М.Содон-Эрдэнэ
Уртын дуучдынхаа дунд боржигон хэмээн дуудуулдаг Хэнмэдэхийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Хоолойн цараа, амьсгааны хуваарилалт, дуундаа зориулж буй сэтгэл нь түүнийг жинхэнэ уран бүтээлч гэдгийг нь илтгэдэг. Дуучин болгон бүтээлээ олны сэтгэлд хүргэхийн төлөө хөдөлмөрлөдөг ч түүн шиг судалгаа хийж, энэ бүгдээ олон хүнд хүргэхийн төлөө хичээнгүйлдэг нь цөөн. Уртын дуучин Х.Эрдэнэцэцэг 2012 онд Соёл урлагийн их сургуульд “Гийнгооноос уртын дуу” сэдвээр магистрын зэрэг хамгаалж “Гийнгоон түрлэгтэй Монгол” тоглолт хийж байсан бол өнгөрсөн онд энэ судалгаагаа ном болгон хэвлүүлж, нутаг нутгийн онцлог шингэсэн гийнгоог багтаасан тайлбарт цомог гаргажээ.
-Өмнө нь гийнгоог судалж, уртын дуутай холбон тайлбарласан судалгааны талаар сонсч байгаагүй учраас огт мартдаггүй. Та бүр судалгаагаа ном болгочихсон байна шүү дээ. Баяр хүргэе.
-Өөрийнхөө хүсэл тэмүүллээр л хэвлүүлчихлээ дээ. СУИС-даа номоо өгсөн. Хүмүүст бэлэглэж байна. Уртын дуу монгол ахуйгаас төрсөн.
Ялангуяа гийнгооноос улбаалан сайн уртын дуучид төрөхөд тодорхой нөлөөлөл үзүүлдэг. Үүнийг сургалтын болоод судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй л гэж санадаг. Дуулахын эх үндэс нь уриа дуудлага шүү дээ. Монголчууд маань морь, малаа хүүе, хаая гэж хашиж, хорьж дуугардаг даа. Эндээс эхлээд л ахуйн дуу чимээ, хоолойгоо сэрээх тэр эхлэл бий болж байгаа юм. Судалгааны ажлаа ном болгоод морь уях соёлын нэг хэсэг болсон гийнгоог архивлан үлдээхийг зорилоо. Одоо тоох хүн байхгүй ч 70-80 жилийн дараа энэ хүн их хэрэгтэй зүйл хийжээ гэх ч юм бил үү.
-Монгол ахуйгаас төрсөн уртын дуу маань биднээс алсран холдож ч мэдэхээр юм гэж үү?
-Уртын дуу дуулна гэдэг бол их ухаан юм аа. “Манай энэ хүүхэд ном сурахгүй юм байна. Дуулаад явна биз” гэсэн хандлага нь огтоос зохимжгүй. Уртын дууг ухаарч, ойлгож, тунгааж дуулдаг. Ингээд ярихаар би өөрийгөө ухаантай хүн гэж магтаж байгаа хэрэг биш юм шүү. Агуу Д.Норовбанзад, Ж.Дорждагва нарын уртын дуучид их ухаантай улс байжээ. Магадгүй тэд дуучин болоогүй ч энэ ухаан нь ямар ч салбарт амжилт гаргах эх үндэс болох байсан биз ээ.
-Нэгэн судлаач уртын дууг бясалгалтай зүйрлэж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бясалгалаас гадна спорт гэж хэлэх дуртай. Уртын дуу дуулахад маш олон техник ордог. Тэр их цохилт, нугалаа, шигшлэгийг хаана нь барьж, хаях вэ гэдэг нь тун ярвигтай бодлого. Бэлэн тавилттай дуурь шиг хоёр гишгэм барина гээд заачихдаггүй. Тэгэхээр оньсон тоглоом эвлүүлж байгаа юм шиг ухааныг нь олж дуулах учиртай. Насан туршдаа суралцана даа. Хоолой нь бүдэг болсон хөгшчүүл их гоё дуулаад байдаг. Энэ нь техниктэй нь холбоотой. Хувцас эсгэхтэй ижил техник хийц байдаг юм уу даа.
-Зарим хүн нас ахихаараа илүү гоё дуулаад байдаг шүү?
-Нас тогтох тусмаа зарим хүн байхгүй болно, зарим нь сайхан дуулна. Энэ бол тэр хүний ухаан. Ухаантай байх юм бол хаа хүртэл давхих вэ гэдгээ тооцоолж, өөрийнхөө хүчийг нөөцөлж чаддаг. Залуухан тасхийсэн хоолойтой хэрнээ, хаа дуртай газраа хашхираад явбал хүрэх газраа очихгүй. Уртын дуу нь үгээ сунжруулж уртаар дуулаад байгаадаа биш урт удаан хугацаанд дуулахын ур ухаан юм.
-Спорттой ижил гэж дээр хэлсэн болохоор байнгын бэлтгэлтэй хэрнээ бодлоготой дуулах ухаантай байх хэрэгтэй гэж ойлголоо?
-Монголын хөдөө нутаг, малын бэлчээрээс олон сайхан уртын дуучин төрсөн. Тэгэхээр малаа тойроод гарахдаа хайя, гүүг гэж хашхирч, хоолойгоо сэрээгээд байнга бэлтгэл хийдэг ахуйн соёл бидэнд байна. Өнөөгийн суурин амьдрал доторх нам дуугаар ярьдаг өнгөнөөс тийм тод хоолой төрөхгүй шүү дээ. Дуучид, хөгжимчид хэн нь ч ялгаагүй байнга бэлтгэл дасгалаа хийхгүй бол хоолой, гар хуруу нь хөшчихнө. Бэлтгэлээ дутааж бас хэтрүүлж болохгүй. Олон жил уяулсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг л уртын дуучин хүн дуулж чадахгүй болтлоо л өөрийгөө дасгалжуулж, “уяна” даа.
-Та хэзээ өөрийн гэсэн шавьтай болох вэ?
-Өөрийгөө нэлээн сайн боловсруулж “Одоо боллоо” гэж бодсон үедээ багшилна. Уртын дуугаа бүтэн сурахгүйгээр, арга техникээ олоогүй байж хүний хүүхдэд хамаагүй юм хэлэхээс айдаг. Буруу тавилттай эхэлбэл хоолойг нь ч гэмтээж мэднэ. Уртын дууны онцлог нь нэг хүнээс сурсан 10 хүн өөр өөрийн арга барилаар цааш дахин задарч байдаг. Хурууны хээ давтагддаггүй шиг л бүгд өөр. Өдийг хүртэл уртын дуучид ийм замаар бэлтгэгдэж явна. Монгол хүний жудаг байдаг болохоор эзэмшиж, дуулсан дуугаа хэн нэгэнд заавал өвлүүлдэг. Тэглээ гээд өөрийнхөө төрүүлсэн хүү, охиндоо мэргэжлээ өвлүүлнэ гэх боломжгүй. Тухайн хүний өгөгдлийг харах ёстой. Монгол хүн болсныхоо хувьд өөрөө зөв өвлөж, сурч, түмэндээ хүргээд, дараа нь түгээх үүргийг дараагийн үедээ уламжлуулах ёстой гэсэн ухамсар бидэнд бий.
-Таны уртын дуучин болох эх үндэс ч мөн энэ ахуйгаас бий болсон уу?
-Манайх сумын төвийн айл л даа. Гэхдээ зун болохоор хөдөө өвөө эмээгийндээ байнга очдог байсан. Тэнд жинхэнэ ахуй дундаасаа сонсох эх үндэс тавигдсан. Өвөө хотондоо малаа тойглож, сийглэнэ, хүүхдүүд гийнгоолно, найрын дуу хадна. Энэ бүхнийг сонсч байгаа хүн ахуйгаасаа суралцаж эхэлдэг. Дээр үеийн ахмадууд айхтар шүү дээ. Бидэнд малыг зүсэлж өгөөд нүдлүүлнэ. “Миний охины хонь жороо юм байна шүү дээ” гэж хэлээд аль хөл нь яаж тавигдаж байгааг харуулна. Биет бус өвийг биеэрээ дамжуулж, өвлүүлж байгаа ухаан. Одоогийн хүүхдүүд ийм зүйл мэдэхгүй шүү дээ.
-Та нэлээн хожуу дуулж эхэлсэн үү?
-Хожуу, хожуу. Өөрийнхөө хоолойг мэддэггүй байсан. Аав минь охиноо сонсголтой, адтай гээд хөгжим тоглуулах гээд ёочин, шанз, төгөлдөр хуур хүртэл авч өгдөг байсан. “ЗИЛ-130” машины тэвшин дээр ачаад том хар төгөлдөр хуур аваад ирж байгаа юм. Багаасаа л хөгжим тоглож, урлагийн боловсролтой болсон. Дараа нь Цэцэрлэгийн багшийн сургууль төгссөн болохоор баянхуур тоглож сурсан.
-Тэгээд яг хэзээ дуучин болох гэж зорьсон бэ?
-Цаанаасаа татагдаад байдаг юм билээ. Хөдөө өвөө, эмээтэйгээ байхдаа Монголын радиогоор уртын дуу сонсдог байлаа. Радио их шидтэй л дээ. Сонсонгоо нүдээ аниад төсөөлнө, сэтгэлдээ дүрсэлнэ. Дуулж сурахаасаа өмнө л Ө.Базарбат ах, Ш.Чимэдцэеэ эгч, Ч.Шархүүхэн гуайгаа ялгаж сонсдог болчихсон байсан. Сонсох мэдрэмж, харахаас илүү тархинд ойр болов уу. н.Чимээ эгчийн “Жаахан шарга”-ыг сонсоод төсөөлнө. Дуртай болоод ч тэр үү, уртын дууг сонсох тусам “үгүй мөн сайхан юм” гэж бодогдоод ерөөсөө ч уйддаггүй. Тухайн үед уртын дуу радиогоор их явдаг байжээ. Одоо бол зохиолын дуундаа дарагдаж.
-СУИС-д сурахаасаа өмнө ҮДБЭЧ-ын дуучин болсон гэсэн?
-Тийм ээ. Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа хуучнаар бол Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошууныхны найрын дэг, дууг харж, ганц хоёрыг сурсан. Энэ нутаг боржигон дуутай. Эртнээс нааш боржигон дууг хааны ордны дуу гэж үздэг. Найрын дэг нь тун хатуу. Энэ нутагт айраг уудаггүй, дуу дуулдаггүй хүн хэцүүднэ. Ийм түүхтэй нутагт очсон минь надад байсан жаахан авьяасыг түлхэж, гаргахад нөлөөлсөн болов уу. Боржигон дуу ганган хийцтэй. Дарьганга хийцийн эмээл, хазаар, зүүсгэл гэдэг шиг боржигон хийц алдартай. Би өөрийгөө боржигон дуучин гэж хэлдэггүй. Жинхэнэ боржигон дуучны дэргэд тэгж хэлбэл алдас болно. Гэхдээ уран бүтээлч нөхөд минь ялгах гэсэндээ ч юм уу боржигоны Эрдэнэцэцэг гэх нь бий. Дуучин хүнд уран бүтээлээрээ овоглох сайхан байдаг шиг энэ нэрэндээ дургүй биш ээ. Энэ нутгаас ганзагалж ирсэн 2-3 дуу минь намайг ийн дуудуулахад нөлөөлсөн болов уу. Анх чуулгад ороход ийм өөр хийцтэй дуу нөлөөлсөн байх л даа.
-Тухайн үед заавал мэргэжлийн сургууль төгссөн байх гэсэн шалгуур байгаагүй юм байна, тийм үү?
-Бараг тийм, тэр үе надаар дууссан байх. Одоо бүгд л мэргэжлийн дуучид. Дуулаачийн ур чадварыг шалгаж авдаг үеийн шувтаргад нь багтсан, би азтай хүн.
-Хотод ирээд шууд л очиж шалгуулсан уу?
-Бас л санаандгүй юм болсон. Үндэсний урлагийн их театр гэдэг чинь миний төсөөлж, мөрөөдөж ч чадахгүй тэр дээрх оргил юм шүү дээ. Чуулгад ангийн минь найз дагалдан хийдэг байсан болохоор санамсаргүй нэг яваад очлоо. Нас ахисан хойноо дуулж байгаа болохоор надад ийм боломж байгаа гэж төсөөлөөгүй л дээ. Юм авах гэж очоод өрөөгөөр нь шагайтал манай найз дуудаад оруулчихсан. Ээ бурхан минь, тэнд сууж байсан Д.Түвшинжаргал ах, А.Нэргүй эгч гээд тэр хүмүүс аварга том харагдаж байлаа даа. Биеэр бол тийм ч том хүмүүс биш шүү дээ. Надад л тэгж санагдсан хэрэг. Тухайн үед хормейстр багшаар Д.Өлзий-Орших ахын дүү Д.Буян-Орших багш байсан. Манайх дундговийнх. Манай найз нүүрэмгий л дээ. “Буяа багш аа танай нутгийн охин шүү дээ” гээд л...
Тухайн үед Б.Сийлэгмаа эгч Америк явчихсан, бригад руу явах бүрэлдэхүүнд нэг дуучин дутчихаад байсан юм билээ. Намайг шалгах гэхэд нь би нэг том дуу эхлүүлээд дундаас нь айгаад дуусгаж чадаагүй. Мэргэжлийн хүмүүс болохоор дутуу дуулсан ч анзаарчихсан л юм билээ.
Тэндээс гарч явахдаа “Яах гэж ч ингэж явна даа, юундаа ч найдаж дуучин болох гэсэн юм” гээд гутарсан байдалтай л байлаа. Тэгсэн араас эргэж дуудаад “Зүүн бригад руу чамайг авч явахаар болсон шүү. Сайн байвал чуулгад авах эсэх асуудал яригдана” гэдэг байгаа. Зүүний үзүүр дээр арвай будаа тогтож, хүний амь бий болдогтой л ижил ховор тохиол шүү дээ, энэ чинь. Ингээд зүүн аймгаар уртын болон ардын дуу дуулаад явлаа. Би тэр хүртэл тайзан дээр гарч үзээгүй хүн шүү дээ. Хувцасны эрхлэгч надад Г.Түмэндэмбэрэл гуайн өмсч байсан булган нударгатай, нил ягаан өнгөтэй дээлийг өмсүүлж байлаа. Одоо энэ дээл музейд нь байдаг. Найран дундаас л гараад ирсэн хэдэн уралдаанд л орж байсан хүн 30 хоног мэргэжлийн чуулгынхантай явлаа. Аялал дуусахад Д.Буян-Орших багш “За одоо сэтгэгдлээ хэл” гэлээ. Хөдөөнийхөөрөө, өөрийнхөө бодсоноо чөлөөтэй хэлж чаддаггүй хүн байсан болохоор юм хэлсэнгүй. Тэгсэн багш “Би бол чамайг тэнцэхгүй” гэж бодож байна гэдэг байгаа. Палхийгээд л явчихсан. Одоо бодох нь ээ, Буяа багш тэгж намайг сорьсон юм билээ.
Эргэж ирээд дагалдан дуучин болсон доо. Гэхдээ би 2-3 жил ажиллаад ч нэг л сайн болж өгөхгүй байсан. Тайзыг эзэмшинэ гэдэг амар юм биш. Ангидаа ганцаараа сайхан дуулж байгаад тайзан дээр гарахдаа 50 хувийн ч гүйцэтгэл үзүүлж чаддаггүй. Ингэж яваад аттестачлалаар хамгийн муу оноо авч, халагдлаа. Ахиад л “Яах гэж ч ингэж явна даа. Мөрөөрөө дуу хөгжмийн багшаа хийгээд явахгүй дээ” л гэж бодсон. Хэнмэдэхийн охин Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин болсон гээд хонхроор нэг ярьчихсан байгаа, гэтэл энд би халагдаж л байдаг. Яана даа л гэж бодсон. Тэр чинь Хэнмэдэхийн охинд тэнд, энд багшилдаг гэдгээс огт өөр зүйл шүү дээ. Ингээд байж байтал Ж.Дорждагвын нэрэмжит олон улсын уралдаан зарлагдлаа. Д.Буян-Орших ах “Чи энэ уралдаанд сайн оролц” гэлээ дээ.
Сайн дуулсан юм болов уу, алтан медаль авч, эргээд ажилдаа орсон доо. Олон улсын уралдаан байсан. Үеийн дуучдаасаа яг 10 жилээр хоцорч явсан. Тэд маань аравдугаар ангиа төгсөөд СУИС-д сурсан бол би 2005 онд ажлынхаа чөлөөгөөр эчнээгээр төгссөн. Богино хугацаанд тэднийгээ гүйцэж, сайн дуулахыг л зорьсон.
-Чуулгын бас “Алтан ураг” хамтлагийн дуучин гэдгээр нь мэддэг болсон шүү, таныг?
-Энэ хугацаанд “Алтан ураг” хамтлагтаа дууллаа. Боржигон хийцтэй, арай өөр чигийн дуучин гэж л намайг сонгосон хэрэг. Бас Ц.Энхманлай ахынхаа “Ажнай хуур” хамтлагтай дуулж 2006 оноос хойш Японд очиж 7-8 удаагийн тоглолтод оролцсон.
-Энэ хамтлагийнхантайгаа гарсан хамгийн том тайз гэвэл...
-Холливудын хоёр ч киноны дуу бичлэгт орсон нь сайхан дурсамж юм даа. Сергей Бодровын “Монгол” киноны хөгжмийг бичүүлэхээр хамтлагийнхантай очсон. Гэхдээ тайзан дээр дуулдаг шиг гурван минутын бичлэг тэр чигтээ орчихгүй л дээ. Зэрвэсхэн л орсон. Харин “Марк Поло”-д бол миний “Хэрлэнгийн барьяа” бүтэн бадаг дуугардаг.
-Гуч хүрээд дуулж эхэлсэн гэхээр хувийн амьдралаа мартаж байж л үеийнхнээ гүйцсэн үү?
-Нөхөр бид хоёр ганц охинтой. Одоо бодох нь ээ, уртын дуучин болох гэж хувийн амьдралаа золиосолсон л санагддаг. Дөнгөж дуулах гээд, учраа олох гэж байсан болохоор ахиж хүүхэд төрүүлээгүй. Харин охин минь эртээ ийм сахилгагүй нөхөр төрүүлж, би зээтэй болчихсон явна. Охин минь “Урлах эрдэм” дээд сургууль төгссөн, одоо “Ялгуун” брэндийн зураачаар ажилладаг.
-Хань нь?
-Миний амьдралын түүх бас адармаатай. Хань минь 2011 онд айхтар осолд орсон. Нэг жил эндээ 2-3 хагалгаанд орж, суумгай болсон. Миний хадмууд их сайн хүмүүс бий. “Охин минь ажлаа хий, бид болгоно” гээд л тэр нэг жилийн хугацаанд эгч нар нь ээлжилж, манай хүнийг асарч, намайг нэг ч удаа ажил таслуулаагүй. Говийн хүмүүс ийм сайхан уужуу. Би ханийгаа нас барчихна гэж ердөө ч бодоогүй. Жилийн дараа хадам ээж минь хил дээр аваачиж, эмчилгээ хийлгэх гээд аваад явсан. Намайг бас л ажлаа хий гээд л. Би магистрын судалгаагаа хамгаалах гээд өдрөө товлочихсон байж байтал нөхрийг минь муу байна гээд, “Чи ирж амжихгүй бололтой, наанаа хүмүүст зар түгээчихсэн юм чинь хамгаалчхаад ир” гэсэн. Эхлээд нас барсанд нь итгэж өгөхгүй, нэг л худлаа юм шиг санагдаад байлаа.
Тухайн үед “Алтан ураг” хамтлагтайгаа “Их Монгол”-д дуулдаг байсан. Орой тоглолтон дээрээ “...Хар хээрээ унаад аа, Хайртай хүү минь наддаа хацраа үнсүүлэлгүй явлаа...” гээд дуулсан чинь асгарчихсан. Уулаа багш минь “Өнөөдөр л уйлчих, маргааш уйлахгүй шүү. Бүх юмаа орхиод тайзан дээр гарна шүү” гэсэн. Урлаг ийм хатуу уйлахаа хүртэл хүнээр заалгадаг. Маргааш нь надад дуулах амаргүй байсан ч тайзан дээр гарсан. Бид чинь судалгааны ажлынхаа 60 хувьд нь дуулж хамгаалдаг. Багш нар, манай дуучид бүгд мэдчихсэн, намайг харж чадахгүй байсан гэсэн. Дууны үг нь амраг хайрын тухай ихэвчлэн байдаг, үг бүр нь сэтгэл зүсч гарч байгаа юм. “Ингээд 100 хувь хамгааллаа” гэж хэлээд дуусангуут нь л аавыгаа дагуулаад шөнөжин давхисаар очиж, ханийгаа өвөг дээдсийнх нь нутагт хөдөөлүүлсэн.
-Ханийн халамж, дэмжлэг гэдэг нөмөртэй дээ...
-Талийгаач минь их мэдрэмжтэй. Намайг ийм хоолойтой, дуулж чадна гэдгийг анх нээсэн хүн. Манай хүн хөгжимдөөд би “Гоолингоо” их дуулдаг байсан. Ж.Наранцацралт дарга агсан Дундговьд очихдоо миний “Гоолингоо”-г сонсчихоод намайг “Гоолингоо”-ны Эрдэнэцэцэг гээд нэрлэчихсэн... Талийгаачийгаа өнгөрснөөс хойш “Гоолингоо” дуулаад дэмий ч юм уу гэж боддог болсон.
Ярилцлагынхаа төгсгөлд хүний амьдралын эмзэг сэдвийг хөндчихсөн болохоор жаахан хэцүү санагдаад байлаа. Харин Х.Эрдэнэцэцэг эгч шинэ уран бүтээлээ сонсгож, энэ байдлыг мартуулсан даа. Уртын дуучин хүн болохоороо уран бүтээлээ мэргэжлийн үндэсний найрал хөгжимтэй бичүүлэхийг тэр илүүд үзсэн байна лээ. Өртөг өндөртэй бүтэх ч үлдэцтэй юм даа. “Хөх торгон дээл”, “Усны тунгалаг тамирын гол”, “Бэрийн өглөө”, “Уяхан замбуу тивийн наран” гээд түүний хоолойгоороо урласан дуунуудыг мастеринг хийхээс нь өмнө сонсч, хоолойных нь урыг дахин бишрээд буцсан даа. Өвгөн багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэнтэйгээ “Өвгөн шувуу”-гийн түрлэгийг дүүргэж байгааг нь дуулаад бүр ч бахархсан. Бараг хоёр цаг үргэлжлэх 40 түрлэг шүү дээ. Ухаан зарж дуулсан дуунууд нь үе дамжин түгэг ээ.