Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө бий болгодог гэдэг дээ. Монгол Улсад Эрдэнэтуяа гэдэг нэртэй 3350 хүн бий. Тэдний төлөөлөл болгон “Эра модель” агентлагийн захирал Дорждэрэмийн Эрдэнэтуяа, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Балгансүрэнгийн Эрдэнэтуяа нартай “уулзуулъя”. Сонирхолтой нь энэ хоёр хүн багадаа зэргэлдээ байранд амьдардаг байсан төдийгүй нэг нэгнийхээ гэрээр орж, гардаг дотно охид байжээ. Гэхдээ ажил амьдралын урсгал тэднийг эдүгээ тийм ч ойрхон уулзалдуулдаггүй. Дашрамд дуулгахад “Эра”-гийн Д.Эрдэнэтуяа багадаа “Улаан бүч” чуулгад дуулдаг байсан юм билээ.
ДБЭТ-ын гоцлол дуучин
Балгансүрэнгийн Эрдэнэтуяа:
Эрдэнэтэд тоглолт хийхээр очлоо. Чуулгынх нь байранд нэг залуу тааралдаад их л дотноор “Сайн байна уу, ажил төрөл сайн уу?” гэж мэндэллээ. Би ч хүн мэнд мэдэж байхад хариуд нь хамгийн сайхнаараа мишээгээд хариуллаа. Харин маргааш нь нөгөө залуу дахиж таараад, дотно мэндлэхийн зэрэгцээ юм ярих гээд байна аа. Би ч сайн танихгүй хүнтэй юу ярих билээ. Дөлөсхийгээд л холдлоо. Тэгтэл гурав дахь өдөр нь таарангуутаа миний мөрөн дээр их хүчтэй цохиод “Чи чинь одоо яагаад маяглаад байгаа юм бэ?” гэж байна. Би ч гайхаад “Та намайг хүнтэй андуураад байна уу? “гэлээ. Залуу нэлээд эгдүүцсэн байдалтай “Чи Туяа мөн биз дээ” гэв. “Тийм ээ, би Туяа мөн. Гэхдээ таныг нэг л сайн танихгүй байна” гэж хариултал “Тэгээд яагаа вэ, би чамайг дуучин Ширмэнтуяа байна гээд таниад байхад, чи яагаад байгаа юм бэ” гэдэг байгаа. Дууддаг нь нэр бас мэргэжил нэгтэй, төстэй царайтай хүнтэйгээ ингэж нэг андуурагдаж байсан шүү.
“Эра модель” агентлагийн захирал
Дорждэрэмийн Эрдэнэтуяа:
Намайг бага байхад ихэнх хүмүүс л Туяа гэж дууддаг байсан. Дараа нь загвар өмсдөг болтол Туяацэцэгийг Туяа гээд намайг Эрка гэх болсон. Гэхдээ одоо намайг гудамжинд эсвэл хаа нэг газар явж байхад Туяа, Эрка, Эрдэнэтуяа гэж дуудах юм бол би эргээд л харна. Тэгж байсан тохиолдол ч байдаг байх. Ёстой л нэр нэгтийн чих нэг гэдэг нь энэ байх даа. Гэхдээ би нэг их олон Эрдэнэтуяаг танихгүй ээ. Миний үеийнхэнд л байдаг, тийм ч элбэг биш нэр байх.
Мөсөн гулгуурын талбайд өнгөрүүлсэн дурсамж
Ижил нэртэй охид 14 настайдаа бие биеэ олж, түүнээс хойш байрны гадаах мөсөн гулгуурын талбайд хацраа улайтал наадацгаадаг байжээ. Оросоос дөнгөж ирсэн Б.Эрдэнэтуяа бага зэрэг аялгатай ярьдаг нь найзад нь олз болж, инээд наргианы эх ундарга болсон түүхтэй. Нэлээд өвөрмөц, даргархуу хоолойтой гэж “Эра” Эрдэнэтуяа найзыгаа тодорхойлсон. Харин дуучин бүсгүй загвар өмсөгч найзыгаа араараа мурилзтал гулгадаг адтай охин байсныг нь ярьсан. Загвар өмсөгч бүсгүй маань нэлээд эршүүд нэгэн байсан гэнэ лээ. Мөсөн гулгуурын талбайд тоглож байгаад хөвгүүд малгайг нь булаачихвал зодож байгаад л булаагаад авчихдаг байсан гэнэ. Аальгүйтэж мэдэхгүй, биедээ эвтэйхэн хувцсаа өмсөөд л явдаг байж. Тэгтэл эгчийнх нь найз анхны загвар өмсөгчийн дамжаанд явснаар түүнийг “уруу татаж” загварын ертөнцөд хөл тавиулжээ.
Энэ бидний АМЖИЛТ
Дуучин Б.Эрдэнэтуяа: Би гадаад хэл сурснаа хамгийн том амжилт гэж боддог. Одоо залуу дуучиддаа дууны болон дуурийн тухай мэдээлэл хайхад нь би тусалчихдаг. Олон орны дуучидтай харилцаж байна. Тэгэхээр энэ л миний амжилт юм даа.
“Эра” Д.Эрдэнэтуяа: Амжилт гээд ярихаар үр дүн гараагүй байхад хариулахад хэцүү юм. Би энэ олон жил хүүхдүүдийг сургалтад хамруулахдаа гоо сайхан гэдэг зүйл бол гаднах үзэмж бус боловсрол, мэдлэгийн хэмжүүр гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Ямар ч хүн гоо сайхандаа анхаардаг. Тэгэхээр энэ бол энгийн зүйл. Харин өөрийгөө хөгжүүлж, сэтгэлээ сайхан байлгана гэдэг бол өөр хэрэг.
Талархал
“Эра модель” агентлагийн захирал Д.Эрдэнэтуяагаас юунд хамгийн их талархаж явдгийг нь асуухад “Хүн болж төрсөндөө хамгийн их талархдаг. Ямар ч бүрхэг өглөө би гэрээсээ гараад алхахдаа цээж дүүрэн амьсгаа авч, сэтгэл хангалуун байдаг. Бас хүү минь миний амьдралын гэрэл гэгээ” хэмээн хариулсан. Харин дуучин Б.Эрдэнэтуяа “Амьдралаас олон сайхан бэлэг авсан. Олон жил гадаадад амьдрахаар эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрдэг юм байна. Дуу дуулахдаа ч, сонсохдоо ч бахархах юм. Бас энэ мэргэжлийг эзэмшиж зөвхөн Эрдэнэтуяагийн биш Аида, Дездемона, Чио Чио Саны өмнөөс тайзан дээр амьдарч сэтгэл зүрхээрээ тэр хайр дурлалын түүхийг мэдэрнэ гэдэг сайхан” хэмээн хариулсан.
Эмэгтэй хүн байх үлгэрийг өөрсдөөрөө бий болгож сайн уран бүтээлч, багш, эзэгтэй, ээж байхаар зорьж яваа тэдний мөрөөдөл дэндүү их. Уран бүтээл ажил үйлсийн их зам нь үргэлж тэднийг холбож байх биз ээ.
ЭХ СУРВАЛЖ :"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН