Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Кинотеатрт “СОЙГДСОН” бүтээлүүд

Цар тахлын улмаас хөл хориотой байгаа ч уран бүтээлчид ажилласаар л удахгүй үзэгчдийн хүртээл болгох бүтээлээ “сойсоор” сууна. Одоогийн байдлаар Монголын уран сайхны 20 орчим шинэ кино бэлэн болчихсон очер, дугаараа эзлээд кино театруудад хүлээгдэж буй.
Попкорны үнэр, цахилгаан тоглоомын шуугиан, залуусын болзоо, найзуудын шуугиантай нийлээд энэ бүхэн бараг л нэг төрлийн таатай дурсамжийн жагсаалтад багтан үгүйлэгдэнэ. Ямартай ч тавдугаар сарын 31 хүртэл хөл хориог сунгасан учраас тэр болтол кино театрууд нээгдэхгүй.

Шинэ кинотеатрын нээлт хойшиллоо

 Баянзүрх дүүрэгт байрлаж буй “Синема Некст” кинотеатрын нээлт хоёрдугаар сард болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тус тусын онцлогтой долоон танхимтай энэ кинотеатрын 3D танхим 190 хүний суудалтай. Харин VIP танхим нь “Барко” брэндийн лазер тоног тѳхѳѳрѳмжтэй гэнэ.
Нийслэл хотод маань шинэ өнгө төрх нэмж, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг мэдрүүлэхээр зорьсон CINEMA NEXT хорио дууссан цагт л нээлтээ хийх нь ээ.

Онцгой нөхцөлд онцгой тэвчээр
гаргаж байгаа

Дэлхий даяар энтертайнмент, кино урлагийн бизнес хүнд байдалтай байна. Хятадад гэхэд 70 мянган кинотеатр хаалттай байгаа. Эхний хоёр сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн.
“Монголын кинотеатруудын “галын шугаманд” 1000 хүн ажилладаг. Тэдний цаана 1000 гэр бүл бий. Кинотеатрыг дагасан жижиг бизнесээс гадна энд киногоо гаргадаг студи, продакшнуудын ажилтнуудын тухай яривал бүр их тоо гарна. Үзвэр үйлчилгээний газар болох кинотеатрын НӨАТ, ХАОАТ-аас чөлөөлөх байдлаар дэмжих боломж бий. Ажлын байраа хадгалвал ажилтнуудад олгох 200 мянган төгрөг ч хэрэгтэй байгаа. Бид хорио тогтоосноос хойш гурван сар нам суулаа. Цаашид энэ хорио сунгагдаад л байвал кинотеатрууд дампуурахад бэлэн байна” хэмээн Icinema-гийн захирал Х.Жигжидсүрэн ярилаа.

Товлогдоод хойшилсон “Single Ladies-4”

2013 оноос хойш үзэгчдийг эморуулсан “Single ladies” цувралын дөрөвдүгээр анги энэ оны хоёрдугаар сарын 2-нд үзэгчдийн хүртээл болох байсан ч хорио тогтсоноор хойшилжээ. Халуун говь, хүйтэн өвөл, харийн нутгийг хамтад нь багтаасан энэ кино “Төгсгөл ба эхлэл” гэсэн давхар нэртэй. Хамаг л учиг, зангилааг тайлах энэ ангид Ариунсанааг нөхөртэй болох эсэхэд олон хүн “санаа зовж” буй.
Үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа “Ганц бие бүсгүйчүүд”-ийн цувралын дуу “Халуут” нэртэйгээр олон нийтэд хүрсэн бөгөөд аялгууг Т.Сэр-Од, шүлгийг Р.Эмүжин, Гинжин, Дзе нар бичжээ.
“Ю Фильм” уран бүтээлийн нэгдэл нь 2013 онд жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл “Single Ladies” 2013, “Тю Тю” 2014, “Single Ladies 2” 2015, “Амьдралоги” 2016, “Single Ladies 3” 2017 гэсэн таван киног үзэгчдэд хүргээд амжжээ.

“Хөнгөвчлөх өрөө” нэрээ солив

Манай улсад хавдрын улмаас жилдээ 4000 гаруй хүн нас барж байгаа харамсалтай мэдээ байна. Тиймээс МҮОНРТ хорт хавдраас урьдчилан сэргийлснээр хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах боломжийг таниулан сурталчлах зорилготой “Хөнгөвчлөх өрөө” бүрэн хэмжээний уран сайхны кино төслийг 2019 онд хэрэгжүүлсэн юм. Монгол болон Солонгост кино зургаа авсан энэ киног Ж.Сэнгэдорж найруулж буй.
...Галт бол ажил нь амжилттай яваа бизнесмен эр. Харин түүний үзэсгэлэнтэй гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш бүсгүй. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна. Галт нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар түүний болон гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэнэ. Аюулт өвчний талаар мэдсэн даруйдаа Гэрэл эр нөхрөө аван гадаад улс руу эмчилгээ хийлгэхээр явна. Нэгэнт дотор эрхтэнд үсэрхийлэн газар авсан өвчин тэдний насаараа хурааж хуримтлуулсан эд хөрөнгө болоод эрүүл биеийг нь ховх сорон авна. Гэсэн ч Гэрэл бууж өгөлгүй эр нөхрөө асрахын дээдээр асарч аюулт өвчинтэй тэмцэлдсээр байна. “Одоо ямар ч эмчилгээ хийлгээд нэмэргүй. Бид өөрсдөөсөө шалтгаалах бүх л зүйлийг хийж дууслаа. Та бүхэн үлдсэн мөнгөө үр хүүхэд, гэр бүл, үлдсэн цаг хугацаандаа зарцуул” гэх үгийг сонсоод Гэрэлд тэнгэр хөмрөх шиг л болно.
...Хүний итгэл найдвар гэдэг хэзээ ч үл тасрах агуу зүйл ажээ...
Хүний туйлын хүсэл бол амьдрах юм. Дааж давшгүй зовлон гэж байдаггүй. Амьдрах хүсэл л тэр бүхнийг давж гардаг юм байна. Магадгүй, энэ ертөнцөөс одсон хойно нь л тэр хүнийг үхэлд ялагдсаныг хүлээн зөвшөөрөх биз ээ.....


Амьдралын үнэ цэн, хүний мөн чанарын тухай өгүүлэх энэхүү бүтээлд залуу гэр бүл агуу хайрын хүчээр аюулт өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа тухай гарна. Эд хөрөнгө, хүний амь нас мөнх биш бөгөөд зөвхөн хүн хүнээ хайрлах агуу их хайр л энэ ертөнцөд үлдэж агуу хайрын түүхийг мөнхөд дуурсган оршино ...Энэ киноны зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тогложээ. Анх энэ төсөл “Хөнгөвчлөх өрөө” нэртэй байсан бол эдүгээ “Гэргий” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

“Хар сувдны нууц-2” бэлэн

Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамаас олдож, түүнийг эх орондоо авчрах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнам улсыг зорино.Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө.

Энэ бол “Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн кино. Одоогоос таван жилийн өмнө кинотеатруудад нээлтээ хийж байсан энэ киноны хоёрдугаар ангийг өнгөрсөн онд үргэлжлүүлэн хийжээ. Уг киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тоглосон.
Киноны хоёрдугаар ангид гол дүрүүд өөрчлөгдөөгүй бөгөөд зураг авалтыг ирэх арваннэгдүгээр сард хилийн чанадад хийнэ гэдгийг киноны гол дүрийн нэг болох жүжигчин Г.Алтаншагай хэлсэн. “Хар сувдны нууц” уран сайхны киноны туслах дүрд жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, Д.Баттөмөр буюу Батаа, Г.Эрхэмбаяр, загвар өмсөгч, мисс Т.Туяамаа нар тоглосон билээ.

“Фантастик” хүлээхгүй

Хагас жилийн турш үзэгчдийг “хуйлруулсан” “37-р точка” киноны төгсгөлийн ангиа “Фантастик”-ийнхан кинотеатрт гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч онцгой нөхцөл байдал үүссэнээр тэд шуурхай шилжилт хийж, онлайнаар үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тэд дараагийн уран бүтээл болох “Зура”-гаа мөн л дижитал хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр болжээ. Тавдугаар сарын 16-нд “Зура” нэгэн зэрэг улс орон даяар гарах бөгөөд “Юнивишн”, “ДДЭШ”, “Скаймедиа”, “Скайгөү”, “Лүүк тв” гээд бүх боломжит хувилбараар гаргах гэнэ. Түүнчлэн киноны төлбөрөө нэгжээр, банкаар мөн гурвалсан үйлчилгээний төлбөр дээр төлж болох хувилбартай аж.
“Фантастик”-ийн шинэ киноны гол дүрд Б.Тамир, Можух буюу Б.Батсайхан тоглож, бусад нь туслах дүр бүтээж, продьюсер, зургийн даргаар ажиллажээ.

“Сүүн зам” татуулах бүтээлүүдийг шагнана

Монголын кино институт нь “Найрамдал” ротаракт клубтэй хамтран “Алтан өргөө” кино наадмыг онлайнаар зохион байгуулах гэж буй. Найм дахь удаагийн “Алтан өргөө”-д хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй Монгол бүтээлүүдийг “Milky Way” төрөлдөө бүртгэн, шалгаруулах аж. Энэ наадамд хэн ч оролцож болох бөгөөд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна ухаарал өгсөн, урам хайрласан, эерэг байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм.
Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэх боломж нөхцөлийг хэрхэн бууруулах, аз жаргалтай эрүүл харилцаатай гэр бүл ямар байх ёстой вэ гэх мэт асуултуудад хариулт өгөх, олон нийтэд эерэг байдлаар нөлөөлөхүйц бүтээл байвал зохилтой тухай зохион байгуулагчид онцолсон байна. Хүчирхийлэл агуулсан контент нь хүмүүст түрэмгий зан үйл бий болохтой тодорхой хэмжээгээр холбоо хамааралтай болох нь олон судалгаагаар тогтоогдсон. Тиймээс уг төслийн гол зорилго нь олон нийтэд хүчирхийлэл харуулахаас илүүтэй эерэг, зөв хандлага бүхий харилцааг сурталчлах юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com