Германы Франкфурт хотын “Штедель” урлагийн музейд “Винсент Ван Гогийг бүтээхүй” тусгай үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнд Ван Гогийн өөрийн хөрөг тэргүүт түүний амьралын бүх цаг үеийн онцлогийг илэрхийлэх 50 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа аж. Ван Гог экспрессионизмын урсгалыг үндэслэгчдийн нэг бөгөөд орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн ажээ. Нас барснаас хойш 15 жилийн дараа гэхэд Ван Гогийн бүтээлүүд алдаршиж, түүнийг орчин үеийн урлагийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрчээ. Ван Гогийн уран бүтээлүүдийг цуглуулах, хадгалж хамгаалахад Германы уран зураг цуглуулагчид болон урлаг судлаач, шүүмжлэгчид ихээхэн хувь нэмэр оруулсан аж. Тухайлбал, 1914 он гэхэд нэрт зураачийн 150 гаруй уран зураг нь Германы хувийн болон нийтийн цуглуулгад бүртгэгдэн хадгалагджээ. “Винсент Ван Гогийг бүтээхүй” үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх юм байна.