-Тэд шигшээ багийнхаа тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд үзэх эрхтэй боллоо-
Ираны эмэгтэйчүүд өчигдрөөс эхэлж хөлбөмбөгийн тоглолтыг цэнгэлдэхэд үзэх эрхтэй болж байна. Аравдугаар сарын 10-нд Тегеран хотод 2022 оны Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Ази тивийн С хэсгийн Иран-Камбожийн шигшээ багийн тоглолтыг иран эмэгтэйчүүд цэнгэлдэхэд үзэж сонирхов. Ираны эрх баригчид олон жилийн турш эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн оролцоотой тэмцээнийг спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнд үзэхийг хориглож ирсэн билээ.
Нэгэн иран эмэгтэй Твиттер хуудсандаа “Тоглолтын тасалбар авлаа. Цэнгэлдэх хүрээлэнд очно. Миний үгэнд итгэж байна уу?” хэмээн жиргэжээ. Өчигдөр нийслэл Тегеран хотын “Азади” цэнгэлдэх хүрээлэнд болсон Иран-Камбожийн тоглолт 1979 онд Иранд Исламын хувьсгал ялснаас хойших эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэнд чөлөөтэй нэвтэрсэн анхны спортын арга хэмжээ боллоо. Энэ хүртэл цэнгэлдэх хүрээлэнд тусгай урилгатай эсвэл эрэгтэй хүн шиг хувцаслаж, нүүр царайгаа нуусан эмэгтэйчүүд л нэвтэрдэг байж.
Идэвхтнүүд олон жилийн турш эмэгтэйчүүдийн үзэх эрхийн төлөө тэмцэж ирсэн. Гэвч тэдний үгийг Ираны эрх баригчид тоохгүй байв. Нэгэн эмэгтэй хайртай багийнхаа тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд үзэх гэж оролдсон. Гэвч түүнийг шүүхэд өгч яллахаар болсон. Дараа нь тэр эмэгтэй өнгөрсөн есдүгээр сард шүүхийн байрны өмнө өөрийгөө шатаасан билээ. Уг явдлын дараа Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) Ираны эрх баригчдад шахалт үзүүлж эхэлсэн. Ираныг ФИФА-гаас хасах, олон улсын тэмцээнд оролцуулахгүй тухай яриа гарсан. Түүний дараа Ираны эрх баригчид эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх боломж олгосон. 80 мянган хүний суудалтай “Азади” цэнгэлдэх хүрээлэнд тусгайлсан 3500 суудлыг эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд өгөхөөр болсон нь Ираны хөлбөмбөг сонирхдог бүсгүйчүүдийг баярлуулав.
Баярлаж хөөрсөн бүсгүйчүүд олон нийтийн сүлжээнд тасалбарын зургаа нийтэлж бусадтай хуваалцав. Аравдугаар сарын 4-нд худалдаанд гарсан тоглолтын тасалбар нэг минутын дотор борлуулагдаж дууссан байна. 35 настай Тегераны нэгэн бүсгүй амьдралдаа анх удаа тоглолтын тасалбар худалдаж авсан гэв. Тэрбээр “Хөлбөмбөгийг ойлгож үздэг болсноос эхлэн Тегераны “Эстеглал” баг, Ираны үндэсний шигшээ багийн хөгжөөн дэмжигч болохыг мөрөөдсөн. Миний хувьд оройтсон ч гэсэн мөрөөдөл маань биелж байна. Эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэн орж тоглолт үзэх эрх цаашаа үргэлжлээд байвал залуу охид бүсгүйчүүдэд минийх шиг харамсал, мөрөөдөл байхгүй болно гэж найдаж байна” хэмээв.
Тоглолтын тасалбар худалдаж авсан эмэгтэйчүүд сошиал сүлжээнд перс хэлээр “Надтай хамт цэнгэлдэх хүрээлэнд ирээрэй” гэсэн хэштег нээж өөрсдийн санаа бодол, болгоомжлол, айдас хүйдсээ хоорондоо хуваалцаж байна. Харин Ираны эрчүүдийн олонх нь эмэгтэйчүүдийн ялалтад баярлаж, цаашид бүсгүйчүүдийг хөлбөмбөгөөс бусад спортын тэмцээнүүдэд ч эрх баригчид зөвшөөрөл өгнө гэж найддаг гэнэ. Тегеран хотын Биеийн тамир, спортын хорооны орлогч дарга Фарзад Радбой Твиттер хуудсандаа “Ээж болон эхнэртээ тасалбар худалдаж авлаа” гэж жиргэжээ. Мөн тэрбээр ээж, эхнэртээ тоглолтыг тухтай үзүүлэхийн тулд 10 сартай бяцхан охиноо өөрөө харахаар гэртээ үлдэнэ гэжээ.
Цэнгэлдэх хүрээлэнд бүсгүйчүүдэд хөлбөмбөгийн тоглолт үзүүлэхийг зөвшөөрсөн эрх баригчдын шийдвэр эмэгтэйчүүдэд эрх олгохыг эрс эсэргүүцдэг шашны бүлэглэлүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Тэд энэ сарын 7-нд Ираны нийслэл Тегеран хотод эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан байна. Парламентын ордны гадна 50 гаруй хүн цугларч эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэн орж тоглолт үзэхийг зөвшөөрсөн шийдвэрийг эсэргүүцэв. Эсэргүүцэгчдийн үзэж буйгаар хөлбөмбөгчдийн хувцаслалтаас тэдний биеийн ихэнх хэсэг ил задгай байдаг, мөн цэнгэлдэх хүрээлэн дэх фанатуудын уур амьсгал ч эмэгтэйүүдэд таарахгүй аж.
Иран бол эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тоглолт болон спортын бусад төрлийн тэмцээн үзэхийг хориглосон дэлхийн цорын ганц улс. Гэвч иран эмэгтэйчүүд спортыг, тэр дундаа хөлбөмбөг үзэхийг маш их сонирхдог аж. Сүүлийн үед тусгай урилгатай цөөн тооны эмэгтэй цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэх боломжтой болсон. Гадны дарамт шахалт ихэссэний үр дүнд Ираны эрх баригчид 40 жил үргэлжилсэн эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэн рүү оруулахгүй байсан харгис шийдвэрээ цуцалж байна.
1979 онд Иранд болсон исламын хувьсгалын дараа сургууль болон олон нийтийн газруудад эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварладаг үзэл хүчээ авсан. Үүний улмаас эмэгтэй хүнийг цэнгэлдэх хүрээлэнд орж хөлбөмбөгийн тоглолт үзэхийг нь хоригложээ. 2000-аад оноос эхэлж иран эмэгтэйчүүд цэнгэлдэх орох эрхтэй болохын тулд тэмцэж эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоригийг зөрчиж цэнгэлдэх хүрээлэнд очсон олон арван эмэгтэйг шийтгэсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 9-нд 29 настай Сахар Ходаяри хэмээх бүсгүйн үхлийн дараа Ираны эрх баригчдын шийдвэр гадаад дотоодод хүчтэй шүүмжлэлд өртсөн. Сахар Ходаяри өнгөрсөн гуравдугаар сард өөрийнхөө шүтэн биширдэг “Эстеглал” багийн тоглолтыг үзэхийн эрэгтэй хүн шиг хувцаслаж “Азади” цэнгэлдэх хүрээлэнд орох гэж байгаад баригдаж шүүхэд дуудагджээ. Бүсгүй есдүгээр сарын 9-нд шүүхийн байрны өмнө өөрийгөө шатаасан. Уг хэргийн дараа нийгэмд эсэргүүцэл хүчээ авч, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглосон шийдвэрийг цуцлахгүй бол Ираны шигшээ багийг тэмцээнд оролцохыг нь хязгаарлахыг шаардсан билээ.
Ираны хөлбөмбөгийн шигшээ баг 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д оролцов