Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан: Гэрэлтэж байгаа үзэгчдийн нүднээс өөрийгөө хараад урамшдаг

Жүжигчин Ц.Баясгалан гэж гялалзсан, хурц сэргэлэн эмэгтэй. Биедээ баймгүй эрс дайчин, цуцалтгүй хөдөлмөрч жүжигчин хувийнхаа зардлаар хоёр ч олон улсын фестивальд оролцоод иржээ. Сүүлийн үед тэр моно жүжигт хамаг бүхнээ зориулж нам гүм хөдөлмөрлөхийг илүүд үзэх болсон юм. Хэдэн удаагийн оролдлогоор түүнийг нам гүмээс нь “сугалж” ярилцлаа. Аль ч талаас нь харахад адилхан гялалзах эрдэнийн чулуу мэт тэр яг л хэвээрээ...


-Олон улсын фестивальд оролцоод иржээ. Явж ирсэн сонин сайхнаа хуваалцана уу?
-Би эхлээд Румынд болсон фестивальд оролцсон. Энэ уралдаант фестивальд 10 гаруй орны жүжигчид оролцож, өдрийн 4-5 тоглолттой байлаа. Гурван шүүгч нь гурвуулаа румын шүүгч, гран при шагнал нь 2000 евро байсан. Миний хувьд мэдээж шагнал горилж явсан. Гэхдээ шүүгчид нь бүгдээрээ румын байхаар нь жаахан эргэлзэж эхэлсэн л дээ. Гэхдээ яах вэ амжилттай сайхан оролцсон, үзэгчид халуун дотноор хүлээж авлаа. Бас нэлээд олон шүтэн бишрэгчтэй боллоо. (инээв) Надад орос хэлтэй, эмэгтэй үйлчилсэн юм л даа. Тэргүүн шагнал гардуулахын өмнө ёслол дээр хөтлөгч Монголоос ирсэн жүжигчин Ц.Баясгаланд сайн орчуулж өгөөрэй гэсэн гэдэг юм байна. Тэгэхэд нь би авчихсан юм байхдаа л гэж бодсон шүү. Тэгсэн чинь Гран прид намайг Румыны жүжигчинтэй нэр дэвшлээ гэсэн юм байна л даа. (инээв) Гран приг мэдээж Румыны жүжигчин авсан.
Хоёр дахь фестиваль маань Македонд болсон. Зардал мөнгөө хэмнэх үүднээс нэг явалтаар хоёр уралдаанд оролцоод ирсэн гэсэн үг л дээ. Энэ фестивальд би нэлээд хэдэн жилийн өмнөөс оролцох сонирхолтой байсан юм. Энэ нь зэрэглэл өндөртэй мэргэжлийн өндөр түвшний олон улсын уралдаан. Гран при авсан жүжигчин болон шилдэг жүжигчний шагналыг авсан Оросын жүжигчин надтай нэг өдөр тоглосон. Би будалтаа хийлгэчихсэн байсан учраас үзэж чадаагүй. Хамгийн сонирхолтой нь би очоод шүүгчдээ хараад эндээс шагнал авахгүй юм байна гэдгээ ойлгосон.

-Яагаад?
-Ерөнхий шүүгч нь миний тоглолтыг дөрвөн удаа, туслах шүүгч нь таван удаа үзчихсэн хүн байсан. Хамгийн сонирхолтой нь надад өмнө нь гран при гардуулж явсан шүүгч байлаа. Тэр хүмүүст бол миний тоглолт нэгэн хэвийн болчихсон шинэ соргог санагдахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тоглолтыг маань үзээгүй үзэгчид тоглолт дуусангуут шавж ирээд л баяр хүргэхэд гран при авснаас ялгаагүй сэтгэл дүүрээд ирсэн.  Хүүдээ энэ тухайгаа хэлсэн чинь “ Тэгвэл бараг таны өмнөөс түрүүлээд дуулчихсан биз. Би хэчнээн дуртай байлаа ч нэг киногоо таван удаа үзэхгүй” гэж хэлсэн дээ. (инээв)


-Эдгээр фестивалиудад хэний ямар жүжгээр оролцов?
-Нина Мазурын зохиол Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн надад 2013 онд найруулж өгсөн Эдип Пиаф жүжгээр энэ хоёр уралдаанд оролцоод ирлээ. Энэ жүжгээрээ би Косовогоос Гран при авч байсан юм. Гэхдээ энэ удаад би Азиас ганцаараа байсан. Бусад орны уран бүтээлчид газар нутгийн хувьд ойрхон болохоор олуул ирээд тайзаа засаад, гэрэл, хөгжмөө тохируулаад энэ хоорондоо жүжигчнээ амраадаг. Би чинь өглөө гүйж очоод тайзаа засаад бүх юмаа өөрөө хийгээд л үзэж тарна шүү дээ.


-Олон улсын фестивальд оролцоход зардлаа өөрөө гаргадаг уу?
-Урилгыг цаанаасаа ирүүлдэг. Тэндээ очоод байрлах, хоолны зардал нь цаанаасаа байдаг. Бусад зардлаа өөрөө гаргана. Өр тавиад явж байгаа хүн чинь өөр хүн авч явах боломжгүй байна. Манай энд зохион байгуулдаг фестиваль ч бас ийм зарчимтай. Ер нь л бүгд тэгж явагддаг. Олон улсын фестиваль сонирхъё гэвэл миний ажилд туслангаа надтай хамт явах боломжтой. (инээв)

-Моно жүжиг Монголд одоохондоо өргөн дэлгэрч хөгжөөгүй байна. Танд моно жүжгийн зохиол, найруулах найруулагч хэр олддог вэ?
-“Тэнгэрийн аялгуу” гээд маш сайхан монгол жүжиг байгаа. Бүүвэйн дууны тухай ижийгээ хайрладаг шигээ эх дэлхийгээ хайрлах тухай үзэл санааг тусгасан. Эх дэлхий, байгаль орчноо хайрлах үзэл бол миний амьдралын бас нэгэн зарчим юм. Энэ санаагаа зохиолч, сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид ахад захиалж бичүүлсэн. Монгол зохиолчид маань моно жүжиг рүү орж байна. Сайхан зохиолуудыг бичиж байна. СУИС-ийн багш, зохиолч П.Батхуягийн зохиолууд байна, залуус ч бичиж байна. Гэхдээ энэ жанрт тоглоход яг тохирсон “ваав” гэхээр зохиол ховор. Монголд зохион байгуулдаг фестивальд гадны маш гоё зохиолууд тоглогддог. Түүнийг ирээд зохиолчид маань үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр болгон хүмүүс ирж үздэггүй. Бидний эх оронд өөрсдөө ирээд тоглож байхад нь үзээд байвал их хэрэгтэй байгаа юм даа. Манай театрын МУГЖ С.Дамдин Монголд зохион байгуулсан фестивальд зориулж “Ганцууд” гэж жүжгийг сэтгүүлч, яруу найрагч СГЗ Ш.Гүрбазарт захиалж бичүүлсэн. Энэ бол их сайхан жүжиг.


Б.Баатар найруулагч цаанаасаа өгөгдөлтэй төрсөн хүн байсан. 2014 онд ЮНЕСКО-оос зохиогдсон олон улсын фестивалиас Гран приг нь авсан. Одоо ч гэсэн моно жүжиг найруулах сонирхолтой найруулагч нар байдаг. Гол нь Монголд моно жүжгийг хөгжүүлж дэлгэрүүлэх гээд байгаа нь бид олон улс руу гарахын зэрэгцээ өөрсдийгөө хаана яваагаа мэдэх том жишиг бас суралцах боломж юм. Тэдэнтэй өрсөлдөж хүчээ сорих нэг гарц шүү дээ.
Моно жүжиг бол яг манайд тохирсон төрөл шүү. Цөөн хүний хүч боломжоор, бага зардлаар, хурдан шилжин нүүж явах давуу талтайгаараа хаана ч, хөдөө айлын гэрт ч урлаг соёлыг хүргэх маш том давуу талтай. Ганцхан машинтай сумдаараа, хөдөө айлуудаар яваад тоглож болно. 

Мөн улсын уралдаан зарлан явуулдаг болсон. Энэ жилийн олон улсын уралдаан угтсан "Үндэсний ялагч" улсын нэг хүний жүжгийн уралдаан маань "49 театр"т 7 сарын 3-4 нд болно. Эндээс түрүүлсэн уран бүтээлч маань олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөнө.

 

-Та моно жүжгийг Монголдоо хөгжүүлэхээр зорьж зүтгэх болсон эхний учир шалтгааныхаа тухай яриач?
-Би үүнийг ганцаараа гаргаж ирсэн юм биш л дээ. “Гэгээн Муза” академийн тэргүүн МУАЖ С.Сарантуяа музагийн нэг төрөл нь моно жүжиг байдаг учраас моно жүжгийг муза-даа оруулж ирсэн. Намайг “Чи дуулдаг юм чинь моно жүжиг тоглоод үзээч” гээд Эдип Пиаф жүжгийг анх санал болгосон. Тухайн үедээ хийж үзээд Гэгээн муза-д өрсөлдөөд дараа жил нь олон улсаас Гран при авсан. Тэндээс маш их урам аваад бидэнд боломж байгааг ч олж харсан. Хуулийнхаа дагуу олон улсаас тэргүүн шагнал авсан учраас улсаас надад 65 сая төгрөг олгосон. Ингээд л энэ жүжгийг хөгжүүлэх хүсэлтэй болсон гэх үү дээ.

-Олон улсын моно жүжгийн фестивалийг та эх орондоо зохион байгуулж байгаа. Энэ фестивалийн ач холбогдол, саад бэрхшээлийн талаар товч ярина уу?
-Энэ жил бид тав дахь жилдээ есдүгээр сарын 19-23-ны хооронд фестивалиа зохион явуулахаар төлөвлөөд байна. Энэ жил Хятад, Германаас шүүгч ирэхээр болсон. Өмнөх жилүүдэд өөр орнуудаас ирж байсан юм. Манай фестивальд энэ жил Хятадаас анх удаа шүүгч оролцох гэж байна. Дараа нь төсөв мөнгөнөөс шалтгаалаад хоёр жилд нэг удаа байхаар бодож байгаа. Анх би шагнал авч ирээд салбарын яамандаа танилцуулахад намайг дэмжихээр болоод Монголын моно жүжгийн төвийг байгуулсан юм. Гэхдээ Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр сайдын үед яамнаас бас дэмжээгүй биш дэмжсэн. Гэтэл сайд нь солигдчихоор өөрчлөгдчихдөг юм билээ. Мөн нийслэлээс нэг удаа 12 сая төгрөгөөр дэмжиж байсан. Энэ маань цаашид дэмжигдээд хамтарч ажиллах юм бол зөвхөн моно жүжиг гэдэг утгаараа биш олон улсад өрсөлдөх болон хотоо дэлхийд сурталчлах боломж байдаг. Учир нь гадны орнуудын ийм фестиваль хотоороо нэрлэгдэж явдаг. Олон улсаас нэг жүжигчин ирэхэд түүнийг үзэх гээд дагаад жуулчид ирдэг. Өнгөрсөн жил гэхэд солонгос жүжигчнийг үзэх гээд найман жуулчин дагаж ирсэн.


-Энэ фестивалийг зохион байгуулахад хэдэн улсаас оролцож, хэдий хэмжээний зардал ордог вэ?
-Ер нь манайд нэг жилдээ зургаагаас найман орны жүжигчид ирж оролцдог. Манай фестивалийн зардал хэмнээд хэмнээд багадаа 35-50 сая орчим төгрөг болдог. Гаднаас хүмүүс ирэхгүй хэрнээ зуун саяар хийдэг наадмын хажууд бага л даа.


- Энэ зардлаа яаж олдог вэ?
-Өмнөх дөрвөн жил яам, нийслэлээс бага зэрэг дэмжлэг авсан. Фестивалийн зардалд нэг орноос нэгээс гурван хүн ирлээ гэхэд тэдний байрлах зочид буудал, хэлмэрч дээрээс нь хэвлэл, үйл ажиллагааны зардал гээд нэмэгддэг. Төсвөө бүрдүүлэх гэж ёстой өөрийгөө тултал нь ашиглана шүү дээ. (инээв) Зардлаа аль болох багасгахын тулд өөрөө нөгөө газартаа хэрэгтэй үед нь франц дуунуудаасаа дуулах, жүжгээ тоглох ч юм уу бартер гэдэг юмыг чинь л ашиглана. Угаасаа маркетинг, менежмэнтийн ухааны хүн биш болохоор ийм бэрхшээлүүд тулгардгаа нуугаад яах вэ.

-Моно жүжиг жүжигчнээс дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бүхий л ур чадварыг шаарддаг юм шиг санагддаг. Тоглох арга барил өөр үү?
-Миний хувьд жүжгээ аль ч тайзан дээр тоглодог. Гэхдээ арга барилаа олтлоо туршлагажих шаардлага гарна. Дан том тайзан дээр тоглож байсан бол тоглолтоо өөрчлөх болдог. Нэг хүнтэй моно жүжгийн хувьд бүтэн цагийн турш үзэгчийн сонирхлыг ганцаараа барина гэдэг арга барил, чадвар шаарддаг ажил. Мөн сайн зохиол, сайн найруулагч хэрэгтэй.


-Моно жүжгийн тоглолтын сайхан нь?
-Миний хувьд моно жүжигтээ илүү дуртай. Өөр жүжигчинд найдахгүйгээр үзэгчидтэйгээ тулж харьцах нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Үзэгчийн анхаарал хаана сарниж байна түүнд анхаарч бүгдийг гартаа авч тоглоно гэсэн үг л дээ.


-Үзэгчтэй шүргэлцэхээр ойрхон зайд тоглохоор эвгүй биш үү?
-Эвгүй биш, маш гоё. Ийм ойрхон байгаа үзэгчдэд “хүчтэй” тоглолт хийх хэрэггүй. Үзэгчийн сэтгэлийн хөдөлгөөн нүднээс нь харагдах хэмжээний ойр зайд тоглох боломж моно жүжигт байдаг. Тиймээс жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаад энэ төрлийн сургалтыг оруулах хэрэгтэй юм болов уу гэж боддог.


-Та кинонд тоглож нэг их харагддаггүй. Яагаад кинонд тэр бүр тоглодоггүй юм бэ?
-Кинонд нэг их тоглоод байдаггүй. “Хөрш” гээд тв сериал, “Анирлагч” гээд нэг кинонд тоглож байсан юм байна. Найз нөхдөө дэмжих үүднээс тоглосон хэсгүүд өөр кинонууудад бий. “Анирлагч” кинонд байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл санаа шингэсэн аятайхан зохиолтой учраас тоглосон. Уг нь би “Ану хатан” жүжгээ хийчхээд “Ану хатан” кинонд тоглохоор зохиолчтойгоо хамтдаа санхүүжилтээ хөөцөлдөөд явж байсан юм. Тэгж байгаад дундаас нь миний “Ану хатан” болох төлөвлөгөө талаар болсон. (инээв) Түүнээс хойш кино гэж явсангүй. Би ч амбиц гэдэг юмны төлөө нэг их явдаггүй хүн шүү дээ. Олны танил болъё гэвэл амархан юм биш үү. Олон цацалттай рекламанд юм уу мөнгөний кинонд тоглочихвол олны танил болох л байх. Тэр миний зам биш л дээ.


-Энэ таны “жүжигчин байх” зарчим уу?
-Миний хувьд чанартай, цөөн буюу энэ ямар сайн бүтээл вэ гэж харагдах бүтээлд л тоглохыг хүсдэг. Үзэгчийг хүндлэх хэрэгтэй, мөнгөний ашгаас чанар чухал.


-Ямар үед өөрийгөө тоодог вэ?
-Тоглолтын үед, тоглолтын дараа гэрэлтэж байгаа үзэгчдийн нүднээс өөрийгөө хараад урамшдаг. Сая гэхэд л Гран при аваагүй ч гэсэн тайзнаас буухад тэнд байсан хамаг л хүн над дээр ирээд шавахад өөрийгөө үнэхээр тоож явлаа.


-Ажил мэргэжлийнхээ тухай их ярилаа. Тайзан дээрээ гараагүй, театраасаа гадуур юу хийж цагийг өнгөрөөдөг талаараа яриач?
-Нэгэн үе салхинд гарах, найзуудтайгаа уулзаж хол ойрыг ярих их дуртай байлаа. Одоо харин их сонин болж байгаа хүн дээ би. (инээв) Одоо зав гарвал ээж дээрээ гүйж очоод хоёулаа хавирга чанаж идээд сүүтэй цай оочилсон шиг гэр бүлийн хүрээнийхний “мэдээллийг” авдаг. Бусад цагт нь ганцаараа суугаад судалгаа хийх, ном унших, хэлний хичээлээ хийх зэрэгт л их дуртай болчхоод байна.

-Дөрөв таван жилийн өмнөхөн галтай цогтой, өөрийнхөөрөө ямар ч айдасгүй хайр сэтгэл, янаг амрагийн тухай ярьчихдаг байсан бүсгүй яагаад гэртээ бүгэх дуртай болчхов. Хайрлуулах хэрэгцээ гэж хүнд нэг юм байдаг даа?
-Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлынхан гээд хайрлуулж л явна шүү дээ. Эсрэг хүйстэй хүний тухай ярьж байгаа бол хайрлах хүн байгаа бол хайрлалцахад зүрх сэтгэлээ зориулахад бэлэн л байна. Хайрлалцъя л даа.... (инээв)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com