Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Ганчулуун: 37-р точкийн Болдоогийн рефлекс хэсэгтээ л миний зуршил болсон

“Фантастик” продакшны жүжигчин Б.Ганчулуунтай “37-р точка” киноны эргэн тойронд болон кино урлагийн талаар ярилцлаа.

-“37-р точка” киноны зохиолын санааг хэрхэн олж, хэн бичсэн бэ?
-Зохиолын санаа бүр 2008 онд СУИС-ийг төгссөний дараа, продакшнаа байгуулснаар ах дүү, анд нөхөд, нөхөрлөлийн тухай, гэхдээ олон ангит биш, нэг ангит кино хийе гэж бид төсөөлөн ярьж байсан.

Дөнгөж сургуулиа төгссөн байсан учраас уран бүтээлч болох оргилсон, дэврүүн хүсэл мөрөөдөлтэй явж байж. Ингээд киногоо бодож явсаар нэгд, цаг хугацаа нь таарч, бид ч бэлэн болж, мөн их сургуулиа төгсөөд 10 жил болсон гэдэг утгаараа киноны тал дээр ч, найруулагч, жүжигчний хувьд ч бүгд л тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан гэж үзээд 2017 оны сүүлээр “37-р точка” олон ангит киноны ажил руу ханцуй шамлан орсон доо.
“Байтаг богд” киноны дараа гэсэн үг л дээ. Ингээд нэг ангит байх уу гэж ярьж байгаад олон ангит кино хийвэл яасан юм гэсэн санаачилга гарсан. Үнэндээ өнөө цагт дан Солонгос, Хятадын сериалууд гарч байгаа шүү дээ. Тиймээс монгол контентоо хийе, бүтээе, яагаад бид гаднын соёлыг үзэх ёстой гэж, өөрсдийн гэсэн үндэсний олон ангит кинотой болъё гээд зохиолоо ярьж, төлөвлөж эхэлсэн.

-20 ангитай байхыг бүр анхлан төлөвлөсөн байв уу?
-Бид цөм үйл явдлаа ургуулан бодож, өөр хоорондоо ярилцаж, дарааллыг нь тооцож, судалгаа хийж эхэлсэн. Яг үнэндээ 1970-1990 оны үеийг харуулж байгаа учраас тухайн үеийн нийгмийн байдал, гэр бүл, хүмүүсийн хүмүүжил, өсвөр насны хүүхдүүд ямар боловсрол авч, хэрхэн өсч торнисон гэхчилэн тал бүрийн судалгаа хийх, хүмүүстэй уулзах, унших ажил ундарсан. Бид 1980-аад онд төрсөн хамт олон. Гэхдээ өмнөх нийгмийн байдлыг төдийлэн сайн мэдэхгүйн дээр 1990 оны уур амьсгалыг зах зухаас нь санана шүү дээ. Тиймээс тэр үеийн эрчүүдийн нөхөрлөл, хайр дурлал ямар байсныг олон хүнээс асууж, тодруулсны үндсэн дээр ерөнхий найруулагч Б.Тамир, нэгдүгээр найруулагч А.Баттүшиг ах хоёр маань зохиолоо 2018 онд бичиж эхэлсэн. Уран бүтээлчид зохиол дээр санаагаа хэлнэ, энэ хоёр маань гардаж бичээд, ингээд нийт үйл явдал 20 анги дотор багтана гэж тооцон, зохиолоо бичсэн дээ. Анхнаасаа зохиолын санаа нь гарчихсан байсан учраас бичихдээ нэг их цаг аваагүй гэж бид боддог.


-Танай киног үзсэн зарим хүн улс төрийн зорилготой, хэн нэгний захиалгаар хийсэн гэж ярьж байна. Үүнд тайлбар өгвөл дээр байх аа?
-Ямар нэгэн захиалга байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би хэллээ шүү дээ, захиалгат байсан бол 1-2 жилийн өмнө санаа нь гараад хийгдэх байсан биз. Гэтэл 11 жилийн өмнө санаа гарсан бүтээл. Энэ киног “Фантастик продакшн” цэвэр өөрсдийн төсөв санхүүгээр, хэн нэгэн ивээн тэтгэгчгүйгээр хийсэн. Гэхдээ кино гарсны дараа бүтээлээ худалдан борлуулахаар Скайтел компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Хүмүүс яагаад хардаад байна вэ гэхээр, манай киноны үйл явдал ардчиллын үеийг харуулж байгаа учраас тэр байх. Угаас тэр үеийн үйл явдал, үзэгдэл, амьдралыг харуулсан бүтээл хийж байгаа юм хойно улс төрийн нөхцөл байдлыг дайрахгүй өнгөрч болохгүй. Яах вэ, ардчилалгүй хийж болох л юм, гэхдээ 1990 оны хувьсгал ба үүнээс өмнөх он жилүүд ямар байсныг, дараа нь ямар болсныг өгүүлэх л ёстой. Ямар нэгэн байдлаар нэг намын захиалгат бүтээл биш гэдгийг дахин албан ёсоор хэлье.
-Олон ангит кино гэхэд зургаа ердөө долоон сард багтаж авсан гэсэн?
-Кино зураг авалт 2018 оны намраас эхэлж, 2019 оны гуравдугаар сард дуусч, мөн оныхоо намар нь үзэгчдийн хүртээл болсон. Олон ангит киноны хувьд маш олон үйл явдал гардаг, улирлын чанартай учраас зохион байгуулалтыг маш сайн хангасан гэж боддог. Манай киноны ерөнхий продюсер, Фантастик продакшны захирал Н.Батсайхан бүх менежмент, зураг авалтын төлөвлөгөөг хийсэн. Хамгийн гол нь, долоон сар гэдэг тийм ч богино хугацаа биш.
-“37-р точка” олон ангит киног бүтээхэд хэчнээн хүн ажилласан бэ?
-Ерөнхийдөө хамтарч ажилласан зөвхөн уран бүтээлчдийг тооцвол 700 гаруй хүн бий. Үндсэн кино групп 160 орчим хүний бүрэлдэхүүнтэй байсан. Яг жүжигчид, уран бүтээлийн баг ороод гэсэн үг шүү дээ. Мөн цаг хэмнэх, төсөв зардлаа бодож нэг үзэгдэл дээр дөрөв, таван камертай зураг авалтуудаа хийсэн. Угтаа нэг камераар дахин дахин олон янзаар авдаг практиктай. Өргөн хийгээд чадварлаг баг бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд төдий хугацаанд хийсэн болов уу.
-Тухайн цаг үеийн зураг авах обьект, газруудаа хэрхэн сонгосон бэ?
-Манай зураачдын баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан. Учир нь одоо үед байхгүй обьектуудыг бүгдийг нь шинээр хийж, угсарч, газруудаа судалсан. Зургийн даргаар “Маск” продакшны Ц.Ганзориг ах, “Эмоци” продакшны менежер, жүжигчин н.Адам гэх мэт 6-7 хүн ажилласан. Кино зураг авалт хийх хуучны газруудыг сонгохын тулд жүжигчид багт хуваагдаад Улаанбаатарын өнцөг булан бүрийг самнасан. Налайх, Гордок, Биокомбинат гэхчилэн. Цаашлаад Дархан-Уул, Сэлэнгэ, Зүүнхараад хийсэн үзэгдлүүд олон бий. Мөн зураг авах боломжтой бүх өртөөнүүдийг судалснаар Батсүмбэрийн Мандал өртөө хамгийн тохирсон нь байсан.
-Кинон дээр “37-р точка”-аас нүүгээд хотод очдог нийтийн байр хаана байдаг вэ. Тэнд хүмүүс амьдарч байсан уу?
-Гадна тал нь ягаан өнгөтэй байшин Зайсанд байдаг. Дотор талын үйл явдлыг өөр газарт нийтийн байр болгож засаад хийсэн. Түүнээс бэлэн байр бол байгаагүй л дээ. Хоосон агуулахад олон өрөө тасалгаа хийж, хүмүүс амьдардаг юм шиг зохион байгуулан авсан хэрэг. Гэхчилэн Дарамын 4-5 өрөө байр, шоронгийн обьект гээд бүгдийг шахам шинээр хийсэн. Угаас тэгэхээс ч өөр арга байхгүй. Одоо тийм хуучны газрууд хаана ч байхгүй шүү дээ.
-“37-р точка” киноны бусад дүрийг онцолбол, хэн танд хамгийн сүпер нь байв?
-Г.Золбоот ахынх буюу Содномын дүр хамгийн их таалагдсан. Жүжиглэлт, ур чадвар гээд бүх талаараа энэ дүрийн үг, үйлдэл, тоглолтууд нь ил биш далд утгатай байсан. Энэ хэцүү дүрийг үзэгчдэд илэрхийлж, хүргэж тоглоно гэдэг хэн хүнээс маш их ур чадвар шаардана. Тэр утгаараа Содномын дүр хамгийн бээст нь, миний хувьд.
-Таны дүр дээр мөрөө хавчаад хамраа татдаг үйлдэл олон давтагддаг. Кино дууссаны дараа энэ рефлекс нь хэсэгтээ л тогтсон байх даа?
-Дүрээ уншиж байтал, энэ хүн ийм рефлекстэй байвал зүгээр юм уу гэж санаанд буусан. Дүр нь өөрөө нэг тийм хөнгөн учраас үүн дээр үйлдэл нэмчихвэл хүмүүст арай илүү Болд гэдэг хүнийг илэрхийлэх юм болов уу, эерэг, хөөрхөн хандлага үүсэх байх гэж санагдсан л даа. Ингээд ерөнхий найруулагч Б.Тамираад “Найруулагч аа, надад нэг ийм рефлекс үйлдэл нэмэх санал байна” гэтэл “Болно хамаагүй, чи өөрөө л наад дүрээ бүтээ, болохгүй байвал би харж байгаад болиулчихна” гэсэн. Ингээд толинд харж нэлээд бэлдсэн. Ойр байгаа Барсаа, Баяраа нар яаж байна гэж харуулна. Ингээд өөрийн болгоод зураг авалтад орсон чинь кино группийнхэн “Наадах чинь их хөөрхөн юм байна” гэв ээ. Тэгсэн байнгын хийсээр байгаад нэг их удалгүй бараг л миний зуршил болчихсон. Зураг авалт дууссаны дараа ч гэсэн гэртээ, ажил дээрээ байхдаа нөгөө үйлдлээ өөрийн мэдэлгүй хийчих үе гарна, тэр үед манайхан шоолно, тэгэхээр нь “За за өөрийгөө цэгнэхгүй бол олон нийтийн газар явж байгаад ингэчихвэл хэцүү юм байна” гэж бодоод хэсэг хугацааны дараа гайгүй болсон доо.
-Болдын дүрийг бүтээх хэр хэцүү байсан бэ?
-Анх энэ дүрийг авчхаад яана аа л гэж бодсон. Миний зан характераас 360 хэм өөр. Уншлагад ороод хэлж байгаа текст нь эвлэж өгөхгүй хэцүү л байсан. Гэлээ гээд мэргэжлийн жүжигчин учраас өөрийн болгох ёстой болгож ч чадсан.


-Киноны хувцас залуучуудын дунд трэнд үүсгэлээ. Та нар өөрсдөө амьдрал дээр бас тийм хэв маягаар хувцаслаж байна уу?
-Киноны хувцсыг тусдаа дизайнер ажиллаж хийсэн. Монгол сериал ч гэлээ нэг ч монгол гутал, дээл, гэр гаргахгүй байя. Ер нь нэг тийм стилийг барья гэж ярилцсан. Ингээд бүх гол дүрийн хувцсыг шинээр хийлгэсэн. Нэг дүр гэхэд л 3-4 хувцастай. Яах бол гэж санаа зовниж байсан ч кино гарсны дараа хүмүүс кэпик болон дугуй малгай, пальто өмсөөд трэнд үүсгэж эхэлсэн. Энэ нь үнэхээр гоё санагдсан. Мэдээж дүрүүдийн хувцсыг амьдрал дээр өмсч болохгүй. Гэхдээ бид өөрсдөө тиймэрхүү загвартайг нь хийлгээд хааяа өмсдөг болсон шүү.
-Одоо та бүхэн ямар шинэ уран бүтээл төлөвлөөд явж байна вэ?
-Нийгэм цаг үе тиймхэн байгаа учраас ерөнхийдөө бүгд амралтын байдалтай байна. Гэхдээ зүгээр суулгүй дараа дараагийнхаа бүх төлөвлөгөөг боловсруулж байгаа. Уг нь хоёр, гуравдугаар сард нэг бүтээл төлөвлөсөн байсан ч бүгд цуцлагдсан. Зөвхөн дэлгэц гэлтгүй тайзны уран бүтээл гэхчилэн зүйлүүдийг оны өмнө хийхээр болсон байсан.
-Дахиад олон ангит кино хийх үү?
-Одоо хийхгүй байх аа. Гэхдээ магад боломж бололцоо нь бүрдвэл хийхийг үгүйсгэхгүй. Харин ойрын хугацаанд бол төлөвлөөгүй. Учир нь үүнийг хийхэд чамгүй их цаг хугацаа, хөрөнгө мөнгө ордог учраас жижиг зах зээлтэй бид үүнийг дахиад санхүүгийн хувьд бие даан хийнэ гэдэг хэцүү. Гэхдээ бид шантралгүй, зогсолтгүй хөдөлмөрлөж олон ангит киноныхоо ард гарч чадсан.
-Та бүхнийг харахад маш их үлгэр дуурайл түгээсэн зүйл санагддаг. Юу гэхээр, нас ойролцоо олон залуу нэгдээд бүтэн 11 жилийн турш нэг чигт хараад явна гэдэг үнэхээр бахархам нөхөрлөл. Та бүхний нэг цул болж чаддаг нууц нь юунд байна вэ?
-Нууц гээд байх юм байхгүй ээ. Бидний хийж байгаа бүтээл тодорхой хэмжээнд амжилт гаргаж, хүмүүст хүрч байгаа учраас мэддэг болж эхэлж байна. Анх 2008 онд байгуулагдсан цагаас хойш бид олон уналттай нүүр тулж явсан. 2009 онд гэхэд бүхэл бүтэн зураг авалт нь хийгдсэн ч кино нь санхүүгээс болоод дэлгэцэнд гараагүй жишээ байна. Тайзны уран бүтээл хийх гээд их хэмжээний мөнгө төгрөг зээлж, СТӨ-нд хоёр өдөр тоглосон ч үзэгчгүйн улмаас хаагдаад, шатаад, өрөнд ороод явж байсан үе бий. Үүнийг хүмүүс тэр бүрчлэн мэдэхгүй. Ингэж хамтдаа алдаж, онож явсан учраас одоог хүртэл хамт байгаа байх. Ийм болохоор нэгнээсээ, ажлаасаа урвана гэсэн бодол төрдөггүй болов уу. Мөнхүү оюутан ахуй наснаасаа нөхөрлөж ирсэн учраас хэн нь, хэн бэ гэдгийг мэддэг болсон. Тиймдээ бид нэг нэгнээ маш сайн ойлгодог. Олон эрчүүд байгаа газар хэцүү л дээ. Хэрүүл бололгүй яах вэ, санал хуваагдана, зодолдохоос наагуур юм болно. Заримдаа барилцаад авах ч үе байна. Гэхдээ уран бүтээл явж байгаа учраас нэг нэгэндээ болохгүй бүтэхгүйг нь хэлнэ, нэгнээ татаж авна шүү дээ. Хэдий олуулаа ч гэлээ урлаг, тэр дундаа, кино урлаг бол хамтын уран бүтээл юм.
-Өөрийгөө товч танилцуулаач, аль нутгийн хүү вэ, гэр бүлд таны урлагийн авьяастан байдаг уу?
-Би 2008 онд СУИС-ийг төгссөн. Фантастакийнхан бид бүгд нэг анги. Ингээд цөм нэгдээд сургуулиа төгссөн жилээ “Фантастик” продакшныг байгуулсан. 11 дэх жилдээ уран бүтээлээ туурвиад явж байна. “37-р точка” киноны хувьд олон ангит кино учраас олон хүнд танигдана гэдэг юм болсон. Гэхдээ би өмнө нь ч гэсэн “Фантастик” продакшны уран бүтээлд жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байлаа.
Хувь хүний талаар гэвэл, Баянхонгор аймагт төрж, тэндээ 10 жилээ төгссөн. СУИС-ийн хуваарь 2004 онд ирснээр конкурс өгч тэнцсэн. Гэхдээ үүнээс өмнө тодорхой хэмжээний ухагдахуунтай байсан. Монголд ганцхан байдаг “Тэмүүжин” хүүхдийн театрт цэцэрлэгт байхаасаа явж, урлагийн хүн, ялангуяа, жүжигчин хүн болно гэдгээ багаасаа л бодож, мөрөөдөж төсөөлж ирсэн. Тиймдээ ч 10 жилээ төгсөөд эргэлзээгүй СУИС-д орж, урлагийн замыг эргэлтгүй сонгосон. Манайх их олуулаа, би айлын бага нь. Дээрээ дөрвөн эгч, дөрвөн ахтай. Манай гэр бүлд жүжигчин гэхээр, урлагтай ойр хүн байхгүй. Гэхдээ миний төрсөн эгч зураач мэргэжилтэй.
-Олуулаа юм чинь олон хүүхэдтэй байх даа. Гэр бүлийн хүн тань бас урлагийнх уу?
-Үгүй ээ, би хоёр хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ер нь улстөрч мэрэгжилтэй.
-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com