Кино урлагтай холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, уран бүтээлчид, нээлтүүдийн тухай сонирхолтой, олон талын байр суурь, өнцгийг харуулсан “Kino Talk” нэвтрүүлэг цацагдаад удаагүй байгаа. Тус нэвтрүүлэг нь кино сонирхогч “хорхойтнуудад” зориулсан бөгөөд долоо хоног бүр салбарын зочид урин, шилдэг бүтээлүүдийн анализ хэлэлцүүлэг хийдгээрээ онцлог. Ийнхүү Kino Talk нэвтрүүлгийн панелист, гүйцэтгэх продюсер Rusty-тэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Rusty гэдэг. Би бага байхаасаа л кино урлаг, хөгжим, спортод дурлаж өссөн. Тухайн үед интернэт байхгүй болохоор аль болох хаанаас энэ тухай мэдээ мэдээллийг олж болох вэ гэж их эрж хайдаг байсан. Улам судлаад ирэхээр энэ тухай мэдээлэл монгол хэл дээр олдох нь бага учраас сонирхол нэгт залуустайгаа хуваалцаж байх зорилгоор анх подкаст хийж эхэлсэн. Цаашлаад Filmon байгууллагыг үүсгэж хэлэлцүүлэг хийх олон төрлийн контент бүтээнэ гэж төлөвлөж байгаад одооноос хоёр жилийн өмнөөс контентуудаа хийж эхлээд байна.
-Ямар төрлийн контент хийхийг зорьдог вэ?
-Агуулга муутай, үзэгчид тэндээс ямар ч мэдлэг олж авахгүй тийм муу контент хийхгүй. Үүнээс бусад төрлийн бүтээлүүдийг хийх гэж хичээдэг. Поп соёл, кино урлаг, спорт энэ бүгдийг яаж сонирхолтой байдлаар хүмүүст хүргэж, сонирхолтой анализ хийж болох талаар мэдээний нэвтрүүлэг, шоу, хэд хэдэн төрлийн подкаст гэх мэт аль болох хүмүүст хүргэхийг зорьж байна.
-Ямар агуулгыг, ямар киног муу гэж үзэж байна вэ?
-Ер нь ямар ч төрлийн контентоос хүмүүс тодорхой “юм” авч байх ёстой гэж боддог. Заавал амьдрал бодох ёстой гэсэн үг биш. Гэхдээ ядаж цэвэр энтертайнмэнт, ямар нэгэн юм бодоод өнгөрдөг эсвэл хийц, хөгжмийн найруулга сайтай ч гэх юм уу тодорхой хэмжээнд авууштай зүйл байх ёстой. Хүмүүс сайн, муу эсвэл таалагдах, таалагдахгүй байгаа кинонуудаа холиод байдаг. Миний бодлоор энэ нь тусдаа ойлголт. Надад тэр кино таалагдаагүй ч маш чадварлаг бүтээсэн, сайн бүтээл байж болно. Харин сул хийцтэй кино хэрнээ надад таалагддаг байж болох юм. Тийм болохоор хүмүүс энэ ойлголтыг ялгаж салгаж ойлгоосой гэж хүсдэг. Техникээс гадна зохиол болон бүтээлч байдал талын сайн шийдлүүд дутмаг, харах өнцөг сул, үлгэр жишээ үзүүлж чадахгүй агуулга муутай киног муу гэнэ байх.
-Нөгөө талаас ямар киног сайн гэж үзэх вэ?
-Анх кино урлагийг сонирхож байхдаа триллер, шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кинонд дуртай байсан. Одоо бол аль болох жанр төрөлд баригдахгүй, нээлттэй үзэхийг хүчээдэг. Энэ цаг үе бол телевизийн цувралын алтан үе. Улаанбаатар, Алтан хальс зэрэг кино наадмуудын оролцож байгаа бүх киног үзэхийг хичээдэг. Гэхдээ цаг хугацаанд захирагдах шаардлагатай шүү дээ. Олон сайн чанартай бүтээлүүд нэмэгдсээр байгаа болохоор бүгдийг нь үзэх гэсэн ч амжихгүй байна. Номыг унших гэж сонгохдоо зохиогч, сэтгэгдлүүдийг нь хардаг шүү дээ. Үүнтэй адил энэ олон кино дундаас та хэрхэн сонгож үздэг вэ? Өмнө нь, дийлдэхгүй олон энэ контентууд гарч ирэхээс өмнө найруулагч, жүжигчдийг нь илүү хардаг байсан. Одоо цагт сонгох улам төвөгтэй болжээ. Заримдаа агуулга сэдвийг харна. Сайн продюсер, найруулагчтай кинонуудыг хараад л шууд үзчихдэг. Жишээ нь La La Land, First man киноны найруулагч Дэмьеэн Шазелл Apple дээр цуврал хийж байгаа. Яг юуны тухай гэдгийг нь мэдэхгүй ч 40, 50-д оны жааз цувралын тухай гэсэн. Сайн мэдэхгүй ч энэ мэтчилэн үзнэ гээд л хүлээлт үүсчихсэн байдаг.
-Эдгээр мэдээ мэдээллийг судлахын тулд хэр их цаг зарцуулж байна?
-Өдөр бүр өөр өөр. Би өдөрт 4-5 цаг унтдаг. Үүрээр таван цагийн үеэр унтаад есөн цагт сэрнэ. Ингэснээр шөнө анхаарал сатааруулах зүйл бага, илүү төвлөрч, мэдээллээ олох боломжтой. Түүнчлэн өглөө есөн цагт босчихдог болохоор ажил гүйцэтгэх хугацаанаас хумсалдаггүй. Замын түгжрээ, хоолны цагаас бусад бүх цаг миний ажлын цаг. Миний ажил заавал оффист сууж байрлах шаардлагатай биш, бас хийх дуртай зүйл минь болохоор ажлаа тайван, стресс багатай, зугаатай байдлаар хийж өнгөрөөхийг илүүд үздэг болсон. Худлаа фен гэсэн ойлголт нийгэмд л байдаг. Үнэндээ худлаа фен гэж байдаггүй. Харин хүн дуртай зүйлдээ илүү ач холбогдол өгч сурах хэрэгтэй.
-“Kino Talk” нэвтрүүлгийг хэдий хэр хугацаанд бэлдэж хийсэн бэ. Продюсер хүн юу хийх шаардлагатай вэ?
-“Kino Talk” нэвтрүүлэг эхлэхээс өмнө өнгөрсөн жилийн өдийд хагас жилийн хугацаанд 24 дугаар “X35” нэвтрүүлгийг хийсэн нь надад том туршлага болсон. Продюсер ямар үүрэгтэй байдаг, юу судах шаардлагатай, юу мэдэж байх ёстой, эфирт ямар байх наад захын соёл, хэрхэн хувцаслах гэх мэтийг сурсан. Энэ нэвтрүүлэг нэгдүгээрт, туршлага хоёрдугаарт, олон нийттэй хэрхэн харилцах, мэдээ мэдээллээ яаж илэрхийлэх талаар сурсан. Энэ нь мөн тодорхой хэмжээний хүмүүст хүрэхэд тусалсан. Би чинь шууд хэлчихдэг хүн. Тэгэхээр нь зарим хүмүүст эвгүй тусдаг байх. Шинэ контентийн эрин үе эхэлчихсэн энэ үед продюсерын үүрэг өөрчлөгдөж байна. Creative producer буюу бүтээлч, агуулга хариуцсан продюсер, business producer буюу худалдааны талыг хариуцаж ажилладаг продюсер бий. Миний хувьд Creative producer учраас нэвтрүүлгийн дугаар бүрийн агуулга, сэдэв юу байх, хэн оролцох, хэн оролцвол ямар уур амьсгалтай болох вэ эсвэл нэвтрүүлгийн уур амьсгалаа сонгочхоод дараа нь ямар зочин орохоо шийдэх үү, нэвтрүүлэг посторууд хаана байрлах, хэн юуг нь ямар өнцгөөр ярих бол гэх зэрэг контентийн бүх зүйлийг хийж, хянах шаардлагатай. Үзэгчдэд ямар мэдээлэл чухал, чухал биш байх түүнчлэн ивээн тэтгэгч нарын сонирхлыг нь яаж татах гэх зэрэг бүгд миний ажил болно.
-Кино сонирхогчдын дунд хуурамч фен байна гэгддэг үүнийг та юу гэж үздэг вэ?
-Энэ тал дээр кино урлаг, спорт адилхан. Яг бодитой хандвал талцах ямар ч шаардлагагүй. Marvel кинонуудаараа DC кинонуудаас хол тасархай түрүүлж, DC Marvel-аас комикуудаараа илүү байдаг. Худлаа фен гэсэн ойлголт нийгэмд л байдаг. Үнэндээ худлаа фен гэж байдаггүй. Харин хүн дуртай зүйлдээ илүү ач холбогдол өгч сурах хэрэгтэй. “Аз хур” номын дэлгүүрээс хямдрал зарлахад өдөр шөнөгүй оочерлож байж номоо авна. Гоё санагддаг. Гэхдээ үнэхээр худалдаж авсан номоо уншиж байгаа юу, агуулга дээр нь ач холбогдол өгч, эргээд номны тухай хэлэлцүүлэг хийж байна уу гэдэг эргэлзээтэй.
-Энтертайнмент салбарын хувьд манай улс бусад улсаас онцлох болон сул талууд анзаарагддаг биз?
-Ямар ч бүтээлч зүйлсийг хийх боломжтой эрх чөлөө байна гэдэг маш том давуу тал. Харин энэ салбарт бид яаж ч чадахгүй нэг сул тал нь манай улсын хүн ам цөөн. Өөрөөр хэлбэл, зах зээл бага. Хэчнээн сайн уран бүтээл хийгээд бүх хүнд хүрсэн ч ашиг олоход хэцүү. Нөгөө талаасаа чанартай, үлгэр жишээ болох уран бүтээлчид, кино зохиол, агуулга найруулга талаасаа хангалттай биш байна. Бидний хийж байгаа контент бол одоогийн залуучуудад зориулсан контентууд. Манай салбарт өрсөлдөгчид харьцангуй бага. Тиймээс ойрын хэдэн жилийн хугацаанд зах зээлээ эзэлж авахыг хүсч байна. Цаашлаад олон улсад зориулсан контентуудыг хийх болно. 2019 оны сүүлд 2018-2019 онд гарсан шилдэг 50 киноны жагсаалт гаргахаар ажиллаж байна.
-Энэ салбарт ажиллах сонирхолтой залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн хэцүү үеэ даваад гарах хэрэгтэй. Гэхдээ магадгүй яг ийм үе хэзээ ч дуусахгүй байх. Бүх юм нь болсон ч хоосон хоноод л явах үе байдаг. Ийм байдлаар би долоон жил явж байна. Зорилгоо хараад урагшаа алхаарай. Маш олон зүйлээс санаа авч байгаарай. Оскар авсан хүмүүс үнэхээр мөрөөдөл биелдэг юм байна гээд л ярьдаг. Үүнтэй адил зогсоо зайгүй хийгээд бай, гол нь урагшилж байх хэрэгтэй.
-Ивээн тэтгэгч нар энэ салбарт хөрөнгө оруулах тал дээр хэр байгаа бол?
-Ирээдүй рүү зөв хөрөнгө оруулаасай гэж хүсдэг. Ингэхдээ баруун зүүнээрээ солилцох бус жинхэнэ хөрөнгө оруулалт хийх цаг ирсэн. Өнөөдрийн хэдэн дагагчтай пэйж хуудас гэхээсээ илүү холыг харах хэрэгтэй. Ийм хөрөнгө оруулагч нар ховор. Одоогийн залуус маань дараагийн худалдан авах чадвар, дараагийн хүч гэдгийг эртхэн ойлгож мэдсэн нь хожно шүү дээ. Тиймээс хойч үеэ дэмжсэн хөрөнгө оруулалт хийгээсэй.
Б.Мөнхбайгаль