Шинэ жилийн цэнгүүнүүд хэдийнээ дундаа орсон ч шинэ жилийнхээ арга хэмжээнд хараахан ороогүй, бэлтгэж амжаагүй байгаа бүсгүйчүүддээ амархан гоёх, аминчхан хэдэн дүрмийг танилцуулъя. Шинэ жилийн хамгийн гоё даашинзтай бүсгүй байхыг хүн бүхэн л хүсдэг. Гэвч надад багадах байх, зохихгүй байх гэх мэт бөөн асуудлыг бүсгүйчүүд ургуулан бодож өөрийгөө зовоодог. Тэгвэл юуны өмнө юу байна вэ түүгээрээ гоё.
Юм байхгүй бол өөрөөрөө гоё гэдэг эхний дүрмийг танилцуулъя. Ер нь үлгэрийн гүнж шиг даашинз байлаа ч танд зохихгүй, таарахгүй бол түүнээс болж хямрах хэрэггүй.
Шинэ жилийн үдэшлэгт хамгийн дэгжин, эмэгтэйлиг бүсгүй байхын тулд эхлээд өөртөө итгэх итгэл гэдэг “даашинз”-ыг хийгээд өмсөөрэй. Цорын ганц, хэзээ ч давтагдахгүй, хамгийн төгс “даашинз” бол таны өөртөө итгэх итгэл юм шүү.
Үүнийгээ урлахын тулд эмэгтэй хүнийхээ давуу талуудаа сайтар бодож, олж харах хэрэгтэй. Мэдээж жилдээ ганцхан тохиодог, санасандаа хүртэл гоёж болох баяр учраас санаа зоволтгүйгээр зоригтой гоёх хэрэгтэй. Гэхдээ мэдээж мэдрэмжтэй.
Хүссэн дүрдээ орж болно. Хүссэн хувцсаа өмсч болно. Ямар ч хязгаарлалт байхгүй. Гэхдээ бүгд гоёсон баярын үйл ажиллагаан дээр өдөр тутмын, ажлын хувцас, түрийтэй гутал зэрэгтэй очих нь таныг “өөрийнхөөрөө” гэж харагдуулахгүй. Харин мэдрэмжгүй, өөрийгөө болон бусдыг үл хүндэтгэсэн гэсэн “нэрийг” танд авчирна гэдгийг бодолцоорой.
Тиймээс өөрийнхөөрөө гоёх гэдэг дүрмийг баримталцгаая. Эхний дүрмийг эргэн санацгаая. Эмэгтэй хүн ямар үед үзэсгэлэнтэй харагддаг вэ. Элдэв илүү маяггүй инээмсэглэж буй үедээ. Та инээмсэглэлээрээ, эелдэг найрсаг харилцаа, байгаа орчиндоо баярын настер нэмж чадах нийтэч нэгэн гэдгээ харуул.
Хоёр дахь дүрмийн дагуу та өөртөө итгэх итгэлийг өмсөх ёстой гэдгийг хэлсэн. Өөртөө яаж итгэхээ зарим бүсгүйчүүд мэддэггүй. Эмэгтэй хүн хамгийн эхлээд өөрт буй давуу талаа олж мэдэх хэрэгтэй. Сайхан хүзүүтэй бол түүнийгээ тодруул, гоё хөлтэй бол түүнийгээ мэд. Өөрийн гоё сайхан бүхнээ тодруулсан даашинз өмс. Сүүлийн дүрэм нь эсрэгээр нь хий. Бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь би махлаг учраас сул даашинз өмсөнө. Би туранхай юм чинь бариуг өмсөнө гэдэг.
Харин үүнийг эсрэгээр нь хийвэл таны гоо сайхан бүхэн тодорно. Богино хөлтэй тусмаа нуух гэж уртыг биш богиныг өмс. Урт хүзүүтэй тусмаа цээжээ ил гарга. Том хөхтэй тусмаа энгэрээ бүү хумь. Ингээд зарим нэгэн загварын даашинзыг хэрхэн зохицуулж өмсөх талаар зөвлөе.
Коктейль даашинз
Хааяа арга хэмжээнд гоёдог үдшийн даашинзаа шинэ жилийн баярт өмсч болно. Коктейль даашинз бүх л оройн арга хэмжээнд зориулагддаг тул огтхон ч хуучин харагдуулахгүй. Залуу охид богино дэрвэгэр хормойтойг, дунд насны эмэгтэйчүүд урт шулуун гэх мэт төрөл бүрийн загвар бас өнгөөр гоёх боломжтой. Гол нь жижиг гар цүнх хэт нүсэр биш аксессуар нэмэхэд болно. Үсээ ороох сүлжих зэргээр янзалбал шинэ жилийн уур амьсгал ороод л явчихна. Коктейль даашинзан дээр сандаль илүү зохидог гэдгийг мартав аа.
Грек загвар
Энэ төрлийн даашинз эмэгтэй хүнийг өвөрмөц харагдуулдаг. Махлаг болон хөлөө нуух сонирхолтой бүсгүйчүүд толгой болон цээж хэсэгтээ илүү анхаарал хандуулахад зохимжтой. Мөн урт үстэй бүсгүйчүүдэд толгойн гоёл энэ загварт төгс зохицдог. Бүс болон оруулга, толгойн гоёлоо алтлаг, мөнгөлгөөр сонгон гартаа том цагариган бугуйвч зүүхэд гоёмсог харагдана. Мөн ээмэг нь илүү чөлөөтэй хэв маягийг илэрхийлж байвал зүгээр.
Онцлох трэнд
2019 оны онцлог трэнд бол хөвсгөр зөөлөн даашинз гэдгийг шинэ жилийнхээ баярт ороод амжчихсан бүсгүйчүүд мэдэж байгаа байх. Дэлхийн загварын цоо шинэ чиг хандлага. Шинэ жилийн жинхэнэ гүнж болохыг хүсч буй залуухан зоригтой бүсгүйчүүд энэ загварыг сонгож болно. Үнэхээр онцгой гайхалтай харагдуулж чадна. Мөн торон болон шапон материалтай завсрын өнгийн даашинзыг сонговол сонгодог байдлыг илэрхийлнэ. Венийн вальст таныг үдшийн ханхүү урих ч юм бил үү. Бэлтгэлтэй байсан нь дээр тийм биз дээ, охид оо.
Готик
Шинэ жилийн цэнгүүнд дураараа гоёх, хүссэнээрээ өөрчлөгдөх, хэв маягаа нэг удаа ч гэсэн эвдэх хүсэлтэй хүчирхэг бүсгүйчүүдэд готик хэв маягийг санал болгож байна. Готик бол хурц, тод, хүчтэй, эрх чөлөөт эмэгтэйн илэрхийлэл. Ямар ч өнгөтэй байж болно. Гэхдээ ихэнхдээ хар улаан, улаан цагаан, хар ягаан гэх мэт өнгөөр дагнадаг. Готик хэв маягийн гол илэрхийлэл бол малгай, бэлхэвч хоёр. Малгайг өмсөхийг хүсэхгүй бол толгойн төрөл бүрийн өдөн, торон гоёлуудыг хэрэглэж болно. Корсет бол бүсгүй таны гол зэвсэг. Нарийхан бэлхүүс өвөрмөц донж маяг эмэгтэй хүнд илүүднэ гэж үү. Сайхан цэнгээрэй.
Си си даашинз
Хэн бүхний мэдэх хатан хаан Си Си-гийн нэрээр нэрлэгдсэн уг загвар шинэ жилийн гоёлоос хэзээ ч хуучрахгүй. Хаадын ордны бүжигт голчлон өмсдөг байсан уг загвар сүрлэг, эрхэмсэг байдлыг хэзээд илэрхийлдэг. Хурц тод өнгүүд болон торон оруулга нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хүчтэй илэрхийлдэг. Мөн урт үстэй бүсгүйчүүдэд маш сайхан зохицдог. Үсээ гүнж, хатдын загвараар янзлуулж мөн титэм зүүчихвэл бүр төгс. Титэм зүүхийг хүсэхгүй байгаа бол толгойн төрөл бүрийн гоёл гадуур худалдаалагдаж байгаа. Мөн энгэртээ том зүүлт эсвэл огт зүүлтгүйг, сонгоорой. Си си бол хатдын зиндааг илтгэдэг гоёл учраас зүүвэл зүүсэн шиг зүү үгүй бол зүүх хэрэггүй гэдэг дүрэмтэй. Ээмэгний хувьд том чулуун унжлагатай нь илүү зохидог. Ээмэг том бол зүүлтгүй, зүүлт том бол ээмэг жижиг гэдгээ мартав аа бүсгүйчүүд ээ.