Уран зурагт Монгол зураг онцгой байр эзэлдэг. Энэ нь үе дамжин эртнээс уламжлалтай дорно дахины зураг, онол, арга зүй, урлах материал, техник ажиллагааны хувьд бие даасан урлаг юм.
Япон, Монгол улсын 45 жилийн ойгоор хоёр орны соёл, урлагийн солилцооны хүрээнд Япон дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас санаачлан япон үндэсний зураач Ито Масацугу, монгол үндэсний зураач Т.Оюун-Эрдэнэ нарын хамтарсан “Spirit of Nature” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол Арт галерейд нээлтээ хийн, зурах сонирхолтой, зураач болох хүсэлтэй залууст сургалт зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь япон үндэсний уран зургийг монгол үндэсний зурагтай харьцуулж, зурах технологио судалж, харилцан туршлага солилцон зурах арга барилыг таниулах ач холбогдолтой болсон юм. Мөн тун удахгүй Япон оронд монгол үндэсний зургийг танилцуулах өдөрлөг болно.
Үзэсгэлэнгийн тухай монгол үндэсний зураач Т.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Үзэсгэлэнд Монгол, Япон хоёр уран бүтээлчийн 30 гаруй уран бүтээл тавигдсан. Миний хувьд байгаль хүн хоёрын амин холбоог харуулахыг зорьсон 15 уран бүтээлээ дэлгэлээ. Монгол зургийг ихэвчлэн эртний хэв маягаар төсөөлдөг бол орчин үед зураач нар монгол зургийн арга барил онцлогийг ашиглан өөр өөрсдийн хэв маягийг оруулж зурдаг болсон. Тиймээс эдгээр бүтээлүүд маань зөвхөн миний өөрийн арга барил, хэв маягаар эртний болон орчин үеийн шинжийг тусгасан байгаа юм.
Би 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөн одоог хүртэл зурж байна. Үндэсний уран зургийг эртний уламжлалт байдлаас нь эхлэн судалж, өөрийн уран бүтээлдээ тусгах арга ажиллагаа болон монгол зургийн хэв маягийг тусгаж өөрийн гэсэн шинэ урсгал бий болгохыг зорьж байна.
Монгол үндэсний зургийн гол онцлог нь эртний бурхны зургуудын элементүүдийг их ашигладаг. Уран зургаас ялгаатай нь алслалт, гэрэл сүүдэр хэрэглэхгүй, бэлгэдлийн хэлбэр дүрстэй байдаг. Харин япон зурагтай адил төстэй олон зүйл бий.
Япон Үндэсний зураач Ито Масацугу нь өөрийнхөө зурах техник, онцлог, япон үндэсний уламжлалт шинж чанарын тухай сургалт зохион байгуулж уг сургалтад СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийн оюутнууд оролцлоо.
Тэд хоёр жилийн өмнөөс япон уран бүтээлчидтэй хамтран ажиллан япон уран зургийн нийгэмлэгийн гишүүн болсон бөгөөд энэ үйл ажиллагаагаа цаашдаа улам өргөжүүлэх хүлээлттэй байгаа.
Үндэсний зургийн нэг онцлог нь бэлгэ дэмбэрэл, зөн санаа, хүсэл мөрөөдлийг дээд зэргээр эрхэмлэдэгт оршино. Монголчуудын эрхэмлэн үздэг бат бөх чанар, өнгө үзэмж, мөнх бадрах сайн сайхныг бэлгэдсэн өлзий ерөөл бүрдмэл гүнзгий утга санаа, ард түмний гоо сайхны ойлголт, эрмэлзэл нь бүтээлд тод тусгалаа олсон юм. Жишээ нь гэр нь алтан бумба хэлбэртэй, тооно унь нь дэлгэж байгаа бадам цэцэг буюу цацарч байгаа нарны гэрэл мэт. Ийнхүү монгол зураг ардын болон чимэглэх олон төрөл урлагийн эх загвар үндэс болж ирэв.
Зургийн шир дэвсгэртийг янзлан бэлтгэх тусгай аргатай байсан ба түүнийг зөв нямбай боловсруулж шийдсэн бол үнгэгдэж нугардаггүй, ямар ч нарийн бийрээр зурсан торж тээглэдэггүй юм. Олон он жилээр онгож ганддаггүй будгийн чанар мөн сонирхолтой. Түүнийг гадаадаас авч байсны зэрэгцээгээр орон нутгийн материалаар хийсэн шороон, чулуун, шимийн будгууд бий. Хөдөө, ялангуяа говьд олон өнгийн шороотой газар элбэг тохиолддог ба тэрхүү шороог тунгаан авч заримыг нь түлж будаг гаргадаг байсан.
Япон үндэсний зураач Ито Масацугутай энэ тухай,
“Миний аав зураач хүн болохоор би бага байхаас л зургийн ертөнцөөр аялж, харж өссөн. Одоогоор 40 орчим жил зураг зурж байна. Зургийн тухай сургалтыг би өмнө нь БНХАУ-д зохион явуулсан. Тухайн орны залуустай уулзаж бүтээлийн тухай ярилцах дуртай.
Япон, Монгол гээд Зүүн азийн үндэсний зургуудад ерөнхий төстэй шинж чанар олон. Түүнчлэн үндэсний зураг бүрт тухайн орны уламжлал, ёс заншлыг уусгаж харуулсан байдаг. Би том зургуудаа зурахад хагас жил гаруй хугацааг зарцуулдаг. Жижиг хэлбэрийн зургийг долоо хоног, нэг сар гэх мэт янз бүрийн хугацаатай зурна.
Зургийнхаа сэдэв санааг ихэнхдээ байгальд аялж байгаад олдог. Дараа нь хэрхэн зурах, өнгө дүрслэлээ толгойдоо буулгадаг. Зөвхөн үндэсний техник гэхгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа бийр, багс, мод, сэнс гээд бүхий л хэрэгслийг ашиглан япон зураг зурах юм сан гэж боддог.
Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед Америк, Европын соёл, үзэл баримтлал хаа саагүй шингэж байна. Тиймээс өөрийн уламжлал, соёл түүхийг ул үндсээс нь судалж уран бүтээлээ хийхийг залуустаа зөвлөж байна. Ингэснээр шинэ санаа арвижна” гэсэн юм.
Б.Мөнхбайгаль