан хамтлаг гэдэг ганц Монголд ч бус дэлхийд ховор. Рок попынхны эцэг гэгддэг тус хамтлаг түүхэн ойгоо угтан олон ажлыг сонсогч, фенүүддээ зориулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг нь “Харанга 30 жил - Замд гаръя” тоглолт юм. Тоглолтыг аравдугаар сарын 19-нд “Буянт ухаа” ордонд хамгийн сүүлийн үеийн шийдлээр, өндөр түвшинд зохион байгуулахаар олон сарын өмнөөс бэлтгэн ажиллаж байгаагаа мэдэгдлээ. “Харанга” гэхээр л сүрлэг бас хүндлэм сонсогддог уг хамтлагийнхны тухайн цаг үед гаргаж байсан цомгууд худалдаанд гарсан даруйдаа дуусдаг байсан тул тэдэнд өөрсдөд нь ч байдаггүй гэнэ. Тйимээс “Харанга” хамтлагийн өмнө гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, “Бодлын тэнгис”, “Ертөнцийн өнгө” гэх цомгуудыг нэгтгэсэн 50 дуутай цомог болон “volume 1” нэртэй пянз гаргахаар болжээ. Мөн хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, зургийн үзэсгэлэн гаргахаас гадна реалити шоу хийхээр төлөвлөж байгаа аж. Тоглолтын нэрний хувьд тэд “30 жил болоод бид уран бүтээлээ дуусгаж байгаа зүйл биш, харин шинэ замд гаръя, цаашдаа хамтдаа замд гарч Харанга хамтлагийн 40 жилийг тэмдэглэнэ” гэсэн санааг агуулсан гэдгийг дурдсан юм. Он гараад тоглолтын бэлтгэлдээ орсон тус хамтлагийн тоглолтод “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lemons”, “A Sound”, “Rec on”,”lumino”, “Чингис хаан” хамтлаг, “Никитон”, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Чойжоо, алтернатив дуучин Х.Отгончимэг, Ука, Big Gee нар оролцож уран бүтээлийн дээжээсээ хүргэх аж.
Э.Болор