Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан өчигдөр боллоо. Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, канадын талаас Канадын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш нар даргалан явуулж, хоёр тал улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа. Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд манай улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг уулзалтын үеэр онцолж байлаа. Цаашид хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг дэвшүүлсэн. Канад улсаас 1.5-7 жилийн хугацаанд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулсан аж. Энэ үеэр Монголд хоккейн спортыг хөгжүүлж байгааг сайшаан тэмдэглэж, цаашид өвлийн спорт болон жүдо бөхийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог соёл, спорт солилцоогоор дамжуулан улам ойртуулах боломж байгааг талууд тэмдэглэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
-Өнөөдрийн уулзалтаар ямар, ямар асуудлыг хөндөж байна вэ?
-Өнөөдөр Канад Монгол хоёр улсын хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах чиглэлээр ярилцлаа. Манай хоёр улсын жилийн худалдааны эргэлт 41.3 сая ам. доллар. Экспортоор 38.3, импортоор 2.8 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүн борлуулж байгаа. Одоогийн байгаа хэмжээ үнэхээр чамлалттай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Канад улс тэргүүлж байгаа. “Оюу толгой”-н төсөлд 1.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсан. Цаашид манай хоёр улсын худалдааны хамтын ажиллагаа одоогийн байгаа хэмжээнээс хэд дахин өсөх боломж бий. Энэ боломжоо ашиглаж чадвал бусад салбарт хамтран ажиллах боломж бүрдэнэ. Ялангуяа Канад улс газарзүйн байрлалын хувьд манай улстай ижил төстэй. Хүн ам цөөн, байгалийн баялаг ихтэй, тийм болохоор хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд гаргах өргөн боломж бололцоотой. Ялангуяа ноос ноолууран арьс ширэн бүтээгдэхүүнүүд бий. Үүнийг бодлогын хувьд төрөлжүүлэх тал дээр анхаарч хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах талаар ярилцаж байна.
-Оюу толгойн төслийг тойрсон олон асуудал маргаан дагуулж, цаашлаад энэ төслийг зогсоох хүртэл байр суурь яригдаж байгаа. Энэ асуудалд Канад улсын талаас ихээхэн анхаарч байгаа байх?
- Канад улстай хамтарч ажиллаж байгаа бас нэгэн томоохон төсөл бол Оюу толгойн төсөл. Тиймээс энэ төсөлтэй холбоотой асуудалд хоёр улс анхаарал хандуулж байгаа. Канад улс Оюу толгойн гол хөрөнгө оруулагчдын нэг. Тиймээс Канадын хөгжлийн агентлагаар дамжуулан ойролцоогоор 1.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт оруулчихсан байгаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт оруулчихсан болохоор өөрсдөдөө оногдох хувь, өгөөж, оруулсан хөрөнгө оруулалтынхаа эрсдэлд ямар ч улсын хөрөнгө оруулагчид санаа зовдог. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчдыг улсаасаа үргээчихгүйн тулд Оюу толгой төсөл дээр бид болгоомжтой хандах ёстой. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжийн амьдрал, хувь заяатай шууд холбоотой асуудал. Тиймээс энэ төсөл дээр бодлогын гэхээс илүүтэй шийдлийн зарим гарцыг хайж олох ёстой. Ялангуяа Дубайн гэрээг зогсоох ёстой, Оюу толгойн гэрээг зогсоох ёстой гэх мэтээр ийм адал явдалтай байдлаар хандаж болохгүй ээ. Дубайн гэрээг сайжруулах зүйл байгаа юу гэвэл байгаа. Үүнийг бид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар сайжруулж, эх орондоо оногдох өгөөжийг нэмэгдүүлэх, хүүг нь багасгах гэх мэтийн олон асуудлыг бизнесийн зарчмаар нь соёлтой, ухаантай, хүндэтгэлтэй байдлаар ширээний ард сууж байж, улсынхаа эдийн засаг, ард түмний эрх ашгийг бодож хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Цаашид уул уурхай гэлтгүй бусад салбарт хамтарч ажиллах ямар ямар боломж байна вэ?
-Уул уурхайн салбарт Канад улс хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа. Одоо бусад салбартаа жигд хөрөнгө оруулалтыг татаж, төрөлжүүлэх нь зүйтэй. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Тус улсын хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийг өөрийнхөө улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчидтэй холбож өгөх тал дээр хоёр улсын элчин сайдын яамдууд гүүр болж, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Мөн батлан хамгаалах салбарт энхийг сахиулах, үйл ажиллагааны хүрээнд “Цэнхэр дуулгатан” цэрэг армийн хөвгүүд олон улсын түвшинд оролцож байгаа. Энэ үйл ажиллагааг нь дэмжиж, цаашид олон улсын түвшинд болж байгаа хээрийн сургуулилтад өргөнөөр оролцох гэх мэт олон боломжуудыг судалж үзэх талаар ярилцаж байна.
Канадын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш хэлэхдээ “Миний бие Канад улсын Ази номхон далайн бүс нутгийн асуудлыг хариуцдаг туслах дэд сайдаар ажилладаг. Энэ албанд томидогдсоноос хойш хоёр дахь удаагаа Монгол Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтыг ахалж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон жилийн хугацаанд үр бүтээлтэй, идэвхтэй өрнөж байна. Цаашид хоёр улсын хоорондох оюутнуудын тоог нэмэх, Канад улсаас Монгол Улсад нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний тоо төрлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн олон салбарт улсдаа амжилттай хэрэгжүүлсэн төслийг танай улсын хөрсөнд нэвтрүүлэх асуудалд илүү анхаарч байна. Оюу толгойн асуудалд манай Засгийн газраас анхаарал хандуулсаар ирсэн. Энэ уулзалтыг надтай хамт ахалж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын зүгээс үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг талархан хүлээн авч байна. Тиймээс цаашид энэ төслийн үйл ажиллагаа илүү ил тод, тогтвортой явах байх гэж итгэж байна. Уул уурхайн голлох хөрөнгө оруулагчийн хувьд цаашид энэ салбарын үйл ажиллагааг бүх талуудад нээлттэй, эрх тэгш, харилцан ашигтай, тогтвортой ил тод байх болов уу хэмээн найдаж байна” гэв.