Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
МЭДЭХГҮЙ БОЛ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД НЬ ИТГЭ ЕРӨНХИЙ САЙД АА

Улс төр, урлаг хоёр дэндүү ялгаатай

Бүгд та бүхний зөв. Энд буруу юм ердөө ч алга. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх та түр азнаад тайвширч үз. Учир юун гэвээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДБЭТ, УДЭТ, Төв номын санг нурааж өнөөгийн өнгө төрхөөр нь дахин барих болсон тухайгаа саяхан дуулгасан. Зураг макетыг нь хийхэд 1.2 тэрбум төгрөг төсөвлөснөө хэлсэн. Тиймээ, таны зөв. 

Урлаг соёлын байгууллагуудаа анхаарч, төсөв хөрөнгийг нь шийдэж, хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах таны энэ шийдвэр олон оноог өөртөө цуглуулж, ард түмний хайр хүндэтгэлийг олно гэдгийг ойлгож байна. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил хийсэн Ерөнхий сайд болохыг үгүйсгэхгүй. Уучлаарай, гэхдээ та уран барилгачин биш. Та зүгээр л дөрвөн жилд азын ч юм уу, эзийн ч юм уу хувь тохиолоор тэр суудалд сууж шийдвэр гаргадаг дарга. Харин таныг хүн төрөлхтөн эдүгээ хүртэл юуны тулд оршиж, юуны тулд зорьж, юугаар баясч хөглөгдөж ирсэн цаашид ч тэр оршихуйн төлөө тэмцэнэ гэдэг талаар судлаач, шинжээчийн түвшинд хүрэхүйц мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн гэдэгт итгэхгүй байна. Учир нь улс төр, урлаг хоёр дэндүү ялгаатай. Хотын төвд хэдэн байшин нурааж буурин дээр нь дахин барих бол таны хувьд БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ мөн.

Харин түүх соёлын хувьд энэ бол СҮЙТГЭЛ. Учир нь хуучны уран барилгыг буулгаад барих бол нүүрээ угаагаад дахин шинээр будах шиг ажил биш юм. Танд эмэгтэй хүнийхээ хувьд нэг зүйлийг хэлэхэд эмэгтэйчүүд нүүрээ онцгүй будчихаараа засдаггүй. Дахин шинээр буддаг. Хамгийн хачин нь шинээр будахад хэзээ ч өмнөх шигээ болдоггүй гэдгийг хэлье.

Энэ л асуудлаас болж олон нийт бас л хоёр хуваагдан талцаж эхэллээ. Ер нь таны огцом цочмог, судалгаагүй сэтгэлийн хөөрөлтэй шийдлээс болсон гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн төр засгийн удирдлагуудаас гарч буй мэдэгдэл мэдээллүүд албан шийдвэр, сэтгэл хөөрлийн алин болохыг мэдэхэд хэцүү болоод байгаа.

Олны дургүйцээд байгаа гол шалтгааныг одоо танд хэльж өгье. Гол нь Засгийн газар байшин барьдаггүйтэй холбоотой. Дээд дарга нар нь бариулдаг. Дунд дарга нараасаа эхлээд “ашиг наачихдаг”. Ингэснээр төсөв нь хэтэрсэн хэрнээ үр дүн нь хэт багасдаг. Үүнийг бид мэдэхийн дээдээр мэдэж, харахын дээдээр харж байна шүү дээ. Өргөн, нарийн, өндрөөс нь “идсээр” жилийн дараа сэг болдог замуудаа хар. Арван долоон сая төгрөгөөр жилийн турш хийлгэсэн макетаа хар. Тиймээс олон нийт 1.2 тэрбум төгрөгөөр жилийн дараа дахин засвар хийхгүй гэхийн баталгаагүй хэдэн сайхан урлагийн ордонг таныг бариулчихна гэдэгт итгэхгүй байгаа юм. Өртөг бүхэн дээр нь “ашиг нэмсээр” өсгөдөг эсвэл хумсалсаар нимгэлж дундалчихдаг доод шатны хүмүүсээ хар. “Орчин үеийн гоё шилэн” гэсээр төв талбай тойрон баригдсан дүлий, хөлдүү тауэруудаа хар. Гадныхан сүлжээгээ тэлэх, мөнгөө өсгөхөө бодож барьсан болохоос Улаанбаатар хотын өнгө төрх, үндэстний мөрөөдлийг бодоогүй нь лавтай.

Өндөр шилэн барилга бол гоё гэдэг ойлголт байхгүй. Үнэндээ хотын “хүйтэн царайт” энэ шилэн барилгуудыг классик шийдэлтэй хоёр театр, музейнүүд л “гэсгээдэг” юм шүү.

Дэлхийд данстай соёлын өвийг хэн нэгэн дарга нураах боломжгүй

Уран барилга бол чулуугаар бичсэн хөгжим. Театр, музей, номын сангуудыг нураах, барих нь тухайн улс зуу зуун жилийнхээ соёлын өвийг бүтээх эсвэл устгах тухай асуудал. Ирээдүйд үлдэх мянга мянган жилийнхээ түүхийг бүтээх тухай асуудал. Тиймээс 1.2 тэрбум төгрөгт багтаагаад дөрвөн жилийн ажлын тайландаа оруулаад, жилийн дотор бариад дуусгачихна гэвэл тун ч богинохон бодлын хэмжээ. Учир нь эдгээр барилгууд хүссэн, хүсээгүй Үндэсний гэх тодотголыг зүүх учиртай юм. Одоо нэг “мода” дэлгэрээд байна, төр засгийн удирдлагуудад. Ялангуяа танд. “Ажил хийсэн хүнийг шүүмжилдэг юм”, “Та нарыг юу гэсэн ч би хийнэ”, “Битгий улс төржүүл” гэх мэт. Ийм “ухаантай” орчуулгын эшлэлээр түрий барихаа болиод Ерөнхий сайд У.Хүрэлсүх та бодогтун. 1937 онд түүх соёлын олон үнэт өвөө шашныг халах нэрээр хэлмэгдүүлж устгасан. Өнөөдөр харин та бүтээн байгуулалт нэртэй “хэлмэгдүүлэлт” хийхийг завдаж байна. Энэ барилгууд зөвхөн байшингаасаа гадна Монгол Улсыг гэгээрүүлж, соёлжуулсан их түүхийг агуулж буй.

Олон нийт буулгах хэрэггүй гэж эсэргүүцэж байна. Зарим нь ч өнөөдрийн талхаа хөөгөөд гурван намхан байшинг буулгах нураах, барих эсэхийг ойлгох ухаан сөхөөгүй явах шиг. Тийм дээ, хүн төрөлхтний соёлыг хосгүй өгөгдөлтэй цөөхөн нь бүтээж, олонх нь хүртдэгээс хойш өөр яах вэ. Тиймээс цөөнхийн үгийг сонс. Мэргэжилтэн, дарга хоёр тэс өөр. Дарга болохоороо бүгдийг мэддэг, чаддаг болчихдог юм биш. Улс төрд олонхоороо түрий барьж болох ч урлагт бол үгүй.

Урлагийн эдгээр байгууллагуудын удирдлагуудаар барилгуудын насжилт хэтэрсэн тул буулгах нь зөв гэсэн мессэжийг ойрноос тараалгаад эхэллээ. Энэ ч бас тэдний зөв. Тухайлбал 1960 онд ашиглалтад орсон УДЭТ-ын дээврийг 2015 онд засварласан байна. Мөн үүний дараа 2018 онд газар хөдлөлтийн доргилтод өртөж Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн ддөрвөн баллд нурна. Барилгын 60 хувь нь галд өртөмтгий гэсэн тайланг гаргаж өгсөн тухай тус театрын Ерөнхий зураач Т.Ганхуяг мэдэгдсэн байна. Мэдээж театрын дотоод нөхцөлийн хувьд үеэ өнгөрөөж буй. Тиймээс уран бүтээлчдийн ажиллах нөхцөлд нөлөөлж байгаа. Гэрэлтүүлэг, хөшгөө тааз нь дийлэхээ байсан гэнэ.

Мөн ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс “1949 онд барилгын ажил дуусч, 1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна” гэжээ. Уран бүтээлчдэд ажиллах нөхцөл хэрэгтэй. Харин удирдлагуудад нь “улсын төсвөө” эсэргүүцэх эрх байхгүй. Үнэн нь энэ.

Дуурийн театрын хувьд барилгын зураг төслийг герман архитектор Герхард Косель зохиожээ. Барилгыг Японы олзлогдсон цэргүүд болон Монголын барилгачид хамтран барьсан гээд тухайн цаг үеийн сонин содон үүх түүхийг агуулдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үе буюу 1940-өөд оны дунд үеийн барилга архитектурын шийдэл, сэтгэлгээ тусгалаа олсноороо онцлог.

Уг барилга 1949 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын дотор чимэглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэдээр ахлуулсан Монголын урчууд буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Маньбадар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол, Төрийн шагналт, Ардыг зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Даваацэрэн нар гүйцэтгэсэн гэдгийг ч бодох хэрэгтэй.

Хамгийн гол нь 2016 онд Engelbert Zollner нарын барилгын насжилтаар мэргэшсэн мэргэжилтнүүд өөр дүгнэлт хийгээд буцсаныг бичиж байсны хувьд мэдэх юм. Тэд Дуурийн театрын барилгыг бүхэлд нь үзэж, мэргэжлийн багаж төхөөрөмжөөр элэгдэл эвдрэлийг нь шалгаж тогтоосон. Мөн тус театрын барилгын цемент, тоосгоноос дээж авч явж Европт лаборторид шинжлүүлэн “Нураах шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргасан юм. Engelbert Zollner “Хэрэв танайх энэ барилгыг чийг болон насжилттай холбоотойгоор буулгах гэж байгаа бол Вена хотын бүх барилгуудыг бас нураах хэрэгтэй болно шүү дээ” гэж хэлсэн гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байсан юм. Энэ дүгнэлтэд л мэргэжилтэн, дарга хоёрын ялгаа тод харагдана.

Харин Драмын театрын хувьд Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд үндэсний уран барилгын түүхийг судалж зураг төслийг гаргасан түүхтэй. Театрын гол багана, баганын толгой буюу ордер зэрэг нь дэлхийд ганц. Европт олон янзын ордер хэрэглэдэг ч энэ барилгын баганын толгойд азарга буюу монгол морины толгой оруулснаараа дэлхийд цор ганц гэж бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл Монголын өв уламжлал, үндэсний уран барилгын хөгжлийн түүхийг харуулсан неоклассизмын төлөөлөл, сонгодог барилга болсон гэж гадаад дотоод мэргэжлийн байгууллагуудад үнэлэгджээ. Театрын гадна, дотор талыг үндэсний хээ угалз, хийц хэсэглэлээр чимэглэсэн, гол хаалгыг морин толгой бүхий бэлгэдлийн найман баганаар тулсан нь тухайн үеийн шилдэг уран бүтээлчид оролцсон урлагийн бүтээл гэдгийг урлаг судлаач, уран барилгачид хэлж байна. Ийм ч учраас Монголын архитекторуудын эвлэл 2010 онд уг барилгыг Азийн уран барилгын өвөөр бүртгүүлж, “ArcAsia Heritage” хэмээх хоёр боть номд оруулан баталгаажуулжээ.

Мөн Үндэсний номын сангийн барилга нь Монголын уран барилгын үнэт дурсгал бөгөөд түүхэн хөгжлийг харуулсан сонгодог уран барилгын үеийн манайд байгаа төлөөлөл. Номын сангийн барилгын зураг төслийг Оросын архитектор Мотоц, Н.Николаев нар боловсруулж, 1946 онд барьжээ. Үүнээс гадна 2011 онд Азийн уран барилгын өвд Монголын УДЭТ, ДБЭТ, Үндэсний төв номын сан, Гадаад харилцааны яамны барилга, сүм хийдүүд, Хүүхдийн урлан тэргүүтэй нэлээд барилгыг тус өвд бүртгэсэн байна.

Та загнадгаараа загнаад шинэ барилгуудадаа газар олж өг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрээ хэрвээ хэрэгжүүлбэл Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон ЮНЕСКО-гоос баталсан Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцыг зөрчинө. “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти”, “ICOMOS-ийн дүрэм-Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”-аас ухарна. Бас болоогүй Венецийн Хартид, Дэлхийн хэмжээнд хөшөө дурсгал ба түүхэн барилгуудыг хэрхэн авч үлдэх тухай ерөнхий зааварчилгааг эсэргүүцсэн явдал болно. Тухайлбал Азийн Архитекторуудын Холбооноос гаргасан тунхаг бичигт заасан баригдаад 50, түүнээс дээш жил болсон, түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэн, ур хийц, дахин давтагдашгүй байдал зэрэг шалгуурт нийцэж 2010 онд Драмын эрдмийн театрын барилга нь “Азийн архитектурын өв”-өөр бүртгэж “ARCASIA HERITAGE” хэмээх хоёр боть номд хэвлэгдэн баталгаажсан гэдгийг дээр өгүүлсэн. Түүнээс гадна Азийн уран барилгын шилдэг өвд Эрдэнэ зуу хийд, Гэр хэлбэрт модон дуган, Амарбаясгалант хийд, Төвхөн хийд, Чойжин ламын сүм, Жанрайсиг сүм, Монгол гэр, Гадаад хэргийн яамны барилга зэрэг есөн дурсгал бүртгэгдсэн байдгийг танд дуулгая.

Мянган жилд дуурсагдах түүхийг хэн нэгэн дарга сэтгэлийн хөөрлөөр барих бас нураах боломжгүй. Тэр дундаа үнэт нандин соёлын өв өөрөө дэлхийд данстай байдаг. Ялангуяа уран барилгын шийдэл бол цэвэр урлагийн бүтээл. Дэлхий тэдгээрийг архитектурын дурсгалын, архитектурын зохиомжийн зэрэг бүх нэгдлүүд нь бүрэн байх, дахин давтагдашгүй байдал, амьдралын хэв маяг барилгад тусгалаа олсон, тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг болон улс төрийн амьдрал, хийц бүтээц, техник технологи, ур чадвар, урлан бүтээх мэдлэг зэргийн баримт болж байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр нь хэдийнээ бүртгүүлсэн байна.

Тиймээс Ерөнхий сайд аа! та одоо л “цавчдагаараа цавчаад” загнадгаараа загнаад эрх мэдлийн илүүгээр хотын газраас хэсэгчлэн авсан ноёдоосоо газраа эргүүлэн авч барих барилгуудадаа газар олж өг. Тэгээд шинээр театраа, музейгээ хүссэнээрээ бариул. Гэхдээ шинэ уран барилгын шинэ шийдлээр. Харин хуучин УДЭТ, ДБЭТ, Үндэсний төв номын сангийн барилгуудаа хэвээр нь үлдээгээд музейн хэлбэрээр хотын аялал жуулчлалдаа ашигла. Хуучин дурсгалуудтайгаа үлдэж, шинэ орднуудтай болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com