Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
У.ЭРДЭНЭБАТ: ХАРХОРУМ ЭРТНЭЭС НАРИЙН ТӨЛӨВЛӨЖ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАРЬСАН ХОТ БАЙСАН

Монгол Улсад шинжлэх ухаан үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан 2019 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан юм. Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Шилдэг бүтээл” шагналын эзнээр “Монголын эртний нийслэл Хархорум” бүтээлээрээ МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн доктор, профессор  У.Эрдэнэбат тодорлоо.  Ингээд шилдэг бүтээлийн эзэнтэй ярилцсанаа хүргэе.

-Шилдгээр шалгарсан бүтээлийнхээ талаар юуны өмнө танилцуулах уу?

-Монголчуудыг дэлхийн түүхэнд алдаршуулсан, нэр сүртэй явсан, эзэнт гүрнийг байгуулсан XIII-XIV зуун юм. Тэр үеийн дэлхийн нийслэл нь Их Монгол Улсын Хархорум хот байсан. Энэ тухай хүн бүр мэдэх боловч яг Хархорум хотын түүхийн талаар юу мэддэг талаар нарийвчлан бодвол эргэлзээтэй асуудал. Ирж буй 2020 онд Хархорум хотыг үүсгэн байгуулсны түүхт 800 жилийн ой тохиож байна. Монголын шинжлэх ухааны салбаруудаас амжилттай хөгжиж, олон улсын түвшинд судлагааны үр дүнгээ гаргаж яваа салбар бол археологийн судалгааны салбар юм. Сүүлийн жилүүдэд монголын эрдэмтэд олон судалгаа шинжилгээний ажил хийж, олон улсын хэмжээнд яригдах нээлт, бүтээлүүдийг хийж байна. Түүний нэг нь сүүлийн хорин жилийн турш монголын археологичид германы мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран хийсэн  Орхоны хөндий дэх түүх соёлын дурсгалууд, тухайлбал Монголын эзэнт  гүрний нийслэл Хархорум хот болон сүүлийн жилүүдэд Уйгарын нийслэл Харбалгас дээр археологийн малтлага судалгааг хийж байна. Миний бие энэ судалгааны ажилд 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Дараа жил манай төслийн 20 жилийн ой тохиох юм.  Тиймээс Хархорум хотын түүх археологийн судалгаа нь өнөөдрийг хүртэл ямар түвшинд хүрсэн үр дүнгийн талаар ард түмэндээ танилцуулахыг миний хувьд үүрэг гэж ойлгож ирсэн.  Энэ бүтээл бол ганцхан миний хөдөлмөр биш. Археологийн судалгаа бол нэг хүний хийдэг ажил биш. Миний судалгааны ажилд Монгол Улсын ШУА-ны академи, МУИС, Германы археологийн хүрээлэн, Бомын их сургууль,  Хархорин сумын иргэд гэх мэт олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн.  БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөл, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн дэмжсэний үр дүнд томоохон бүтээл хэвлэгдэж, ард түмний хүртээл болсон.

-Судалгааны бүтээлд багтсан зүйлсийг бүгдийг нь энд дурдах боломжгүй ч зарим хэсгээс нь манай уншигчдад онцолж  танилцуулаач?

-Их эзэн Чингис хаан амьд сэрүүн байхдаа Орхоны хөндийд эзэнт улсын нийслэл барих талаар тогтоож, зарлиг гаргасан. Чингис хаан их ор суусан 15 дугаар он цагаан луу жил буюу 1220 онд байгуулсан. Яагаад энэ газрыг сонгосон  гэхээр Монгол нутагт байршсан үе үеийн нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн улс төрийн төв байгуулж байсан уламжлалыг бодолцож сонгосон түүхтэй. Хархорум эзгүй ээрэм талд  барьсан хот байгаагүй. Эртнээс  нарийн төлөвлөж зохион байгуулалттай барьсан хот байсан нь археологийн судалгаагаар батлагдаж байгаа. Эзэнт гүрний хувьд засаг захиргаа, улс төрийн төв, шашин мөргөл, соёлын  томоохон төв байсан. Энэ хотод зөвхөн монголчууд төдийгүй эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан олон үндэстний хүмүүс амьдарч, өөр өөрийн шашныг чөлөөтэй шүтдэг, өөр өөрийн ажил үйлээ эрхлэн суудаг байсан нь археологийн судалгаагаар олдсон  олдворуудаар, сурвалж бичгээр нотлогдож байна. Тухайлбал, Хархорумд байсан бурхны шашны их сүмийн үлдэгдлийг нээж олсон. Зөвхөн малтлага хийгээд орхих бус малтлагаар илэрсэн дурсгалыг олон нийтэд ил үзмэр болгож үзүүлэх, ашиглах чиглэлээр олон ажил хийсэн. Хархорум дахь бурхны шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгох бүтээн байгуулалтын төслийг  2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү ажилд германы археологичид, ХБНГУын ГХЯ, Монгол дахь  Германы Элчин сайдын яам дэмжлэг үзүүлж ажилласан. Бидний ажлыг ШУА-ын тэргүүлэгчдийн газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын үе үеийн удирдлагууд, иргэд байнга дэмжсээр  ирсэнд талархаж байна.

-Эртний Хархорум хотод хэчнээн мянган хүн амьдарч байсан юм бол. Бүтэц, зохион байгуулалтын онцлог нь юу байсан бэ?

-Түүхчдийн тооцоолсноор 10-15 мянган хүн Хархорум хотод сууж байсан гэж үздэг. Хархорум хотын хэрмээр хүрээлэгдсэн хэсэг бол 1.8 квадрат километр талбайтай. Дөрвөн талдаа хаалгатай бөгөөд түүнээс салсан хоёр их гудамж хотынхоо төвд огтлолцдог. Тэнд засаг захиргааны хэсэг, сүм хийд, худалдаачдын сууж байсан дүүрэг,зах, хороолол гэх хэсгүүд бий. Хот суурингийн бүхий л шинжийг агуулсан. Хотын ойролцоо гар үйлдвэрчдийн төрөл бүрийн түүхий эд үйлдвэрлэж байсан газрууд болон дагуул хотууд ихээр байгуулагдсан. Монголын хот суурины онцлог бол хаад, ноёд нь ордон, хот сууриндаа суугаад байдаггүй. Нүүдэлчин уламжлалаараа улирлын чанартай өвөл, хавар, зун, намрын ордондоо нүүж сэлгэдэг байсан. Ялангуяа Өгөөдэй, Мөнх хааны үед Орхоны хөндий цэцэглэн хөгжиж, хотожсон бүс нутгийг байгуулсан. Ингээд Хархорум хот өрнө, дорныг холбосон худалдаа, өртөө улааны гол зангилаа газар болж байсан. Энэ замаар бүх мэдээлэл шуурхай түргэн ирдэг байжээ.

-Дэлхийд эртний түүхэн, дурсгалт газруудаа ашиглаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталдаг. Эртний Хархорум хотын түүх, дурсгалыг жуулчдад үзүүлэх боломж хэр бүрдэж байна?

-Хархорум Орхоны хөндий Монгол Улсаас Юнескогийн хүн төрлөхтний дэлхийн өвд соёлын дурсгалт газар гэх ангиллаар 2004 онд бүртгэгдсэн. Энэ газрыг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үндсэн дээр зөв зохистой ашиглах нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг. Тиймээс цаашид төр засгаас бодлого төлөвлөгөөндөө энэ газрын талаар тусгах, авч хэрэгжүүлэх олон ажил байна. Цаашид бид Хархорум хотын судалгааг үргэлжлүүлэх, төр засгаас хөрөнгө мөнгө гаргах, олдсон олдворуудыг хамгаалах, түүнийг дэлгэн тавьж, олны хүртээл болгох орчныг бүрдүүлэх чиглэлээр хийх ажил их байна. Энэ бүхэнд энэхүү судалгааны бүтээл дэвсгэр суурь, нэмэр болох болов уу гэж бодож байна. Энэ байдлыг нь үнэлж, БСШУСЯ-наас жил бүр олгодог шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байранд шалгаруулсанд баяртай байна.

-Археологийн судалгаа шинжилгээний үеэр олдсон олдвор бүхэн үнэ цэнтэй байх. Иргэд эртний эд хэрэглэл, түүхийн талаар хэр сонирхож байна?

-Юуны өмнө өөрсдийн өвөг дээдсийн түүхийг мэдэхгүйгээр, түүнийг судлахгүйгээр цаашид аливаа нэгэн хөгжил дэвшлийн талаар ярих боломжгүй. Тиймээс хүн бүр түүхийг сонирхон судлах, түүхийн олдворуудын үнэ цэнийг ойлгодог байх нь чухал л даа. Монгол, Герман, Японы эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд Япон улсын Засгын газрын хөрөнгө оруулалтаар Хархорин суман дээр Хархорум музей байгуулсан. Тус музей Хорхорум хотын түүх, археологийн дурсгалуудыг дэлгэж үзүүлэх зорилготой байгуулагдсан. Гол олдворууд нь манай хамтарсан багийнхны олсон олдворууд. Орхоны хөндий манай улсын аялал жуулчлалын гол бүс нутаг учраас жил бүр гадаад, дотоодын жуулчид ихээр зорчдог.  Монгол оронд хүн нутаглан суусан голомт нутгийн нэг нь Орхоны хөндий юм. Тиймээс өнөөг хүртэл хэрхэн хөгжиж ирсэн талаар түүхийн талаар тус музейгээр зочлоход тодорхой ойлголттой болох юм. Бид аялал жуулчлалын бүтээгдэхүүн, шинэ үзмэр бий болгож, бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай нэмэгдүүлэх, чанартай ажил хийхийг зорьж байна. -Таныг түүхч, археологич мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ? -Би багаасаа түүхийг шимтэн уншдаг байсан. Тэгэхдээ эмээ, өвөө маань эртнээс өвлөж ирсэн бурхан тахилтай, хууч, үлгэр домог их ярьдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Багадаа Монголын нууц товчоог уншаад хуучны түүх дурсгалын зүйлийг хүндэтгэж хүмүүжсэн. Ингээд дунд  сургуульд байхдаа түүх, нийгмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, МУИС-ийн түүхийн ангид элсэн орсон. Дунд сургуульд байхаасаа археологийн судалгааны багт орж ажиллах хүсэлтэй байсан ч ШУА-ын түүхийн хүрээлэнд очиж, доктор Н.СэрОджавтай ангийн найзынхаа хамт очиж уулзаж байсан. Оюутан болсноосоо хойш зуны амралт болгоноороо судалгааны багийнхантай хамт хөдөө ажилладаг болсон. Ингээд түүхийн олдворуудыг эрж хайх, судлах ажилд гар бие оролцоод ирэхээр мэргэжилдээ улам бүр дуртай болсон. Археологич бол их сайхан мэргэжил дээ. Өөрөө судалгааны бүтээлээ хайж олдог, шинэ зүйлийг мэдэрч, цаг хугацааны машинаар хэдэн зуун жилийн өмнө очсон мэт мэдрэмж төрүүлдэг сайхан ажил.

-Археологийн багт оролцож явахдаа хамгийн анх олсон олдвор нь юу байсан бэ?

-Түүхийн ангийн оюутнууд нэгдүгээр курсээ төгсөөд, танилцах дадлагад гардаг л даа. Нэрт түүхч, профессор Б.Хүүхэнбаатар багш МУИС-ийн түүхийн ангийн оюутнуудын дадлагыг олон жил удирдсан. Багшийнхаа удирдлага дор танилцах дадлагаараа Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын хадны зургийг судалж байсан. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Жаргалантын ам гэх газар Монгол, Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан багт ажилласан. ОХУ-ын алдартай археологич В.Волков, Монголын алдарт археологич Д.Наваан, Т.Санжмятав нар удирдаж байсан тус баг дээр манай ангийнхан очиж хүрэл зэвсгийн үеийн эртний Түрэгийн булш, хэрэгсүүр малтахад оролцож байсан. Түрэгийн булшнаас бид бүсний алтан чимэглэл олж байсан нь хамгийн анхны үнэтэй олдвор байсан. Шинэ судлаачид,оюутнууд  аз хиймортой байдаг л даа. Одоо би төрөлх МУИС-даа багшилж, өөрөө оюутны дадлага  удирдаж байна. Тэгээд шинэ анги, оюутнуудтайгаа явахад заавал ямар нэг сонирхолтой, чухал баримтуудыг олж илрүүлдэг

-Судалгаа шинжилгээний ажлаар явж байхдаа бэртэж, гэмтэх тохиолдол гарах уу. Аюулгүй ажиллагаандаа хэрхэн анхаардаг вэ?

-Археологийн шинжлэх ухааны  гол зарчим нь хүнлэг энэрэнгүй байхыг эрхэмлэн дээдэлдэг. Малталгаа, судалгаа шинэжилгээний үеэр юуны түрүүнд хүмүүсийн аюулгүй байдалд үргэлж анхаардаг. Зорилгоо биелүүлээд, гэртээ эсэн мэнд харих нь  хамгийн том амжилт юм даа.

-Таны мэргэжил сонирхолтой хэрнээ жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг юм байна. Ар гэр орхигдох тал бий юү?

-Тэр ч тийм шүү. (Инээв). Ялангуяа их, дээд сургуульд багшилдаг хүний хувьд хичээлийн жилээр хичээлээ заана, зуны амралтаараа археологийн судалгаа шинжилгээ, оюутны дадлага гээд явж өгнө дөө. Ар гэр орхигдох тал бий. Хамгийн гол нь ар гэрийнхэн маань ойлгож дэмждэг учраас амжилт гаргадаг. Өдий зэрэгтэй амжилттай яваа минь найдвартай ар талыг маань хариуцдаг сайн ханьтай минь холбоотой. Миний ханийг Ч.Удвал гэдэг. Манайх гурван сайхан хүүтэй.

-Өмнө нь авч байсан гавьяа, шагналуудаасаа дурдвал?

-Шинжлэх ухааны бүтээлийн нэрэмжит шагналуудаар удаа дараа шагнагдаж байсан. Хамгийн анхны бүтээл нууц товчооны Алунгоо эхийн домгийн учир нь гэх номоороо 1997 онд тухайн үеийн Гэгээрлийн яамнаас шинжлэх ухааны шилдэг бүтээлээр тусгай шагнал авч байсан. Түүнээс хойш өөрөө дангаараа болон хамтын бүтээлээр тэргүүн, дэд, гуравдугаар байрын шагнал авч байв. 2014 онд “Монгол Чуулган” гэх номоороо гуравдугаар байр, 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртэж байсан даа.

-Оны шилдэг бүтээлийн эзнээр тодрох үеийн  сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Нэг бүтээл туурвихын тулд асар их судалгаа шинжилгээ хийж,  өөрийгөө зовоож,  нойр хугаслан байж уншиж судлан, олон жил  хөдөлмөрлөдөг. Олон сайн бүтээлүүд дотроос тэргүүн байр хүртэнэ  гэдэг бол тухайн бүтээлийн чанар чансааг илтгэж байгаа хэрэг л дээ.  Өнөөдөр ганцхан миний гэхээс илүүтэй баг хамт олныхоо  20 жилийн турш судалсан, нөр их хөдөлмөрийн үр дүнд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна.   БСШУСЯ-наас шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийг урамшуулах зорилгоор шилдэг бүтээл шалгаруулдаг уламжлал тогтоод арав гаруй жил болж байна. Энэ шагнал залуу судлаачдад тэмүүлэл бий болгодог бол шагнал хүртсэн эзэндээ улам ихийг хийж бүтээх урам зориг өгдөг дөө. Монголын их хаадын сууж байсан Орхоны хөндий, Хархорум, Эрдэнэ зуу хийдтэй нэр холбогдоно гэдэг их хувь заяа юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com