Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хятадын кино ба Жан Имоу

Эртний Грек одоогийн Грек биш, Эртний Ром одоогийн Итали биш, Эртний Миссир одоогийн Египет биш, харин эртний Хятад бол одоогийн Хятад гэсэн үг байдаг. Магадгүй тэд европ, америкчуудаас хожуу кино урлагтай танилцаж, дэглэмийн хяналтаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж төдийлөн нээлттэй биш ч сүүлийн жилүүдэд Хятадын найруулагчдын бүтээлүүд дэлхийн кино шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татах болсон.

Тэдгээрээс Хятадын кино урлагийг дэлхийн тавцанд гаргасан шинэ үеийн гол төлөөлөгчдийн нэг бол Жан Имоу. Түүнийг Хятадын кино урлагийн тав дахь үеийн төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Жан Имоу 1951 онд Шэнси мужийн Сиайн хотод Гоминданийн армийн бэлтгэл хурандаагийн хүү болон төржээ. Бага насаа бусад хүүхдүүдийн нэгэн адил өнгөрөөж, сургуульд суралцсан байна. Гэвч ах нь Чан Кайшигийн армид алба хаадаг гэсэн шалтгаанаар Соёлын хувьсгалаар сургуулиасаа хөөгдөж 1968 онд хөдөө аж ахуйн коммунд албадлагаар явав. Албадан ажлаа гурван жил хийснийхээ дараа даавууны үйлдвэрт орж тэндээ 1978 он хүртэл ажилласан байна. Жан Имоу энэ үйлдвэрт ажлынхаа хажуугаар чимэглэлийн зураач хийж байв. Энэ үеэсээ гэрэл зураг сонирхох болж анхны аппаратаа таван сар цусаа өгөн мөнгөө хуримтлуулж байж авчээ.

Гэрэл зургийн сонирхол нь түүнийг кино урлаг руу хөтөлж 1978 онд Бээжингийн кино урлагийн академи нээгдэхэд элсэлтийн шалгалтыг нь амжилттай өгсөн боловч орж чадсангүй. Түүний их сургуульд сурах нас нь хэдийнээ хэтрэн 27 хүрсэн тул ийнхүү хасагджээ. Гэвч тэр бууж өгсөнгүй Соёлын яамны сайдад өргөдөл гаргаж санасандаа хүрч суралцах зөвшөөрөл авав. Ингээд 1982 онд сургуулиа зураглаач мэргэжлээр амжилттай төгсөн Гуанси-Жуанийн улсын кино үйлдвэрт хуваарилагдлаа. Мэргэжлээрээ хийсэн түүний анхны ажил нь 1984 онд дэлгэцнээ гарсан Жан Цюньжао найруулагчийн кино юм. Түүнээс хойш нэг курст хамт суралцаж байсан Чан Кайгэгийн кинонуудад голчлон ажиллаж байв.

Харин 1985 онд Сианийн кино үйлдвэрт шилжин ажиллах болж зураглаачийн ажлынхаа зэрэгцээгээр кинонд тоглож эхлэв. Тоглосон дүрүүд нь ч муугүй болж Ү-Тянмин найруулагчийн “Хуучин худаг” киноны гол дүрээрээ 1987 онд Токиогийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ. Энэ амжилт нь түүнийг киноны ертөнцөд хүчээ үзэх урам зоригийг өгч тэр жилдээ “Улаан Гоалян” нэртэй анхны киногоо найруулсан нь Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг хүртсэн юм.

Найруулагчийн анхны алдар нэрийг Жан Имоуд авч ирсэн энэ киноны гол дүрийг алдарт жүжигчин Гүн Ли бүтээсэн бөгөөд энэ үеэс эхлэн тэдний хооронд ажил хэргийн болон янаг амрагийн холбоо тогтож эхэлсэн байна. Гүн Ли “Алтан цэцгийн хараал”, “Улаан дэнлүүг асаа”, “Жү Доу” зэрэг Жан Имоугийн ихэнх киноны гол дүрүүдийг бүтээсэн юм. Тэдний амрагийн явдал олон нийтийн дунд тарснаас болж хоорондоо муудалцан салсан гэдэг. Харин 2006 онд “Алтан цэцгийн хараал” киног бүтээх үеэрээ дахин энэ холбоогоо сэргээжээ. Жүжигчин Гүн Ли үүнээс арван жилийн өмнө Сингапурын тамхи үйлдвэрлэлийн магнат Ои Хо Сонгтой гэрлэсэн боловч гэрлэлтийнх нь баталгааны хуулбар тэндэхийн нэгэн өдөр тутмын сэтгүүлд гарах хүртэл гэрлэлтээ нууцалж байжээ. Тэдний гэрлэлт олны нүдэнд нэгэнт ил болсон дараа буюу 2008 онд Гүн Ли Сингапурын иргэн болсон байна.

Уран бүтээлийн энэ үеэсээ Жан Имоу хүмүүст танигдах болж өнөөдөр тэр Хятадын шилдэг найруулагчдын тэргүүн эгнээнд бичигддэг төдийгүй дэлхийн кино ертөнцөд энэ нэр хэдийнээ танил болсон билээ.
Жан Имоу кинонууддаа хайр сэтгэлийн эмзэг нарийн ээдрээт сэдэв, эрх мэдлийн төлөөх хатуу ширүүн тэмцэл, түүхэн сэдвүүдийг хөнддөг ч энэ бүхний дэвсгэр санаа нь хятадын нийгэм, хятад оршихуй, хятадын түүх болоод хятад ухаан, үнэ цэнийн тухай байдаг. Тэр бусад хятад найруулагчдын адил хятадын сэдвийг хүн төрөлхтний сэдэв болгохыг эрмэлздэггүйгээрээ онцлогтой. Энэ чанараараа түүнтэй ижил нэгэн бол найруулагч Чан Кайгэ юм. Жан Имоу бүтээлүүддээ хувь хүнийг нийгмээс нь ангид тусгадаггүйгээрээ онцлогтой. Кинонууд дахь хувь хүний амьдралын түүх нь ямар нэгэн байдлаар нийгэмтэйгээ хоршин илэрдэг.

Түүний “Жү Доу”, “Улаан дэнлүүг асаа” зэрэг бүтээлүүд нь хаалттай нийгмийн өчүүхэн хэсэг болох ураг дотроо хятад хүн хэрхэн амьдарч буйг гаднаас нь ажигласан ажиглалт юм. Жан Имоу сүүлийн үед нийгмийн жижигхэн хэсгийн амьдралын сэдвээсээ халин улс орны, их гүрний сэдэв рүү түлхүү орох болсон байна. Уран бүтээлчийн арга барил ийнхүү өөрчлөгдөж сүүлийн үеийн кинонууд нь арилжааны хандлагатай болсон нь түүний 80-90 оны бүтээлүүдийг таалан үздэг, биширдэг үзэгчдэд мэдээж таатай санагдсангүй. Энэхүү шилжилтийн үеийн бүтээлүүдийнх нь тоонд судлаачид “Баатар” киног оруулдаг. Энэ бүтээлээсээ эхлэн тэр түүхэн сэдэвтэй, тулалдаант кинонд анхаарлаа хандуулах болсон юм. Уг киноноос хойших бүтээлүүд нь бүгд далайцтай, үнэтэй, орлого сайтай байсан хэдий ч хэт арилжааны чиг хандлагатай болж “Жан Имоу өөрийгөө болон бусдыг ядуу хэлбэрээр хуулах болжээ” гэсэн зэмлэлийг ч сонсох болсон байна. Үнэхээр ч түүний сүүлийн үеийн бүтээлүүд нь хэт “хятад” болж арт хаус киноноос хөндийрч байгаа юм. Гэсэн ч зарим судлаачид Жан Имоугийн бүтээлүүдийг ховор нандин урлаг болох уран бичлэгтэй зүйрлэсэн хэвээр байгаа билээ.

Жан Имоү киноноос гадна Афины 2004 оны олимпын хаалтын ажиллагаа, Бээжингийн олимпын нээлтийн тоглолтын найруулагчаар сонгогдон ажилласан юм. Тэр Бээжингийн Олимпийн нээлтийн болон хаалтын ажиллагааг бүжиг дэглээч Жан Жиангтай хамтран найруулжээ. Жан Имоүгийн найруулсан олимпын нээлтийн ажиллагааг Стивен Стилберг “Түүний найруулсан олимпын ёслолын ажиллагааны үндсэн санаа нь хүний хүсэл түүний дотоод ертөнцийн илрэл байдаг гэсэн санаанд тулгуурласан. Энэ сэдэв нь түүний кино бүтээлүүдэд нь төгс хэмжээнд хүртлээ судлагдсан байдаг” хэмээн “Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Улаан дэнлүүг асаа

Шу Тонгмийн “Эхнэрүүд болон татвар эмс” зохиолоос сэдэвлэсэн “Улаан дэнлүүг асаа” киноны үйл явдал биеэ даасан жижигхэн вант улс мэт нэгэн байшин дотор өрнөнө. Гэвч гаднаас нь харахад анир чимээгүй дүнсийх олон өрөөтэй тэр байшинд атаа жөтөө, дуу хуур, хов жив, цус нулимсаар дүүрсэн нэгэн хэвийн амьдрал ноёрхож хүний дотоод сэтгэлийн хамгийн тод “хашхираан сонсогдоно”. Тэнд өдөр хоногийг гоёж гоодон эзнээ хүлээн өнгөрөөх дөрвөн эхнэр болон эзний дуулгавартай зарц нар амьдарна. Гол дүрийн эмэгтэй Сон Ли эзний гэрт ирж буйгаар кино эхлэдэг. Түүнийг анх ирэхэд “Дөрөв дэх эхнэр ирлээ” хэмээн зарлан улаан дэнлүү асааж угтацгаав. Сон Лиг зарц нар мөн тийнхүү дуудаж бусад эхнэрүүд “дөрөв дэх дүү” хэмээнэ. Зөвхөн гэрийн эзэн л түүнийг нэрээр нь дуудах эрхтэй. Киноны турш гэрийн эзний нүүр царай, дүр тод харагдахгүй. Тэр хувь хүнийхээ хувьд ч, эрхлэх ажлын хувьд ч тодорхойгүй байсаар кино төгсдөг. Дөрвөн эхнэрийнхээ хувьд ч тэр нууцлаг нэгэн. Энэ дөрвөн эмэгтэйн зан араншин, хувь заяа дөрвөн өөр ч бүгд нэгэн зүйлийн төлөө л оройг угтдаг. Анхны эхнэр болох хөгшин эмэгтэй бол хэзээ нэгэн цагт гэрийн эзэн түүнд дурлаж гэрлэн энэ гэрт ирсэн бөгөөд одоо бүхний эх. Хоёр дахь эхнэр хижээл насны эмэгтэй. Эхнэр хүнд байх энгийн, халамжтай сайхан зан түүнд байх боловч дотор санаа нь төсөөлшгүй хар. Харин гурав дахь эхнэр нэгэн цагт шийний дуучин байсан, эрвээхий адил гоёмсог бас хөнгөн нэгэн. Хамгийн сүүлд ирсэн дөрөв дэх бүсгүй бол ядуугийн улмаас нөхөрт гарахаас өөр аргагүйд хүрсэн оюутан. Тэдгээр эмэгтэйчүүдийн хувьд эзэн бол үл мэдэх аймшиг, бүдэгхэн итгэл, чимээгүйхэн бахдал, нуран унах цөхрөл. Бүх үйл явдал эзнийг тойрон эргэлдэнэ. Эхнэрүүд өрөөнийхөө үүдэнд улаан дэнлүү асаалгаж, хөлийнхөө улыг тогшуулахын тулд юуг ч хийхээс, хэнийг ч золиослохоос буцахгүй. Тэдний бачимхан энэ ертөнцдөө байр суурьтай үлдэх эцсийн зорилго нь үүдэндээ улаан дэнлүү асаалгах. Далд өрнөх ширүүн өрсөлдөөний эцэст гагцхүү эзний таалсан эмэгтэйн үүдэнд улаан дэнлүү асна.

Тэр оройн ялан дийлсний билэгдэл улаан дэнлүү, өрөөнөөс нь дуулдах жигдхэн тогшилтын хонхны чимээ бусад эхнэрүүдийн зүрхэнд хорын дуслыг нэрдэг. Дөрөв дэх эхнэрийн хурц догшин ааш өчүүхэн бөглүү энэ ертөнцөд чимээ шуугиан тарьж эцэст нь хоёрдахь эхнэрийн үхэл, өөрийнх нь галзуурлаар төгсдөг. Харин эзний хувьд энэ бүхэн хэвийн үзэгдэл бөгөөд дахин шинэ эхнэр гэрт ирснээр кино дуусдаг. Жан Имоугийн энэ кино нь Венецийн кино наадмаас “Мөнгөн Арслан” шагнал хүртсэн ч эх орондоо дэлгэцэнд гарах хориотой хэвээр үлдсэн юм.

Жү Доу

Энэ киноны эмгэнэлт хувь заяаны эзэн гол дүрийн бүсгүйд Жан Имоугийн кинонуудын нүүр царай болсон Гүн Ли 25 насандаа тогложээ. Киноны үйл явдал Хятадын хөдөөгийн нэгэн тосгонд өрнөнө. Жү Доу хэмээх залуухан бүсгүйг хөгшин эр Ян Иншан эхнэрээ болгон гэртээ авч ирдэг. Ян Иншан бол насаараа торгоны аж ахуй эрхэлсэн хөрөнгөтэй бас харгис хэрцгий нэгэн. Тэр гэрт бас нэгэн эр амьдрах бөгөөд түүнийг Ян Тианчинг гэнэ. Тэр авга ахыннхаа залуухан эхнэрээ зодож тарчлаахыг шөнө болгон сонсч яс нь хавталзах хэдий ч юу ч хэлж зүрхэлдэггүй байв. Ян Тианчинг энэ аж ахуйд туслан голоо зогоодог нэгэн тул өөрөөсөө хүчирхэг авгаасаа айхын эрхэнд дэмий л дээд өрөөнөөс дуулдах бүсгүйн гиншихийг сонсч тарчилна. Тэр нэг өглөө Жү Доугийн усанд орж байгааг өвсөн хананы цоорхойгоор харах бөгөөд Янг Тианчингийн хардгийг нь бүсгүй дараа нь мэддэг. Удалгүй тэр хоёр бие биедээ татагдан хайр сэтгэлтэй болж хөгшин эзнийг эзгүй хойгуур түр ч болов хамт байцгаан жаргадаг байлаа. Удалгүй Жү Доу хүүхэдтэй болж хөгшин эзэн өөрийнхөө хүүхдийг төрлөө хэмээн маш их баярлаж хүүдээ Тианбай гэдэг нэр өгнө. Нэгэн өдөр хот руу явсан Ян Иншан саа өвчинд дайрагдан газарт унасан байхыг Тианчинг олж үүрч ирэх бөгөөд түүнээс хойш Ян Иншан хөлгүй болно. Хоёр залуугийн айдас дундах хайр илэрч, хорссон Ян Иншан хүүг нь алахыг завдсан учраас түүнийг дугуйтай торхонд суулгадаг болно. Хорсол занал нь буцлах Иншан тэр гурвыг алахаар дахин санаархаж унтаж байхад нь гал тавьдаг ч Тианчинг унтрааж амждаг. Жү Доу, Тианчингаас дахин жирэмсэн болсон ч үүнээс болж бүх зүйл хүмүүст илрэх учраас аргагүйн эрхэнд устгана. Хүү Тианбай өсч том болох тусам зөрүүд, хэцүү зантай болж нууц аав, ээж хоёрыгоо зовоож эхэлдэг. Энэ хооронд Иншан хүүг алахыг хүсэх боловч өөрийг нь “ааваа” гэж дуудсанд өөрийнх нь хүү биш байгаа даа гэсэн өмнөх горьдлого нь сэргэж маш их баярладаг. Харамсалтай нь хүүгээр торхоо чирүүлж явж байгаад торго буддаг усандаа унаж үхдэг.

Иншан ийнхүү үхэж Тианчинг, Жү Доу нарын нууцхан хүсэл биелэх ч гунигт тавилан нь тэднийг нуугдах нөмөргүй улам “нүцгэн” болгож орхидог. Тосгоныхон Иншаныг оршуулах үеэр тэр хоёр эртний заншил ёсоор оршуулгын өмнө нь гүйн очиж үхсэн Иншаныг “явахгүй байхыг” гуйсан утгатай үгийг эцэж цуцталаа хашхирч, орилж олны хөлд гишгэгдэн хоцорч энэ үйлдлээ дахин давтах нь хувь заяа нь тэднээр тоглоом тохуу хийх мэт хөөрхийлөлтэй.

Хөгшин Иншаны өв залгамжлагчаар үлдсэн Тианбай арван жилийн дараа ээжийгээ Тианчингтай эр эмийн харилцаатай гэдгийг сонсоод түүнийг зодож дараа нь зооринд хамт байхыг харснаас болж торго буддаг усанд унагаж алдаг. Золгүй хувь заяатай Жү Доу хүү нь аавыгаа алахыг харан эцэст нь гэртэйгээ галд шатаж үхнэ.
Уг киноны Жү Доу бүсгүйн дүр эмэгтэй хүний дорд хувь тавилан, тэсэшгүй зовлон, дийлдэшгүй хайрыг илэрхийлсэн бол Ли Вэйн бүтээсэн Иншан нь хүний үнэргүй харгис хэрцгий зантай хэрнээ энэ хорвоод үрээ үлдээх гэсэн хүний өчүүхэн ч гэсэн горьдлого тээсээр дуусч буй өрөвдөлтэй, зөрчилтэй дүр юм. Харин Тианчинг бол айдас хүйдэс болон дур хүслийнхээ дунд амьдарч сохор зоосны үнэгүй төгсч буй хөөрхийлөлтэй эрийг харуулжээ.

Зарим шүүмжлэгчид уг киног зөвхөн хайр сэтгэл, дур хүслийн тухай биш Хятадын коммунист дэглэмийг шүүмжилсэн бүтээл гэж үздэг. Торгоны аж ахуйн эзний харгис хэрцгий дээрэнгүй авир нь коммунист дэглэмийг, золгүй тавилант Жү Доу болон Тианчингийн дүрүүд нь коммунист дэглэмийн сүүдрийг харуулсэн гэж дүгнэдэг. Мөн киноны туршид зонхилох улаан өнгийг дур тачаалыг бус коммунизмыг билэгдэж буй гэж зарим шүүмжлэгчид бичсэн байдаг.

Кино шүүмжлэгчдийн бодол хэдэн янз байлаа ч Жан Имоугийн найруулсан “Жү Доу” хэмээх энэ кино бол Хятадын шилдэг бүтээлүүдийн нэг юм. “Жү Доу” 1990 онд бүтээгдэж тэр жилдээ Оскар, Канн болон өөр хэд хэдэн кино наадмуудын шилдэг бүтээлд нэр дэвшиж, шагнал хүртсэн бөгөөд Оскарт нэр дэвшсэн Хятадын анхны кино гэдгээрээ алдартай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com