Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Буянбаатар: Манай концертыг үзсэн хүмүүс “Ёстой нэг юм үзсэн юм шиг боллоо” гэж хэлдэг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатартай “Сэрсэн тал” хэмээх алдарт бүтээлийн 30 жилийн ойн хүндэтгэлийн концертын өмнөхөн уулзаж ярилцлаа.

-Алдарт “Сэрсэн тал” бүтээлийн 35 жилийн ойн хүндэтгэлийн концерт өнөөдөр тоглоно. Энэ концертын талаар та эхлээд ярина уу?

-Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1984 оны арваннэгдүгээр сарын 26-ны Улс тунхагласны баярын 60 жилийн хүндэтгэлийн ойн концертонд зориулан анх удаа “Сэрсэн тал” хэмээх үндэсний их найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжим эгшиглэсэн түүхтэй. Тэр концертыг Төрийн хошой соёрхолт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров багш найруулсан. Багш өөрөө үндэсний найрал хөгжимдөө сайхан удиртгал бичүүлье гэж Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав багшид захиалсан юм билээ. Тэр үед төр засгийн томоохон арга хэмжээнүүдийн хүндэтгэлийн концерт болоход бүх мэргэжлийн урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод ҮЭ-ийн соёлын төв ордонд бүтэн сар бэлддэг байлаа. Түүнээс өмнө тус тусынхаа байгууллага дээр бас бэлдэнэ. Манайхыг Улсын ардын дуу бүжгийн чуулга гэж нэрлэж байсан. Тэгээд хэд хэдэн мэргэжлийн урлагийн байгууллага нийлсэн 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэрт удирдаач Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар 60 жилийн ойгоор арваннэгдүгээр сарын 25-нд тоглосон. Энэ цагаас хойш “Сэрсэн тал” бүтээлийг Монголд төдийгүй гадаадын олон үзэгч, сонсогч үзэж сонсдог болсон. Мөн олон орны оркеструуд тоглосоор ирлээ. Энэ агуу бүтээлийн 35 жилийн ой энэ өдөр тохиож хүндэтгэлийн концертыг нь тоглох гэж байна.
Бид “Сэрсэн тал-30” гэж тэмдэглэсэн. Б.Шарав багшийн симфони найрал хөгжимд зориулсан хоёр удиртгал хөгжим байдаг. “Сэрсэн тал” бол бүтэц бүрэлдэхүүн бүх зүйлээрээ яг манай үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл. Манай театр Б.Шарав багшийн гурван удиртгалыг ойн концертуудад заавал тоглодог хөтөлбөртэй. Энэ концертод хөгжмийн бүтээлээс гадна алдартай дууны бүтээлүүд бий. “Хайрхан уулын бараа”, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Эгнэгт жаргаах эх орон”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” гэх зэрэг мэргэжлийн дуучдын хүч чадлыг сорьсон маш сайхан дуунууд байдаг. Та нар энэ дууны зүгээр нэрсийг нь л нэг тогтоод уншаарай, Монголын дуунууд бол гайхамшигтай шүү. Энэ дуунуудыг ДБЭТ-ын дуурийн гочлооч нар дуулна. “Сэрсэн тал-35” баярын хүндэтгэлийн концертонд найрал болон үндэсний гоцлол хөгжимд зориулсан дээр нь мэргэжлийн дуулаачдын алдартай дуунууд багтсан гэсэн үг.

-Тоглолтын бүтэц бүрэлдэхүүн, онцлогийн тухайд?

-Манай оркестрын 70-аад уран бүтээлчид, дуучид арав гаруй хүн байгаа. ДБЭТ-ийн гоцлооч МУГЖ Ө.Уянга, МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУГЖ Р.Доржхорол, МУГЖ Э.Анхбаяр нар дуулна. Азийн ятгын хаан гэгддэг МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар, СТА Б.Гомбо-Очир, СТА Б.Батжаргал, хоёр жилийн өмнө болсон Б.Шаравын нэрэмжит уралдаанд түрүүлсэн СТА С.Бат-Эрдэнэ гээд сайхан дуучин залуу анх удаа тоглолтод оролцоно. Б.Шарав багш үндэсний хөгжмийн зэмсгүүдэд зориулсан томоохон хэлбэрийн бүтээлүүдийг бараг хөгжим болгонд зориулж зохиосон байдаг юм. Бид “Сэрсэн тал -30” жилийн ойгоор морин хуурын концерт тоглосон. Харин 35 жилийн ойгоороо ятга хөгжимд зориулсан хувилбар аяз бүтээлийг тоглоно.
Энэ жилийн концертын нэг онцлог бол анх удаа тоглох бүтээлүүд бий. Б.Шарав багш бие чилээрхүү үедээ 2018 онд зохиосон “Хөгжим ба романс” гэдэг бүтээлийг алтан пянзны нээлтэд нь Э.Анхбаяр дуулсан. Энэ бүтээлийг олон түмэн нэг их сонсоогүй байгаа. Мөн “Эхийн сэтгэл шиг” гэдэг сайхан бүтээл байна. “Хайрт хань Д.Ганчимэгтээ зориулав” гэж бичигдсэн морин хуурт зориулагдсан энэ бүтээлийг үндэсний найрал хөгжимтэй анх удаа тоглоно. “Монголын тал нутаг” дуугаа МУАЖ А.Долгор дуулна.

-Үндэсний найрал гэж хөгжимтэй улс орон байхын утга учир нь юундаа байдаг вэ?

-Үндэсний найрал хөгжим гэдэг бол нүүдэлчин монголчуудын олон мянган жилийн түүхийн хугацаандаа бий болсон хөгжмийн зэмсгүүдээс бүтсэн найрал хөгжим. Манай үндэсний хөгжимд морин хуур, лимбэ, хуучир, шанз, ёочин гэж сонгодог тав л байдаг. Бүх оронд л лимбэ, ёочин, ятганы төрлийн хөгжим байдаг. Ятга гэхэд манай улсад хэдэн зуун жил тасарч байгаад 1960-аад онд Солонгосоос багш ирж манайд буцааж нутагшуулсан шүү дээ. Тэд “Энэ бол танай хөгжим” шүү гэсэн. XIII зууны үед манай өвөг дээдэс байлдан дагуулж явахдаа олон газарт соёлоо үлдээсэн байна. Бага хаадын үед зарим нь замхраад зарим нь мэдээж тухайн улсынхаа соёлд уусаад өөрчлөгдөн хувирсан байдаг. Монголын хөгжмийн зэмсгүүд дотор буддын шашны хөгжмийн зэмсэгүүд гэж бий. Төрийн соёрхолт хөгжмийн зэмсэг зохиогч, лимбэчин н.Индэрээ эвэр бүрээ, их бишгүүр, цордон бүрээ, их бүрээ гэдэг хөгжмийн зэмсгүүдийг уламжлал дээрээ суурилаад орчин цагийн хөгжмийн зэмсгийн чиг хандлага руу дөхүүлэн баяжуулснаар үндэсний найрал хөгжмийн бүтэц өргөжсөн. Манай хөгжмийн зохиолчид эдгээр хөгжмийн зэмсгүүддээ зориулж бүтээлээ туурвидаг гэсэн үг.
Үндэсний найрал хөгжимтэй улс орон их цөөхөн байдаг юм шүү дээ. Улс орны мэргэжлийн урлагийнх нь нэгэн шалгуур, хөгжлийг үндэсний найрал хөгжим нь харуулдаг.

-Монголын дуунууд, найрал хөгжим олон улсад яагаад тийм их алдарт хүрдэг гэж та боддог вэ? 

-Манай өмнө талд 1,3 тэрбум хүн амтай луу байна харин манай хойт талд хүчирхэг хүрэн баавгай байна. Гэтэл энэ завсар гуравхан сая монголчууд яагаад оршин тогтнож чадаад ирсэн юм бэ. Монголчууд бид энэ түүхийн нугачаанд үндэсний хэл, соёлоо аваад үлдэж чадсан түмэн. Тийм учраас уртын дууг сонсоод хэн ч энэ хятад ардын юм уу орос ардын дуу байна гэдэггүй шүү дээ. Нүүдэлчин монголчуудын бүтээсэн түүх, цаг хугацаагаар шалгагдаж ирсэн ахуй амьдрал, соёл уламжлал их өвөрмөц. Алтай хангайдаа хөөмэй, говь талдаа уртын дуу нь илүү гэх мэтээр байгальтай холбоотой. Хорьдугаар зууны Монголд ЗХУ-аас дэлхийн хөгжмийн боловсрол орж ирсэн. Үндэсний ийм сайхан урлаг дээр дэлхийн хөгжмийн боловсрол нэмээд ирэхээр янзын юм болно оо доо. 1937 онд манай улсын консерватори байгуулагдсан байлаа шүү дээ. Ардын авьяастан нөхдүүдийг тэнд авчраад хуур, хуучир, лимбэ тоглодог хүмүүст нь нот заагаад мөн өөр хөгжим заагаад хос чадвартай дэлхийн хөгжмийн боловсролтой анхны мэргэжилтнүүдийг бэлтгэжээ.
Ийм л учраас Монголын үндэсний урлагийг дэлхийн хаана ч, хэн ч сонссон хүрч чаддаг. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог, С.Гончигсумлаа дараа нь З.Хангал, Б.Шарав Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал гээд л дандаа ЗХУ-д хөгжмийн мэргэжил эзэмшсэн мундгуудтай улс манайх.

-“Сэрсэн тал” бүтээлийг та хэдэн удаа удирдан тоглуулсан бэ?

-“Сэрсэн тал”-ыг хэдэн удаа удирдсанаа ёстой тоолж мэдэхгүй юм байна. Би 1985 онд төгсч ирээд 1987 онд удирдсан. Анх 1984 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун удирдахад нь би оюутан байлаа. Тэр концертод нь би морин хуур тоглож байсан юм.
Тэр цагаас хойш 35 жил өнгөрчээ. Манай үндэсний найрал Солонгост таван жил дараалан 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй мөн ӨМӨЗО-ны Улаан театрт очиж тоглосон. Гадаадад хамгийн олон бүрэлдэхүүнтэй тоглосон нь Солонгост. Монголдоо 150 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байлаа.

-Нэг хөгжмийн зохиолыг өөр өөр удирдаач удирдахад өөрийн гэсэн онцлогтой болдог уу?

-Тийм шүү. Зарим удирдаач темпийг нэлээд хурдтай, зарим нь жаахан татуухан ч тоглуулна. Нюансаа удирдаач хэрхэн гаргаж тоглуулмаар байна гэдэг нь тухайн удирдаачийн мэдрэмжээс шалтгаалдаг. Гэхдээ хөгжмийн бүтээл зориулагдаад зохиогдчихсон байдаг учраас жүжиг шиг дахиж редакторлох гэж юм байдаггүй. Ер нь дахиж янзлагдахгүйгээр хөгжмийн бүтээл бүтээгддэг.

-“Сэрсэн тал”-ыг тоглуулахад танд ямар мэдрэмж илэрхийлэл буудаг вэ?

-Энэ бол маш их эрчтэй, хэмнэлтэй гайхамшигтай бүтээл. Цэлийсэн ногоон талаар эрэмгий зоригтой хүсэл тэмүүлэлтэй, монгол морьтон дүүлж яваа мэт... Хязгааргүй орон зайд морин дэл дээр тэмүүлж яваа монгол хүн л буудаг. Цаана нь морины уралдааны хэмнэл сонсогддог шүү дээ.

-Б.Шарав гуай бүтээлийг нь удирдахад сонсоод танд хэлж байсан үгс байдаг уу?

-Б.Шарав бол миний багш. Багш бид хоёр бие биедээ их хайртай байсан даа. Бид их ойр дотно ажилладаг байлаа. “Сэрсэн тал-30” жилийн ойгоор багшийн хөгжмийг морин хуурт симфони найрал хөгжимд зориулаад найрууллаа. Б.Шарав багш маань тэгтэл “Ээ дээ танайх ч арай дуугарахгүй дээ” л гэсэн. Яахаараа бид симфони оркестрын дуугаргадаг юмыг дуугаргаж чаддаггүй юм гэж бодоод л хийчихсэн. Тэгээд тэр жил симфони найрал хөгжмийнхийг нь үндэсний найрал хөгжмөөр нь дуугаргасан даа. Багш өөрөө сонсчихоод “Чиний зөв юм байна аа Буяа” гэж хэлсэн. Манай оркестр чинь их өвөрмөц шүү дээ.

-Танд удирдан тоглуулах дуртай найрал хөгжим гэж байх уу?

-Манай Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд бол агуу шүү. Б.Шарав багшийн бүтээлүүдийг жишээ нь тоглоход сэтгэл ханамжийг хүмүүс хоолоор бол юм идсэн юм шиг боллоо, юм үзсэн юм шиг боллоо гэдэг шүү дээ. Яг түүн шиг хүний сэтгэлийг дүүргэдэг гайхамшигтай. Дуулсан хүмүүс нь дуулсан юм шиг, хөгжимчид нь хөгжимдсөн юм шиг болдог бүтээлүүд байна. Нот бол зүгээр тэмдэг тэмдэглэгээ. Түүний цаана аялгуу байна. Тэр аялгууг л ойлгож тоглох гэдэг чухал. Хүний санааг монгол хэлэнд 35-хан үсгээр тэмдэглэдэг. Үг бүрийн цаана утга бий. Тэр утгыг ойлгох л чухал байдаг шүү дээ. Түүнтэй адилтгаж болно.

-Таны ажил ямар тохиолдолд хүнд болдог вэ?

-Уг бүтээл томоохон хэлбэрийн байх зэрэг бол удирдаачаас ур чадвар шаардана. Ер нь миний ажилд гардаг бэрхшээлүүд бий. Бүтэц бүрэлдэхүүн дутах гэх мэт. Хөгжимчин хүн 12-15 жил сурч байж бэлтгэгддэг. Ийм л мэргэжилтнүүд энэ оркестрыг бүрдүүлж байгаа. Ийм мэргэжлийг хэр баргийн хүн эзэмших эр зориг хүрэхгүй. Арван хэдэн жил сурчхаад бага цалинтай байгууллагуудад ажиллахыг хүсэх үү? Монголын төр мундагтаа энэ урлаг нь байгаад байгаа юм биш. Сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс нь бага цалинтай ч зүтгэсээр байгаад энэ урлаг оршиж байна. Социализмд энэ урлагийн суурийг маш сайн тавьж өгсөн. Түүнийхээ хүчээр л явж байгаа. Хүн дутна дээр нь манайх Драмын театртай нэг тайзтай. Бид хэзээ тайз бэлэн байх нь тодорхойгүй байхад хэзээ тоглоно гэж сар, улирал, жилийн хөтөлбөр хүнд хэлэх юм бэ. Өөрийн гэсэн тайзтай бол дуурийн театр шиг хэзээ тоглох нь тодорхой болоод зар сурталчилгаагаа явуулж болно шүү дээ. Удирдаачийн ажил гэхээсээ ахуйн аар саар юмнууд маш их стресстүүлдэг. Би 35 дахь жилдээ энэ ягаан байшинд байж байна.

-Та нэг байгууллагад нэг ажлыг 35 жил тасралтгүй хийсэн. Учир шалтгаан нь юу вэ?

-Би 1985 онд энд төгсч ирсэн. Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа гээч?

-Яагаад?

-Хүн байх ёстой газраа байгаад хийх ёстой ажлаа хийсэн шиг хийвэл л хөгжинө. Гэтэл ихэнх нь байх ёсгүй газраа оччихоод хийх ёсгүй ажлаа хийгээд байна. Зарим хүмүүс тэр саарал ордонд байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу, тийм биз дээ.

-Та үнэхээр байх ёстой газраа олжээ...?

-Би байх ёстой газраа, хийх ёстой ажлаа хийгээд ингээд сууж байна. Хар нялхаасаа энэ ажилд донтоод орчихсон хүн чинь яах юм. (инээв)

-Гэхдээ тан шиг ингэж үнэнчээр үлдэх хүн цөөн л байх даа...?

-Зарим хүүхдүүд замаасаа сургуулиа солино. Төгсөөд ирсэн ч залуу хүмүүс учраас гэр бүл болно. Тиймээс цалин мөнгө нь хүрэлцэхгүй өөр ажил хийнэ гээд яваад өгнө шүү дээ, өөр яах вэ. Гэхдээ яах вэ сэтгэлтэй хүүхдүүд үлддэг л дээ.

-Одоо үзэгчдийн тухай ярья. Танай театрын үзэгч сонсогч хангалттай хэмжээнд үү?

-Нийгмийн хөгжил хүмүүсийн оюун санаатай шууд холбоотой. Өнөөдөр мэргэжлийн урлагийн хөгжмийн концертыг ирж үздэг хүн бол өөрөөсөө нэлээд өндөр боловсрол, соёл, мэдрэмж шаардана. Тийм биш бол бөхийн өргөөнд бөөн бөөнөөрөө ам барихыг харна эсвэл хошин шог үзнэ үгүй бол гар утсаа ухна. Манай концертыг үзсэн хүмүүс “Ёстой нэг юм үзсэн юм шиг боллоо” гэж хэлдэг. Ер нь урлаг уран сайхан үзэж соён гэгээрнэ гэж үүнийг л хэлэх юм байна гэдэг. Энэ концерт бол тийм л хүмүүст зориулсан концерт. Тархиндаа шим тэжээл авъя гэвэл мэргэжлийн урлагийн байгууллагын урлаг, уран сайхныг үзэх хэрэгтэй.

-Хүн яагаад мэргэжлийн урлагийг хүртэх ёстой вэ?

-Хүн гэдэг чинь амьтнаас жаахан ялгаатай амьтан. Хүн тайван амгалан, сэтгэл амар амьдралын төлөө л явдаг биз дээ. Тийм байхыг хүсч байгаа бол урлаг уран сайхан, утга зохиол, уран зураг үзэж, хөгжим сонсох ёстой. Муу хэлээд байгаа социализмын үед хүүхдүүдийг хар багаас нь анги ангиар нь цирк үзүүлээд нас насанд нь тохирсон урлаг уран сайхнаар соён гэгээрүүлж чадаж байсан юм шүү. Арай том болсныг нь Хүүхэд залуучуудын театрт аваачдаг байлаа. Хүнийг бага балчраас нь гэгээрүүлэх, хүмүүжүүлэх ажлыг цогцоор нь системтэйгээр нь хийж байсан байна. Хүүхдээ хүн болгохын тулд л бид ингэж ажиллаж байж. Хүнийг хүн байлгадаг хүч чинь л мэргэжлийн урлаг шүү дээ. Хаана ч очсон Монголын мэргэжлийн урлагийг хүлээн зөвшөөрч, хүндлэн биширдэг. Бид ийм л урлагтай түмэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com