Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Мөнхбаатар: Дуртай ажлаа хийж байгаа бол хөлдүү мөс рүү орсон ч яах вэ дээ

Дундговь аймгийн Дэрэн суманд 1956 оны аравдугаар сарын 20-нд Даржаагийн хүү болон мэндэлсэн Мөнхбаатар өдгөө нутагтаа циркийн урлагийн залгамж халааг бэлтгэхээр ажиллаж байна. 40 жилийн тэртээ ЗХУ-ын Цирк эстрадын дунд сургуулийг акробат, тэнцвэр, жонглёрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1976 оныхон дундаа “хоёр нутагтан” гэж нэрлэгддэг гурвын нэг. Гавьяат жүжигчин Дамбын Батсүхтэй ерөнхий боловсролын дунд сургуульд байхаасаа л нөхөрлөж, Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль, Москвагийн Цирк эстрадын дунд сургуульд ч ижилсэн хамтдаа явсан анд нь. 
Д.Мөнхбаатар ахтай өнөө цагийн ажил үйлсээс нь эхлэн өнгөрсөн үеийнх нь тухай хөөрөлдлөө.

-Дундговь аймаг өөрийн гэсэн циркчидтэй болохоор нутгийн хүүгээ уриа юу?
-ХБК төгссөн, бүжигчин н.Ууганбаяр гэдэг залуу нутагтаа “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн ордон байгуулж хариуцан ажиллаж байна. Энд морин хуур, бүжиг, шатар, даам гээд олон төрлийн дугуйлан бий. Тэр дунд циркийн анги нээж, 10-аад хүүхэд аваад ажиллаж байна даа. 
Бас алсуураа манай аймгийн дарга байсан С.Од-Эрдэнэ бол Монголын циркийн алдарт амьтан сургагч Ц.Сандагийн хүү шүү дээ. 
Ер нь би нэгэн үе циркээс хөндийрчихсөн байсан л даа. Харин нутгийнхныхаа хүсэлтийг хүлээж аваад 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сургалтаа эхлүүлсэн. 
-Ажил хэр урагштай байна даа?
-Зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар тайлангаа тавьдаг. Циркийн сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй харицуулахад дутахгүй л юм шиг санагдаж байна. Бидэнд том орон зайтай байр, тоног төхөөрөмж байхгүй болохоор зарим талаараа дутуу байх нь ойлгомжтой. 
-Дундговь руу дуудагдахаасаа өмнө юу хийж байв даа?
-Хувиараа л арилжаа наймаа хийж байлаа. 1991 онд Румын руу хувийн гэрээгээр явснаасаа хойш цирктээ эргэж ажиллаагүй юм байна. Румын, Болгарт йогийн үзүүлбэр хийж байгаад нэг жил Солонгост өөр ажил хийсэн дараа нь АНУ-д байж байгаад 2006 онд ирсэн. Гадаадад бол янз бүрийн л ажил хийж байлаа. Энд машин, тэрэгний наймаа л хийлээ. 


-Йогийн үзүүлбэр гэсэн чинь сонирхолтой сонсогдож байна шүү. Циркийн сургуульд үүнийг заадаггүй байх аа, тийм үү?
-Тийм ээ, заахгүй. 1989 онд өөрөө сонирхлоороо сурсан. 
-Өмнө нь өөр хүн хийж байгаагүй юу?
-Намайг анх хийж байхад н.Санжаа гээд нэг залуу хийж байсан. Би энэ номерынхоо хөгжмийг өөрөө сонгож, тавилтыг нь хийсэн. Монголд бараг тоглоогүй дээ. Циркийн орлогч даргатай хамт Румынд гурван сар ажиллахдаа йогийн болон сул шатны номер тоглосон. Хүмүүс йогийн номерыг илүү сонирхсон. 
-Тавилт, хөгжим, трюк нь ямар онцлогтой байсан бэ?
-Эхлэл нь бөөгийн бүжигтэй. Тэгээд гал үмхэж, улайсгасан төмөр долоож, хадаас, шилэн дээр хэвтдэг. Бас биеэ сүлбэнэ. 
-Эвгүй сонсогдож байна шүү. Яагаад ийм номер хийх болсон юм бэ?
-1989 онд байх аа, манайд олон улсын цирк ирэхэд оросын нэг жүжигчин шилэн дээр хэвтсэн. Түүнийг хараад л өөрөө оролдож, янз бүрийн юм хийсэн. Зураг, хөрөг хайж нэлээд судалсан. Одоогийнх шиг интернэт ийм элбэг биш байсан шүү дээ. Өөрийнхөө олж мэдсэн 5-6 трюкийг долоон минутын үзүүлбэр болгож бэлдсэн. Хувь хүнээс тэвчээр их шаарддаг болохоор байнга бэлтгэл хийж, биеэ бэлдэж мөнчигрөөрөө зүтгэсэн дээ. 
-Та сургууль төгссөнөөсөө хойш ямар ямар номер хийсэн бэ?
-Хамгийн анх “Сул шатан дээрх жонглёр”, “Кольцон дээрх гимнастик”, “Баганат гимнастик”, тэгээд “Саваатай жонглёр” хийсэн. ЗХУ-руу сурахаар явахдаа алиалагч болох чиглэлтэй явж байлаа, Д.Батсүх бид хоёр. Анх Д.Батсүх маань Циркийн сургуульд ороод “Гоё юм байна. Хүрээд ир” гэснээр би 10-аад хоногийн дараа орж байлаа. Тухайн үед бид хоёроос гадна, манай 17 дугаар сургуульд сурдаг Намсрайжавын Болдбаатар бас Циркийн сургуульд орсон. 


1975 онд Москвад гуравдугаар курсээ төгсч ирээд дадлагын тоглолт хийхэд алиалагчаар орсон. Төгсч ирээд циркт ажиллаж байгаад 1977 онд цэрэгт яваад 1980 онд эргэж ирсэн. Эргэж ирснээсээ хойш алиалагч хийгээгүй. Илүү өөр номер хийвэл сонирхолтой санагдаж, янз бүрээр өөрийгөө сорьсон. 
-Циркийн урлаг таны амьдралд ямар сайхан зүйлсийг бэлэглэсэн бэ?
-Циркийн буян их ээ. Эрүүл мэнд, гоо сайхан, тэвчээр хатуужил гээд амьдралын сайн сайхан бүхнийг надад өгсөн. 60 гаруй настай ч циркийн буянаар нутгийнхныхаа урилгаар ажиллаж байна. 
-Танд төрөөс авсан шагнал, урамшуулал байдаг уу?
-Шагнал энэ тэр байхгүй ээ. Манай үеийнхний олон авьяастан дунд тэгж үнэлүүлсэн хүн ч байхгүй шүү дээ. Би бол яах вэ. Тэдэн шиг авьяастай биш. Д.Батсүх маань ч Гавьяат жүжигчин цолыг циркт байхдаа аваагүй. 1976-1990 онд Монголын циркийн урлагийг нуруундаа үүрч бүхнээ зориулсан манай үеийнхэн дунд Ё.Батболд гэж гайхамшигтай жүжигчин байлаа. Энэ хүн ачааны хүндийг үүрсэн хэрнээ шагнуулж байгаагүй. 
Бас хувь хүнийх нь хувьд би н.Цэдэнбал (Цээеэ) ахыг их хүндэлдэг. Энэ хүнтэй олон тоглолтод хамт явлаа. Хөдөө орон нутгийн аялан тоглолтод миний сул шатны номерыг дандаа авч явна. Цээеэ ахын зохион байгуулсан тоглолт дандаа дүүрэн үзэгчтэй байдаг. Соёлын яам Циркийг мөнгөний машин л гэж хардаг байлаа шүү дээ. Тэр үүргийг давуулан биелүүлдэг байсан хэрнээ ямар ч гавьяа шагнал хүртээгүй. Энэ хоёр хүний өмнөөс л их харамсдаг. 
-Алиалагч Д.Батсүх та хоёр дотно найзууд уу?
-1964 оноос хойш гэхээр насаараа найзалсан хоёр. Манай Д.Батсүх бол багын л нэг ийм тийм ой сайтай их сэргэлэн хүү байсан. Пионерийн гишүүн, эрээн галстуктай бүлгэмийн дарга. Харин би салааны дарга байсан. Манай хүн сурлага сайтай, аавтайгаа хамт хоёулхнаа амьдардаг хүү байсан. 


-Хүүхдүүдтэй нь одоо та холбоотой байдаг уу?
-Д.Батсүх маань дөрвөн хүүхэдтэй. Өөрийгөө “6Б” компанийн захирал гэдэг байсан юм. Эхнэр нь н.Буянтогтох, өөрөө Д.Батсүх, тэгээд Батчимэг, Батзориг, Баярчимэг, Можуул(Можуулын жинхэнэ нэр нь бас Б-гээр эхэлсэн. Энэ удаа Д.Мөнхбаатар ах нэрийг нь мартчихаад санасангүй) дөрвөн хүүхэдтэй болохоор тэгсэн хэрэг. Аав шигээ хээгүй жинхэнэ монгол эр. Уг нь айхтар архинд орсон хүн биш ч содон хүн болохоор ууж, согтсон үедээ тод анзаарагддаг байсан байх аа. 
-Та циркт ямар ямар хүнтэй хамт номер хийж байсан бэ?
-Улсын циркийн “Агаарын нисэлт”-ийн анхдагч н.Ганболд ахтай ажиллаж байлаа. Тэр хүний удирдлагад “Баганат гимнастик” номерыг хийсэн. Шаардлага өндөртэй зарчимч хүн байлаа. Үеийнхнээсээ гэвэл Ё.Батболд шиг жүжигчин ховор доо. 
-Гэмтэж, бэртэж байсан уу?
-Айхтар гэмтэж байгаагүй. Сайн бодож, тооцоолж бэлтгэлээ хийдэг болохоор давгүй. Жижиг, сажиг бэртлийг бол бид тоохгүй шүү дээ. Бидний л ажил юм хойно. Харин одоогийн энэ жүжигчид кино зураг авхуулчхаад л “Ус хүйтэн байлаа” энэ тэр гээд ярьдаг нь утгагүй санагддаг . Дуртай ажлаа хийж байгаа бол мөс рүү орсон ч яах вэ дээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com