“Увс нуур” галын ерөнхий дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа Увс аймгийн Хяргас сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын заан О.Одгэрэлтэй ярилцлаа.
-Увс нуур галын бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадамд амжилттай сайхан барилдаж наадамчин олноо баясгаж байна. Таны хувьд тус галын ерөнхий дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Бөхчүүдийн бяр хүч нь тэгширч байна уу?
-Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайн аманд байрлах Шүтээн бэлтгэлийн баазад “Увс нуур” галын бөхчүүд ес дэх жилдээ бэлтгэлээ хангаж байна. Энэ жил манай галд улс, аймгийн цолтой 60 гаруй бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Энэхүү Шүтээн бэлтгэлийн бааз нь сэрүүн сайхан дэнжтэй, ялаа шумуулгүй учраас бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийхэд тохиромжтой хангай байгаа юм. Наадмын өмнөх нэг сарын бэлтгэлийн хугацаа бол бөхчүүдийн сэргэлтийн үе байдаг. Түүнээс бөхчүүд бол байнгын бэлтгэлтэй байгаа. Наадам дууслаа долдугаар сарын 15 гээд бөхчүүд аймаг, орон нутгийн наадамд очиж зодоглодог. Ер нь үндсэн бэлтгэл есдүгээр сараас эхлээд зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилдэг. Энэ үндсэн бэлтгэлийн үр шимийг жаахан ирийг нь тааруулаад л наадмын барилдаанд зодоглуулах нь чухал юм. Түүнээс биш энд гарч ирээд бөхчүүд өндөр ачаалалтай дасгал сургуулилт хийх нь чухал гэж үзэхгүй байна. Тэгж хүүхдүүдээ ядраахгүй. Бөхчүүдээ сэргээж наадамд барилдуулах нь чухал. Бөхчүүдийн бэлтгэл жигдэрч байна.
-Сүүлийн үед бөхчүүд допинг хэрэглэсэн талаарх маргаан үүсч, зарим нэр бүхий бөхчүүдийг барилдуулах эсэх асуудал эргэлзээтэй хэвээр байна. Эдгээр бөхчүүд дотор Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Оршихын нэр яваа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Яг допингтой холбоотой асуудлыг ярихын тулд өргөн хүрээний асуудлыг хөндөж ярих болно. Миний хувьд бөхчүүд ямар ч тохиолдолд допингийн эсрэг байх ёстой гэж боддог. Өнөөдөр дэлхий даяараа допингоос татгалзаж байна. Допинг гээч зүйл эрх тэгш, шударга өрсөлдөөнийг үгүй хийдэг. Өндөр хэмжээний химийн бэлдмэл хийлгэж ажиллах чадвараа 2-3 дахин нэмэгдүүлсэн хүн, хэвийн бэлтгэл сургуулилт хийж байгаа хүн хоёрын хооронд асар их ялгаа бий. Үүний хор хөнөөлийг жирийн иргэд сайн ойлгохгүй байна. Нэр бүхий таван бөхийг барилдуулахгүй байгаа мэт харагдаад байгаа боловч үүний цаана үнэн хөлс хөдөлмөрөө шингээж, урсгаж, бэлтгэл сургуулилт хийж байгаа өчнөөн олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Ямарваа нэг юманд нийтийн эрх гэж заавал байх ёстой. Шударгаар хөдөлмөрлөсөн нь хохироод үлддэг байж болохгүй. Ямар нэг байдлаар хариуцлага алдсан бол түүнд нь тохирсон шийтгэлийг оногдуулсан байж болно. Тэр шийтгэлийнхээ хугацааг үг дуугүй өнгөрөөгөөд, түүнийхээ дараа барилдах эрхээ сэргээгээд явбал болохгүй зүйл байхгүй. Би энэ үгийг Увс нуур бөхийн галын дасгалжуулагчийн хувиар хэлээгүй. Харин өөрөө их спортоор хичээллэдэг, үндэсний бөхөөрөө барилддаг байсан хүний хувиар хэлж байгаа юм. Энэ бол буруу зүйл. Энэ тогтолцоог нэг тийш нь цэгцлэхгүй бол цаашид энэ төрлийн спорт хөгжих үгүй нь эргэлзээтэй болж байна.
-Допинг санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэсэн нь угтаа хурдан хугацаанд улсын цолонд хүрч, алдар нэртэй болох гэсэн ашиг сонирхол бөхчүүдэд байгаатай холбоотой байж болох уу?
-Зарим залуучууд маш хурдан аргаар амжилтад хүрэхийг хүсдэг болсон. Энэ бол бөхийн спорт буруу тогтолцоо руу явж байгаатай холбоотой. Өнөөдөр допинг хэрэглэсэн хүмүүс эхнээсээ амь насаа алдаад эхэлчихсэн. Түүнийг мэдэж байгаа нь л би болохоос. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон хүн амь насаа алдсан. Энэ байдлыг мэдэхгүй алдар нэрний төлөө өөрийгөө золигт гаргаж, нэрээ сэвтүүлэх нь бөх хүний ёсонд таарахгүй асуудал. Энэ допингтой холбоотой маргаанд нэр холбогдсон бөхчүүдийн хувьд оноосон шийтгэлийнхээ хугацааг дуустал амаа хамхиж яваад, дууссаны дараа нь албан ёсоор эрхээ сэргээлгээд, ард иргэдээсээ миний буруу байсан гэдэг уучлалт гуйгаад барилдвал нэг өөр. Түүнийг зөвшөөрнө. Гэтэл дундуур нь хор хутгаад, наадам будилуулах гэж байгаа ч юм шиг яваад байх хэрэггүй. Бөхөө дээдэлдэг наадамчин олон эдгээр хүмүүсийг хөөрхийлөөд, өрөвдөөд байгаа. Гэтэл энэ бол өрөвдөх шаардлагагүй асуудал.
-Энэ жил танай гал шинэ тэргүүнтэй болсон. Цаашид “Увс нуур” бөхийн галаас улсын цолтон шинээр төрүүлэх, цолтой бөхчүүдийнхээ цолыг ахиулах талаар анхаарч ажиллаж байгаа байх?
-“Увс нуур” галаас улсын цолонд хүрэх болов уу гэсэн залуучууд олон бий. Ер нь хэн сайн бэлтгэлтэй, хөдөлмөрлөж чадсан нь улсын цолонд хүрнэ дээ. Манай О.Гантулга арслан байна. Олон жил “бор зүрхээрээ” сайн барилдаж байна. Хүмүүс түүнийг “Начин болчхоосой” гэж ярьдаг. Галынхаа шинэ тэргүүнтэй бодлогоо зөв тодорхойлъё. Цаашаа явах замаа гэрэл гэгээтэй харъя. Өсвөр, залуу үеэ дэмжье. Байгаа бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтад анхаарч ажиллах талаар бодлогын чанартай зүйл ярьсан. Увс нуур бөхийн галын шинэхэн тэргүүний хувьд залуу хүн болохоор сэтгэлгээ сайтай, дасгалжуулагчдын үгийг сонсдог, хүлээж авдаг болохоор цаашид бөхийн спортын сайн сайхны төлөө хамтарч ажиллахад итгэл дүүрэн байна. Сумын заануудаас Увсын бөхчүүд яагаад илүү сайн барилддаг вэ гэхээр тэдэнд бөх болох сэтгэл зүрх байдаг. Увсын бөхчүүдэд П.Бүрэнтөгс арслангаас өөр аварга биетэй хүн байхгүй шүү дээ.
-Үндэсний бөхийн эртнээс уламжилж ирсэн дэг жаяг, өв, уран мэхийг уламжлуулан хөгжүүлэх түүнийг хадгалж үлдэх, цаашид шавь нартаа өвлүүлж үлдээх нь дасгалжуулагч хүний нэгэн том үүрэг байх?
-“Монгол бөх гэдэг монгол хүний дархлаа юм” гэж үг бий. Энэ үгийн утгыг сайн бодох хэрэгтэй. Монгол эр хүн ямар байх ёстой вэ. Тэр хүний удам, цус, яс ямар байхаас бүх зүйл эхэлдэг. Монгол хүний дархлаа гээч зүйл хүн бүрт байж гэмээнэ Монгол Улс, монгол үндэстэн оршин тогтноно. Үүний төлөө яс, цусаа цэврээр нь аваад явж байгаа залуучуудыг хэлнэ. Тиймээс үндэснийхээ бөхөөр хичээллэж байгаа хүн бүрт бөхийн ёс, журам, жудгийг анхнаас нь зааж, өвлүүлж, уламжлуулан үлдээхийн төлөө хичээж л явна даа. Би өөрөө самбо, жүдогоор хичээллэж, шигшээ багийн тамирчин байсан. Хүүхэд ахуй цагаасаа л барилдаж эхэлсэн. Энэ хугацаанд өөрийнхөө бие дээр бүх зүйлийг туршиж үзсэн болохоор тамирчдаа дасгалжуулахад давуу тал болдог. Өнөөдөр хурд, хүч, тэсвэрийн бэлтгэл гэж юу болох, авхаалж самбаа гэж юу байдгийг огт мэдэхгүй, спортын сэтгэлзүй гэж ямар зүйл байдгийг мэдэхгүйгээр хүүхдүүддээ юу заах билээ. Өөрийнхөө мэддэг бүхнийг шавь нартаа заах юм сан гэж боддог.
-Багш хүн өөрийнхөө гаргасан амжилтаас давж амжилт гаргасан шавийнхаа амжилтад өөрөө авсан юм шиг баярладаг гэдэг?
-Ерөөсөө л тэр шүү дээ. Би өөрийнхөө очиж, хүрч чадаагүй газар шавиа аваачих ёстой. Багш хүний зорилго ердөө л энэ. Багш хүн шавиа амжилт гаргахад өөрөө амжилт гаргасан мэт баярладаг тогтолцоонд сурах ёстой. Энэ чинь том аз жаргал. Миний шавь түрүүлэх нь би түрүүлснээс ялгаагүй. Харин түрүүлсэн шавь нь энэ амжилтад хүрэхийн тулд багш минь надад тусалсан гэдгийг ойлгодог ухамсартай шавь бэлдэх ёстой. Тэгэхгүй өнөөдөр туг тойрч гүйчхээд багш хэн ч биш гэж үздэг шавийг анхнаас нь дасгалжуулаад ч хэрэггүй. Энэ бол асар том логик.
-Монголчууд эртнээс хүчит бөхчүүдийнхээ эр бяр, уран мэхийг хүндлэн дээдэлж ирсэн. Гэтэл сүүлийн үед бөхийн холбооны маргаанаас болоод бөхдөө хайртай олон хүн санаагаа чилээж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Энэ асуудалд би нэг их оролцдоггүй, аль ч холбоог нь дэмждэггүй байсан. Сүүлийн үед харин оролцох ёстой юм байна гэж бодох болсон. Яг үнэнийг хэлэхэд одоо энэ хоёр холбооны аль ч бөхийн спортын сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй. Энэ хоёр холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй. Миний бодлоор одоо бөхчүүд ухаанаараа нэгдэж бөхийн холбоог авч явах ёстой. Заавал энэ хоёр холбоонд хамаараад байхгүйгээр өөрсдөө шинээр нэгдэх хэрэгтэй. Түүнээс биш одоо байгаа хоёр холбоонд би итгэхгүй байна. Энэ маргаан удаан үргэлжилснээр хэний эрх ашиг хамгийн их зөрчигдөж байна вэ гэхээр бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Энэ хоёр холбоонд асар их амбиц байна, албан тушаалын төлөөх өрсөлдөөн байна. Үнэнийг хэлэхэд бөхийн холбооны тэргүүлэгч 15 хүний нэрийг хараарай. Бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж чадах хүн ховорхон л байгаа даа. Яг шударга хэлэхэд хэн нэгэн хүний утсан хүүхэлдэйнүүд л бий. Тиймээс аль ч холбоог нь дэмжихгүй, би дүүрч. Гэхдээ ирээдүйд бөхийн холбоог, зүлэг ногоон дэвжээг цэвэр ариунаар нь байлгахын тулд, энэ байдлыг өөрчлөхийн тулд үзэл бодлоо илэрхийлж, оролцохоос өөр арга алга.
-Бөхийн цолыг дагаж мөнгө явдаг нь нууц биш. Улсын мэргэн цол хүртсэн хүн, Улсын начин цол хүртсэн хүний хүртэх гавьяа шагналын зөрүү их. Гэтэл ялгаагүй л эрийн гурван наадмын нэг төрөл нь. Энэ байдал нь залууст богино хугацаанд улсын цолонд хүрэх сонирхлыг нь өдөөгөөд байна уу?
-Бөх болохын тулд асар олон зүйлийг золиосолдог. Хэрвээ бөх болж чадахгүй бол тухайн хүн хэн болж үлддэг гээч. Хатуухан хэлэхэд алдар цолоо дуудуулсан бөх болно гэж бодоод сурсан сургуульгүй, ажил төрөлгүй, хэн ч биш болоод үлддэг хүн олон бий. Улсын цолонд хүрэхийн төлөө бүх зүйлээ зориулаад, зүтгээд, хамаг сайхан залуу насаа зориулчихсан хэрнээ амжилтад хүрч чадаагүй хүмүүс өнөөдөр юу хийж байна. “Улсын цолонд хүрнэ дээ” гэж жил бүрийн наадмыг хүлээж суугаа нэг хүний ард аав, ээж, ах, дүү, амраг хайрт нь, нутаг усныхан нь гээд олон хүн байдаг. Тэд ялгаагүй харж, хүлээж байгаа. Энэ бол дэмжлэг. Улсын цолыг хэр баргийн аавын хүү хүртдэггүй. Мөнгийг нь өгөөд тав давдаг гэсэн ойлголт Монголын түүхэнд байхгүй. Тийм учраас энэ хөдөлмөрийг нь үнэлж шагналын сан нь тодорхой хэмжээний өндөр байдгийг үгүйсгэхгүй.
-Гэхдээ л наадмын дараа найрааны начин гээд л хүмүүс шуугиад байдаг шүү дээ?
-Энэ чинь нэг талаараа бөхийг сонирхолтой болгож байна. Наадмын дараа хүмүүсийн дунд оньсого таавар шиг яриа гардаг. Энэ мөнгөөр начин болчихлоо, энэ мөнгөгүй начин болчихлоо гээд л... Эцсийн эцэст ард түмэн сайн муу гэдэгт дүн тавьдаг. Сайн бөх жил бүр цолоо хамгаалж барилддаг бол, муу бөхчүүд цол авснаасаа л эсэн юм болж байгаа. Алдар нэрний төлөө үхэн хатан явдаг хүмүүсийг үзэгчид хүлээж авдаггүй. Тийм зүйл ховор л доо. Ер нь бол цолонд хүрчхээсэй гэж хүлээлт үүсгэсэн хүн л цол хүртдэг. Тэр хүнийг тав даваад төрийнхөө сүлдийг тойроход мөн ч олон хүн баярладаг даа.