Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Ж.Бат-Ирээдүй: ГАДААД ХЭЛ МОНГОЛ ХЭЛНЭЭС ЧУХАЛ ГЭХ ҮЗЛИЙГ ОЛОН ЖИЛ ХҮМҮҮСИЙН ТАРХИНД СУУЛГАЖ ИРЛЭЭ
Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа.
 
-Монгол судлал гэдэг ойлголтод ямар ямар  ухагдахуунууд багтдаг талаар эхлээд ярина уу?
-Монгол судлал гэдэг ойлголтын хүрээнд Монголтой холбоотой бүх зүйл багтана. Тухайлбал хэл, соёл, түүх, шашин гэх мэт.  Монголын тухай судалгааны цогцыг л монгол судлал гэж ойлгож болно. Монгол судлалын хувьд зөвхөн гадаад  эрдэмтдээр хязгаарлагдахгүй, Монголынхоо түүх соёл зэргийг судалдаг бүх судлаачид багтдаг. Тиймээс Монголтой холбоотой судалгаа хийж байгаа бүх л эрдэмтдийг монголч эрдэмтэд гэдэг. Монголыг монгол хүн дотроос нь харах нэг өөр, гадны хүн гаднаас нь харах бас өөр. Монгол хүн Монголоо судлах нь гадны эрдэмтдээс илүү нарийн зүйлсийг олж хардаг давуу талтай.
 
-Та судалгааныхаа чиглэлийг  дэлгэрэнгүй танилцуулаач?
-Миний судалгааны сэдэв бол монгол хэл шинжлэл тэр дотроо утга судлал. Өөрөөр хэлбэл үгийн утга судлалыг сонгон сүүлийн гучаад жил судалж байна даа.
Энэ судалгааны чиглэлийг яагаад сонгосон талаар ярья л даа. Би Монголын нэрт эрдэмтэн Чой Лувсанжав багшийн шавь юм. Намайг их сургууль төгсөхөд эрдэм шинжилгээний ажилтнаар авч үлдээд судалгаа хийх дөрийг надад суулгасан. Багшийгаа дагаж 4,5 жил ажиллахдаа их юм сурсан даа. Манай багш дэлхийн маш олон орны хэл мэддэг тэр чиглэлээрээ олон төрлийн судалгаа хийдэг их эрдэмтэй хүн байсан. Багшийн бичгийн машин нь кирил, латин, монгол үсэг, манж үсэгтэй байв. Тэр машинаар нь эрдмийн ажилд нь тусалдаг байлаа. Ингээд багш маань монгол хэлний ойролцоо үгийг хүн судлаагүй байна, энэ сэдвийг сонгож авч судлах нь зүйтэй гэж надад өгсөн юм. Түүнээс хойш судалгааныхаа чиглэлийг би өөрчлөөгүй. 1998 онд хэл шинжлэлийн ухааны Ph.D докторын зэрэг, 2004 онд Москвад хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
 
-Тухайн үед өвгөн эрдэмтний цүнх барьж эрдмийн ажлын дөр суудаг, гарынх нь шавь болж тэнцдэг сайхан жишиг байжээ. Одоо бол залуус даргын цүнх л барих дуртай болж. Одоо ийм жишиг эргэж сэргэвэл сайхан уу?
-Таны хэлж байгаа маш зөв санаа. Өмнөх үед боловсролын гурван шатны тогтолцоо байгаагүй. Тиймээс өөрийн итгэлтэй шавийг сонгон бэлтгэж тэр хүн нь тэвчээртэй байгаад сурч чадах юм бол цаашаа судлаач болох замаа тавьдаг байсан. Чой Лувсанжав багш маань манай төгсөлтөөс хоёр залууг сонгож авч байсан юм. Ялангуяа эрдэмтэн судлаач хүн шавиа заавал бэлдэх ёстой. Хүн мөнх бус учир цаг хугацааг тооцож настай болоод ирэхийн цагт үйл хэргийг нь үргэлжлүүлэх шавьтай байх нь их чухал. Энэ ганц Монголд ч биш дэлхийн түвшинд байдаг асуудал. Их сургуулиуд бол хөдөлгөөн ихтэй учраас гарын шавь бэлдэхэд хэцүү л дээ. Харин сүүлийн үед магистр, докторын зэргийн тогтолцоотой болсноос хойш эрдмийн ажлыг заавал удирдаж явуулдаг учир их сургуулийн багш нар шавьтай болж байгаад таатай байна.
 
-Аливаа улс оронд заавал судлах ёстой сэдэв гэж байдаг байх. Тэр дагуу судлаачаа сургах, бэлтгэх гээд бодлого байдаг. Манайд ийм бодлого одоо байна уу?
-Судлаачийг бэлдэх нарийн боловсронгуй тогтолцоо одоо алга. Тухайн тэнхимүүд дээр магистр, доктор болохоор орж ирж байгаа хүмүүст сонгуулах сэдвийг гаргаж өгдөг. Шинжлэх ухааны байгууллагуудаас яг энэ сэдвээр судлах хэрэгтэй, энэ сэдэв сайн судлагдсан, энэ нь муу судлагдсан гэж гаргах хэрэгтэй гээд л яриад байсан яг одоогоор гаргачихсан юм алга байна. Одоо бол багш ямар сэдэв өгсөн түүгээр нь л шавь нь судалгаа хийх замаар явж байгаа байх.
 
-Судлаач болох хүнд юу хамгийн чухал нь вэ?
-Судлаач болох хүнд сэдэвтээ дуртай байх хүсэл буюу дур сонирхол, мэдрэмж, сайн багш, тэвчээр хамгийн гол нь нэгэн үзүүрт сэтгэл хэрэгтэй.
 
-Хүн ярьж байгаа хэлээ мэддэг гэж боддог. Гэтэл яг үнэндээ тийм ч сайн мэддэггүй юм байна. Ямар хэмжүүрээр “би монгол хэл мэддэг” гэж өөрийгөө үзэж болох вэ?
-Монгол хэлний тухай ярихаар хүмүүс хамгийн эхлээд үгийн олон цөөний тухай яриад байдаг. Эсвэл цээж гэж бичих үү чээж гэж бичих үү гэсэн үсгийн дүрэм юм ярьдаг. Яг үнэндээ монгол хэлний мэдлэг гэдэг ийм зүйлс биш юм. Ерөөсөө л хүн ажил мэргэжлийнхээ түвшинд өөрийгөө аман болон бичгээр бүрэн зөв илэрхийлэх чадварыг л монгол хэл мэддэг гэж хэлнэ.
 
-Монгол хэл бол маш баялаг гайхамшигтай гэж хэлдэг. Харин зарим хүмүүс монгол хэл хэцүү дээрээс нь тийм баялаг биш гэдэг. Энэ тухай?
-Хэл шинжлэлийн судлаачийн хувьд хэлэхэд бүх хэл гайхамшигтай. Түүний гайхамшгийг нь мэдэж, хэрэглэж чадаж байна уу гэдгээс л тэр хүний хэмжээ харагдана. Уншихгүйгээр хүн хэлийг мэднэ гэж байхгүй. Уншиж байгаа зүйлс нь маш хөнгөн хялбарчилсан зүйлс байна. Жишээ нь 60,70 оны үеийн уран зохиолыг уншихад хүнд хэцүү, ойлгохгүй үг хэллэгтэй, урт өгүүлбэртэй, хэт гүнзгий утга найруулгатай гэдэг. Ингэж бодож, хэлж байгаа тохиолдолд монгол хэлийг сурна гэж байхгүй. Өнөөгийн уран зохиолыг өнөөдрийн хүмүүсийн тархи толгойд тааруулаад хийгээд эхэллээ шүү дээ. Өмнөх үеийн сэтгэлгээний гайхамшгуудыг гээж байна гэхэд хилсдэхгүй. Зохиол нь ийм болоод ирэнгүүт дараагийн уншигчид нь бас л тийм болоод л ирнэ.
Гадаад хэл бол монгол хэлнээс чухал гэдгийг олон арван жилийн турш хүмүүсийн тархи толгойд суулгаж ирлээ. Сүүлийн жар далан жил гадаад хэлийг эх хэлнээсээ дээгүүрт тавьж ирсэн. Эхлээд орос хэлтэй л бол “хүн” байсан бол сүүлийн жилүүдэд англи хэл болж хувирсан. Дээрээс нь чи монгол хүн юм чинь монгол хэл сурах гэх хэрэггүй гэдэг. Үүний уршгаар монгол хэлний хэрэглээг үгүй болгосон. Учир нь чи монгол хэлэнд сайн байлаа гээд чамайг үнэлэхгүй. Гэхдээ 2015 оноос хойш монгол хэлийг хэрэглээ талаас нь анхаарч суурь шалгалтуудыг эх хэлээрээ авдаг болоод байна. Олон арван жилийн турш монгол хэлийг төр засгаас нь үл тоож байсан учраас монгол хэлээ мэдэхгүй хэдэн үеийнхэн бий болсон.
 
-Монгол хэлээр ярьж, бичиж чаддаг ч найруулан бичих болохоор хүмүүсийн хувьд хэцүү болчихдог. Яагаад ийм болдог вэ?
-Эх хэлээрээ зөв зүйтэй найруулан бичих чадварыг дунд сургуульдаа олж авах учиртай. Хүүхэд өөрөөсөө эхлээд эцэг эхийнхээ тухай бичиж сурах ёстой. Гэтэл өнөөдөр “Би хэрвээ Ерөнхийлөгч болбол...” гэдэг зохион бичлэгийг хийлгэдэг жишээ байна шүү дээ. Нэгэнт эх хэлээ сураагүй насанд хүрчихсэн хүн бол уншихаас өөр аргагүй.
-Орчин үеэ дагаад хүмүүс гаж үг хэллэгээр болон гадаад үгээр хольж ярьдаг. Ялангуяа сошиал медиа монгол хэлийг сүйтгэж байна гэдэг. Энэ үйл явцын талаар тайлбарлаж өгөөч? Ямар тохиолдолд хэл доройтлоо гэж үздэг юм бэ?
-Энэ үзэгдэл бол ганц монгол хэлэнд биш бүх хэлэнд болж байгаа. Хэрэглээний явцад ийм үзэгдэл явагддаг. Аливаа зүйлийг цаг хугацаа хэмнэх үүднээс “хоёроо, гурваа” гэж дуудах зэргээр товчилж ярих нь хэлний хэрэглээний нэг тал. Ийм түр зуурын үзэгдлийг хүмүүс бидний үед ийм байгаагүй энэ монгол хэл сүйрлээ гэдэг. Хэл сөнөх гэдэг ойлголт байна. Энэ нь тэр хэлээр ярьж харилцдаг хүн байхгүй болохыг хэлнэ. Мөн хэл мөхөх гэж ойлголт байна. Энэ бол удаан хугацааны туршид хэл устаж үгүй болох үзэгдэл. Та бид хоёрын яриад байгаа жишээ бол хэл мохох үзэгдэл юм. Гэхдээ энэ үзэгдэл бичгийн хэлэнд ороод ирвэл аюултай. Өөрөөр хэлбэл тэгж бичдэг уран зохиолын хэл, албан харилцааны бичгийн хэл, шүлэг яруу найрагт ороод ирвэл аюултай. Мөн толь бичигт орж ирж болохгүй.
 
-Хэл мохох нь аюулгүй юу?
-Энэ бол монгол хэлэнд муугаар нөлөөлөхөөс биш хэлийг мөхөөх зүйл биш. “Хэл бол далай юм” гэж манай нэрт эрдэмтэн хэлсэн шүү дээ. Тиймээс далай бол татлагатай, түрлэгтэй, хөдөлгөөнт чанартай. Энэ үйл явцаараа дотор нь орсон хогоо гадагш нь гаргаж хаядаг. Хэлийг мохоох энэ үзэгдэл бол далайн хөвөөгөөр нь л болж байгаа үйл явц. Жар далаад онд жишээ нь “шараа шүү дээ, яамай шүү дээ” гэдэг үг байсан. Гэтэл өнөөдөр хэрэглэгдэхгүй л байгаа биз дээ.
 
-Орчуулгагүйгээр хэрэглэж буй гадаад үгийн тухайд?
-Монгол хүний хэрэглээ өөрөөр хэлбэл шинэ соёлтой холбоотой. Бидний хэрэглэдэггүй хэрэглээний маш олон зүйлсийг дагаад л гадаад үгс маш хурдтай орж ирсэн. Барилгын материалуудаас эхлээд тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн нэрсийг орчуулж түгээж, хэвшүүлж дадуулах зай завгүй л шууд ороод ирж байгаа шүү дээ.
 
-Тэгвэл монгол хэлний мөхөхгүй байх дархлаа нь юу вэ?
- Монгол хэлний дархлаа бол утга зохиолын, албан бичгийн хэл буюу зарлиг тогтоол, хууль дүрмийг бичиж байгаа тэр хэл. Тэр бол хэлний өөрийнх нь дархлаа. Энэ тогтвортой байх улам хөгжих шаардлагатай. Мөн хэвлэл мэдээлэл ч үүнд чухал нөлөөтэй.
 
-Гэтэл албан бичгийн найруулга их муудаж байгааг хааяа хааяа дэлгэгддэг дарга нарын бие бие рүүгээ явуулж буй албан бичгүүдээс харагддаг. Энэ тухайд?
-Хууль, дүрэм, албан бичиг, тоот, кино зохиолын орчуулга, хэвлэл мэдээллийн алдаа мадаг бол цэвэр тухайн зүйлийг хийж байгаа хүний монгол хэлний мэдлэг чадвар хэр байгааг л харуулж байгаа хэрэг. Бүр цаашлаад сэтгэхүйн чадварыг харуулж байдаг.
 
-Монгол хэлний мэдлэг, чадварыг хэрхэн хаана суулгаж сургах ёстой юм бэ?
-Үүнийг бага сургуулиас эхлээд их сургууль төгстөл хүүхдэд олгоно. Сурах бичиг үүнд гол үүрэгтэй. Жишээ нь дунд сургуульд долоо хоногт монгол хэлний хичээл хоёр цаг байхад гадаад хэл найман цаг ордог жишээ байна. Өмнөх үеэ уншихаар хүлээж авч чадахгүй байгаа бол бид залуустаа суурь дэвсгэрийг нь өгч чадаагүй гэсэн үг. Хэдэн насанд юу унших вэ гэдэг стандарт байгаа шүү дээ. Түүнийгээ тэр насандаа унших, уншуулах хэрэгтэй.
 
-Хэл сэтгэхүй хоёр холбоотой гэдэг. Хүн хэчнээн ухаан царай гаргалаа ч хэдхэн үг хэлээд л ямар боловсролтой гэдгээ харуулчихдаг. Энэ үнэн үү, сэтгэхүйгээ хэрхэн хөгжүүлэх вэ?
-Өндөр хөгжөөд байгаа орнуудын хүмүүсээс монгол хүн ямар ялгаатай байна вэ гээд ажиглахаар энэ хүмүүс мэдлэг буюу уншсан таньж мэдсэн юмаараа л ялгаатай байна. Миний бодлоор бол монгол хүмүүс уншихгүй байна. Уншиж байгаа юм нь өдөр тутмын хов жив хог шаар. Юм уншдаг, уншсан юмаа мэдлэг болгосон хүнээс ёсзүйгүй байх, бүдүүлэг байх гэх мэт муу зүйлс нь аяндаа арилдаг байх нь. Гадны их сургуулийн номын санд очоод харахад дүүрэн оюутан ном уншиж байдаг. Тэнд утсаа ухаад сууж байгаа хүн харагддаггүй. Одоо бол манайд нэг үеэ бодвол унших юм их байна шүү дээ.
Бид нэгэн үе бүгдийг толгойдоо хадгалдаг байсан. Харин одоо бол хэрэгсэлдээ найддаг болсон. Жишээ нь одоо дууны үг бүтэн мэддэг, утасны дугаар цээжилдэг хүн байхгүй. Караоке байгаа учраас дууны үг цээжлэх ч шаардлагагүй ч гэдэг юм уу. Жишээ нь банкны ажилтнууд мөнгөө машинаар тоолонгоо тооны машинаар дахин боддог. Өөрөө өөртөө итгэлгүй байгаагийн хэлбэр шүү дээ. Энэ бол хүний тархийг улам л ажилгүй болгоно. Ийм үед монгол хэлээ тэгвэл хэрхэн сурах вэ гэвэл толь бичиг ашигла. Суурин соёл иргэншилд толь бичиг ашиглах соёл гэж байдаг. Нэгэнт бүгдийг цээжлэх боломжгүй учраас толь бичиг ашиглаж энэ хоёр үгийн алийг нь сонгох вэ гэдгээ шийдэх арга юм. Толь бичиг ашигладаг соёлд суралцах хэрэгтэй бид.



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com