Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа “The Hu” хамтлаг эх орондоо ирлээ. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс хойш гурван сарын хугацаанд Европ болон Хойд Америкт аялан тоглолт хийсэн юм. Тус хамтлаг аялан тоглолтоор 42 мянган км замыг туулсны дараа гэртээ ирж байгаа нь энэ. Хамтлангийнхныг Монгол дахь фэн клубын гишүүд болон гэр бүлийнхэн нь угтсан бөгөөд тэд “Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхийд байхгүй. Чингис хааны үр удам бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ёсгүй” гэж хэлээд Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Ойлгоё, хүндлэе” аянд нэгдэж буйгаа илэрхийлэв. “The Hu”-гийн гишүүд Хойд Америкт аялан тоглолтоор явахдаа төрийн дээд “Чингис хаан” одон хүртсэн бөгөөд шагналыг нь хамтлагийн продюсер Ж.Дашдондог гардсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-ыг зорихдоо хамтлагийн гишүүдтэй уулзаж “Чингис хаан” одонг гардуулж өгчээ. Ингээд хамтлагийнхантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Урт хугацааны аялан тоглолтын дараа эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш гайхалтай байна. Төрж өссөн газрынхаа агаараар амьсгалах үнэхээр сайхан мэдрэмж юм. Инчеоноос наашаа замын турш нойр хүрсэнгүй. Бушуухан Монголдоо газардах юмсан гэж бодсоор ирлээ. Гэртээ харих зам хамгийн сайхан гэдэг шүү дээ.
Бид Хойд Америкийн 50 гаруй хотод 60 тоглолт хийгээд ирлээ. Бидний бие даасан тоглолтын тасалбарын 90 хувь нь зарагдсан. Мөн дэлхийд алдарт Хойд Америкийн фестивалиудад тоглолоо.
Тоглосон цаг эрт мөртлөө асар олон хүн цуглалаа, фестиваль зохион байгуулагчид “Онцгой үйл явдал боллоо” гээд тусгайлан баяр хүргэж байна. Эндээс маш их урам авсан, цаашид монгол соёлоо түгээхийн тулд улам их хичээнэ.
-Америкийн аялан тоглолтын үеэр төрийн “Чингис хаан” одон авлаа. Тэр мөчид юу бодогдов?
-Монгол төрийн дээд “Чингис хаан”-ы одон хүртлээ. Аялан тоглолт ид үргэлжилж байсан учраас тоглолтоо дуусгасны дараа продюсер Ж.Дашдондог ахынхаа шагнал авч буй мэдээ, бичлэгийг үзээд үнэхээр их огшсон.
Амьдралд тохиох хамгийн сайхан мөчүүдийн нэг. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй, дахин давтагдашгүй үйл явдал юм. Бүгд маш их хөөрч, баярласан. Энэ дашрамд баярлалаа гэж хэлье.
-Эх орондоо хэр удах вэ?
-Нэг сар амраад буцаад Европыг зорино. Тэндээс ээлжит аялан тоглолт эхлэх юм. Ихэнх оронд тасалбар зарагдаж дууссан мэдээ байна. Түүнчлэн гуравдугаар сард Япон, цаашлаад Австрали, Өмнөд Америкийн орнууд гээд төлөвлөгөө гарсан байгаа.
-Хойд Америкт та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ. Тайзан дээр гарсан тэр мөчийг эргээд дурсвал?
-Гайхалтай. Бид анх удаа Хойд Америкт буусан. Тэгэхэд үнэхээр сайхан хүлээж авсан. Тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө цугларсан үзэгчид хамтлагийн нэрийг чангаар дуудах нь сүртэй, сэтгэл хөдөлгөм. Эрч хүч, энергийг үзэгчид маань гаргасан учраас бид ч их хичээсэн. Тоглолт үнэхээр сайхан болсон доо.
-Ирэх оны төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
-Завгүй жил байх болов уу. Маш олон тоглолт бий. Тоглолтоо хийхийн зэрэгцээ Монголын өв соёл, зан заншлаа дэлхийд бат суурьтай болгох, илүү олон хүнд хүргэхийн төлөө ажиллана.
-Монголд хэзээ тоглох бол гэж монголчууд хүлээж байна. Эх орондоо хийх тоглолтын талаар, тов тогтсон уу?
-Label хэзээ тогло гэж хэлнэ тэр цагт л тоглох байх. Гэрээтэй учраас бид дур зоргоороо шийдэж болохгүй.
-Ер нь аялан тоглолт хийхэд гадаадад байгаа монголчууд хэрхэн хүлээж авав?
-Очсон газар бүрт хамгийн багадаа л нэг монгол хүн байлаа. Элэг нэгтнүүд минь уухайлах нь уухайлж, орилох нь орилж халуун сэтгэлээрээ биднийг дэмжсэн. Нийт монголчууддаа баярлалаа гэж хэлье.
-Шинэ уран бүтээл цацагджээ. Тэр бүтээллийнхээ талаар мэдээлэл өгөх үү. Мөн дараагийн уран бүтээл хэзээ гарах вэ?
-Тийм ээ, өчигдрөөс /уржигдар/ албан ёсоор шинэ клипээ цацлаа. Олон түмэнд хүрсэн сайхан бүтээл болох байх. Давхар давхар баяр тохиож байгаа юм. Харин шинэ уран бүтээлийн талаархи мэдээллийг одоохондоо нууцлъя.
-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Маш удаан аялан тоглолттой байл аа. 90 хоногийн турш аялахдаа ихэнх цагийг нь замд өнгөрөөсөн. Энэ бүх тоглолтын ард эрүүл энх, амжилттай гараад ирсэндээ баяртай байна. Эх нутгийн агаар шиг сайхан зүйл алга. Тоглолт тийм амар байгаагүй, энэ бүхнийг даваад гарсан нь хамгийн том бахархал юм.
эх сурвалж : Засгийн газрын мэдээ