-Өөрийнхөө хөгжүүлж буй урлагийн талаар бидэнд сонирхуулаач?
-Миний ойлгосноор sound art бол урлагийн төрлүүдээс нэлээд залуудаа орно. Контемпорари, абстракт зэрэг урлагийн шинэ төрлүүд одоо дэлхий дахинд хүчтэй хөгжиж байгаа. Европт sound art, sound Installation art илүү хөгжиж байгаа юм билээ. Харин манай Монголд саяхнаас энэ урлаг нэвтэрч байна. Энэ урлагийн тухай тайлбарлая гэвэл бидний мэдэрдэг мэдрэмжүүд зургаа дахь мэдрэхүйгээр дамжиж ирдэг давхцлууд байдаг. Тэр давхцлуудыг хүлээн аван технологитой хослуулдаг гэсэн үг. Дээрээс нь амьд байгалийн дуу чимээг аваад зөв давтамжинд оруулж байгаа хэлбэр. Би 2012 оноос хойш энэ урлагийн төрлөөр суралцаад бодит чимээ анирыг орчин үеийн техник технологитой хослуулж өөрчлөх эсвэл бүтцийг нь солих зэрэг зүйлсийг судалж байгаа. Сингапурт саунд инженерийн чиглэлээр богино хугацаанд суралцсан. Ихэвчлэн би өгөгдлийн хөгжим хийж байна.
-Өгөгдлийн хөгжим гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Цаанаасаа төрсөн мэдрэмжүүдийг дуу чимээтэй хослуулаад хөгжмөөр илэрхийлэх гэж хэлж болох байх. Миний хийж байгаа хөгжмүүд тусгай герцийн давтамжтай байдаг. Зөв герцээр тоглосон хөгжим бол хүний бүх зүйлийг анагаах увидастай. Хотын хүмүүс маш их стресстэй амьдарч байна. Бас хүмүүс ухаалаг утсыг маш их хэрэглэж байгаа хэрнээ түүн доторх зүйлсийг төгс ашиглаж чадахгүй байгаа шүү дээ. Дуу сонслоо гэхэд 442 герцийн давтамжтай хөгжмүүд л байгаа. Энэ бол аюултай дууны давтамж. Дуу хөгжим сонсоход үс арзаймаар болдог нь миний хувьд их буруу илрэл юм шиг санагддаг. Маш өндөр герцийн давтамж нь хүнийг автоматаар өдөөдөг. Харин зөв герцийн давтамжийг ашиглавал энэ их бухимдлаас салж эрүүлжиж чадна.
-Өнөөдөр энд хүмүүст үзүүлж, сонсгож байгаа үзэсгэлэнгийнхээ тухайд... ?
-Жишээ нь өнөөдрийн миний энэ ажил бол хамгийн анхны sound Installation буюу хамгийн энгийн өөрөөр хэлбэл нэгдүгээр ангийн хөгжмийн боловсролын түвшинд зориулагдсан зүйл.
Юмсын өөрийнх нь гаргадаг дуу чимээ гэдэг маш гайхалтай зүйл байдаг. Түүнийг зөв давтамжинд оруулснаар маш сонирхолтой хөгжим болдог.
Ерөөсөө хүний сүнслэг биеийг сэргээж өөрийгөө танин мэдэхэд л зориулагдсан хөгжим. Энэ үзэсгэлэндээ дунд сургуулийн хүүхдүүдэд олноор нь авчирсан нь хүүхэд багаасаа зөв хөгжмийг сонсч сураасай гэдэг хүсэлтэй холбоотой. Морин хуур гэхэд 442 герцийн давтамжтай хөглөгдсөн байдаг бол 332 руу аваачвал сансар огторгуйн давтамжтай ойролцоо очно гэх мэтээр их бүтээлч урлаг.
- Интоляциудаа ямар хэрэглэгдэхүүнийг ашиглан бүтээдэг вэ?
-Би байгальд очиж дуу чимээг нь бичиж авч дараа нь янзалдаг. Саяхан Монголын урлагийн зөвлөлтэй хамтраад Нидерландад болсон “Today’s art” гэдэг тэмцээнд оролцоод тэндээсээ урам зориг авч анхныхаа үзэсгэлэнгээ “Red ger” -т наймдугаар сард гаргасан. Тэнд зургаан ширхэг бүтээлтэй “Mute” гэдэг саунд артаа үзүүлсэн. Бүхэлдээ нэг цомог болсон гэж болно. Би Монголд анх удаа энэ хөгжмийн төрлөөр хийсэн “Shita” гэдэг бүтээл хийсэн. Эдгээр төрлийн хөгжмийг гадаа, дотор гээд бүх орчинд суулгаж буюу хүмүүст сонсгож болдгоороо онцлогтой.
-Бусад бүтээлүүдийнхээ тухай яриач?
-“Какстусны яриа”, агаарын бохирдлын сэдэвтэй “Ulaanbaatar breath”, “Shita”, “Ирээдүйд илгээх захидал”, “Усны философи” гэдэг бүтээлүүд хийсэн.
- Чиний зорилго?
-Боловсролын байгууллага болон оффист сууж ажилладаг хүмүүст энэ хөгжмийг хүргэвэл маш сайн үр нөлөөтэй гэж бодож байна. Хүн бие сэтгэлээрээ эрүүлжиж стресс ядаргаанаас ангижирна. Дээр нь хөгжмийн боловсролоо нэмэгдүүлнэ. Хүүхдүүд багаасаа хөгжмийн зөв давтамжийг хүлээн аваад сурчихвал хэрэгтэй гэж боддог.
-Хөгжмийн шинэ төрлийг чиний үзэсгэлэнгээс хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хүмүүс маш шинэлэгээр сонирхож хүлээж авч байна. Миний анхны үзэсгэлэнд 500 орчим хүн ирсэн. Бас урлагийн хүмүүс бүр ихээр сонирхож бүтээлээ хийхдээ миний хөгжмийг сонсч байгаа.
-Чиний уран бүтээлийн мөрөөдөл юу вэ?
-Би дараагийнхаа төсөл рүү орж байна. Энэ ажлууд бол миний саунд артын ажлууд. Цаашдаа би бүх юмсээс өөрөөс нь дуу чимээ гаргахаар ажиллана. Бүх физик бие өөрийн гэсэн дуу авиатай өөрөөр хэлбэл хөгжимтэй.