Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
САРЫН ДОТОР БҮТЭЭГДЭЖ, ЗУУН ДАМЖСАН БҮТЭЭЛ

М.Содон-Эрдэнэ

 Бүтээл төрөх агшин хормын төдийд байж болох ч мөнхрөх хугацааг таахын аргагүй. “Учиртай гурван толгой” дуурийн түүх ч ижил. Төрийн шагналт зохиолч Донровын Намдаг нэгэн дурсамждаа “Учиртай гурван толгой” дуурийн зохиол хэрхэн бий болж, үзэгчдэд хүрсэн тухай тэмдэглэсэн нь бий. Түүнд бичсэнээр бол тун завгүй ажилтай байсан их зохиолч Д.Нацагдоржийг гуйж энэ зохиолыг бичүүлсэн байдаг. Тэгэхдээ театрт жүжгийн зохиол ус, агаар мэт хэрэгтэйг илүү ухаарч, Д.Нацагдорж найзыгаа шавдуулан, яаруулан гүйсээр жүжгээ нэг сарын дотор бэлэн болгож үндэсний сонгодог дуурийн эхлэлийг тавьжээ. Жүжгийнхээ дууг ардын дуунаас сонгож, зохиолоо Юндэн гөөгөө хэмээх сайхан залуугийн хайр дурлалын түүхээс сэдэвлэн бичсэн байна. Тэгэхдээ энэ жүжгийн үйл явдал хөдөө талын гурван толгойн дунд өрнөдөг учраас нэрийг нь ийн сонгожээ. Харин гол дүрүүд болох Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балганы хоорондох хайр дурлалын ээдрээт үйл явдал жүжгийн дөрвөн бүлэгт багтдаг. Өдгөө энэ дуурь гурван бүлэг, таван үзэгдэлтэй болжээ. Анхны Юндэнд Ц.Цэгмэд, Нансалмаад Т.Хандсүрэн, Балганд Жадамба, Хоролмаад Дэвээ тоглосон хэмээн тэмдэглэсэн байна. Энэ бол дуулалт жүжгийг найруулсан Д.Намдаг гуайн ч анхны бүтээл төдийгүй өдгөө бидний “Алтан үеийнхэн” хэмээн нэрийдэх болсон жүжигчдийг ч хүмүүс таньж амжаагүй байсан үе юм.

 Харин одоо бол үндэсний сонгодог “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд болон дагуул, уртын дууч, бүүвэйчид тоглосон хүмүүс түүгээрээ бахархан уран бүтээлийнхээ нэрийн хуудас болгодог болжээ. Дэлхийн сонгодог театрыг улсдаа байгуулсан 1950 онд энэ дуурийн 1000 дахь тоглолт болж байсан гэдэг. Харин энэ онд Дуурь бүжгийн эрдмийн театр 70 “нас” хүрч буй учраас тус театрынхан “Учиртай гурван толгой” дууриа хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэх хөтөлбөр эхлүүлэхийн зэрэгцээ ирэх намар театртаа шинэ өнгө аястайгаар тоглуулахаар төлөвлөжээ.
“Учиртай гурван толгой” дуурь бүтсэн цагаасаа хойш таван удаа шинэчлэгдэж, өнөөгийн төрхөө олсон. Дуурь болоход нь хөгжмийг нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн болон сургагч багш Б.Смирнов нар бичиж, цомнолыг нь Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн шинэчлэн засварлажээ. Харин 1997 онд тав дахь шинэчлэлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган хийж, тайзны зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллажээ.
Энэ гайхамшигт бүтээлийг олон талаас нь задлан шинжилж, бүрэн нягталсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа ч эрдэмтэд хэсэгчлэн судлан, шинжилсэн тойм цөөнгүй бий. Гэхдээ эдгээр судалгааг сонирхон уншихад бүрэн нэг мөр болоогүй, ташаа ойлголт болон эдрээтэй зүйлс цөөн боловч байгаа нь цаашдаа илүү боловсронгуй судалгаа шаардлагатайг илтгэнэ.

Алтан үеийнхний өлгий

 1924 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит клуб гэж анх байгуулагдаж уран сайхны бүлгэмийн авьяастнууд ардын театрчилсан хэлбэрийг ашиглан зохиосон “Өнчин хүү”, “Түлээчин хүү”, “Баян Доной” зэрэг ардын дууны аяар дуулдаг жүжгүүд тоглож байсан гэдэг. Бөмбөгөр ногоон театр 1926 онд баригдаж, энд Д.Сүхбаатарын нэрэмжит клубийг нэгтгэн, улмаар эл Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мэргэжлийн жүжигчид бэлтгэх уран сайхны түр сургууль байгуулсан нь эдүгээгийн Монголын урлагийн бүх л байгууллагын эх суурь болжээ. Энд Ц.Гомбожав, Ё.Шаравдоо, Ши.Аюуш, Д.Намдаг зэрэг урлагийн авьяастнууд идэвхтэй оролцсоныг түүхэн баримтаас олж үзэж болно. Уг түр сургууль төгсөгчдийг үндсэн боловсон хүчин болгож, Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улсын Төв Театр болгон зохион байгуулсан түүхтэй. С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийсэн тус театр Ё.Шаравдоогийн “Мопр”, Ч.Раднаабазарын “Энэ ямар ёс вэ?”, Ши.Аюушийн “Хэлбэрэл нугалаа” зэрэг жүжиг тавьж үзэгч олны талархлыг хүлээж байв. Түүнчлэн Улсын төв театр 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгээр олон улсын театрын олимпиадад оролцож хоёрдугаар байр эзэлсэн байдаг. Тэгвэл энэ үеэс өдийг хүртэл тасралтгүй тоглож буй зуун дамжсан бүтээл нь “Учиртай гурван толгой” юм.

 1934 онд Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг тайзнаа тавьсан нь ихээхэн амжилт олсон төдийгүй театрын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэж, хөгжимт драмын хэлбэрийг дамжин үндэсний анхны дуурь болтлоо хөгжсөн сор бүтээл болсон билээ. Улмаар төв театрыг 1943 онд Хөгжимт драматик театр болгосон нь ч хөгжим, дуу, бүжиг бүхий бүтээл түлхүү тоглогдон, хөгжих боломж бүрдсэн юм. Д.Ичинхорлоо, Х.Пэрлээ, Д.Чимэд-Осор, Е.Гомбодорж, Г.Гомбосүрэн, Ч.Долгорсүрэн, Ө.Рэнцэнноров гээд алтан үеийн алдарт жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун, Д.Намдаг, Б.Бааст гээд нэр нь түгсэн алдартнууд нэгэн өлгийд бүрэлдсэн нь энэ буюу.

 Монголд орчин үеийн мэргэжлийн театр байгуулагдсан цагаас хойш театрын гал голомтоос урлагийн олон байгууллага салбарлан үүссэн бөгөөд 1935 онд Монгол кино үйлдвэр, 1941 онд Улсын цирк, 1945 онд Эстрад концертын товчоо, 1948 онд Хүүхэлдэйн театр, 1950 онд Хүүхэд залуучуудын театр, 1963 онд Дуурь бүжгийн театр (гэхдээ өдгөөгийн ДБЭТ-ын барилга 1950 онд баригдаж, нээлтээ хийсэн түүхтэй. Тухайн үед хоёр театр хараахан салаагүй байв) болон аймаг орон нутагт хөгжимт драмын театрууд шил дараалан мэндэлсэн түүхтэй.

Зөрчлийн дээд өгүүлэмж, цаг үеийн мөнхийн сэдэв

 “Учиртай гурван толгой” дуурийн үйл явдал бодит амьдралын өнгө аясыг тэр чигт нь үзүүлэхийн зэрэгцээ, цаг үеийн мөнхийн сэдэв болсон хайр дурлал, түүнийг тойрсон зөрчил, нийгмийн давхаргын ялгааг харуулснаараа онцгой. Хуучрахгүйгээр, үзэгчдийг уйдаахгүйгээр зуун дамжин тоглож буй түүх нь ч үүнтэй холбоотой болов уу. Бүтээлийн зөрчил гэдэг нь хашгирч гуугалсан хүмүүсийн бужигнаан, сандраан биш, сэтгэл санааны гүнд орших хямрал, маргаан үзэл бодлын том зөрөлдөөн зэрэгт нарийнаар илэрдгийг үзэгч, уншигчид минь мэдэх биз ээ.
Их зохиолч Д.Нацагдорж нь жүжгийн зөрчлийг маш нарийн ухаалаг хөтлөн явуулж эцсийн дүнд юу болох нь урьдаас мэдэгдэхгүй, үзэгчдийг “Одоо юу болдог бол” гэж бодуулан сонирхуулсаар байгаад төгсдөг нь үнэхээр бахдалтай. “Учиртай гурван толгой”-г хэдий богино хугацаанд туурвисан ч хамгийн сүүлийн бүлгийг илүү нарийн нандин урласныг анхны найруулагч Д.Намдаг дурдатгалдаа бичсэн нь бий.

Алга ташилт

 Энэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байх үед Монголын театрын урлаг нялх, үзэгчдийн соёл ч анхан шатны түвшинд хараахан хүрээгүй байлаа. Сэтгэлийн илэрхийллээ нээлттэй гаргаж, инээх, уурлах, дагаж дуулах нь элбэг байсан ч жүжгийн дараа алга таших соёл бий болоогүй л байсан юм. Д.Намдаг гуай “...Жүжиг гарахын өмнөхөн үзэгчдийн суудал руу сэм харахад аль гоё сайхнаа өмссөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс пиг дүүрэн. Гэтэл хамгийн урд нүүрний гол суудал дээр дээд уруул ба эрүүндээ өтгөн хар сахалтай, европ маягаар хувцасласан гучин тав зургаа орчим насны хүн намуухан дөлгөөн цагаан царайтай бөгөөд мөн ёслол хүндэтгэлийн байдлаар хувцасласан авгайтайгаа сууж байгаа нь над олноос онцгой харагдав. Энэ хүн Гэгээрүүлэх яамны зөвлөх Ишдорж гэгч бөгөөд намайг дунд сургуульд анх ороход Ишдорж хичээл заадаг захирал багш байлаа. Би ер нь тэр цагаас эхлэн Ишдоржоос ухаангүй айдаг болсон юм. Германд очиж суралцахад минь мөн захирлаар очин айлгасаар л байлаа. Би тэндээс эргэж ирсэн хойноо хэдийгээр бие даан ажиллах болсон боловч мөн л айна. Энэ багш ажилд хичээнгүй, үзэн судлах, хийж бүтээхэд биеэ бүрэн дайчилдаг сүрхий хүн. Тэгээд сурагч нэг бүрийг өөр шигээ болгох гэсэн сэтгэлээр бид бүхнийг хатуу барьдаг байсан юм...” хэмээн дурссанаас үзвэл “Учиртай гурван толгой”-г тухайн үед үзэгчид багагүй хүлээн, их л гоёж ирсэн нь илэрхий. Түүнчлэн жүжгийн төгсгөлд үзэгчид алга ташиж, талархал илэрхийлсэн ч тун онцгой байсныг тэрбээр тэмдэглэжээ.

Зохиолч нь урилгагүй

 Их зохиолч Д.Нацагдоржийг шавдуулан байж, бүлэг бүлгээр нь зохиолоо авч, сургуулилсаар давчуу хугацаанд бэлэн болсон эл уран бүтээлийн ажил цөөн хүний нуруун дээр байсан учраас тун завгүй байсан гэлтэй. Найруулагч нь зохиолчдоо урилга ч өгч амжилгүй, нээлтээ хийсэн байдаг. Жүжгийн дараа тайзны ард Д.Нацагдорж намайг ширтэн инээмсэглэн зогсов. Би нумласан биеэ тэнийлгэн хариу инээмсэглэв. Сэтгэлд минь зохиолыг нь бүрэн гаргуулж авахтайгаа зэрэг одоо чиний хэрэг байхгүй гэсэн шиг болсон явдал маань бодогдов. Тэгээд үүнээ цагаатгая гэтэл хэлэх үг үл одох тул би зүгээр санаандгүй байдал үзүүлье гэж бодогдов.
-Үгүй чи чинь тун их ядарсан шинжтэй байх нь юу вэ? гэхэд нь:
-“Ээ тийн” гэх мөртөө
-Үгүй чи яаж орж ирэв? гэж асууж орхиод эцэст нь энэ асуулт маань яасан ч эвгүй асуулт болж орхив гэж хойноос нь зовоход хүрэв.
-Яах вэ, билет аваад гэж хариулсан нь над мөн эвгүй сонсогдов. Дараа нь Нацагдорж “Би жүжиг дуусмагц нааш явж байтал Ишдорж замд дайралдаад … гэхэд нь миний сэтгэл зарсхийх шиг болж:
-За тэгээд Ишдорж багш юу гэж байна вэ? гэж яаран асуулаа” хэмээн Д.Намдаг гуай дурсан бичжээ. Сэтгэл нийлсэн найзуудын их ажлын дараах уулзалт, биенээ дотночилсон өнгө аяс, басхүү гэмшлийн дараах “нүүр хагарал” гээд энүүхэн яриан дундаас буух дүрслэл тун олон. Найруулагчийн айдсыг төрүүлсэн багшийнх нь баяр хүргэсэн үгийг дамжуулснаар Д.Нацагдорж, Д.Намдаг нарын яриа энгийн рүү шилжин, хамаг учраа хэлэлцэх боломж тохиосон байдаг. Ийнхүү түүхт бүтээлийн зохиолч нь найруулагчдаа түвэг удахгүй гэсэндээ өөрөө тасалбар худалдан авч жүжгээ үзсэнийг баримтаар нуршин өгүүллээ. Тухайн цаг үеийн хүмүүсийн энгүй уужуу ухаан, найзуудын нэгнээ ойлгосон нөхөрлөл эндээс харагдаж байлаа.
Зуун дамжин эгшиглэсээр буй “Учиртай гурван толгой” дуурийн эхлэл нь энэ буюу. Тухайн цаг үеэс хойш шинэчлэн сайжирсаар үндсэн агуулгаа алдахгүй түгэн дэлгэрч байгаа энэ бүтээлд гар хүрсэн хэн боловч, сэтгэл зүрхнээсээ хандаж, тоглож байгаа уран бүтээлчид нь ч өөрийнхөө дүрийн охь болгохыг зорьдог учраас илүү алдартай, илүү нандин дурсамжтай болдог биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com