Дуучин Т.Ариунаа амлаж байснаараа Буянт-Ухаад “бут авлаа”. Буянт-Ухаа спортын ордны талаас илүү хувь нь 17.30 цаг гэхэд дүүрсэн байв. Тоглолт 19 цагт эхлэхэд ордон дүүрсэн байсан агаад хөтлөгч Э.Ууганбаяр “Тоглолтыг үзэхээр 10 мянга гаруй хүн ирсэн” гэж хэлнэ лээ.
Энэ үдэш үзэгчдийг уярааж, догдлуулж бас мэлмэрүүлсэн дуучин Т.Ариунаа “Энэ мөчийг арван жил хүлээсэн” хэмээн хэлсэн юм. Түүний 2009 онд тоглосон “Гайхамшигт үдэш” тоглолтоос хойш арван жил өнгөрсөн юм байжээ. “Тэнгэрлэг бай” тоглолт “Хуучраагүй жинс” дуугаар эхэллээ. Эндээс л фэнүүд нь Т.Ариунаатай хамт дурсамжийн ертөнцөд аялж эхлэв.
Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаана байна хэмээх мөрүүдийг үзэгчид эмзэг уяхан хоолойгоор даган дуулахад танхим дүүрэн охид цугласан юм шиг л санагдав. Анхны хайрын дурсамж бүгдийг охин насанд нь аваачив бололтой. Үнэндээ танхимд цугласан шүтэн бишрэгчдийн дийлэнх нь дунд болон дундаас дээш насныхан байлаа.
“Сэтгэлээ би барьж дийлээгүй
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь би чамд хайртай гэсэн хэмээн танхим тэр аяараа дуулж байлаа. Доод давхарт зогсоо үзэгчид эрх чөлөөгөө эдэлж, бүжиглэж, дуулж, олон хүүхнүүд пиво барьчхаж. Хүүхнүүд хайртай дуучинтайгаа хамт нэг үдэш зад цэнгэхээр шийдсэн бололтой. Танхимын уур амьсгал удаж төдөлгүй халж эхлэв.
Ард нэг эмэгтэй “Ооё ямар гоё байна аа” гэнэ.
Арав орчим насны ач охиноо хөтөлсөн эмээ дэргэдүүр зөрж өнгөрөхдөө “Гоё байна уу” гэж асуух сонсогдов. Охин “Гоё байна аа” л гэнэ. Өөр нэг эмээ бүжиглээд, урд бас комедиан Хар Төөгөө ч харагдах шиг. Тэнд залуу хос тэврэлдээд танхим үнэхээр өнгө алаглаж байв.
Тайз, гэрэл, дуугаралт, найруулга үнэхээр төгс байлаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар “Скин энтертаймент”-ийн Б.Анар ажилласан гэсэн байх шүү. Энэ үдэш Т.Ариунаа үнэхээр содон дэгжин байж чадсан. Хувцаснууд нь чамин дэгжнээс гадна заримдаа авангард гэхээр хэв маягтай харагдав.
Эрос тодотголыг дуучинд авчирсан “Утасны чинь дугаар” харин их л өөр сонсогдсон. Т.Ариунаа “Cosmic” мөнгөлөг хувцастайгаа дуулснаас ч тэр үү энэ дуу нэг л сансрын өнгө аястай сонсогдоод өнгөрлөө. “Хар сарнай”-гийн Амараа “улаан туг”-аа мандуулаад, дуун дундуур дураараа давхиж орж ирээд уухай хадаан “үглэсэн”-ийг яана. Амараа зууны манлай бүжиг дэглэгч. Ц.Сэвжидийн ач хүү, төрийн соёрхолт Сүхбаатарын хүү гэсэндээ “галзуу” бүжиглэж, үзэгчдийг баясгалаа. Ер нь энэ үдэш Т.Ариунаагийн олон “таньдаг” дуу нэг л өөр сонсогдсон. Т.Ариунаа ч эцэж цуцахгүй, эрч хүчтэй гэдгээ харууллаа. Цоглог дуучин бүсгүйтэй хамт “Boomerang”, “Moon dance”, “Mongolian Entertainment”, “Nomadic” бүжгийн хамтлагууд бүжжээ. Тоглолт гурван цагийн турш үргэлжилсэн болохоор нэг бүжгийн хамтлаг бол “сунаж унахаар” олон бүжигтэй юм. Хамтрагчид нь ээлж халаатай ч Т.Ариунаа ганцаараа тоглолтын турш дуулж, бүжиглэсэн болохоор фэнүүд нь эрч хүчийг нь гайхаад барсангүй.
“Шөнө дундын бүжиг” сонсоход сайхан байсан дуунуудын нэг.
Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ хэмээн танхим давалгаална.
Чинийхээ цөхрөлийг нулимсны чинь төгсгөлөөс харах гэж үү хэмээх мөрүүд Т.Дэлгэрмөрөнгийн уянгалаг хоолой үзэгчдийг шимшрүүлэв.
“Тэнгэр шиг бай” тоглолтод “Хар тас”-ын Марка, “Ice Top”-ын Манлай, “Motive”-ын Ганбаа, жүжигчин Т.Бархүү нар оролцож, үзэгчдийг цэнгүүлсэн.
Тоглолт эхлэхээс өмнөхөн ерөнхий ивээн тэтгэгч, дуучны нөхөр Г.Буяндорж үүд хавиар “гонжоомтойгоо” эргэлдэж, арын албыг зохицуулж байгаа бололтой. Тоглолтын төгсгөл хавиар Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” дуугаа дуулахад хань нь тэрэг дүүрэн цэцэг түрсээр тайзан дээр гарч ирж үзэгчдийг “галзууруулав”. Дуучин бүсгүй энэ үеэр бас ханьдаа талархлын үг хэлэнгээ уужуу зантайг нь магтсан. Түүнийг адгаж тэвдэж байхад нөхөр нь “Болно доо” гэж тайвшруулдаг гэнэ. “Намайг битгий орхиж яваарай. Жаахан орхисон тал байгаа шүү” гэж Т.Ариунаа эрхэлнэ лээ. Энэ үеэр бага хүү нь Канадаас видео мэндчилгээ дэвшүүлснийг танхимд сонсгож, хэн хүнгүй сэтгэл хөдлөв.
Олон жилийн дараа ч хамтдаа, олны хэл үгийг ч ажралгүй даван туулсан цаг хугацааг хүмүүс энэ хоромд хүндэтгэж байсан нь лав. Т.Ариунаа олон жилийн өмнө “Ил товчоо” сонинд ярилцлага өгөхдөө “Ханьтай болохоороо сайхан хайрлаж чадна” гэж ярьсан нь санаанд орлоо.
“Зүүдлээд сэрэхэд ижий минь дэргэд харагдаж л байвал жаргалтай” хэмээн дуулахад нь олон хүн ээжүүдээ санан мэлмэрүүллээ дээ.
Үдэш орой нэмэх 18 цагаар “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хэмээн танхим дүүрэн хүмүүс түрж байна лээ. Зөвхөн НҮБ-ын хүүхдийн элч дуучин, гавьяат Т.Ариунаагийн тоглолт дээр л ийм үзэгдэл олж харах байлгүй дээ.
Төгсгөлд нь хүсэн хүлээсэн дуугаа сонслоо. Төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны алдарт “Тэнгэр шиг бай” шүлгийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дуу болгосон нь тоглолтын тайзан дээр эгшиглэж, сонор мялаасан юм. Энэ дуу гундаж гандсан олон хүнд эрч хүч өгөө дөө.
Дэргэд суугаа эгч энэ дууг сонсонгоо хэлж байна аа. ”Дүү маань Хөвсгөлөөс ирсэн юм. Удахгүй хагалгаанд орох гэж байгаа. Дүүгээ зоригжуулах гээд энд авчирсан юм” гэлээ. Дүү нь 53 настай Т.Оюунчимэг, эгч нь 63 настай Т.Лхамжав нар байлаа. “Тэнгэр шиг бай” шүлгийн
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март хэмээх мөрүүд эгч, дүүсийг зоригжуулсан буй за.
Тэнгэрт одод түгж, Буянт-Ухаа спортын ордны гадаа урт түгжрэл үүсчээ.