Бид эрүүл чийрэг амьдрах арга замыг алхам тутамдаа эрэлхийлсээр л байна. Үүнтэй холбоотойгоор фитнесс клубууд алдаршиж, суурин газар амьдардаг хүмүүсийн багагүй хэсэг нь тусгай клубт хичээллэж, зарим нь гэрээрээ дасгал хөдөлгөөн хийж байна. Харамсалтай нь, санхүү, ажил мэргэжил, цаг зав, залхуурал гэх мэт шалтгаануудаас үүдэн томчуудын дийлэнх нь өдөр тутам идэвхтэй хөдөлгөөнтэй байж чаддаггүй. Бидний эрж хайгаад, эрэлхийлж сураглаад олж чаддаггүй төгс арга зам бол өдөр тутамдаа явган алхах явдал гэдгийг дийлэнх нь олж мэдээгүй, мэдсэн ч ач холбогдол өгөхгүй байх шиг. Тиймээс бид энэ удаа Монголын Явган Алхалтын Холбооны Ерөнхийлөгч Баатарын БОЛОР-ЭРДЭНИЙГ урьж, явган алхалт яагаад бидний амьдралд чухал хэрэгтэй болох талаар ярилцлаа.
-Бид гараа сунгаад хүрч чадахгүй зүйлдээ хүрэхийн тулд зайлшгүй алхах хэрэгтэй болдог. Энэ ч утгаараа алхам бүхэн зорилготой байдаг юм байна. Гэвч бид үүнийг тэр бүр анзаардаггүй. Та яг хэзээнээс алхалтыг амьдралынхаа нэгэн зорилго болгон харж эхэлсэн бэ?
-Би Хэнтий аймгийн унаган хүүхэд л дээ. Намайг бага байхад манайх Цэнхэрмандал суманд амьдардаг байлаа. Аав, ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс. Аав маань үргэлж л ямар нэгэн зүйл хийж байдаг. “Хэрэв тус болохгүй бол юм хийж байхад хажуугаас хий дэмий битгий хараад суугаад бай. Туслахгүй юм бол явж, өөрийнхөө ажлыг хий” гэдэг байлаа. Би энэ үзэлтэй нь бага зэрэг зөрчилдөнө. Учир нь, би “Хүн аливаа ажлыг хийж сурахын тулд эхлээд харж, ажиглаж, туршлага судлах нь буруу биш” гэж боддог. Тухайн үед хүүхэд байсан учраас аавдаа тусалдаг, хийсэн бүхнийг нь хамжиж хийдэг л байлаа. Тэр үед таны хэлснээр ямар нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд байгалиас заяасан өгөгдлөөрөө алхдаг байжээ.
Оюутан байхдаа илүү зорилготой алхаж эхэлсэн юм болов уу. Дотуур байрандаа зүгээр хэвтээд, суугаад байхыг хүсдэггүй, “Алив гарч алхацгаая, хотынхоо хөгжил, цэцэглэлттэй танилцъя” гэж бусдыгаа уриалж, хамтдаа гарч алхдаг байлаа. Энэ маань лавширсаар 2017 онд Монголын Явган Алхалтын Холбоог байгуулах үндэс болсон гэж хэлж болно. Бид одоо БНСУ дахь Монголын явган алхалтын холбоо, Хэнтий аймгийн Явган алхалтын холбоо гэсэн салбаруудаа байгуулан, байнгын үйл ажиллагаа явуулж байна.
-Холбоо байгуулаад удаагүй боловч Монголынхоо хилийг даваад “алхчихжээ”. Солонгосын явган алхагчидтай хамтарсан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох уу?
-Манай холбоо 2019 онд л гэхэд Өмнөд Солонгосын алхагчидтай хамтарч таван удаагийн үйл ажиллагаанд оролцжээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон гурван өдрийн алхалтын хөтөлбөрт оролцсон. Эхний өдөр нь “Нэгэн зүрх сэтгэлээр” уриан дор зохион байгуулагдсан, Сөүл хотын 15 мянга гаруй иргэд оролцсон нийгмийн алхалтын фестиваль болсон юм. Хоёр дахь өдөр нь Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл татам далайн эрэг гэж алдаршсан Квандугийн хэсгийн хоёр Солонгосын хилийн зурваст байрлах Номхон далайн цэнгэг уст эргийн маршрутаар алхсан.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сард дэлхийн 22 улсын алхагчид оролцсон Вонжугийн олон улсын зэрэглэлийн маш сонирхолтой хөтөлбөрт хамрагдсан. Манай холбооны алхагчид хоёр өдөрт 40 км алхаж, хүрэл медаль хүртээд ирсэн. Ер нь манай холбооны гадаад харилцааны дэмжлэгтэйгээр гишүүд маань зөвхөн Солонгос гэлтгүй, дэлхийн маш олон оронд зохион байгуулагдаж буй алхалтын хөтөлбөрүүдэд оролцох, олон улсын цол, зэрэглэл авах боломжууд нээлттэй байдаг.
Хамгийн сүүлд, энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Солонгосын өмнөд хэсгийн Ёосу хойгт алхалт хийсэн. Хоёрдугаар сард төлөвлөгдсөн Чэжүгийн 250 км-ийн алхалт корона вирусийн тархалтын улмаас цуцлагдсан учир бид оролцож чадаагүй. 2020 онд төлөвлөсөн Израйль, Орос, Япон, Индонезийн алхалтууд ч мөн цуцлагдлаа. Мэдээж энэ цар тахлыг дэлхийн улс орнууд хохирол багатай даван гарах нь хамгийн чухал зорилт гэдгийг бүгд ойлгож байгаа учир хойшлуулж болох зүйлсийг хойшлуулж, хөл хорионы дэгээ сахих нь зүйтэй.
-“Нийгмийн алхалт” гэдэг үг содон сонсогдлоо. Ямар учиртай юм бол...?
-Алхалт бол зөвхөн байгальд хийгддэг, өөрийн бие физиологийн үйл ажиллагааг л дэмждэг үйлдэл биш юм аа. Жишээ нь, Сөүл хотын удирдлагуудын найрсаг хотыг бий болгох санаачилгын хүрээнд “Нэгэн сэтгэл зүрхээр” уриан дор зохион байгуулсан алхалт бол нийгмийн алхалт юм.
Бид ч бас жил бүр Улаанбаатар хотод болдог “Автомашингүй өдөр”-өөр хотын гудамжаар гэр бүлээрээ алхдаг шүү дээ. Ингэснээрээ хотын иргэд илүү ойрын зайнаас харилцаж, улмаар дотносон, нөхөрсөг, найрсаг соёлыг бүтээж чаддаг. Ойрхон зайд машин унах нь эдийн засаг, экологи, биеийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө багатай байдгийг үндэслээд “Автомашиныг алхалтаар орлуулъя” гэсэн үзэл санааг түгээн сурталчилсан алхалт хийж болно. Мөн хандив цуглуулах, тодорхой үзэл санааг илэрхийлэх, олныг эерэг зүйлд уриалсан агуулгатай алхалтууд ч бий.
-Явган алхалтыг спорт гэдгээс илүү эрүүл мэнд, гоо зүйн үр өгөөж өгдөг гэдэг утгаар нь хүмүүс өөрт ашигтайгаар хүлээж авдаг. Алхахын давуу талуудыг бидэнд хэлж өгнө үү?
-XXI зууны өвчин хэмээн нэрлэгдэж буй хөдөлгөөний дутагдал нь маш олон төрлийн өвчин, эмгэгийн үндэс болж байна. Тиймээс өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10 мянган алхам хийх шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Маш товчхондоо, таны хоёр хөл бол хамгийн шилдэг эмч юм шүү. Хүн өдөр бүр тогтмол алхсанаар олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй, стресс бухимдлаас ангижран сэтгэл санаа нь тайвширдаг. Зүрхний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэн, биеийн жинг барьж, үе мөчний хөдөлгөөнийг ч сайжруулдаг.
Мөн алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг шүү дээ. Бид өөрийгөө ч мартах шахам завгүй ажиллаж байна. Тэгвэл өдөрт 30 минут алхсанаар өөрөө өөртэйгээ ярилцаж, бодож тунгааж, бизнесийн шинэ санаагаа олох ч юм бил үү.
-Хэдийд алхвал хамгийн тохиромжтой вэ?
-Зуны алхалтын хувьд борооны дараа хөл нүцгэн алхвал борооны уснаас, газрын хөрснөөс хүн хөлийн улаараа дамжуулж энерги авдаг гэх мэт эерэг нөлөөлөл, сүжиг байдаг л даа. Гэвч ямар ч үед, аль ч улиралд, хаана ч хийж болдгоороо явган алхалт нь спортын бусад төрлүүдээс давуу талтай. Тиймээс өөрт таатай цагаа сонгоход болно.
Үнэндээ Улаанбаатарт явган хүний зам асуудалтай л даа. Тиймээс өглөөний ургах нарнаар алхах нь хамгийн тохиромжтой. Учир нь, энэ үеэр авто замын хөдөлгөөн маш сийрэг байдаг. Гайхалтай эрч хүчийг ургах наран, өглөөний цэнгэг агаараас мэдэрч болно. Өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа энэ мэдрэмжийг авчихсан байхад сэтгэл санаа хэсэгтээ л өөдрөг байдаг шүү. Энэ ч утгаараа явган алхалт бол өөрийгөө ялахыг, байгалиа танин мэдэхийг, эрүүл мэндийг, илүү өндөр бүтээмжийг, амьдралын эрүүл зөв дадал, зуршлыг хүссэн хүн бүрийн хийдэг үйлдэл мөн.
-Явган алхахын үр өгөөжийг хүмүүс харьцангуй сайн мэддэг болсон. Гэвч хэзээ, хэрхэн алхах учраа олохгүй, бэлтгэлээ базааж чадахгүй байгаагаас болоод эхлээ ч үгүй байхдаа “зогсчихоод” байх шиг санагддаг. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Явган алхалт нь ямар нэгэн тусгай хэрэгсэл шаарддаггүй. Тиймээс явган аялалд явах гэж байгаа бол биед эвтэйхэн хувцас, өөрт хэрэгтэй зүйлсээ багтаасан үүргэвчээ бэлтгэхэд л хангалттай.
Явган аялал бол уралдаан биш. Шинээр эхэлж байгаа бол эхлэн сонирхогчдод зориулсан аялал сонгох нь илүү тохиромжтой. Багаараа аялах нь ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлэхээс гадна туршлагатай аялагчидтай нэгдсэнээр мэндлэх, нарийн зөрөг дээр таарвал зам тавьж өгөх, байгальд хоргүй аялах зэрэг аялагчдын ёс зүйд суралцах, туршлага хуваалцах боломж олгодог.
-Монголын Явган Алхалтын Холбоо ойрын хугацаанд ямар алхалт хийхээр төлөвлөж байна вэ?
-Монгол алхагчид бид дэлхийн өнцөг булан бүрт хүрч, байгаль дэлхий, хотуудад очиж алхах зорилготой. Манай холбоо гадаад харилцаандаа идэвхтэй анхаарч, дэлхийн 40 орчим улсад алхалтын хөтөлбөр зохион байгуулах, хамтран алхах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Мөн Солонгосын Явган Алхалтын Холбоотой стратегийн найрамдалт харилцаа үүсгэх санамж бичгийг өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсад зурсан бол, Японы Явган алхалтын холбоотой санамж бичиг зурах ажил энэ сард төлөвлөгдсөн байгаа. Мөн Монгол Улсдаа долоо хоног бүр хэд хэдэн байршилд нэгэн зэрэг алхалт зохион байгуулдаг уламжлал тогтоосон. Одоогоор коронавирусийн хөл хорионы улмаас алхалтын хөтөлбөрүүд маань цуцлагдсан тул дотоод үйл ажиллагаа, гадаад харилцааны чиглэлдээ илүү анхааран ажиллаж байна.
-Орон нутгийн анхдагч болгож, төрсөн нутагтаа салбар холбоогоо байгуулжээ. Хэнтий аймгийн Явган алхалтын холбооны үйл ажиллагаа хэр жигдэрсэн бэ?
-Хэнтий аймгийн Явган алхалтын холбоо 2019 оны аравдугаар сард албан ёсоор үүсгэн байгуулагдаж нээлтийн алхалтаа амжилттай зохион байгуулсан. Нээлтийн алхалт маань аймгийн төвөөс Хэрлэн гол хүртэл долоон км-ийн алхалт байсан бөгөөд 700 орчим алхагчид үзэл санаагаа нэгтгэсэн томоохон үйл ажиллагаа болсон юм. Түүнээс хойш долоо хоног тутам алхалтын хөтөлбөрүүд зохион байгуулж, тодорхой хандив цуглуулан амьдралын боломж тааруу, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэх гэх мэтээр нийгмийн хариуцлагатай, тодорхой зорилготой алхалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирлээ.
Манай холбооны хамгийн үлгэр жишээ салбар байгууллага бол яах аргагүй Хэнтий аймгийн явган алхалтын холбоо юм. Тус салбар байгууллагаас үлгэр жишээ авч Өмнөговь, Сэлэнгэ зэрэг дараа дараачийн салбар байгууллагууд үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж байна. Мөн БНСУ-ын Чэжү явган алхалтын холбоотой хамтын ажиллагаа тогтоож, анхны гадаад найрамдалт харилцаа тогтоосон салбар байгууллага болохоор бэлтгэж байна. Ингэснээр манай аймгийн явган алхалтын холбооны гишүүд БНСУ-д аялж, алхалтын хөтөлбөрүүдэд оролцох, мөн Солонгосын алхагчдыг Хэнтий аймагт урьж, хамтарсан алхалт хийх зэргээр аймгийн аялал жуулчлалын салбарт шинэ төрлийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Зөвхөн Хэнтий аймагт бус Монгол Улсын нийт 21 аймаг, есөн дүүрэг төдийгүй хилийн чанадад байгуулагдсан БНСУ, БНХАУ, АНУ дахь салбар байгууллагуудаар дамжин хэн бүхэнд гишүүн болох эрх нь нээлттэй байгаа. Монгол Улсад алхалтыг сурталчлах, алхалтын төрлүүдийг шинээр хөгжүүлэх зорилгын үүднээс гишүүдээ хэрхэн дэмжих вэ, яаж давуу боломж олгох вэ гэдэг дээр бид их анхаарч байна. Жишээлбэл, гишүүд болон сонирхогчдыг дэмжсэн www.walking.mn веб платформыг хөгжүүлж байна. Ингэснээр гишүүнээр элсэх, алхалтын хөтөлбөрт бүртгүүлэх, алхалтын зайгаа бүртгэлжүүлэх, гишүүнчлэлийн зэрэглэл, төлөв байдлаа харах гэх мэт олон боломжийг бүрдүүлсэн механизмыг бий болголоо. Гишүүд албан ёсны алхалтын үйл ажиллагаанд алхсан зайгаа бүртгүүлж явсаар 99 км болсон бол “Bronze” буюу “Хүрэл” гишүүний болзол хангаж, гадаад улсад алхах эрхээ нээх, улмаар үргэлжлүүлэн “км” цуглуулах зарчмаар шинэ шинэ боломжуудыг хүртэх гээд сонирхолтой, уян хатан зохицуулалтууд хийгдсэн. Спортын зэрэг, цолонд хүрэх зэрэг боломж та бүхний өмнө нээлттэй байна шүү гэдгийг зориуд онцолмоор байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН