Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Неоклассизмын төлөөллүүдээ устгаад нөгөө хэдэн дүлий годилтойгоо үлдэх үү?

Архитектур гэдэг дүрслэх урлагийн бүх төрөл зүйл дотроос эцэг нь гэгддэг. Тэр утгаараа уран сайхны хувьд ч, хүний ахуйн нөхцөл байдлыг сайжруулах талаас ч, гоо сайхны мэдрэмжийг төрүүлэх үүднээс ч ер нь бүх талаараа хүнийг хөгжүүлдэг шидтэй. Улаанбаатар хотын архитектур, төлөвлөлт түүний өнгө, дизайн, хийцийн талаар ярихад хэцүү. Ямар ч хотын төв талбай бол бүх амьдрал цэцэглэсэн тэр их хөдөлгөөний гол цэг гэх утгатай Тэр агуулга өнөөгийн нөхцөл байдлаас ч болоод тэр юм уу, ерөөсөө л хэдэн дарга нар бидний амьдралын асуудлыг шийдэн тэр гол цэг дээр сууж байна гэдэг утгаараа Засгийн газрын ордон гол үүрэгтэй харагдана. Хотын төв талбай гэдэг дундад зууны үеэс хүмүүс ямар нэгэн баяр ёслолоо төв талбай дээрээ тэмдэглэдэг эсвэл гэмт хэрэгтнээ олны өмнө цээрлүүлэх зэргээр амьдралын халуун цэг байжээ. Харин манай өнцгөөс харах юм бол улс төр нь бидний амьдралыг зохицуулдаг юм гэсэн санаа ч юм шиг. Нөгөө талаар талбайг тойруулан барьж байгаа барилгуудын ансамбль, шийдэл, монгол хүмүүсийн гоо зүйн мэдрэмж, амьдралын хэвшлийг харуулж чадаагүй зүгээр л байшин барина, байшин дотор хүмүүс байна, байшингаар ашиг олно гэдэг зорилгыг хэтэрхий нэгдүгээрт тавьсан. Мэргэжлийн дизайнерууд, мэргэжлийн архитекторууд, бидний амьдралын философи хаана байгаа юм гэдэг нь огт харагддаггүй. Төв талбайг тойрон орших ансамбль мэдээж хамгийн чухал нь. Амь оруулж байгаа нь хуучны хэдэн барилга.

Дэлхийн том хотуудын төлөвлөлтөд хүмүүс нь төвөөсөө хамгийн гоё сайхан гэсэн зүйлүүдийг нэг дороос олж харах зохиомжоор зохиомжлогддог. Хуучин манай төв талбайн төлөвлөлт их аятайхан, боловсронгуй төлөвлөгдсөн байжээ. Талбайгаа тойроод сонгодог хэв маягийг монгол хэв маягтай хольсон жишээлбэл Дуурь бүжгийн театр, Драмын театр, Хотын захиргаа, хуучнаар “Элдэв очир”-ын театр гээд байсан. Тэр барилгууд хүнд эерэг таашаал төрүүлэхүйц, хэлбэр дүрс нь ч гэсэн дэлхийн сонгодог гэгддэг архитектурын элементүүд оролцсон. Тийм учраас л хүн очоод тайван амгалан, бараг амралт маягийн сэтгэгдэл төрөхөөр шийдсэн санагддаг юм. Гэвч ихэнхийг нь буулгасан. Одоо үлдсэнийг нь нураахаар завдаж байна. Өмнө нь Монголын хамгийн анхны чулуун тоосгон барилгатай дөрөвдүгээр сургуулийг нураагаад суурин дээр нь Багшийн хөгжлийн ордон барьсан. Гадаад харилцааны яамны зүүн хойд талд Хүүхдийн номын санг, нисэхийн болон үйлдвэр комбинатын Цагаан хаалга нэртэй хоёр ч дурсгал байсныг буулгасан. Тус барилгуудын талаар Мэргэжлийн хяналтаас нураахгүй бол болохгүй гэсэн дүгнэлт гараагүй гэж мэргэжилтнүүд мэдэгдсээр байгаа. Хот гэдэг хотынхны оролцоо, дурсамжаар бүтдэг бүх нийтэд хамаатай газар. Тиймээс хот доторх түүхэн болон дурсгалт барилгуудыг хэрхэхийг хотынхон мэдэх учиртай юм.

Улаанбаатар уйтгартай хот. Өнгө, шийдэл, материалын хувьд ерөнхийдөө нэг бүрзгэр. Хүн хараад “ямар гоё юм бэ” гээд алмайрахаар жижигхэн деталь ч байхгүй. Драмын театрын хойт талын “Улаанбаатар” хэмээх ганцхан бичигнээс өөр “гоё юмаа” гэчихээр деталь үгүй гэхэд нэг их хилстэхгүй. Архитектур, баримал, ханын зураг гээд бүх юм нь уялдаагүй нь бүр ч эмгэнэлтэй. Магадгүй энэ байдлаараа 50 жил явах юм бол хотод амьдардаг хүмүүсийн гоозүйн сэтгэлгээ унтарна. Ер нь зарим хүмүүсийнх унтраад эхэлчихсэн ч байж магадгүй. Хүмүүс хаана нүдээ, сэтгэлээ баясгах газар байна тийшээ л явах нь мэдээж.

Гэхдээ үүнийг засч залруулах боломжтой. Үүний тулд хамгийн нэгдүгээрт урлагийг тавих. Уран барилга, архитектурыг хэрэглээтэй холбодог ч гэсэн өнөөдрийн нөхцөлд хэрэглээ өөрөө урлаг болчхоод байгаа гэдгийг өнөө цагийн удирдлагууд ойлгож ухаараасай. Архитектур хүмүүст урагш алхах цэнэгийг өгдөг. Түүнийг шийдэж байгаа хүмүүс нэлээн бодолтой дээгүүр түвшинд үүнийг хийх болохоос биш зөвхөн өнөөдрийнхөө бодол мэдрэмжээр хийх нь харалган явдал.

Гадны архитекторууд манай улсад ирээд Улаанбаатарын 380 жилийн болсон түүхийг харахыг хүснэ. Тэгж ч хүсдэг. Гэтэл 380 жил болсон Хүн чулуутын хонхорт ямар ч түүх байдаггүй. Энэ хэдэн сүм дуганууд бол тэр 380 жилийн түүхийг бидэнд өгүүлж чадахгүй. Одоо гаднын ямар ч хотод очсон хуучны, дунд үеиийн, шинэ хэсэг гэж байдаг. Манайд тийм хэсэг байна уу?

Мэргэжлийн архитекторууд гээд өчнөөн хүмүүс байна, түүний дээд талд байгаа, архитектурыг урлаг, хийц үүднээс нь хянадаг тэр хүмүүс нь ямар ч урлагийн мэдрэмжгүй зүгээр л технологийн мэдрэмжтэй. Энэ байшинг ямар карказаар барих вэ гэж л боддог болохоос биш, хажуу талынхаа байшинтай ямар ансамбльд орох вэ, хэдэн метр үргэлжлээд дараачийн ямар хэлбэр гарч ирэх вэ гэдгийг огт мэддэггүй. Сүүлийн үеийн байшингууд ийм л зарчмаар баригдаж байна шүү дээ.

Өнөөдрийн манай хотын архитектурын ансамбль бусадтайгаа зохицохгүй гэнэтхэн орилсон, чарласан юм шиг хэлбэр дүрс олонтой. Жишээ нь гэхэд Хотын захиргааны том хар шилэн байшин, Централ таур, Шангри Ла, Блю Скай гэх мэт. Таг дөрвөлжин ямар ч илэрхийлэлгүй хар шилэн барилгууд босохдоо хотын өнгө үзэмжийг биш өөрсдийнхөө орлогыг бодсон нь тодорхой. Энд газар байна, үүн дээр ямар нэг юм байх ёстой гэдэг ухагдахуунаар хийгдэж, хүчээр орж ирсэн эд.

Яах вэ хуучныг шинэтэй эсрэгцүүлэн тэр хоёрыг нэг нь нөгөөхөө тодруулах маягаар шийдсэн шийдэл байдаг. Гэхдээ энэ барилгууд бол тийм биш. Зөөлхөн, яруу уянгалаг зохиомжтой өмнө нь баригдсан байшингуудаа, сүүлийн барилгууд нь ерөнхийдөө дарамтлах цохих маягаар гарч ирсэн.

Урлаг гэдэг хүний сэтгэлийг зөөллөж, оюун ухааныг задлахад чухал ач холбогдолтой. Бусад оронд шилэн барилгууд ерөнхийдөө адил дизайнтай, орчиндоо зохицох тал дээр нэг зарчим дээр тулгуурласан байдаг. Гэтэл манайд тэр сүлжээнийхээ барилгын чанар чансаа бүх зүйлд нь хүрэхгүйгээр хуулбарын хуулбар маягаар барьдаг. Дэлхийн түвшний зүйлийг хоёр гурван шат буулгаад хуулбарлаад тавьчихаар бидний дэлхийн тийм хэмжээний гоо зүйг мэдрэх мэдрэмжийг байхгүй болгож байгаа жишээ.

Дуурийн театрын хажууд баар байдаг ч юмуу, үгүй бол дэргэд нь сүүдрээрээ халхлаад дарангуйлж байгаа ч юм шиг “Централ тауэр” гозойгоод байж байдаг. Бүх юмыг буруу талаас нь ярилаа гэж зарим хүмүүс шүүмжлэх байх. Мэргэжлийн шийдэл, мэргэжлийн хүмүүс маань хаана явна? Мэргэжлийн биш хүмүүс хүртэл зохицолдохгүй байна гэдгийг ойлгоод байна шүү дээ. Бас одоо байгаа хуучны барилгуудыг нураах нь буруу гээд тэмцээд байна шүү дээ.

Хотын захиргааны хар шилэн барилга бол хаанаас ч юм тайрч авчраад тэнд тавьчихсан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Аливаа нэг юм эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдаг. Жирийн хүн хараад ямар сүртэй юм бэ эсвэл ямар гоё юм бэ гэх ч юм уу ямар нэгэн хэллэг байдаг. Тэр барилгад тийм юм байхгүй. Наагуурх байшингууд нь гоё уянгалаг дуу дуулж байхад гэнэтхэн нэг дүлий хар годил гарч ирээд ард нь чимээгүй зогсоод байгаатай яг адилхан.

Блю Скай бол манайд зориулж хийсэн архитектур огтхон ч биш. Азийн орнуудад ийм хэлбэрийн барилгуудын сүлжээ бий. Бэлэн загварыг авч ирээд тэнд нэг зай байна гээд чихээд “тавьчихсан” эд. Тэр том байшинд үйлчлэх орчин байхгүй. Солонгосын хөрөнгө оруулалтаар, шийдлээр, тэд барьсан юм чинь солонгос хүн манайд ирээд үүгээрээ мэдээж бахархдаг байх. Жишээ нь, Варшавын төвд 1920-оод онд оросуудын барьсан хотын хаанаас ч харсан хамгийн өндөр байшин байдаг. Харин дараа нь польшууд хажууд нь бүр өндөр байшин барьсан. Цаад утга логик нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр архитектур гэдэг цаанаа том утгатай байх нь.

Манай хотын төвийн барилгуудыг хөгжим гээд бодох юм бол жаахан уянгалаг ая явах гэж байтал гэнэт бөмбөр пин пин гэж цочоогоод гэнэт чимээгүй болсноо дахиад аялгуу эхлэх гэтэл дахиад нэг аймаар хахир дуу гарахтай адил. Нэг нь нөгөөдөө уусаад нэг нь нөгөөдөхөө тодотгоод үргэлжлээд цаашаа өөр хэмнэлд нийлээд их найрал хөгжим болох хөг аялгуу байхгүй. Өөрөөр хэлбэл манай хотын төв бол бөөн шуугиан, яг түгжрэлтэй зам дээр олуулаа сигналдаж, орилолдож, бие биеэ хатуу үгээр доромжилдог шигээ тийм л чимээ сонсогдоно. Тийм орчинд өссөн хүмүүс ямар болох бол?

Төв талбайн өөрийн өнгө аясыг хэтэрхий зөрчиж данхайж бүтсэн барилгуудын тухай өгүүллээ. Гэтэл одоо байгаа Төв номын сан, Драмын театр, Дуурийн театр, Байгалийн түүхийн музейгээ буулгаад нураачихвал нөгөө хэдэн дүлий годилууд чинь нүүгэлтэн үлдэнэ гээд та бод доо. Суурин дээр нь яг адилхныг барина гэдэг, юу л бол. Барьсан ч түүхийн үнэ цэн цаг хугацаандаа оршдог болохоос шинэ, гоё гялгардаа байдаггүйг эрхбиш мэддэг хүмүүс бүгд үгүй болчхоогүй байна.

Дизайн, зохиомж, зохилдолгоо бүгд нийлж байж орчин үеийн болохоос биш шилэн байшин барьснаараа орчин үеийн болчихгүй. Барьж эхлэхдээ гаднын бэлэн рендер зураг харуулчхаад бариад дуусахаараа шал өөр юм гараад ирдэг туршлага бол манайх. Неоклассизмын төлөөллүүдээ буулгаад төдхөн төсөв мөнгө хүрэхгүй нь өөр шийдлээр барина гэх муйхар хар зоригтой, урлагийн түй ч мэдрэмжгүй удирдлагатай улс билээ, бид.

Дараа нь материалын асуудал байна. Гаргасан санаа дизайн амилахад материалын сонголт хамгийн чухал. Ер нь манайд баригдаж байгаа бүх барилгууд үүн дээр алдаа гаргадаг. Эхлээд их гоё зураг төсөл харагддаг харин баригдаж дуусахаараа хамаагүй муухай болчихсон байдаг нь материалын чанараас маш их юм шалтгаалтдагийнх. Засгийн газрын ордны урд талд баригдсан өргөтгөл гэж олон зохицоогүй материалын холион бантанг бид мэднэ. Баримлууд, шилэн хана, чулуун багананууд гээд ямар ч ансамбль, шийдэлгүй, материалууд нь хоорондоо зохицолгүй. Гялгар шар өнгөтэй багананы дээд талын бөгжийг харахад ичмээр.

Хамгийн сүүлд хуурамч, хямдхан хийгдсэн орчны тохижилтын асуудал. Хуурамч зүлэг, мод бүгд хуурамч юмсаар орчноо тохижуулах болов. Цэцэрлэгт хүрээлэн гэж юуг хэлдэг юм бэ? Хотын завгүй, стресстэй хүмүүст зориулж цэцэрлэгт хүрээлэнг сэтгэл сэргээх, амьд байгалийг мэдрүүлэх романтик орчныг бүтээхийн тулд бүтээдэг. “Централ тауэр”, баруун дөрвөн замын “Макс молл”-ын хуурамч хямдхан тохижилтууд байна. Хэдэн мод хаа хол зайтай суулгаж энэ бүх “но”- гоо нуух гэсэн мэт хурц гэрлээр гэрэлтүүлжээ.

Эцэст нь хэлэхэд архитектор дизайны шийдэл бол бусад дизайны шийдлүүдтэй харьцуулахад асар хариуцлагатай, том ухаан. Учир нь хэвлэмэл эсвэл дүрст дизайн шиг тэр дор нь буулгаад засаад, залруулчих аргагүй. Хийсэн хүмүүс нь үгүй болоход ч үлддэг олон зуун жилийн настай бүтээлийн тухай асуудал. Ийм муу бүтээл хийж байгаа хүмүүс өөрийнхөө вкусыг харуулаад зогсохгүй хойч үеэ хорлож байгаа хэрэг. Хожим засч болохгүй алдаа гаргахгүйн тулд л хотын асуудлыг хэн нэгэн “нөхөр” шийддэггүй ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com