Б.Улаанхүү
Манайх гэдэг айл найман хүүхэдтэй өнөр өтгөн тэр үеийн жирийн л нэгэн сайхан айл. Аав ээж хоёр минь арван хүүхэд төрүүлж хоёрыг нь хүн болгож чадаагүй ч таван хүүтэй гурван охинтой тэр үедээ бүлтэйд тооцогдсон малчин айл. Нэгдлийн тэмээ хариулж хэдэн хүүхдүүдээ өсгөж яваа хоёр ачтан.
Аав ээж хоёртоо талархаад баршгүй. Миний ээж хил залгаа Завхан аймгийн Дөрвөлжин сумаас бэр болж ирсэн хүн л дээ. Хаврын нэгэн нарлаг сайхан өдөр нутагтаа очиж аавынхтайгаа зусахаар ээж санал гаргаж аавтай ярилцаж тохирсон билээ. Олон жил нутагтаа очиж зуслан тааруулаагүй болохоор тэр биз. Тэр нэгэн зун манайх гэдэг айл Завхан цагаан булан гэж ээжийнхээ өссөн нутагт очиж зусахаар болов оо. Ээж минь хөл нь газар хүрэхгүй баярлаж байсныг тодхон санаж байна. Сайхь газар хоёр сумын хилийн зааг нутаг л даа.
Нэлээд зайтай газар учраас шөнө хагаслаад ачаална гээд найман сайхан номхон ат уялаа. Ёстой шөнө хагаслаад л ачаалж эхэллээ шүү. Нойр хүрч байгаа гэж жигтэйхэн. Үүр хаяарч байхад хөсөг хөдөллөө. Манайх нэгдлийн тэмээ хариулж байсан болохоор жар гаруй ботготой ингэтэй тэднийгээ зарим нь туугаад зарим нь хэдэн ботгоо туугаад зүүн урд зүгийг чиглээд нүүдэл явлаа даа. Хөх таана хүмүүл хамар цоргисон цэлийсэн сайхан талаар нүүдэл явсаар жин үдийн нар шарж эхлэхэд зорьсон газраа ирлээ. Тэнд холгүй зуслан тааруулсан нутгийн айлын эгч нүүдэл ирж байгаа бараанаар цай тавагтай идээгээ барьсаар ирлээ. Ээж аавтай мэнд усаа мэдээд дуу шуу болоод л. Ингээд нүүгээд ирнэ чинээ санасангүй гэх мэт яриа хөвөрсөөр, тэд хуучин цагийн эртний сайн танилууд болох нь тодорхой байна,
Завхан голын хөвөөнд хэдэн давхар байшин мэт маш өндөр налуу эргээр хашигдсан эргэн доогуураа зуслангийн сайхан, голоо дагасан ширэнгэтэй үзэсгэлэн бүрдсэн сайхан нутагт ийнхүү зуслан таарууллаа. Миний ээжийн аав “Охин ах” гэж олноо өргөмжлөгдсөн цагаан сахалтай настай буурал аав минь хамт зусахаар нүүн ирж мөн тэр нутгийн адуучин Нүрзэд нүүеэ гэж сайхан айл бас ямаачин Лхагва ах гээд дөрвөн айл хамт бууж голоо дагасан олон цагаан гэрүүд ярайж нууранд шумбаж буй хун мэт байгалийн үзэсгэлэнтэйгээ хослоод үнэхээр нэг жаргалын орон мэт таатай харагдана.
Би гэдэг амьтан өдөржин усанд үеийнхээ нөхөд болон, дэрсхэн өссөн эрэгтэй дүүгээ дагуулан Завхан голд өдөржин шумбаж наранд биеэ шарж ганц жаргана даа. Завхан гол их өргөн тарж урсана. Тээр тэнд голын нойтон арал дээр хоёр тогоруу өндөглөсөн байгаа нь харагдаад л байдаг байлаа. Нэг өдөр усанд шумбаж байгаад гэнэт тэр арал дээр очмоор санагдаад болдоггүй шүү дүүгээ хоёулаа тэр арал дээр очиж тогорууны ангайхай үзэх үү одоо лав ангайхай болчихсон байх учиртай гэсэн чинь дүү дургүйцээд байна аа.
Тогоруу алгаддаг аймаар хараалтай шувуу гэж ээж хэлсэн би явахгүй гэж байна, би явмаар байдаг хань байдаггүй дүүгээ эргүүлдсээр байгаад дагуулаад явлаа. Хоёр эх эцэг тогоруу нь ирээгүй байгаа нь харагдаж байгаа ус гаталж жирийсээр байгаад очлоо доо,
Тэгсэн чинь өндөг нь хагарч ангайхай гараагүй байна аа. Хараад байсан чинь ер нь бараг хагарах гээд байгаа янзтай хальс нь хүрэнтээд нэг л сонин харагдаад байна шүү. Би бодлоо, нас бас овоо болчихсон 13 хүрээд байгаа үе л дээ ерөөсөө ангайхайгий нь гаргаад тавьчихъя гэсэн чинь дүү айж байна гээд буцаад зугтаж байна жоохон тойрлоо бодлоо. Дүү цаашаа л яваад байна эргэж хараад л яваад байх юм. Тогоруу чинь сонин амьтан байгаа юм үүр гэж хэдэн усанд урсч ирсэн өгөрсөн хоёр гурван хөх модны мөчир хөндлөн дагуу тавимаар болоод үүр засчихна ерөөсөө нэгийг нь эхлээд хагалж үзье гэж бодоод нөгөө хөндлөн тавьсан өгөр модоор тоншоод хагаллаа тэгсэн чинь арай л хагарах болоогүй байж нүцгэн улаан юм ангалзаад гараад ирлээ шүү ам нь ангалзаад өрөвдөлтэй харагдаад байна. За ер нь нөгөөхийг нь оролдож болохгүй юм байна энэ гарсан ангайхай амьдарч чадахгүй нь тодорхой харагдаад байна. Эхийг нь ирэхээс өмнө явъя гээд яаран сандран хальсыг нь нойтон шороонд нуучхаад л жирийчихлээ дүү дээрээ очоод ээж аавд хэлж болохгүй гэдгийг хатуу санууллаа даа харьж ааруул тараг жаал цохиод эргээд л усанд шумбахаар гарлаа даа нөгөө хоёр тогоруу яасан бол гээд харсан чинь ирчихсэн харагдаж байна сүртэй ч юм над харагдсангүй орой нар ташлаа оройн саам эхэллээ дээ ингэ ботгоо татаж өгчхөөд жаал энүүгээр тэрүүгээр тоглож гүйж байгаад гадаа нэг муу гудас дэвсээд нэг дээл нөмрөөд дүүтэйгээ унтаад өглөө дөө.
Шөнө дундын үед зүүн чихээр хатгаж өвдөөд л сэрлээ дээ жоохон хэвтлээ болохоо байлаа шүү. Муу ээжийгээ л дуудлаа хүний л эх юм болсон хойно дороо л сэрээд гүйгээд гараад ирлээ. Яасан миний хүү яав л гэж байна чихээр хатгаад байна гэсэн чинь за ээж нь шар тос халаагаад ирье битгий усны галуу шиг өдөржин усанд битгий байж байл даа гээд амандаа үглэсээр гэр лүүгээ орлоо тэр хооронд нөгөө чих хатгах чинь ёстой эрчээ автал хатгаж өглөө дөө уйллаа.Ээж шар тос авчираад л чих рүү хийлээ нэмэр алга аа би орилоод сүйд боллоо доо тэр чимээнээр буурал аав минь сэрээд хүрээд ирлээ.
Яав юу болов л гэж байна хүүгийн чихээр хатгаад сүйд болох нь яана аа аав аа л гэж байна. Тэр хооронд бараг ухаан балартах нь ээ аав ч гараад ирлээ сандралдаад л явчхалгүй яах вэ дээ.
Зүгээр унтсан хүүхэд гэнэт ийм аймаар орь дуу тавьж орилохоор айлгүй яах вэ дээ буурал аав миний хүү хаагуур явсан юу хийсэн л гэж байна усанд шумбасан л гэлээ хачин юм аа гээд л тэврээд гэр лүүгээ орлоо манай буурал аав бурхан тахилтай тэр үед хаалттай байсан болохоор авдрандаа голдуу байдаг бурхнаа гаргаад хонх дамар болоод л явчихлаа, би ер нь үхэх нээ тэвчих арга алга буурал аав маань хажууд ирээд миний хүү өчигдөр юу хийсэн хаагуур явсан гэж байна дахиад л, хэлэхгүй бол үхэх нь ээ ерөөсөө, өрөөсөн чихэн тал шуу гүйгээд л тэнэг болтол хавдаж эхэллээ шүү болохоо байлаа хэллээ тогорууны өндөг хагалсан л гэлээ шүү, ээ халаг минь одоо яадаг билээ тэгж л таараа юу гэж зүв зүгээр байсан хүүхэд ингэх вэ л гээд үглээд байгаа бололтой. Миний ээж одоо яана аа аав аа гээд л авралын нүдээр аав руугаа харах юм, Хөгшин аав дүнгэнэтэл ном уншаад л байна нэмэр алга даа за ингээд л үхдэг юм байж дээл гэсэн шүү юм бас зурс бодогдоод байгаа юм аа тэр чинь ээж л тэврээд л нулимс нь гараад л байна үүр хаяарч байтал ашгүй арай гэж жоохон намдах шинжтэй боллоо шүү би уйлсаар л байгаа нар ч цухуйлаа, би нам унтаж үд болж байхад сэрлээ дээ. Тэгсэн л ээж ааваа танай нөгөө нялх хөх ишиг үхчихлээ чацага алдсан байх юм сүүндээ л пологдчих шиг боллоо гээд гүйгээд ороод ирлээ буурал аав дуугүй л байна энгийн үед бол харж хайхарсангүй гээд сүйд болох хүн л дээ. За тэгээд би бүүр овоо болжээ өрөөсөн чихэн тал бол тэнэг болчихсон байгаа босоод ирлээ хэвт л гэж байна үгүй л гэлээ хөгшин аав загнаж гарлаа даа. Амьтны үр алж өөрөө үхэх гэж байгаагаа харав уу чи дахиад тэгдэг болоорой чи гээд л бууж өглөө шүү, баахан загнуулж аваад толинд өөрийгөө хармаар санагдаад болдоггүй ээ очоод харсан чинь бурхан минь өөрийгөө хараад зочоод эгээтэй л арагшаа савж унасангүй хүн аймаар дүртэй болчхож хөхрөөд хүрэнтээд шаар үлээчихсэн юм шиг болж чих хатгах нь гайгүй гэхдээ чим чим гээд л байгаа гурав хоноод зүгээр боллоо хуучин хэвэндээ орлоо усандаа шумбалаа жаргалтай сайхан зун өнгөрлөө дөө, сургуульдаа явах цаг боллоо усан дотор байсаар байгаад гурийсан туранхай хар юм л боллоо доо сургуульдаа явлаа манайх ч нутаг нүүсэн хэрэг өвөл боллоо хавар гурван сард сурагчидад нэг сарын амралт өгдөг юм амралтаараа буурал аав руугаа явах боллоо доо. Буурал аав минь Дөрвөлжингийн нутагт алдарт Сар хайрхныхаа урд доор цагаан усандаа хаваржиж байхад нь очлоо доо. Өвөөтэйгээ хэд хоног сайхан л байлаа хэдэн хониных нь төл авсан шиг, миний өвөө адуучин байсан хүн л дээ тэтгэвэртээ гараад олон жил болж байгаа хэдэн сайхан адуутай адуун дотор нь сэтэртэй өнжмөл дэлтэй онгоц шиг сайхан цагаан морь байдаг. Хэдэн адуугаа аваад ирсэн байгаа тэрүүхэн баруун тийшээ дэрстэй хужиртай сайхан бүрдэн дотор тэр сэтэртэй цагаан морь нэг хул гүү бас нэг жороо бор морь тэр гурвыг чөдөрлөөд бусдыг нь сул орхичихно нөгөө хэдэн адуу нь чөдөртөө гурвыгаа унага шиг дагана.
Нэг өглөө харсан чинь хэдэн адуу алга аа, Буурал аав минь хэлж байна дээшээ өндөр эрэг рүү явсан байх учиртай гадаа байгаа хүрэн атыг унаад яв нөгөө чөдөртэй гурвын хазаар мартав мөрийг нь мөшгөөд яв холдоогүй л байх гэж байна. Хүрэн атаа унаад л мөрийг нь олоод л дагаад тэшүүлж явсан чинь дэрсэн дотор уртаа татлаганы олс хэвтэж байна өгөршөөд хужир ургаад их л удсан бололтой юм аа, нөгөөхийг бууж аваад сайхан бугуйл шиг дугуйлж эвхээд тэмээнийхээ урд бөхөнд хийчихлээ. Хэдэн адууныхаа мөрийг дагаад л гүйлгээд байлаа даа.Ёстой буурал аавын минь хэлснээр өндөр эрэгний доод талаар явжээ нээх удалгүй бараа нь харагдлаа яваад очсон сэтэртэй цэнхэр өрөөлдчихсөн нөгөө хоёр нь чөдөртэй байна. Сэтэртэй цэнхрийнхээ хөлд нь суусан чинь баригдах янз алга эргэлдээд ердөө чөдөрлүүлэхгүй юм. Ядаад нөгөө өндөр эрэгний нэг адуу шахчихмаар тохой руу оруулж шахаж үзлээ бас л баригдахгүй юм уур хүрээд муу сэдрэг баригдсангүй гэж хараагаад морины хомоол шидээд жижиг чулуу ч шидэж үзлээ бүүр баригдах шинж алга. Тэгээд нөгөө өгөр олс санаанд ороод ирлээ шүү нөгөөхөө бугуйл болгож эвхээд эвтэйхэн зөөлөн шидсэн чинь орж байна бариад авлаа нөгөө өгөр олсоороо ногтлох гэсэн чинь толгойгоо шидлээд цохиж унагачих гээд хамар нь тачигнаад ногтлуулахгүй юм арай гэж ногтлоод авлаа нөгөө чөдөртэй хоёроо хүзүү хүзүүнээс нь холбоод сэтэртэй цагааныхаа хүзүүнд уяад хөтлөөд л явж өглөө шүү удсангүй гэртээ ирлээ ороод ирсэн чинь буурал маань цай чаначихсан сууж байна, цайгаа уучхаад Балхаа агентынд очоод тийм тийм юм аваад ир гэж байна. Тэгээд гадагшаа гарснаа орж ирээд чи сэтэртэй морь юугаар оосорлосон юм бэ гээд л их л сандрангуй асууж байна.
Хээр олс таарахаар нь оосорлоод ирсэн гэсэн чинь ээ бурхан минь юу хийх чинь энэ вэ одоо яадаг билээ гээд л загнаад сүйд боллоо доо. Би дотроо айж байна аа нээрээ сэтэртэй морь өгөр олсоор оосорлоод би гэдэг тэнэг хүн юм аа гэж бодоод дотроо их л эмээж байна буурал минь загнаж байснаа яв нөгөө хэлсэн юм аваад ир гээд хэдэн төгрөг өглөө нөгөө хүрэн атаа унаад л цагаан усаа өгсөөд л жонжуулж өглөө дөө замдаа олон л юм бодож байна сэтэртэй морь уурлаад сүйд хийх юм биш байгаа даа одоо яана аа гэсэн юм бодоод л аминдаа л гэмшээд яваа нь тэр. Зорьсон газраа ирлээ захисан юмыг нь тоо ёсоор авлаа буцаад л жонжууллаа даа. Хүрээд ирлээ хэдэн адуу баруун тал руу харагдаж байна. Тийш нь аваачиж чөдөрлөсөн бололтой сэтэртэй цэнхэр харагдаж л байна. Одоо бас л загнах байх даа гээд л их л гэмшингүй яваад орлоо буурал аав минь өө их сайхан зантай сууж байна. Авчирсан юм үзлээ за ашгүй дээ л гэж байна. Цайгаа уугаад сууж байсан чинь за миний хүү одоо айлтгүй дахиж битгий цаадахаа элдэв юмаар оосорлож байгаарай өөрийнх нь хазаараар л оосорлож бай болдоггүй юм шүү дээ, хүү минь цаадах чинь уурлачхаад арцаа үнэрлэж өгдөггүй тойрч сэлүүрдээд дайрчих гээд болдоггүй аав нь юм мэдэхгүй жоохон хүүхэд буруу юм хийсэн байна өршөөж үзээрэй гээд л гуйгаад номыг нь уншаад байсан чинь хэсэг дайрчих гэж байснаа арцаа сайхан үнэрлээд эвшээгээд газар хөрвөөж шилгээгээд сайхан тайвширлаа.
Одоо алзахгүй ээ миний хүү гэж байна. Тэгснээ чи ер нь дандаа нэг хачин юм хийж явах юм даа Яаж хээрийн өгөр олсоор сэтэртэй морь оосорлох ухаан буудаг байна. Өнгөрсөн зун чи бас яалаа тогорууны өндөг хагалж амиа алдах шахсан тэр нялх хөх ишиг яагаад үхсэн гэж бодож байна чиний амины орноос өгсөн юм шүү дээ хүү минь тэгээгүй бол чи одоо энэ орчлонд байхгүй байх ёстой хүн. Гэдэг байгаа даа бурхан минь. Тэгж л юмны учир тайлагдсан юм даа тэр цагаас хойш огтны хамраас ч цус гаргалгүй өдий хүрлээ дээ юм гэдэг учиртай.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН