Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч О.Ганцоож гурван жилийн өмнө БНСУ-ын “Юниверсал балет” компанийн урилгаар ажиллахаар явсан билээ. Монголынхоо тайзан дээр дэлхийн болон үндэсний сонгодгуудын бүх л гол дүрийг бүтээгээд амжсан түүний хувьд Солонгост ч бас өөрийгөө илэрхийлэх нь сонирхолтой байгаа биз ээ. Түүний гэргий нь бас балетын жүжигчин М.Мөнхтуяа. Тэд нэг ангийнхан. ХБК (хуучнаар) төгсөөд арван жил ДБЭТ-т ажиллачхаад БНСУ-г зорьсон. Тэдэнтэй цахимаар холбогдож, ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-О.Ганцоожийн хувьд “Юниверсал балет”-даа ажиллаад нэлээн удлаа. Монголдоо арав гаруй жил ажиллахдаа олон балетыг гоцолсон шүү дээ. “Юниверсал”-даа ямар ямар балетад тоглож байна вэ?
-“Юниверсал балет” компанид ажиллаад гурван жил болж байна. Энэ театрынхаа сонгодог болон модерн, солонгосын үндэсний балетын гол дүрүүдэд тоглож байгаа. П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Цөмөөхэй”, Л.Минкус “Дон Кихот”, А.Аданы “Жизель”, Жон Кранкогийн дэглэсэн “Онегин”, бас “Чуняны хайр”, “Шим Чун” зэрэг бүтээлийг нэрлэж болох юм.
- М.Мөнхтуяа маань бас нөхөртэйгээ хамт ажиллаж байгаа. Солонгосын театрын онцлогийн талаар бидэнд ярьж өгч болох уу?
-Манай “Юниверсал балет” компанид олон орноос ирсэн 70 гаруй бүжигчин ажилладаг. Мөн гадаад, дотоодын найруулагч, багш нартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн жил бүр дэлхийгээр аялан тоглох хөтөлбөртэй. Олон улсын гэж онцолж болмоор санагдаж байна. Учир нь Солонгосоос гадна Япон, Хятад, Америк, Бразил, Англи болон Монголоос ирсэн бүжигчид нэг тайзнаа хамтран ажиллаж байна шүү дээ.
-Гэр бүлээрээ Солонгост амьдарч байгаа юу?
-Тийм ээ.
-Орчин нөхцөл нь таатай байна уу. Хүүхдүүдэд нь таалагдаж байгаа юу?
-Амьдрах орчин, сургууль, эмнэлэг гээд бүгдээрээ л их таалагдаж байна. Манай хоёр хүүхэд ирээд жил ч болоогүй байгаа. Хүүхдүүд хурдан дасан зохицож, хэл сурч байна. Хүү цэцэрлэгт явдаг. Охин гуравдугаар сараас эхлэн Солонгос сургуульд сурахаар болсон.
-Солонгос хэл сурсан уу?
-Олон орны уран бүтээлчид хамтран ажилладаг болохоор англи хэл нэлээн сайжирч байгаа. Солонгос хэлийг ч бас сурах гэж хичээж байгаа.
-Ойрын үед Монголдоо ирж бүжиглэх бодол байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Маш их хүсч байна. Энэ жил тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусийн улмаас хорио цээрийн дэглэм тогтож, хэзээ хийх нь тодорхойгүй болчихлоо. Дөрөвдүгээр сард хийнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ удахгүй монголынхоо үзэгчидтэйгээ уулзах болно оо.
-Бүжигчин найзууд нь Солонгост очихоороо танайхаар зочилдог уу?
-Найз нарыгаа үнэхээр их санадаг шүү. Саяхан буюу өнгөрсөн оны сүүлчээр Монголын балетын жүжигчид Солонгост ирж “Жизель” балетаа тоглоод явсан. Үнэхээр сайхан байсан. Удаан уулзаагүй ажлынхан болон найзуудтайгаа хэдхэн хоног ч гэсэн хамт байлаа. Тэд маань завгүй ч Солонгост ирвэл мэдээж манайх руу ирнэ. Бид ч гэсэн баярлан хүлээнэ шүү дээ.
-М.Мөнхтуяа балетын сургуулиа ажиллуулж байгаа юу. Монгол хүүхдүүд явдаг уу, солонгосчууд сурдаг уу. Зөвхөн хүүхдүүдэд зааж байна уу?
-Би ажлынхаа хажуугаар балетын сургалт явуулж энд амьдардаг монгол хүүхдүүдэд сонгодог урлагаа сурталчилж байгаа. Цаашдаа боломжтой бол нэг ч гэсэн мэргэжлийн бүжигчин төрүүлэхийг хүсч байна. Манай сургалтын төв хүүхэд болон насанд хүрэгчдийн ангитай. Монголд байхдаа балет йог хосолсон хичээл заадаг байсан. Энд ирснээсээ хойш олон сургалтад хамрагдаж, хөтөлбөрөө илүү чанаржуулаад анхан шатны балет йог хосолсон анги нээгээд хичээллүүлж байна.
-Солонгост монголчууд олон. Нутаг нэгтнүүдтэйгээ хэр ойр дотно, холбоотой байдаг вэ?
-Манай найз нараас ч гэсэн энд амьдардаг хүн цөөнгүй бий. Бас энэ улсад ажиллаж амьдардаг монголчууд ч олуулаа. Түүнчлэн балетын компанид ажилладаг дөрвөн залуу бий. Хүүхдүүдэд хичээл заадаг болохоор тэднээр дамжуулан монголчуудтайгаа их сайн холбоо харилцаатай байгаа.
-Эх орноосоо хол байхаар сэтгэлзүй ямар байдаг вэ?
-Эхний жил маш хэцүү байсан. Хүүхдүүдээсээ хол, шинэ ажил, амьдрал эхлүүлж байгаа болохоор амаргүй байлаа. Орчин, соёл ондоо, ажлын арга барил өөр болохоор бүх зүйл шинэ, сонин санагдсан. Бас их ч зүйл сурлаа.
- Монголчууддаа бий болгомоор, эсвэл монголдоо хэрэгжүүлмээр санагддаг сайхан зүйлсийг Солонгост олонтоо хардаг байх. Хэдэн жишээ хэлж өгч болох уу?
-Маш их юм бий. Тэр дундаа эмнэлэг болон боловсролын систем нь их таалагдлаа. Хүүхдийг төрсөн цагаас нь номтой нөхөрлүүлж байна. Бидний мэргэжлийнхний хувьд өөрийн гэсэн балетын холбоотой. Энэ холбоогоороо дамжуулан жижиг, том гэлтгүй бүх балетын компаниуд нь нэгдэж, ирээдүй зорилго, алсын хараагаа гаргадаг юм байна. Энэ жил өмнөхөөсөө олон хүүхэд балетын жүжигчин болж төгслөө. Тэдэнд бүгдэд нь ажлын байр бий болгож, компаниуд олон шинэ бүжигчинтэй боллоо. Хүүхдүүдийг багаас нь сонгодог урлагаар хүмүүжүүлж, энэ салбараа үнэхээр сайн дэмждэг.
Балетын компаниуд нь зөвхөн театртаа биш сургууль, цэргийн анги, засан хүмүүжүүлэх болон асрамжийн газруудад очиж тоглолт хийдэг. Энэ бүхнийг нь улсаас дэмжин, санхүүжүүлдэг юм билээ.
-Та хоёрын тоглолтод монгол үзэгчид хэр их зочилдог вэ?
-Одоо монголчууд минь их үздэг болсон. Монгол залуу гол дүрд тоглож байгаа гэсэн зар сонсоод ирдэг болсон шүү. Эх орныхоо нэрийг гаргаж, өөрийн гэсэн бахархал бий болгон, монгол бүжигчнээ үзэх сайхан байдаг гэж сэтгэгдлээ илэрхийлдэг. Зорин зорин ирнэ ээ, монголчууд минь.
-Танай компанийн хөтөлбөрийг харахад гадаад аялан тоглолт багагүй хийдэг юм байна. Өнгөрсөн жил та хоёрын Парист аялсан зургийг бас харж байлаа. “Юниверсал балет”-д ажилладаг болсноосоо хойш ямар ямар улсад очиж тоглосон бэ?
-Манай компани жил бүр өөр улс руу явж тоглолт хийдэг. Нөхөр маань энд ажиллаж эхэлснээсээ хойш Казахстан, Колумбид очиж тоглож байсан. Тэр бүрт л өөр өөр балетад бүжиглэсэн. Өнгөрсөн жил бид хамтдаа Францын Парис хотод П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглосон. Энэ үнэхээр дурсгалтай аялал байлаа. Балетын өлгий болсон улсад очиж, тэр тайзан дээр бүжиглэнэ гэдэг бидний мөрөөдөл байсан юм шүү дээ. Тэгээд хамтдаа бүжиглэсэн нь юутай ч зүйрлэмгүй сайхан байсан. Анх удаа 3000 хүний өмнө бүжиглэсэн.
-Монголчууд ийм л авьяастай. Та хоёртоо уран бүтээлийн амжилт, аз жаргалын дээдийг хүсье.
-Маш их баярлалаа. Бид хоёр ч гэсэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон улсад таниулахыг хичээх болно оо.
Монголын балетын урлагийн ханхүү нарын нэг нь О.Ганцоож яах аргагүй мөн. Түүний урласан дүрүүд сонгодог урлаг шимтэгчдийн сэтгэлд тодхон байдаг биз ээ. Гэр бүлийн хоёр маань тус тусдаа нандин түүхтэй, хөдөлмөрч залуус. Тухайлбал М.Мөнхтуяа балет йог хосолсон дасгалаараа 44 кг жин хасч байсан нэгэн. Эрүүл мэндийн шалтгаанаар жирэмслэхдээ тэрбээр хэт жин нэмсэн бол өөрийнхөө боловсруулсан дасгалаар ийм амжилт гаргаж, дараа нь бүсгүйчүүдэд түүнийгээ заадаг болжээ. Одоо Солонгост энэ хөтөлбөрт хамрагддаг бүсгүйчүүд ч багагүй амжилт гаргаж буй биз ээ.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин