Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Мөнхсоёл: Нэг ч гэсэн зүйлээрээ хүнд хэрэгтэй байхыг хүсдэг

 Залуу жүжигчин Н.Мөнхсоёлтой ярилцлаа.

-Ковидтой холбоотойгоор ажил багасав уу?
-Ерөнхийдөө багассан, том төсөл болон нэг ангит уран сайхны кинонууд хойшилсон. Бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад ажилласаар л байгаа болохоор бүр ч муугүй ээ.
-Хамгийн сүүлд “Бэрүүд” олон ангит уран сайхны кинонд тоглосон байсан. Энэ талаар бидэнд ярьж өгнө үү?
-20 ангитай “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тоглосон. Бэрүүдийнхээ дундаас нэлээд ааш муутай, хадмуудтайгаа түнжин муутай, нөхрөө байнга дарамталдаг ааш муутай эмэгтэйн дүр. Би анх удаа ааш муутай эмэгтэйн дүрд ажиллалаа. Хүмүүс үзэнгүүтээ энэ хүн амьдрал дээрээ ийм байх аа гэж өрөөсгөл ойлгоод байдаг. Тэгвэл миний энэ дүрээс “Би нэг иймэрхүү зантай шүү, нөхөртөө дандаа ингэж муухай ааш гаргадаг даа, хадам ээж аавтайгаа ингэж муудалцдаг даа” гэдэг ч юм уу өөрийнхөө алдаа, дутагдлаа хараасай.
-Дүртэйгээ холбогдож дуудуулдаг уу. Тэр дундаас таалагддаггүй жишээ бий юү?
-Эсрэг дүрд тоглож байгаагүй учраас тэр тал дээр асуудалгүй. Харин эсрэгээрээ “Мөрдөгч” олон ангит уран сайхны киноны Гэрэлмаагийн дүрээрээ “сайлуулдаг”. Анх намайг үзэгчдэд таниулсан дүр л дээ. Сайлуулдаг гэдэг нь хүмүүс ам сайтай болохоор тэгж хэлж байгаа юм шүү.
-Спортоор хичээллэдэг үү?
-Хичээллэдэг.
-Ямар төрлөөр?
-Жимээр хичээллээд алдаг оногоо бодвол зургаан жил болжээ.
-Цагдаагийн дүрд тоглохдоо буу барих, зодооны бэлтгэл хийж байсан байх даа.
-Дүрийн судалгааны хүрээнд мэргэжлийн хүмүүсээс сургалт авч байсан. Тухайн үед хамт тоглож байсан эрэгтэй жүжигчид баруун нүдээрээ онилж бууддаг байсан бол би зүүн нүдээрээ онилдог байсан. Хүмүүс намайг “Чи буруу хараад байна шүү дээ” гэтэл зааж байсан багш “Мэргэн буучид зүүн нүдээрээ онилдог. Цаашдаа энэ төрлөөр хичээллээд үзээрэй” гэж хэлж байсан.
-Юм юманд адтай юм аа. Саяхан өндөр утасны эксрем үзүүлбэрт оролцсон байсан. Тэрэлжийн Зуун ламын агуйн хадан дээгүүр газраас 30 метрийн өндөр утсан дээр тэнцэж алхлаа. Ямар мэдрэмж төрсөн бэ?
-Эхлээд жаахан сандарсан, аймаар байсан. Тэгээд өмнөө яваа хүнийхээ амьсгалыг хүртэл мэдрээд алхахаар үнэхээр кайфтай юм билээ. Айх биш алсыг хараад жаргаж байгаад буусан.
-Эрсдэлтэй юм хийхээс айдаггүй талын хүн үү?
-Тийм байх. Бүх юмыг л туршиж үзэх гээд байдаг зоригтой гэх юм уу. Бүр өндрөөс хөлнөөсөө бэхлүүлж үсэрч үзмээр санагдаад байгаа. Усан онгоцноос бэхлүүлээд шүхэртэй явж, далай доогуур шумбаж үзсэн. Ер нь экстрем юм хийх дуртай.


-Спортын хувьд экстрем төрөлд дуртай юм байж. Тэгвэл амьдрал дээр эрсдэл гаргахаас айдаг уу?
-Айдаг. Нэлээн бодож, бодож шийдвэр гаргана.
-Бодож бодож шийдээд алдаа гаргавал яах вэ?
-Мэдээж хямарна. Юун дээр алдчихав, яах ёстой байсан бэ гэж бодох ч нэг их удаан эморч, шаналдаггүй. Бусдыг буруутгаж, өөрийгөө өмөөрөөд шаналаад байдаг хүмүүс байдаг. Би тийм төрлийн хүн биш байх. Хэдэн минут эморонгуутаа их хурдан сэргэчихдэг. Ээжийнхээ зантай төстэй юм уу даа.
-Ээж, аав нь юу хийдэг хүмүүс вэ?
-Одоо солонгос, монголын хооронд бизнес хийдэг. Аав геологич, ээж эмч мэргэжилтэй.
-Айлын бага бил үү?
-Би нэг эгч, ахтай айлын бага охин. Гэхдээ эрх биш хэрсүү талдаа.
-Амьдралын зовлонг дааж хэрсүүжиж яваа хүн үү, аль эсвэл санасан бүхнээ авдаг хайрлуулдаг эмэгтэй юү?
-Тавь тавин хувьтай байх аа. Бүх юм нь бэлэн зэлэн айлын хүүхэд биш. Багаасаа л өөрөө хийж, туршиж, оролдож ирсэн. Дунд сургуулиа төгсөөд л Солонгос руу ээж, аавыгаа дагаад сургуульд сурах гээд явсан. Тухайн үед ээж, аав хоёр маань караоке, карго ажиллуулдаг байсан болохоор 15 настай байхдаа каргонд сууж, доллар, вон шилжүүлж авдаг байлаа. Манай хоёр “Дөрвөн жил бизнесийн ангид давхар сургасан шүү” гэж алиалдаг юм. Бие давхар байхдаа ч хичээлдээ суудаг, солонгост сурдаг найзтайгаа андройд утас оруулж ирж зардаг ч байлаа. Зүгээр суух дургүй. Амьдрал надад сайхан мэргэжил, хамт олон, үр хүүхэд заяаж байгаа ч гэсэн тэр бүхнийг өөрөө хөдөлмөрлөж олж байгаа.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Багын мөрөөдөл. “Хөөрхөн хүүхэн” киног үзээд л ийм гоё жүжигчин болох сон гэж бодоод гудамжаар явахдаа өөрийгөө гол дүр гэж төсөөлөөд, бусдыг туслах дүр болгоод тэрүүхэндээ сцен зохиогоод төсөөлдөг байж билээ. Аав, ээж минь ч дэмжсэн. Эхлээд дунд сургууль төгсөхөөр нь ээж мэргэжлээ өвүүлж эмч болгоно гэдэг байсан.
-Н.Мөнхсоёл кинонд голдуу тоглодог. Театрын тайз мөрөөдөх үү?
-Хамгийн мундаг нь театрын жүжигчид. Их сургуулиа төгсөхөөсөө өмнө гуравдугаар курст байхаасаа кинонд ажиллаад эхэлсэн, багш минь бас “Чи бол киноны хүн шүү” гэж зөвлөсөн болохоор ч тэр үү өдий хүртэл кинондоо л тоглоод явж байна. Театрын тайз мөрөөднө өө.


-Чиний дотор сонгодог жүжгийн ямар дүр оршиж байгаа бол?
-Эмэгтэй жүжигчин болгон л гэнэн хайр дурлалын оргил болсон Жульеттаг мөрөөддөг байх аа.
-Удахгүй театрт “Анна Каренина”-г тоглох гэж байна. Чи энэ дүрд тоглох байсан бол ямар санагдах вэ?
-Тийм гоё том дүр, олон зууны турш хуучраагүй зохиолд оролцох боломж олддог бол бүр том мөрөөдөл биелсэн шиг болох байх аа.
-Дотоод сэтгэлийн зөрчилдөөн ихтэй тийм ээ. Чи хувийн амьдрал дээрээ тийм сонголт хийж чадах уу?
-Чадахгүй байх аа.
-Насаараа нэг хүнтэй аз жаргалтай амьдарч байгаа хүн олон. Гэхдээ жүжигчид сэтгэл хөөрлийн дунд амьдардаг болоод ч тэр үү дурлах шалтгаан ихтэй байх аа. Нэг хүнтэй насаараа амьдрах ёстой гэдэг дүрэм хэр зөв юм бол оо?
-Нэг хүнтэйгээ насан турш үнэнчээр салшгүй амьдарч байгаа хүмүүсийн тод жишээ нь миний аав, ээж хоёр. 3-4 настайгаасаа хамт тоглож, дунд сургуулиа хамт төгсөөд өдий болтол хамтдаа байгаа тэднийгээ харахаар сайхан санагддаг. Гэтэл өөрийгөө бодохоор эхний амьдралдаа буруу сонголт хийсэн. Хоёр талтай л юм. Хүн насан туршийн ханиа зөв сонговол сайхан л даа.
-Залуучуудад хосоо хэрхэн зөв сонгох тал дээр туршлага аргагүй л дутдаг. Өөрсдөө жаахан байж гэнэн шийдвэр гаргаад дараа нь шантардаг.
-Ээж, ааваасаа зөрүүдэлж байгаад сонгочхоод бурууддаг. Хэт залуудаа гэр бүл бий болгох гэж тэмүүлэх зөв биш ч юм шиг ээ. Өөрийгөө ч бүрэн таниагүй байж өөр хүнтэй нийлж гэр бүл болоод, үр хүүхэд төрүүлээд явдаг. Эхлээд өөрийгөө олж, юунд дуртайгаа мэдэж, боловсорч хөгжөөд явбал бодол хүртэл төлөвшсөн үед тохирох хүнээ зөв олж таних байх аа.
-Одоогийн Соёлоогийн сонголтод ямар залуу тэнцэх вэ?
-Миний мэргэжлийг маш сайн ойлгож, хүүг минь өөриймсөг хайрлаж халамжлах хүн л таалагддаг. Би хүний хүмүүжил, сэтгэлийг харах дуртай. Гэхдээ бас гадаад байдал ч нөлөөтэй. Их олон шаардлагатай.
Бүх хүн тийм байдаг эсэхийг мэдэхгүй ч урлагийн хүн болоод ч тэр үү жижигхэн таалагдсан үйлдэлд нь татагдаад дурлачихдаг.
-Хэр олон дурлалтай учрав даа?
-3-4 удаа дурласан. (Инээв)
-Яагаад хувийн амьдралаа бусдаас нуухгүй, нээлттэй байлгадаг юм бэ?
-Юуг нь нуух вэ дээ. Хүн болгон л анх удаа амьдарч алдаж, онож байгаа. Хууль бус зүйл хийгээд яваа биш. Хүмүүс миний амьдралыг сонирхоход бүтээгүйг нь зөвлөгөө болгож ойлгуулаад л бүтсэнийг нь жаргалтай яриад л явдаг.
-Жүжигчний мэргэжлээрээ санхүүгийн байдлаа аваад явах боломж Монголд хангалттай байдаг уу. Эсвэл өөр бизнес хийдэг үү?
-Тогтвортой авч явах хэцүү. Жилд хэдэн кинонд тоглох билээ. Тийм болохоор хажуугаар нь реклам, сурталчилгаа хийж л байгаа юм. Би өмнө нь эгчтэйгээ нийлээд “2М” энтертайнмент ажиллуулж реклам, клип хийж байсан. Уран зураг зурдаг хобби маягийн сургалт явуулж, хувцасны дэлгүүр ч ажиллуулж явлаа. Энэ мэтээр жижиг, сажиг юм хийнэ ээ.
-10 жилийн дараа Н.Мөнхсоёл ямар байр суурьтай хүн болсон байх бол?
-Мэргэжлээ сонгоод сурч байхдаа багштайгаа алс хэтийн талаараа их ярилцдаг байсан. Найруулга, продюсерийн талдаа сонирхолтой. Кино үзсэн ч жүжигчдийн тоглолтоос илүү найруулгыг нь хардаг. 10 жилийн дараа өөрийн гэсэн продакшнтай болж, гоё гоё уран бүтээл хийх юм сан гэж хүсч байна.
-Мөр зэрэгцэн ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ хэнийг үлгэр жишээ хүн гэж боддог вэ?
-“Бэрүүд” кинонд хамтран тоглосон жүжигчин Баярхүүг онцолмоор байна. Хүндэлмээр хариуцлагатай, амьдралын ухаантай, суралцах зүйл ихтэй хүн. Гэргий нь бас жүжигчин эмэгтэй бий. Эмэгтэй жүжигчдээс Мишээлийгээ хэлнэ. Өмнө нь “Хамтдаа” гээд олон ангит кинонд ажиллаж байсан. Тухайн үед зураг авалт зөрчихдөг байсан учраас ойр дотно нөхөрлөж байсангүй. Сүүлд “ID film” залуу уран бүтээлчид хамтраад “Story movie” хийж байгаа. Түүнийг Мишээл хариуцаад ажиллаж байгаа. Энэ бүхнийг ажиглаад жүжигчнийхээ хувьд зүгээр суухгүй, гоё гоё контент хийгээд л, хөдөлгөөнтэй, сэргэлэн, өөрийнхөө үеийн жүжигчдийг нэгтгээд сайхан ажил, бүтээл хийгээд яваа нь таалагддаг.
-Юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ. Өглөөг яаж эхлүүлдэг вэ?
-Ажил байхгүй бол жаахан унтана аа. Тэгээд л утсаа шалгаж, сошиал хуудсуудаа нээж мэдэгдлийг яаралгүй хардаг. Өглөө бүр хүмүүсээс сайхан мессеж ирчихсэн байдаг. Стори нь гоё байлаа, киног нь үзэх дуртай шүү ч гэдэг юм уу. Түүнийг уншаад өдрийг эхлүүлэх сайхан санагддаг.
-Найз нартаа ямар шалгуур тавьдаг вэ. Хэр олон дотнын найзтай вэ?
-Их олон найзтай байлаа. Сүүлдээ шигшигдсээр байгаад гарын таван хуруунд багтах найзтай үлддэг юм билээ. Муудалцаад салдаг юм биш л дээ. Гэр бүлтэй болоод ч юм уу явцаараа л үргэлж хамт байхаа больдог. Дунд сургуулиасаа хамт байсан найзууд маань бүгд гадагшаа гараад ажиллаж хөдөлмөрлөөд явчихсан. Сүүлийн үед уран бүтээлч найз олонтой болсон доо.
Найзууд бие биедээ ямар ч атаархалгүй л нөхөрлөх ёстой санагддаг. Хүнд итгээд хувийн амьдралынхаа тухай ярихад “Битгий хэлээрэй” гээд цааш нь ярьчихдаг. Чин сэтгэлээсээ нөхөрлөвөл сайхан.
-Ямар нөхцөл байдалд ганцаардлыг мэдэрдэг вэ?
-Ямар нэгэн шийдвэр гаргахдаа ганцаарддаг. Илэн далангүй юм шиг хэрнээ асуудлаа бусдад ярьдаггүй дотогшоо талдаа. Тэр үедээ их ганцаардана. Хүн болгоны зовлонг хуваалцдаг хэрнээ яагаад ийм үедээ ганцаараа байдаг юм бэ гэж бодно.
-Одоо бол олны дунд амьдарч байна. Энэ бүхнээс салгаад ганцааранг нь аваачаад тавьчихвал ямар байх бол?
-Аймшигтай. Би шавж, хорхойноос айдаггүй хэрнээ ганцаардлаас айдаг. Хүнд хэрэггүй хүн болчих вий гэж айдаг. Чадаж байгаа ганц юмаараа ч гэсэн хүнд хэрэгтэй байхыг хүсдэг.
-Амьдралын утга учрыг юу гэж боддог вэ?
-Мэдэхгүй шүү дээ. Өөрөө ч мэдэлгүй энэ хорвоод ирээд, амьдраад үр хүүхэдтэй, эзэмшсэн мэргэжилтэй болж түүгээрээ таашаалтай ажиллаж байна. Гэхдээ утга учрыг нь бүрэн сайн мэдэхгүй л дээ. Сүүлийн үед шунал багатай, эерэг болоод байгаа. Нас нэмээд ч тэр юм уу. Байгаагаасаа сэтгэл ханамж мэдэрч, жаргалтай байхыг хичээж байгаа. Ядаж намайг үхсэний дараа “Цаадах чинь шуналтай, сэжгийн хүүхэн байсан гэх биш цаадахыг чинь ороод ирэхээр инээд хөөр цалгидаг байж билээ” гэж яриулмаар байна. Зөв энерги, гэрэл гэгээ цацруулсан хүн байхыг хичээдэг.
-Хүүгийнхээ хүмүүжилд юуг чухалчилдаг вэ?
-Би хүмүүжил, төлөвшил гэж нарийн анхаараагүй ч миний хүү цаанаасаа л хүмүүжилтэй сайн хүү. Эмээ, өвөөгийн нөлөө их ээ. Би ажилтай үедээ аав, ээж дээрээ л үлдээнэ. Их зөөлөн хүү. Реклам үзээд ч уйлчих гээд байдаг талтай.
-Баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com