Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Насанбурмаа: Гэр бүлийнхэн минь насан туршийн, хамгийн үнэнч дэмжигчид

 Нялхдаа зэрлэг гахайн идэш болохоо шахаж, бүр багадаа усанд үйхээ дөхсөн охиноо аав, ээж нь “Ус уух хувьтай хүүхэд” гэж энхрийлэн хайрлаж өсгөснөөс биш энэ их амжилтын эзэн болж, монгол түмний хайр, бахархлыг хүртэн омогшуулж, чансаагаараа дэлхийд цойлно гэж зүүдлээ ч үгүй биз ээ. Зорьсондоо хүрдэг дайчин, сэтгэлийн хаттай, бас гэрэл гэгээ татуулсан сайхан бүсгүй гэж би түүнийг онцолно.
Эгэлхэн яриа, даруухан инээмсэглэлийнх нь цаана тэр их дайчин, эрмэг чанар нь бий. Дэвжээнд гарахдаа тэр монголоо үүрээд гардаг. Харин хүртсэн медалиараа тэр эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг. Дэлхийн аваргын дөрвөн медальт, Чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн, гавьяат тамирчин О.Насанбурмаатай ярилцлаа.

-Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийхгүй ийм удаан амарсан тохиолдол бараг үгүй байх аа, тийм ээ?
-Би барилдаад овоо хэдэн жил болж байна, ингэж удаан амарч үзээгүй ээ. Тэмцээн, уралдааны дараа хэсэг амардаг ч 14 хоногоос хэтэрдэггүй. Байнга бэлтгэлтэй байдаг. Тамирчид өндөр зэргийн формтой байдаг учраас бэлтгэл завсарлаж, үүнийгээ алдаж болохгүй. Алдчих юм бол эргээд нөхөх гэж их хугацаа зарцуулна.
-О.Насанбурмаа олимпод оролцоод зодог тайлж, хувийн амьдралаа төвхнүүлнэ гэж ярьсан байсан. Нэг жилээр хойшилчихлоо. Илүү хариуцлагатай байх нь дээ.
-Тэгэх нь ээ. Би нэг л удаа олимпод орж үзсэн, гэхдээ медаль авч чадаагүй. Тамирчин хүн бүр олимпын медальтай болохыг хүсдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэлээн сайхан барилдаад дөрвөн ч медальтай болчихлоо. Залуучуудын тэмцээний хоёр, дэлхийн цомын дөрвөн медаль бий. Дэлхийн чанартай өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс авсан арав гаруй медаль бий. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Тэгэхээр олимпын медалийн төлөө зориод үзнэ дээ.


-Тамирчин болох гээд дунд сургуулиа эртлэн төгссөн юм билээ. Тэгэхээр хэтийн зорилгоо их эрт тодорхойлчихсон юм шиг ээ. Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Миний аавыг Очирбат, ээжийг минь Цэрэндолгор гэдэг. Аав минь Баянхонгор аймгийн хуучнаар Жинст сумын уугуул, ээж минь Увс аймгийн Хяргас сумын харьяа. Аав ээж хоёр минь нийлээд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатын орчимд мал маллаж өдий болтол  тэндээ  амьдарч байгаа. Би гурван ах, гурван эгчтэй айлын бага охин.


-Хэнз охин байх шүү?
-Дээд талынхаа эгчээс дөрвөн насаар дүү. Борогшуу малтай ноцолдож л өссөн хүүхэд. Том эгч барилддаг байсан болохоор эгчийгээ дагаад дунд сургуульд байхаасаа л спортод татагдсан. Би аравдугаар сургуульд сурдаг байлаа. Тухайн үед хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нэг багш тэр сургуульд биеийн тамирын багшаар оччихсон байж таарч л дээ. 12-13 насны байрын охин өрөөсөн гартаа тараг барьчихсан хэрнээ эмнэгдүү ааштай моринд нэг хөл дээрээ догонцож байгаад ганц мордоод явахыг тэр багш цонхоор харж гэнэ. Тэгээд “Энэ юун жаахан мөртлөө, тамиртай хүүхэд байдаг юм бэ” гээд сураглаад байтал Мягаагийн дүү байж таарлаа гээд хүндийг өргөлтийн С.Хөхөө багшид ярьсан гэсэн. Биеийн тамирын багш маань “Тэр охиныг авчирч, бэлтгэл хийлгээд өөрийнхөө шавь болгоно” гэж С.Хөхөө багшид ярьсан юм шиг байгаа юм. С.Хөхөө багш болохоор манай эгчийн багш нь. Тэгээд дүүгээ дагуулаад ир гэснээр би “Нарантуул” спорт клубт 2002 онд орсон. Тэнд найман сар хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, нэрэмжит нэг тэмцээнээс мөнгөн медаль авсан. Уртаашаа дөрвөн тэмцээнд орсноос хоёрт нь тавдугаар байрт орж, хоёроос нь медаль авсан. Тэгээд нэг их удалгүй чөлөөт бөх рүү орчихсон. Монголд бөхөөс бусад спортын төрөлд дэмжлэг бага болохоор хурдхан хоолондоо хүрэг гээд бөх рүү оруулж байсан юм. Тэгээд чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73-р сургуульд орж Л.Лхайжав багшийн шавь болсон. 2003 оны эхээр “Замчин” спорт клубт спортын мастер Т.Дамбарагчаа, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Түүнээс хойш чөлөөт бөхөөр дагнаад өдий хүртэл хичээллээд явж байгаа.


-Тууштай спортоор хичээллэж, ялахад нөлөөлдөг сэтгэлийн хүч гэж бий байх. Өөрийнхөө байдлаас ажвал энэ бүхэнд юу хамгийн их нөлөөлсөн санагддаг вэ?
-Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд өссөн орчин их нөлөөтэй. Би айлын бага охин болохоор эгчийгээ дагаад тэмцээн, уралдааныг үзнэ. Хүн болох гэж хэрэндээ л тэмцэж явсан хэрэг. Дээрээ хэлдэг, захидаг, ярилцдаг эгчтэй байсан нь миний давуу тал. “Хүнтэй мэндтэй, устай байж бай. Ирэхдээ сайн байна уу гэж мэндлээд, явахдаа баяртай гэж хэлээд инээмсэглээд гар” гэхээс эхлээд бүх зүйлийг зааж өгсөн. Хүн болгон олимп, дэлхийн аварга болж, сайн барилдах албагүй. Гэхдээ суурь хүмүүжил хэзээд чухал. Тиймдээ ч спортоор хичээллээд эхлэхэд тэр суурь хүмүүжил их нөлөөлдөг. Өөрийгөө зорилготой, тууштай болгохын төлөө тэмцдэг. Тэр нь амьдралыг их утгатай болгодог.
Эргээд харахад миний үеийн залуус салбар болгонд сайн явж, амжилт гаргаж байна. Тэднийг ажиглахад ч суурь хүмүүжил, сэтгэлийн тэнхээ их нөлөөлсөн санагддаг. Спорт гэдэг алсуураа бүх юмыг эрэмбэ дараатай болгож, хүнээс үг сонсох чадвартай, ямар үед уурлаж, эсвэл бусдыг хүндэлдэг байхаа мэддэг бие хүн болгодог амьдралын том сургууль юм уу даа.
Хятадад айл болгон нэг хүүхэдтэй байх хуультай. Тэгсэн хэрнээ тэр нэг хүүхэд нь ямар нэгэн спортоор хичээллэдэг байх ёстой гэж заасан байдаг гэсэн. Тэгэхээр спортын агууг тэд аль хэдийнэ олж хараад хүүхдийн төлөвшил, хүмүүжилд ашиглаад эхэлчихсэн байна. Надтай уулзсан хүн болгон л бүгдээрээ монгол хүн болоод ч тэр үү бөхийн тухай ярьдаг. Том дарга ч бай, жирийн иргэн ч бай монгол бөхөө ярьж, хүмүүс хүү төрөхөөр бөх болгохсон гэлцдэг. Ингээд харахаар спорт гэдэг оюуны том таашаал юм уу даа.


-Чамайг цонхоор харчхаад дуудсан тэр биеийн тамирын багшаас эхлээд олон багш нарын гар дамжиж, тэдний үг, үйлдэл, сэтгэлээр дэмнүүлэн сайн тамирчин бий болжээ. Чиний амьдралд нөлөө үзүүлсэн багш нарынхаа талаар ярьж болох уу?
-Надад дунд сургуулиас эхлээд зааж, сургасан олон багш бий. Спортод хөтлөн оруулж, замчилсан гэхээр Хөхөө багш минь байна. Дөнгөж 13 настай байхаас минь надад их ухаан зааж өгдөг байсан. Хүний сайн, муу чанар, спортоор хичээллэвэл ийм тийм саад бэрхшээл гардаг гээд хэлж өгнө. Тухайн үедээ сайн ойлгодоггүй байсан ч гэсэн томрох тусмаа хэлсэн үг нь санаанд бууж, ухааруулсан. Бөхийн спортод надтай олон мундаг багш таарсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийгаа онцгойлон нэрлэнэ. Багш шавийн харилцаа гэдэг бүх зүйл дээр ний нуугүй, илэн далангүй байж л спортод амжилт гаргадаг. Жишээлбэл эмэгтэй хүнд ар гэр, эрүүл мэндийн олон шалтгаан гарч болно. Ямар үед бэлтгэлийг нь хэрхэн тааруулах вэ гээд багш дасгалжуулагчаас нарийн мэдрэмж шаарддаг. Уяач хүн морийг шинжиж, уяа сойлгыг нь тааруулдагтай л ижил гэх юм уу даа. Тамирчнаасаа багш нь илүү их хөдөлмөр зарцуулж, шаналдаг. Намайг дэвжээнд гараад барилдахын өмнө багш нойргүй хонож, гарч барилдаж байгаа надаас илүү нервтэнэ, тамхи татдаггүй хэрнээ сорж үзэж байх жишээтэй. Тамирчин барилдах гэж байхад уурлаад байж болохгүй, загнаж ч чадахгүй, өмнөх орой нь бичлэгийг нь үзээд сэтгэл зовоод л байж байдаг. Маргааш нь “Ука яаж барилдах вэ, ингэх үү тэгэх үү” гээд ярилцана.
Бас манай чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багш тэгж шаналдаг хүмүүсийн нэг. Надад анхнаас нь зааж сургасан Т.Сүхбаатар багштайгаа олон жил явж, хамаг бүхнээ л ойлголцдог болсон. Дөрвөн жил болоод шигшээ багийн багш нар солигддог. Гэхдээ бүх багш адилгүй. Хүн хүнд нь тааруулж мэх заана. Сүүлийн үед охид сайн барилдаж, бүгд л медалиас атгадаг болчихсон нь энэ олон багш нарын гавьяа л даа.


-Зодог тайлахаараа юу хийх вэ?
-Сайхан амарна даа.
-Амарч амарч байгаад дараа нь...
-ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор ажлаа л хийнэ. Олон жил спортоор явчихсан болохоор шууд хаяхгүй л дээ. Цагдаагийн байгууллагын өмнөөс ч барилддаг. Би бас Х.Бат-Эрдэнэ, Х.Батбаасан захиралтай “Алтай констракшн" ХХК-д харьяалагддаг.
-Хүүхэд байхад гэнэн, хэмжүүргүй гоё мөрөөдлүүд сэтгэлдээ тээдэг шүү дээ. Тэр дундаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
-Багш, эмч, мисс болно гээд хүүхэд болгон л мөрөөддөг. Тэгсэн чинь эсрэгээрээ бөх болчихсон явж байна. Одоо бол тэгнэ, ингэнэ гэсэн юм байхгүй ээ. “Чөлөөт бөхийн дасгалжуулагч болох уу” гэж олон хүн асуудаг. Гэхдээ надад их хэцүү санагдаад байдаг. Дүү нартаа сурсан мэдсэн юмнаасаа зааж өгөөд явдаг ч дасгалжуулагч болно гэдэг амаргүй. Яг л тамирчны амьдралаар давхар амьдардаг шүү дээ. Ар гэрээ хаяад хүний хүүхдийн төлөө бөхөөр өвчлөөд явна гэхээр хэцүү санагдаад байдаг. Өөрөө ийм олон жил барилдчихаад, ардаа намайг хүлээж байгаа хүн байхад ахиад л хаяад явна гэхээр миний амьдрал юу болох билээ. Гэхдээ спортыг тэр чигээр нь шууд хаяхгүй л дээ. Насаараа барилдсан болохоор нуруу чилнэ, зүрх өвдөнө. Огцом хаяхгүй, хөлсөө гаргаж, хөдөлгөөнтэй л байна. Одоо би тийм юм хийнэ гэж хэлэхэд эрт байна.

-Олон хүний итгэл үүрч барилдах амаргүй байх аа. Заримдаа дарамттай санагддаг уу?
-Дарамттай үедээ дарамттай л даа. Мэдээж надад үүрэг, хариуцлага гэж бий. Өчнөөн олон жил барилдаж, хөлс, хөдөлмөрөө зориулчхаад үр дүнг нь үзэх ёстой. Гадагшаа тэмцээнд явахын тулд монголын тамирчдаа ялж, илүү гарна. Дараа нь гадныхантай өрсөлдөж медаль авах ёстой. Бүх зүйл л тэмцэл дунд өрнөнө. Ялж, ялагдах үе олон бий. Сүүлд сошиалд хүмүүс идэвхтэй байх болсноос хойш бас л төвөгтэй болжээ. Надад их хүндээр нөлөөлсөн зүйл нь Азийн наадмын дараах үе. Хэн ч гэсэн ялагдана гэж барилдахгүй. 2019 онд би 76кг-д жин өгсч, хүрэл медалийн төлөө барилдаад хожигдсон. Яг очсоныхоо дараа гурав хоног халуураад тамиргүй болчихсон. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү, бодит байдал нь тэр. Тэгээд муу барилдсан. Дандаа л медальтай ирдэг болохоор хэн хүнгүй хүлээлттэй байсан байх. Хожигдсоны дараа “Одоо чи болио” гэх мэтээр над руу их дайрсан. Шүүмжлэх бус бүр доромжилсон. Тэдний ингэж хэлэх нь хамаагүй шүү дээ гэж бодсон ч гол зураад гомдож, бухимдсан. Би заавал илүү сайн барилдаж, тэр хүмүүст ямар гэдгээ харуулна гэж өөрийгөө тайвшруулсан. Тэгээд нэг их удалгүй буюу сар гаруйн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тэгээд л нэг сэтгэл уужирсан даа.
-Алдар нэр хуурамч санагддаг уу?
-Алдар нэр гэхээсээ илүү хүмүүсийн хандлага л хуурамч, туйлбаргүй байна уу даа. Монгол хүний ухамсар ямар байна вэ л гэж бодох зүйл. Хүн болгон сайн барилдах албагүй. Заримдаа сайн байх ч, хааяа муу барилдана. Хоёр хүн барилдаж нэг нь унаж, нөгөө нь давдаг. Олимпын аварга ч хожигддог. Гадаадын тамирчдын хувьд ялагдлыг хүлээж авч байгаа сэтгэл зүй нь өөр. Нэг их хүндээр хүлээж авахгүй. Монголчууд цөөхүүлээ болоод ч тэр үү “Чи арчаагүй, хэрэггүй” гээд доромжлоод эхэлдэг. Тамирчин хүний сэтгэл зүйд энэ бүхэн нөлөөлдөг. Уншихгүй, сошиалтай харилцахгүйг хичээдэг ч эрт орой хэзээ нэгэн цагт хүн болсон хойно олоод харчихна. Спорт залуу насных. Тэр хоромхон зуурын амжилтын дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хажууд хань ижил, үр хүүхэд, эцэг эх минь үлдэнэ. Насан туршийн хамгийн том дэмжигч бол ар гэрийнхэн л байдаг даа.


-Ах, эгч нарынх нь хүүхдүүдээс бөхөөр хичээллэж байгаа хүн бий юү?
-Намайг бөхийн клубт оруулсан О.Мягмарсүрэн эгчийн минь том охин барилдаж байгаа. Дөнгөж 15 нас хүрэх гэж явна. Аав нь улсын начин, ээж нь ОУХМ. Эгч нь барилддаг болохоор яг л бөхийн орчинд өсч байгаа. Намайг дагаж, дуурайна. Зэмлүүлж, магтуулаад “Эгчээсээ илүү гарна аа” л гээд зориод яваа. Сайн барилдахын тулд авьяасаас гадна, хөдөлмөр хандлага чухал.
-Хүний сөрөг хандлагыг спорт засдаг уу, эсвэл сөрөг хандлагатай хүн спортод амжилт гаргадаггүй юу?
-Нэг их муу бодолтой хүн сайн барилдаж байхыг би хараагүй ээ. Ер нь зөв бодолтой, зөв явбал илүү амжилттай байх болов уу.
-Их содон нэртэй шүү. Ямар учиртай нэр вэ?
-Бурхны нэр шүү дээ. Утгыг нь бол мэдэхгүй. Манай тэнд Гэлэнхүү гэдэг лам байсан гэсэн. Манайхан бүгд л сүрэн гэдэг үг орсон нэртэй. Мягмар, Мягмарсүрэн, Нямсүрэн, Адъяасүрэн, Баасансүрэн, Даваасүрэн гээд л. Би ганцаараа сондгой нэртэй. Ус уух хувьтай төрсөн хүүхэд гээд л манайхан ярьдаг. Анх төрүүлэх гэж байхад хэнз хүүхэд гээд эмээ дургүйцээд байсан гэсэн. Би аавынхаа 50 насан дээр төрсөн. Ээж минь харин төрүүлнэ гээд зөрсөн юм билээ. Тэгээд багадаа гахайд идүүлэхээ шахсан гэдэг.


-Гахайд аа?
-Аав, ээж хоёр хадланд гарахдаа намайг ах, эгч нарт үлдээж л дээ. Тэгсэн нөгөөдүүл нь жимс түүж алга болоод өлгийтэй дүүгээ майханд үлдээчхэж. Биокомбинатад байдаг нэг эмээ ээж аавыг эргэж ирэхдээ майханд зэрлэг гахай орчихсон, миний өлгийг задлаад идэх гэж байхад нь таарч, хүүе, хаая гээд хөөж гаргасан гэсэн. Ямар азаар гар хөлийг нь хазчихаагүй юм. Жаахан том болчхоод байхад минь бас усанд оруулах гэж байгаад голд алдсан гэсэн. Тэгээд л ус уух хувьтай охин гэдэг юм.

 Ханийнхаа дэргэд эрх, дэвжээн дээрээ эр бяртай, урлагт бас л элэгтэй ийм нэгэн сайхан бүсгүйтэй хэсэгхэн хөөрөлдсөн нь энэ. Сүүлд нөхөртэйгээ вальс эргэсэн бичлэгээ сошиал хуудастаа тавьж, нэлээд олон хүнийг алмайруулсан байсан. Хөдөө амарч, байгаль дэлхийтэйгээ ойр байх дуртай түүний хувьд энэ зун баруун аймгуудаар аялах хүсэл байгаа юм билээ. Аав, ээжийнхээ нутгаар аялж, аль сайхныг нь үзэх бодол бий гэнэ ээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com