Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол түмэн далай аваргатай болох уу, 46 дахь аваргаа өлгийдөн авах уу?

Улсын наадам хаяанд ирлээ. Наадмын түрүү бөх хэн байх бол гэдгийг бөхдөө хайртай монгол түмэн дор бүрнээ таамаглаж суугаа нь лавтай. Үндэсний бөхийн холбоо дотоод асуудлаасаа болоод наадмын өмнөх бөхчүүдийн чансааг хараахан гаргаж амжаагүй байна. Гэхдээ түрүү жилийн наадмаас хойш болсон барилдаануудад одтой сайхан барилдсан олон аавын хөвгүүдээс түрүү бөхийг тааварлах гээд үзье.

 

Хүчит арслангуудаас 46 дахь аварга төрөх үү?

Юуны өмнө, аварга цолонд ойрхон байгаа хүчит арслангуудыг онцолмоор байна. Архангай аймгийн Булган сумын харьяат Даншгийн дархан аварга, улсын арслан Р.Пүрэвдагва өнгөрсөн жилийн наадмаар начин төрүүлсэн. Тэрбээр наадам хоорондын барилдаануудад төдий л олон барилдаагүй ч хамгийн шударга сайхан барилдаан болдог хэмээн тооцогддог Цагаан сарын барилдаанд Улсын арслан Ц.Содномдоржтой үзүүр түрүүнд үлдэж, уран мэхийг уралдуулж, түрүүлсэн билээ. Хүчит арслан Р.Пүрэвдагвын хувьд “бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр доогуур даваанд уначихгүй бол Улсын наадмаар үзүүр түрүү булаалдах боломжтой бөхчүүдийн нэг юм.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд өнгөрөгч онд ОХУ-д Дагестаны бөхчүүдтэй хамт чөлөөтийн бэлтгэлд гарсан. Энэхүү бэлтгэл сургуулилт түүний барилдааны ур чадвар, онцлогт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бөх сонирхогчид үнэлж байгаа. Үүнийгээ ч нотолж, Улс тунхагласны 94 жилийн ойн барилдаанд шөвгийн дөрөвт, Шинэ үндсэн хууль баталсан өдрийн барилдаанд 256 бөх зодоглосноос дунд шөвөгт үлдэж байсан бол Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд түрүүлж байжээ.
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын түрүү бөх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж дор хаяж их шөвөгт үлдэнэ гэдэгт олон түмэн итгэлтэй байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын 46 дахь аварга болж, наадамчин олноо баясгахыг үгүйсгэхгүй юм. Хүчит арслан Ц.Содномдоржийн хувьд Улс тунхагласны 94 жилийн ойн барилдаан болон Цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн байна.

 

Луу жилт хүчтэн наадмын түрүү авах уу?

Бөх сонирхогчдын дунд нэгэн таамаг нэлээд яригдаж байна. Юу гэвэл, энэ жилийн наадамд 1988 оны луу жилт хүчтэн, улсын арслан П.Бүрэнтөгсийг түрүүлэх өндөр магадлалтай гэж байгаа юм. Учир нь Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаас хойш наяад оны бөхчүүд түрүүлж эхэлсэн гэнэ. Тухайлбал, 2016 оны Улсын наадамд 1985 онд төрсөн, аварга Ч.Санжаадамба, 2017 оны Улсын наадамд 1986 онд төрсөн, арслан Ц.Содномдорж, 2018 оны Улсын наадамд 1987 онд төрсөн, аварга Н.Батсуурь нар түрүүлж байжээ. Тэгэхээр энэ жилийн наадмаар 1988 онд төрсөн, луу жилт хүчтэн наадмын түрүү авч магадгүй гэх мухар сүсгийн гэмээр таамаг байгаа юм. Улсын арслан П.Бүрэнтөгс хамгийн сүүлд наадмын сорилго барилдаанд улсын начин Д.Анартай үзүүр түрүү булаалдсан. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан шөвгийн дөрөвт үлдэж байжээ.

 

Монгол түмэн далай аваргатай болох уу?

Монгол бөхийн ноён оргил болсон аврага Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат улсын баяр наадмын баруун зүүн жигүүрийг манлайлан гарах нь ойлгомжтой. Тэдний хэн нь ч гэлээ Улсын наадмыг өнгөлж, далай аварга цол хүртэхийг үгүйсгэхгүй.
Ялангуяа, Монгол Улсын 44 дэх их аврага Ч.Санжаадамба наадам хоорондын барилдаанд төдий олон оролцоогүй ч Цагаан сарын барилдаанд шөвгийн наймт, Монгол цэргийн өдрийн барилдаанд үзүүрлэсэн юм. Архангай аймгийн Хашаат суманд төрсөн тэрбээр цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн түүхэн амжилтуудын эзэн болж байжээ. Мөн саяхан болсон наадмын сорилго барилдааны үеэр допинг монгол бөхийн удмыг устгадаг, допингтой бөхчүүдтэй барилдахгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Улсын аврага Ч.Санжаадамбыг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг юм билээ.
Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын 45 дахь аварга Н.Батсуурь энэ жил өнгөтэй сайхан барилдаж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан, Шинэ үндсэн хууль баталсан өдрийн барилдаануудад улсын харцага О.Хангайтай үзүүр түрүү булаалдсан бол Цагаан сарын барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн юм. Аварга Н.Батсуурь 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулж байсан түүхтэй юм.

 

Д.Анар, О.Хангай нар ямар цолонд хүрэхийг хэн ч таашгүй

Өнөө цагийн монгол бөхийн ид хавыг гайхуулж, уран хурц барилдаан үзүүлж, үзэгч түмнээ баясгаж яваа улсын начин Д.Анар, улсын харцага О.Хангай нар төрийн наадмын тод магнай болохыг үгүйсгэх хүн үгүй биз.
Наадмын өмнөх сорилго барилдаанд Дорнод аймгийн харьяат улсын начин Д.Анар түрүүлсэн бол Ерөнхийлөгчийн цом, Шинэ үндсэн хууль баталсан өдөр, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаануудад их шөвөгт үлдсэн бол Цагаан сарын барилдаанд дунд шөвөгт үлдэж байжээ.
Улсын харцага О.Хангайн хувьд шинэхэн аварга Н.Батсуурьтай хэд хэдэн барилдаанд үзүүр түрүү булаалдаж, давсан. Үүнээс гадна Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж, түрүүлсэн.
Харин улсын баяр наадмаар долоогийн даваанд Д.Анар, О.Хангай нар тунаж барилдвал хамгийн сонирхолтой, уран барилдаан гарна гэж бөх сонирхогчид хүлээж суугаа нь лавтай.

 

Цол ахиулж, чимэг нэмэх бөхчүүд

Ардын хувьсгалын 96 жилийн ойн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо давж Улсын заан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Н.Жаргалбаярыг цолоо ахиулна гэдэгт бөх сонирхогчид итгэлтэй байна. Түүнээс гадна Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Н.Гончигдамба, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр, Төв аймгийн Баянхангай сумын уугуул улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Б.Серик, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Бо. Батжаргал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир нар уран хурц барилдаан үзүүлж, наадамчин олноо цэнгүүлж, цол ахиулж, чимэг нэмэх нь дамжиггүй биз ээ.
Мөн Улсын наадамд тав давж, начин цол хүртэх магадлалтай бөхчүүдийн тоонд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Б.Цэдэнсодном, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан Д.Аззаяа нар багтаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com