Дэлхий шилгээж гай гамшиг дагуулж байсан тохиолдол манай гараг дээр тун олон. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн давтамж улам нэмэгдэж байгааг геофизикийн судалгааны төвүүд мэдээлж байна. Хэлж ирдэггүй, өнөөдөртөө шинжлэх ухааны ямар ч багажаар урьдчилан мэдэж, тодорхой хэлж чадахгүй байгаа газар хөдлөл гэдэг энэ гамшиг бүр МЭӨ 2000 онд хамгийн анх тохиож байсан гэж тэмдэглэгдсэн байснаас хойш асар олон хүний аминд хүрч, эд материалын хохирол учруулсаар ирж.
Хүн төрөлхтний түүхэнд тохиож байсан хамгийн хүчтэй, их хохирол учруулж, олон хүний аминд хүрсэн 12 газар хөдлөл энэ.
12. Лиссабон
1755 оны арваннэгдүгээр сарын 1-нд Португалийн нийслэл Лиссабонд хөдөлсөн газар хөдлөлийг түүхэнд “Лиссабоны аугаа их газар хөдлөл” гэж нэрийдэж иржээ. Гэгээнтнүүдийн өдөр тохиож байсан болохоор мянга мянган хүн Лиссабоны сүмүүдэд мөргөхөөр цуглараад байжээ. Асар хүчтэй түлхэлтийг энэ сүмүүд, бусад барилгууд ч тэсвэрлэсэнгүй нурж мянга мянган хүнийг нуранги дороо дарсан байна. Газар хөдлөлийг дагаад зургаан метрийн өндөрдавлагаа үүсч амьд үлдэж сандралд орсон хүмүүсийг хамж авсан гэдэг. Зургаахан минут үргэлжилсэн газар хөдлөл, цунами, түймрийн улмаас Португалийн нийслэлд 80 мянган хүн амь үрэгдсэн юм.
11. Сан-Франциско
1906 оны дөрөвдүгээр сарын 18-ны өгдлөө 05.12 цагт бүгдээрээ нам унтаж байсан Сан-Франциско хотын дороос 7.9 баллын хүчтэй түлхэж газар хөдөлснөөр хотын барилгын 80 хувь нь нурж сүйрчээ. Эхлээд 400 хүн нас барсан гэж байсан ч энэ нь нэмэгдсээр 3000 болж өсчээ. Газар хөдлөл өөрөө тэгтэл их хохирол учруулаагүй ч эндээс үүдсэн түймэр хамгийн их гай дагуулжээ. Түймрийн улмаас тус хотын 28 мянган байшин шатаж хотын хэмжээгээр нийт хохирол тухайн цагийн ханшаар 400 сая ам.доллар болсон гэдэг. Олон хүн түймрийн даатгал авах гэж газар хөдлөлөөр хагас дутуу нурсан байшингаа шатаасан байна.
10. Мессина
1908 оны арванхоёрдугаар сарын 28-нд Өмнөд Италийн Сицилд Рихтерийн шаталбараар 7.5 баллын хүчтэй газар хөдлөл болсныг Европ дахь хамгийн том газар хөдлөл гэдэг. Энэ гамшгийн улмаас 120-200 мянган хүн амь үрэгдсэн гэж янз бүрийн эх сурвалж мэдээлдэг. Газар хөдлөлийн төв нь Аппенниний хойг, Сицил хотын дундах Мессинийн буланд байсан болохоор Мессини хотод бүтэн барилга үлдээгүй байна. Дараа нь асар хүчтэй давлагаа болж үерт автсан. Газар хөдлөл болсноос хойш 18 хоногийн дараа байшингийн нуранги дороос амьд хүүхэд олсон тухай тэр үед мэдээлж байжээ. Сессини болон Сицилийн бусад хэсгүүдэд чанаргүй барилгууд хамгийн түрүүнд нурсан гэж дүгнэсэн байдаг.
9. Хайюань
1920 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хятадын Ганьсу мужийн Хайюань тойрогт болсон газар хөдлөл хамгийн олон хүний аминд хүрсэн гамшгийн нэг гэж түүхчид үздэг. Тэдний мэдээлж байгаагаар энэ өдөр 230 мянган хүн амь алдсан гэдэг. Бүхэл бүтэн суурин газар ангал руу орсон бол Сиань, Тайюань, Ланжоу зэрэг том хотуудын барилга байшин их хэмжээгээр сүйрсний дараа мөн л асар хүчтэй давлагаа үүссэн. Өнөөгийн түүхчид энэ газар хөдлөлийн улмаас нас барсан хүний тоог 270 мянга гэж гаргасан нь тухайн үеийн Хайюань тойргийн нийт хүн амын 59 хувь байжээ. Гэр оронгүй болсон олон мянган хүн хүйтнээс болж амь алдсан.
8. Чили
1960 оны тавдугаар сарын 22-нд Чилид газар хөдлөлийн түүхэнд хамгийн хүчтэй буюу Рихтерийн шаталбараар 9.5 хүчтэй газар хөдөлсөн. Үүний дараа 10 метрийн өндөртэй цунами үүссэн нь зөвхөн Чилийн эрэг төдийгүй, Хавайн арал дахь Хило хотод асар их хохирол учруулсан байна. Давлагаа бүр Япон, Филиппиний эрэгт хүрчээ. Газар хөдлөлийн улмаас 6000 хүн амь үргэдсэн бол хоёр сая хүн орон гэргүй хоцорч, нийт хохирлыг нь 500 сая ам.доллар гэж гаргасан. Чилийн зарим районд цунамийн хүч маш хүчтэй байж олон барилга далайн гүнд орж үгүй болсон гэдэг.
7. Аляска
1964 оны гуравдугаар сарын 27-нд Аляскийн нутагт болсон газар хөдлөл нь Америкийн түүхэнд хамгийн хүчтэй нь байсан. Рихтерийн шаталбараар 9.2 баллын хүчтэй түлхэлт нь 1960 оны Чилийн газар хөдлөлийн дараа орно. Энэ гамшгийн улмаас 129 хүн амь үрэгдсэний зургаа нь газар хөдлөлөөс болсон бол бусад нь цунамид нэрвэгдэж амь алдсан. Газар хөдлөлийн чичирхийлэл Америкийн 47 мужид мэдрэгдсэнээс Анкорижд байшин барилга нурж сүйдсэн байдаг.
6. Кобе
Японы Кобе хотод 1995 оны нэгдүгээр сарын 16-нд болсон газар хөдлөлийн хүч нь 7.3 балл байсан ч газар дорхи түлхэлт хэдэн өдрийн туршид үргэлжилсэн юм. Газар хөдлөлийн улмаас 6000 хүн амь үрэгдэж 26 мянган хүн бэртэж гэмтсэн байна. Нийт 200 мянга гаруй барилга байшин эвдэрч Кобегийн усан боомтод хөлөг завины 150 зогсоол байснаас 120 нь сүйдэж, цахилгаан хэдэн хоног тасалдсан юм. Нийт хохирлыг 200 тэрбум ам.доллар гэж гаргасан нь Японы Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь байлаа. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах, хотыг сэргээн босгоход зөвхөн Засгийн газар төдийгүй Японы мафийнхан якуза нар тусалж байсан юм.
5. Суматра
2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Тайланд, Индонези, Шри-Ланк болон бусад орнуудын эрэг орчимд Рихтерийн шаталбараар 9.1 баллын хүчтэй хөдөлсний төв нь Энэтхэгийн далайд Суматра арлаас баруун хойш Симелуэ арлаас холгүй байжээ. Газар хөдлөл ер бусын хүчтэй байснаас 1200 км газарт ангал үүсгэсэн байна. Түлхэлтийн улмаас 15-30 метрийн өндөр цунами үүсч 230-300 мянган хүний амийг авч одсон гэж янз бүрийн эх сурвалж мэдээлдэг. Маш олон хүн далайд живж алга болсон болохоор амь үрэгдэгсдийн тоог тодорхой гаргаж чадаагүй.
4. Кашмир
2005 оны аравдугаар сарын 8-нд Пакистаны хяналтад байдаг Кашмир мужид өмнөд Азид 100 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлийн хүч нь Рихтерийн шаталбараар 7.6 балл байсан нь 1906 оны Сан-Францискод болсонтой ижил юм.
Гамшгийн улмаас албан ёсны тоогоор 84 мянган хүн амь үрэгдсэн гэдэг ч албан бусаар бол 200 мянга орчим хүн нас барсан гэдэг. Энэ бүс нутагт Энэтхэг, Пакистаны хооронд цэргийн мөргөлдөөн болж байсан нь аврах ажиллагаанд ихээхэн бэрхшээл учруулсан. Олон тосгон, суурин газрын хөрснөөс бүрэн арчигдаж Пакистаны Балакот хот бараг бүрэн сүйрсэн. Энэтхэгээс бас 1300 хүн амь үрэгдсэн байдаг.
3. Гаити
2010 оны нэгдүгээр сарын 12-нд Гаитид рихтерийн шаталбараар 7 баллын газар хөдөлсний төв нь нийслэл Порт-о-Пренст байснаас гурван сая хүн орох оронгүй хоцорч бүхий л эмнэлэг, орон сууцны мянга мянган барилга нурж сүйдсэн. 160-230 мянган хүн амь алдсан байна. Шоронгоос оргосон гэмт хэрэгтнүүд хотоор дүүрч энд тэндгүй хулгай дээрэм, тонуул газар авсан. Газар хөдлөлийн нийт хохирлыг 5.6 тэрбум ам.доллар гэж тооцсон. Гадны олон орон Гаитид тусалсан ч орон гэргүй болсон 80 мянга гаруй хүн 2016 он хүртэл дүрвэгсдийн лагерьт амьдарсан гэдэг.
2. Япон
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Хонсю арлын зүүн хэсэгт Тохоку нутагт газар Рихтерийн шаталбараар 9.1 баллын хүчтэй хөдөлсөн. Газар хөдлөлийн улмаас Фукушима хот дахь атомын цахилгаан станцын реакторын гурван блокт гэмтэл гарч цацраг идэвхэт бодис тархах аюул нүүрлэсэн юм. Газар хөдлөлийн улмаас цунами дэгдэж эрэг орчмын мянга мянган барилгыг сүйтгэсэн бол 16 мянган хүн амь үрэгдэж, 2500 хүн сураггүй алга болсон.
1. Спитак, Ленинакан
Зөвлөлт холбоот улсын түүхэнд газар хөдөлсөн тохиолдол олон ч хамгийн том нь Арменд 1988 оны арванхоёрдугаар сарын 7-нд болсон гамшиг. Энэ хүчтэй газар хөдлөлөөр бүгд найрамдах улсын нэг сая илүү хүн амьдардаг хойд хэсэг бүхэлдээ сүйрсэн. Спитак хот газрын хөрснөөс бүрэн арчигдсан бол Ленинакан хот ихээхэн сүйрч 300 тосгон эвдэрч сүйрэн, бүгд найрамдах улсын аж үйлдвэрийн хүчин чадлын 40 хувь нь сүйрч ажиллагаанаас гарсан. Янз бүрийн мэдээгээр 25-170 мянган хүн амь алдан 17 мянган хүн бэртэж гэмтэн 500 мянган хүн орох оронгүй болсон байна.