Канадын Монреаль хотод энэ сарын 18-22-нд явагдах байсан уран гулгалтын ДАШТ коронавирусний халдварын улмаас цуцлагджээ. Үүнийг Канадын Квебек мужийн Эрүүл мэндийн сайд Даниэль Маккенн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Тэмцээнд оролцохоор 30 орны 183 тамирчин бэлтгэлээ базааж, зарим нь Канадад очоод байжээ.
Олон улсын тэшүүрийн холбооноос энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнийг цуцлах, эсвэл оны сүүлээр зохион байгуулж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Уран гулгалтын ДАШТ 1896 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Дэлхийн I, II дайны улмаас 14 тэмцээн явагдаагүй бол 1961 онд АНУ-ын шигшээ баг онгоцны ослоор сүйрсний дараа нэг удаа цуцлагдаж байжээ.
Одоогоор коронавирусийн халдварын тохиолдол Квебек мужид долоо, Монреальд нэг бүртгэгдээд байгаа юм.