Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн коронавирусийн халдвар спортын ертөнцөд маш их нөлөөлөв. Энэ жил зохиогдох байсан спортын олон уралдаан тэмцээн цуцлагдлаа. Тэдгээрийн дотор дөрвөн жилд нэг удаа зохиогдох олимпын тоглолт хойшилсон нь тамирчид болон спорт сонирхогчдод хүндээр туссан. Олимпын тоглолт дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна бөмбөрцгийн олон улс оронд дотоод уралдаан тэмцээнүүдээ зогсоосон. Мөн Европын Хөлбөмбөгийн холбоо энэ онд 12 улс дамжин явагдахаар төлөвлөгдөж байсан “Евро 2020” тэмцээнээ нэг жилээр хойшлуулж байгаагаа зарласан. Спорт сонирхогчдын анхаарлын төвд байдаг хөлбөмбөгийн тэмцээнүүд, Европын Аваргуудын лиг, теннисний цувралууд, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг, хоккейн лиг гэх зэрэг бүгд завсарласан. Харин энэ сарын эхнээс Германы Бундеслиг, Английн Премьер лиг, Испанийн Ла лиг, Италийн Сери-А зэрэг тэмцээнүүд үзэгчгүйгээр зохиогдож, үргэлжилж буй. Хөлбөмбөгийн Европын Аваргуудын лиг ямар ч байсан эргэн ирэхээр болж байна.
Дэлхийг хамарсан цар тахлын аюул олон салбарт нөлөөгөө үзүүлж байгаагийн нэг нь спорт. Хамгийн их үзэгчтэй уралдаан тэмцээн зогсон хойшилж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд буй. Спорт клубуудийн орлого зогсч, шууд дамжуулалтын гэрээнүүд дахин яригдаж, ивээн тэтгэлэг-сурталчилгааны зардал хумигдан спорт бизнесийн салбар тэр чигтээ нуман тулгуурт шахагдсан. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл олимпын наадмын ирээдүй хааш чиглэх нь олон хүний анхаарлыг татсаар байгаа билээ.
Токиогийн олимп нэг жилээр хойшлогдов
Токио 2020 зуны олимпын 32 дахь удаагийн наадам болон Паралимп коронавирус цар тахлын тархалтын улмаас жилийн хугацаагаар хойшилж дараа жилийн зун болохоор шийдвэрлэсэн. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ олимпын наадмыг хойшлуулах саналыг дэмжиж, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай санал нийлж буйгаа илэрхийлсэн. Дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт хурдацтай нэмэгдсээр байгаа үед улс орнууд “Токио-2020”-д тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэний дараа тоглолтыг хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. Олимпын наадам 1896 онд анх зохион байгуулагдаж байсан 124 жилийн түүхэндээ хойшлогдож байсан удаагүй. Харин Дэлхийн I болон II дайны он жилүүд болох 1916, 1940, 1944 онд цуцлагдаж байв. 1980 оны Москва, 1984 оны Лос-Анжелесийн олимп Хүйтэн дайны үед эсэргүүцэлтэй тулгарч байсан ч амжилттай зохион байгуулагдсан түүхтэй.
Томас Бах: Хэрэв 2021 онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол “Токио 2020”-г бүрмөсөн цуцална
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Ерөнхийлөгч Томас Бах цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлуулаад буй Токиогийн зуны олимпыг 2021 ондоо багтан зохион байгуулагдаж чадахгүйд хүрвэл бүрмөсөн цуцлах талаар мэдэгдсэн. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд “Токио-2020 олимпын наадмыг зохион байгуулах комисс олимпыг аюулгүй зохион байгуулах чиглэлд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч Дэлхийн хэмжээнд цар тахлыг бүрэн хяналтдаа оруулж чадаагүй тохиолдолд спортын бүх тэмцээнийг зохион байгуулах боломжгүй” гэж мэдэгдсэн. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас “BBC” сувагт ярилцлага өгөхдөө “Олимп шиг дэлхийг хамарсан томоохон спортын арга хэмжээний товыг жил бүр өөрчлөөд байх боломжгүй. Тамирчдыг ч гэсэн тодорхойгүй нөхцөл байдалд хүлээлгээд байх боломжгүй. Ирэх онд олимпыг аюулгүй зохион байгуулах зорилгоор боломжит бүх хувилбарыг авч үзэж байгаа. Үүнд бүх тамирчдыг тусгаарлах асуудал хүртэл яригдаж байна. Хэрэв иймдээ тулбал олимпын хотхоны мөн чанарын талаар бодолцож үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд Абэ Шинзо хэрэв 2021 онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол цаана нь ямар ч нөөц төлөвлөгөө байхгүй гэдгийг надад маш тодорхой хэлсэн. Бид ирэх оны долдугаар сарын 23-нд дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал ямар байх талаарх урьдчилсан таамгийг харж байж шийдвэр гаргана. Хэрэв ирэх онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол Токио 2020 зуны олимпын наадам бүрмөсөн цуцлагдана” гэжээ.
Олимпыг зохион байгуулахад Токиод дэлхийн 200 гаруй орны 11 мянган тамирчин очих ёстой. Үүн дээр үзэгчид, албаныхан зэргийг нэмбэл дэлхий даяар цар тахлыг дарсан цагт хэвийн наадам явагдах ёстой нь ойлгомжтой. Наадмын үеэр тамирчдын тосгон болон ашиглагдах барилгын борлуулалт аль хэдийн хийгдсэн буюу дараагийн эзэд нь тодорхой болсон талаар мэдээлэл гарсан. Паралимпын наадам дууссаны дараа асар их эрэлт дундаас худалдан авалт хийсэн шинэ эзэд нь байрандаа орох гээд хүлээж байгаа гэсэн үг. Аливааг жилээр төлөвлөдөг япончуудын хувьд ахин нэг жил хүлээнэ гэдэг санаанд багтамгүй хүсэлт байж болох талтай. Түүнээс гадна тамирчдыг ч мартаж болохгүй. Тамирчдын хувьд олимпын цикльд тааруулан бэлтгэл сургуулилалтаа маш нарийн төлөвлөж, хамгийн оргил үеэ өндөр жилд таардаг наадмын үед тохируулахыг эрмэлздэг. Спорт шинжлэх ухаан болтлоо хөгжөөд буй энэ үед оргил үеэсээ “Нэг жилийг алдах эрх” тийм ч олон тамирчинд байхгүй. Хоёр жилээр хойшлуулах магадлал бол тэгтэй тэнцүү гэж хэлж болно. Учир нь тивийн спортын наадмууд энэ үеэр явагдах тул бусад наадмуудыг хөдөлгөх нь бүр ч төвөгтэй нөхцөлийг үүсгэнэ. 2022 оны Азийн наадмыг хүлээн авах Ханжоу хот коронавирусийн хөл хорионы дараа барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлснээ зарласан.
Токио анх тооцсоноосоо 10 дахин их буюу 12.6 тэрбум ам.долларыг олимпын наадмын бүтээн байгуулалтад зарцуулаад буй. Хэрвээ коронавирусийн цар тахлын аюул дарагдахгүй удвал тэдэнд цуцлахаас өөр сонголт үлдэхгүй байж магадгүйг шинжээчид сануулсаар байна. Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, олимпод оролцох тамирчид тодорхойгүй. Одоогоор нийт тамирчдын 57 хувь нь л эрхээ авсан. Хоёрт, ирэх үзэгчид тодорхойгүй. Тасалбар борлуулалт өндөр байгаа ч ийм айдас хүйдэстэй үед олон нийтийн газрыг зорих, ялангуяа гадаадаас зорьж ирэх магадлал их бага. Одоогоор Токиогийн олимп зохиогдох эсэх нь тодорхойгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН