Бүтэн 32 жилийн турш байгуулсан хотыг хоёрхон жилийн дараа галдан шатааж, нураан сүйтгэсэн хийгээд, 360 гаруй жилийн дараа илрүүлэн олон бүгдээр үзэж сонирхохоор хошуурч байна гэдэг гайхан бахархах хийгээд харамсан гуних хачин зэрэгцээ сэтгэгдэл авчирна. Гайхамшгийг бүтээхэд зуун жил хэрэгтэй, гайхан өнгөрөхөд ганц хором хангалттай гэж юутай үнэн үг вэ. Монголчууд өөрийн нутгийн хөрс шорооны шавар (судлаачид тус туурийн ойр хавийн шавраас болон хийдийн тууриас авсан дээжид ижил бүтэц найрлагатай байгаа нь тогтоогдсон) чулуу зэргээр ур ухааны охио шингээн бүтээсэн хосгүй Цагаан хотоо дотоодын зөрчил дайн самуунаас болж хоёрхон жилийн дараа мөн л өөрсдөө устгаж байж. Харин 360 гаруй жилийн дараа зөвхөн монгол эрдэмтэн судлаачдын ур ухаан, тэвчээр зүтгэлээр олж илрүүлж гайхан баясч буй нь энэ юм. Гурван цагийн бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар, тахилын ширээ, багана зэргийг анх байсан хэв маягаар нь зохиомжилж хоймроо Ногоон дарь эхийг залсан “Сарьдагийн хийдийн нууц” үзэсгэлэн бидэнд ихийг бодуулах бизээ.
Цайвалзах гэгээгээ нууж чадаагүй Цагаан хот
Хэнтийн нурууны хүн хүрэхэд хэцүү хөвч тайгын гүн ян сарьдагт буюу Сарьдаг уулын өвөрт Монголын их соён гэгээрүүлэгч өндөр гэгээн Занабазар 1654 онд Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хотыг үүсгэн байгуулж байжээ. Өндөр гэгээний оюун мэлмийд оноогдсон энэхүү газар нь өнөө цагт морьтой эсвэл нисдэг тэргээр очиж, явганаар хүрэх нууцлаг юм. Ойрадууд хэдэн өдрөөр хайсны эцэст цогчин дуганы алтадсан ганжир нь наранд ойж гялбалзсанаар нь баримжаалан олж галдан шатааж сүйтгэжээ. (Сүмийн дээврийг хооронд нь углуургаддаг ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтдан бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь малтлагаар илрээд буй.) ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун Сарьдагийн хийдийг өнөө цагт судар номоос “олсон” хүн нь гэхэд болно.
Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй, багш Өндөр гэгээн Занабазарын намтрыг 1698-1702 онд төвд хэлээр бичиж “Гэгээн толь” хэмээх өөрийн бүтээлдээ оруулжээ. “Богд Жибзундамбын ердийн товч намтар” хэмээх зохиолд “Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад “Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагын аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтий хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Тухайлбал, Занабазар Төвдөөс буцаж ирснийхээ дараа онд (1654) Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаганданшадувлин хэмээх Сарьдагийн хийдийн эх суурийг тавьжээ.
Мөн түүнээс хожуу үед зохиогдсон “Богд Жибзун дамбын анхны төрлийн нэр оршвой” хэмээх монгол сурвалжид “Эеэр засагчийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-ганданшаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ. Мөн хийдийг 32 жилийн турш баригдсаныг сурвалжид тэмдэглэн үлдээжээ.
Цагаан хотыг барьж дуусгасан тухай Зая бандидын зохиосон “Өндөр гэгээний намтар”-т, “Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс Зая бандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.
Өндөр гэгээний үүсгэсэн Сарьдагийн хийд буюу Цагаан хот өнөөгийн нийслэл Улаанбаатар хотын уг үндэс гэсэн түүхийн шижмийг судлаач эрдэмтэд баримтаар хэлж байгаа юм. Тухайлбал, Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдэд Өндөр гэгээн Халхын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг байгуулагдсан 1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй байна. 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулснаас эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүрмийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуулагдсан он гэж тэмдэглэсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Занабазар анх Монгол Улсын нийслэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүхтэй гэдгийг академич С.Чулуун хэлж байв.
Сарьдагийн хийдийн нууц
Сарьдагийн хийдийн туурь Бага Хэнтийн нурууны дархан цаазат, тусгай хамгаалалттай газар оршдог бөгөөд ШУА-ийн түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан судлаачид зургаан жилийн турш судалгаа малтлага хийж туурийн 10 хувийг хамарсан судалгааны дээж болох олдворуудыг ийнхүү нийтэд дэлгэн үзүүлээд байна. Судалгааны дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншгийн эд зүйл зэрэг олдворыг илрүүлсэн байна.
Үлэмж том хэмжээтэй бурхан нь ойролцоогоор 7-8 метр өндөртэй байсан болов уу хэмээн судлаачид тооцоолж байна. Орост 1636 онд үйлдвэрлэсэн буу хоёр, таван нүдэн хээтэй XIII зууны сумны зэв, Европт хэрэглэж байсан нарны цаг, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэл, Юань улсын үеийн ваар сав зэрэг олдворууд олдсон. Хамгийн сонирхолтой нь Монголд өөр археологийн дурсгалуудаас олдож байгаагүй барилгын материалуудыг илрүүлсэн. Монголчууд өөрсдийн хээ угалз, загвар хийцийн дагуу барилгын материал буюу тоосго хадаас зэргийг хийж байсныг уг олдворууд илтгэнэ. Үүнд гар аргаар хийсэн хадаас гэхэд 34-35 төрөл багтаж байна. Энэ нь монголчууд өөрсдөө шавраа зуураад, материалаа үйлдвэрлээд барилгаа барьж байсан гэдгийг илэрхийлж байгаа юм.
Өндөр гэгээний уран бүтээлийн энэ ордон нь тухайн үеийн Монголын эдийн засаг, олон улсын харилцаа, зарим талаараа урлагийн хөгжлийг өнөөдөр бидэнд авчирлаа. Тухайлбал, найман тахилыг керамик урлалаар гайхалтай урласан байсан. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн сан хөмрөгт шилжүүлээд байна.
Туурийг сэргээхэд гурван том шаталсан суваргатай, хоёр том сүм байжээ. Голын сүмийг гурван давхар байсан гэж тооцоолж байна. Төвд хийцтэй, гэхдээ дотоод зохион байгуулалт бүтэц нь монгол хийцтэй. Судалгааны явцад тооно болон монгол хийц, хээ хуартай багана зэрэг эд өлгийн зүйлс гарсан. Монгол гэрийг судлахад хамгийн эртний тооно байж магадгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлээд байгаа юм. Үүнээс өмнө тооно биетээр олдсон тохиолдол байдаггүй.
Мөн шавар зуурахаас эхлээд, хийдийг барьж байгуулах ажлыг хийдийн ойролцоо явуулж байсныг уг судалгаа нотоллоо.
Сарьдагийн хийдийн малтлага судалгаа Монгол Улсын түүхэн баримт, судалгаа шинжилгээний ажлыг хэдэн шат ахиулж чадлаа. Мөн монгол судлаачид дангаараа баг бүрэлдэхүүнээрээ ажиллаж санхүүгийн асуудлыг ч дотоодоосоо шийдэж маш том цар хүрээтэй, түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажил хийснийг тэмдэглүүштэй. Энэ удаагийн малтлага судалгааны үнэ цэнийг тодорхойлшгүй их.
Тухайлбал, XVII зуунд Монголын бурхан шашны хөгжил болоод монголчуудын урлагийн хөгжил ямар төвшинд хүрсэн байсныг энэхүү олдворууд нь бэлхнээ харуулж байгаа юм. Мөн Өндөр гэгээний бүтээлийн цар хүрээ, монголчуудын оюуны хийгээд урлахуйн соёл, хот байгуулалт, сүм хийдийн зохион байгуулалт ямар байсныг харуулах томоохон баримт болж байна. Судалгааны хамгийн гол онцлог нь бичгийн эх сурвалж, археологийн малтлагаас гадна Монголын XX зууны туршид явагдсан археологийн судалгаан дотор хамгийн их саад бэрхшээлтэй хүнд нь байсныг судлаачид хэлж байна. Цагаан хотыг шатааж сүйтгэсэн учраас эвдрэлийн зэрэг нь их гэж тодорхойлогдоно. Гэсэн ч монгол судлаачдын уйгагүй хичээл зүтгэл хөдөлмөр, ур чадварын дүнд үнэтэй олдворуудыг олж илрүүлэх, зөөж тээвэрлэх, бүртгэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гэмтсэнийг сэргээн засварлаж байгаа юм. Мөн насжилт тогтоох шинжилгээг Герман, Япон улсад хийлгэх ажлыг эхэлжээ.
Сарьдагийн хийдийн нууцыг анх удаа маш нарийвчлалтай олж тайлсан явдал гэж энэ удаагийн судалгааг нэрлэж болох юм. Өмнө нь Сарьдагийн хийдийг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээлэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ. 1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн музейтэй хамтарч үзчихээд буцсан байдаг аж.