Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАНЕКЕН ЖҮЖИГ БА МОНГОЛЫН ОРХИГДСОН СУУРИН

 Дэлхийг айлган цочирдуулж буй корона хэмээх аюултай вирус Монголыг тойрч байгаа мэт. Гэвч энэ удаад монголчууд чухам л атгасан шагай шиг бөөгнөрч хөл хориондоо сууцгаав.
Дэлхийн энгээр нэг тархдаг ч дээлэндээ багтаад унтдаг монгол хүн гэдгээ ийнхүү дахин мэдэрсэн явдал болж байна. Хөл хорионд орсноос үзвэр үйлчилгээ, явах унаа бүхэн тасалдаж хүмүүс сошиал ертөнцөд шуугих, суваг эргүүлэх ажилдаа шамдацгаасан тул урлагийн байгууллагууд ч зүгээр суусангүй үзэгч дээрээ очиж үйлчиллээ.
Үүний жишээ нь Улсын драмын эрдмийн театр Skymedia болон Skygo сувгаар “Манекен” хэмээх жүжгээ үзэгчдэдээ зориулав.

Суманд хэн үлддэг вэ?

 Оросын зохиолч Николай Колядагийн “Манекен” нийгмийн сэтгэхүйн драмын жүжгийг найруулагч СТА Ц.Батнайрамдал найруулж, зураачаар Н.Содномдорж, хөгжмийн зохиолчоор Б.Цог нар ажиллажээ. Петрт СТА С.Болд-Эрдэнэ, Аляд МУГЖ.Оюундарь, Варяд СТА Г.Отгонцэцэг нар тоглосон байна.
Хотоос алслагдмал төмөр замын нэгэн өртөөнд Аля, Варя гэх хоёр бүсгүй амьдарна. Улс нийгмийн хөгжлөөс хол хаягдсан тэдний амьдрал бараан бүүдгэр. Үе үе довтолгон өнгөрөх галт тэрэгний цуваа тэднийг үүрд хаян одох мэт, уйтгартай дүнсгэр. Хоёр бүсгүй гэрэл гэгээг хайж хэн нэгэн ирж энэ бөглүү газраас авч яваасай хэмээн мөрөөдөцгөөнө. Харин нэг өдөр хүслийг нь бурхан сонссон гэлтэй хаанаас ч юм Петр хэмээх нэгэн эр хүрч ирнэ.
Ийнхүү хоёр бүсгүйн тэмцэл өрнөнө. Петр хэнийг нь чухам сонгож авч явах бол?
“Манекен” жүжгийн үйл явдал товч тодорхой, гуравхан дүртэй тул тун цомхон. Харин өгүүлэх санаа нь том хэрнээ Монголынх шиг. Монгол улсын засаг захиргааны нэгж баг бригад, сумтай төстэй. Баг, бригад гэж байхаа больсон тул багахан сумтай зүйрлээд ойлгоход болно. Ийм л эргэж нэг харж, эхнээс нь тунгаахгүй бол боломгүй том асуудлын жижиг хувилбарыг энэхүү жүжигт үзүүлжээ.
Өглөөнөөс орой болтол улигт ажлаа хийдэг уйдаж залхсан хоёр бүсгүй, толгойгоо өргөөд хараачилбал ойрхон өнгөрөх төмөр зам, галт тэрэг, цуварсан гэрлийн шон. Хаашаа ч хамаагүй явах хүсэл... Энэ ертөнцийн нэг хэсэг хэрнээ таслагдсан мэт сонирхож сонжих юм тэрхүү өртөөнд юу ч үгүй. Варя, Аля хоёрын хувьд эл хуль оргисон энэ газраас л зугтаж байвал хаашаа ч, хэнтэй ч явсан хамаагүй. Хэн нэгэн эндээс намайг ирж авна гэсэн хий хоосон хүлээлт.


Энэхүү жүжгээр дамжуулан хөдөөгийн орхигдож гээгдсэн олон сум суурингийн асуудлыг хэлэхийг зорьсныг та бүхэн ойлгож байгаа байх.
...Хэдэн бор толгод өнгийгөөд орвол хэдэн дүрс сүүтэлзэнэ. Ойртон очвол нэг сумын төв. Нэг давхар хэдэн байшинг нь нэрлэвэл Сумын засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, хааяа хурал цуглаан хийдэг сумын клуб. Хүн амьтан ер үзэгдэхгүй хааяа нэг мотоциклтой хүн дэлгүүрийн үүдэнд бууж байгаа харагдана. Харин арваад нохой сүрэглэж явах нь айдастай. Их танил дүр зураг байгаа биз. Монголын эгэл жирийн хөгжлөөс алслагдсан сумын нийтлэг дүр төрх. Намраас хавар хүртэл сургуулийн хэдэн хүүхдээрээ л гоёдог ийм сум олон бий. Суманд тамгын газарт харьяалалтай хэдэн хүн, нэг цагдаа, хэдэн багш “сахиул” мэт амьдарна. Хот руу сургуульд явсан ганц хоёр оюутан нь зун тоож ирэхгүй. Монголын 300 гаруй сумдаас хэчнээн нь ийм орхигдсон мэт байдгийг хэлэхэд хэцүү. Сумын төв зун бол уйтгарын далай яг л Манекен жүжигт гардаг шиг. Сумын төвийн албан хаагчид хэнд хэрэгтэй, юунд уягдаж тэнд амьдардаг вэ? Сонгуульд хэрэгтэй. Засаг барьж буй намын тохоон томилсон Засаг дарга аймгийн төвөөсөө ирэн очин амьдарч, ажлаа явуулна. Засаг даргын хамгийн чухал ажил нь дөрвөн жилд нэг удаа сумандаа намаа ялуулах. Варя, Аля хоёр нэг эрийн төлөө тэмцэлддэг шиг сонгуулийн үеэр сумынхан хоёр нам болон талцаж нэгийгээ үздэг. Бусад үед нь сумын төвөөр бууж мордох хүн ховор. Уул уурхай, зам харгуй дагасан сумдыг энд орхисон гэдгийг тэмдэглэе.
Эргээд жүжигтээ оръё. Ажилчин ангийн төлөөлөл болсон хоёр бүсгүй жижигхэн өртөөндөө орхигдсон мэт байсаар амьдралд нь ямар нэг хачир чимэг, амт шимт нь үгүй болсон тул архи ууж уйлж нэг, дуулж нэг цаг нөгцөөнө. Хөдөө орон нутагт нь архидалт их байдаг гэж манайхан шүүмжилдэг нь үүнтэй холбоотой ч байж магадгүй. Хийх ажилгүй, хэссэн, уйдсан харчууд голдуу хүмүүс өөр юу хийх вэ дээ. Нэг нэг хятад мотоцикль сандайлчхаад л айл хэсч, архи эргүүлнэ. Хол ойрын хов живийг дамжуулж ярих юмтай очно.
Сумын төвийн хэдэн хүн нь бие биеэ таньдаг болохоор архи уулаа, зодолдлоо, хутгаллаа гэж гомдоллохгүй. Харин ч хэсэгтээ ярих ярианы сэдэвтэй болно.
Харин жүжгийн Варя, Аля хоёрт ярих ярианы сэдэв дуусчээ. Архи уунгаа гунигт дуу дуулж төд удалгүй нулимсаа арчингаа хөлөө дэвслэн бүжиглэмэр аядна. Тэд өсч үржих насны бүсгүйчүүд. Гэтэл тэр өртөөнд тэдэнд таарч тохирох эр хүн үгүй. Хүн гэдэг хөгжил дагадаг амьтан аж. Хаана олон хүн байна, тэнд амьдрал буцалж байдаг. Тиймээс л гуравхан сая хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотдоо чихцэлдэн амьдардаг. Хот л бараадаж байвал үерийн аман дээр буун урсаад ч хамаагүй амьдрахыг хүснэ. Сонгинохайрхан дүүргийн нутагт олгосон шинэ суурьшлын бүс хэмээх хэсэгт өнөөдөр ч цахилгаангүй, худаггүй айлууд амьдардгийг хотын төвийнхөн мэдэхгүй. Хөдөөгийн асуудлыг хот анзаарахгүй, хотын асуудлыг хөдөөд гадарлахгүй. Амьдрал ийм л алагтай цоогтой аж. Хүн хот барааддаг, хүн хүний олноо л дагадаг хуультай.


Аля, Варя хоёр намгийн мэлхий шиг амьдралаасаа хун галууны хошуунд зүүгдээд ч болов холдохыг хүснэ. Энэ хүний л мөрөөдөл. Хүний сэтгэл гэдэг ийм.
Гэтэл нэг өдөр гэнэтхэн хүсэн хүлээсэн хүн нь ирнэ. Бүр эр хүн шүү. Уурын зуухны галч хийхээр ирсэн Петр хоёр бүсгүйн хувьд цагаан морьтой хунтайж. Өөр ямар ч байх билээ.
Хүүхнүүдийн тэмцэл эхэлнэ. “Петр зөвхөн минийх байх ёстой”. Энэ бас хүний л араншин. Петр ч яаж зүгээр байх вэ хоёулантай нь учир ургуулна. Эр хүний зан. Төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Ийм тулаан орших, эс оршихын аль нэгээр нь л дуусдаг. Харин жүжигт хоёр бүсгүй арай нэгийгээ үгүй хийчихгүй Петр явснаар төгсдөг.
Цөхрөн уйлж, сөхрөн гуйгч хоёр бүсгүй Петрийг үлдээж л байвал хэн нэгэндээ өгөхөд ч бэлэн гэдгээ хэлэв. Гэвч Петр ирсэн шигээ хаашаа ч юм яваад өгсөн. Варя, Аля хоёр аргагүйн эрхэнд буцаад эвлэрч улам цөхрөнгүй хоолойгоор гунигт дуу дуулан өртөөндөө үлдэнэ.
Тиймээ, ирсэн гийчин явдаг. Яг л сум шиг. Суманд “хөл нь тушаатай” хүн л үлдэнэ. Суманд сумын хүн л үлдэнэ. Суманд хааяа албан томилолттой дөнгөж төгссөн эмч, багш, хэлтсийн төлөөлөгч нар ирдэг. Удалгүй хот руугаа буцдаг.

Хувцасны гол

 Галя, Варя хоёрын асуудал юу вэ? Хэрвээ Петр хэн нэгэнтэй нь гэрлээд тэндээ үлдсэн бол юу болох байсан бэ?
Бидний асуудал бол энэ. Тэд эв найртай бие биенийгээ хүлээн зөвшөөрлөө гэхэд хоёулаа Петрийн хүүхдийг төрүүлнэ. Тэдний хүүхдүүд, хүүхдийн хүүхдүүд гэж явсаар нэг л мэдэхэд цус нь ойртоно.
Суманд ч бас адил. Ийм л юм болдог. Цөөн хүнтэй газрын хамгийн том асуудал цус ойртолт. Хэдийгээр жүжигт цус ойртолтын тухай өгүүлдэггүй ч жүжиг цаашаа үргэлжилбэл тийм л юм болно гэсэн санаа. Манай хөдөөд цус ойртолтын асуудал төвөгтэй түвшинд очсоныг олон улсын төслийн ганц хоёр судалгаанаас харж байлаа. Гэвч хотын төвийн замаа ямар өнгөтэй хашаагаар хашиж, төв талбайгаа хэдэн төгрөгийн боржин чулуугаар хаяалах вэ гэдгээ ярьдаг болохоос хөдөө алслагдмал хязгаар дахь хүмүүсийн амьдралд юу болж байгаа талаар хэн судалж, мэдэж, хэлж ярьдаг вэ? Хэн ч тоодоггүй.
Харин “Манекен” хэмээх энэ жүжиг мартагдсан суурин, орхигдсон хүмүүсийнхээ тухай хөл хорионд сууж байхдаа эргэж нэг бодох болсныг санууллаа. Гэхдээ санаж сэрж шийдвэр гаргах ёстой хүмүүс нь үзсэн эсэхийг мэдэхгүй.
Алс хязгаар хөдөө суурингийн дараагийн асуудал бол хүйсийн тэгш бус харьцаа. Хотын бүхий л их дээд сургууль, албан байгууллага, кофе шоп, дэлгүүрээр харвал манай улс хүүхнүүдийн орон юм уу гэмээр харагдана. Арван жилийн дунд анги хүртэл ижил тэнцүү шахам тоотой байсан хөвгүүд амьдралын талбарт гарахаараа алга болчихдог. Монгол эрчүүд хаачдаг вэ? Тал нь хөдөөд, тал нь гадаадад.
Жүжигт уйдаж гацсан хоёр эмэгтэй эр хүний хүслэн болж гасалж суудаг бол Монголын хөдөөгөөс залуу эмэгтэйг олж харах нь өдрийн од мэт ховор тохиолдол болно. Залуухан, дээрээс нь царайлаг, нуруулаг, сэхээлэг бол бүр ч хөдөөд байх ёсгүй мэт. Түүнийг хаанаас ирсэн эсвэл хаа нэг тийшээ явах ёстой мэт сэтгэнэ. Яг тэгээд л явчихдаг. Монголын хөдөөд харчууд л хаахалзаж байдаг.
Сумдын төвд хэн амьдардаг вэ? Энэхүү асуултын хариуг ихэнх хүн мэддэг. Хэлбэл харин буруутан болно. Монголын бодит амьдралын нэгээхэн дүр зураг энэ.
Суманд хэн амьдардаг вэ? Тэд хэрхэн амьдардаг вэ? Тэд юу хүсдэг вэ?
Уг жүжгийг яагаад “Манекен” гэж нэрлэснийг таашгүй. Манекен гэж хувцас өмсөөд зогсч байдаг хүн дүрстэй хиймэл загвар. Зарим манекен толгойтой, зарим нь толгойгүй. Манекенүүд эр, эм хүйсээрээ ялгагддаг. Манекений тухай цааш ярих юм үгүй тэгээд л гүйцээ.
Өртөөндөө “үүрд” үлдсэн хоёр бүсгүй манекен болон уг жүжиг төгсөнө. Манекенийг муухайгаар монголоор орчуулбал хувцасны гол гэж хэлж болох юм. Хүний бие нь үлдээд сэтгэл нь явчихаар хувцасны гол болдог. Өртөөндөө хувцасны гол болсон хоёр бүсгүй тэр хэвээрээ үлдэнэ. Харин Монголын алс бөглүү сум суурин газарт хүмүүс хэн нэгнийг ирж аврахыг, амьдралыг нь сонирхохыг хүлээж суудаг ч юм билүү хэн мэдлээ... Сум, баг, хорооны төв гэж балгас болсон хэдэн байшингаа хувцасны гол болсон хэдэн хүнээр мануулж суулгачхаад хаяа хязгаараасаа сийчүүлж сэмлүүлж байгаагаа ч мэдэхгүй хотдоо хөгжил ярин шаагилдах бидний амьдрал хаашаа ч юм бэ дээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com