Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зөрчлийн тухай хууль өөрөө зөрчилтэй байна

Монгол улсын гавьяат хуульч Н.Чадраабал


Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал бол өмнө нь үйлчилж байсан “Захиргааны хариуцлагын тухай” хууль болон одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа 200 гаруй хуулиар тогтоосон зөрчлүүд тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж цэгцэлснээрээ ач холбогдолтой гэсэн ойлголтыг хууль тогтоогчид сурталчилдаг юм.
Энэ хууль үйлчлэх болсонтой уялдуулан “Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” зэрэг хуулиуд батлагдсан билээ.
Хууль тогтоомжийн эдгээр арга хэмжээг эрх зүйт төрийг төлөвшүүлэх хүрээнд хийсэн шинэчлэл гэдэг талаас нь ойлгож дэмжиж болох авч зохицуулалт нь оновчтой бус байгаагаас нийгэмд олон сөрөг үр дагавар бий болголоо гэсэн бухимдал хүчтэй яригдах боллоо.


Үнэндээ энэ хуулийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, чирэгдэл улам нэмэгдэж, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын ачаалал өссөнөөс гадна, нийгэмд улам л айдас хүйдэс бий болгож, ядарсан ард түмнээ торгууль, шийтгэлээр дарамтлах, нөхцөл бүрдсэн юм. Тэгээд ч нийгмийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах бүрд “Зөрчлийн тухай хууль”-аар хариуцлага ногдуулах боломжгүй. Яагаад гэвэл амьдрал баян учраас зохицуулагдаж буй харилцаа нь өөр өөр шүү дээ.
Ийм тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл тухайн хуульдаа хариуцлагын санкц тусгаж өгөх шаардлага гарна. Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш гарсан хуулиудаас үүнийг харж болно.


Төрийн хуулийн үндсэн зорилго нь нийгмийн шударга ёсны баталгаа болж, дээдсийг хазаарлаж, доодсыг халамжлан, ард түмнийхээ амин эрх ашгийг хамгаалсан агуулгатай байх учиртай. Тэгвэл энэ хуулиар торгуулийн хэмжээг хүн\иргэн\, 10,000-200,000 нэгж буюу 20,000,000\ хорин сая\ төгрөг, хуулийн этгээдийг дээд тал нь 200,000,000 \хоёр зуун сая\ төгрөгөөр торгохоор тогтоожээ. Энэ бол өдрийнхөө хоолыг ч олж идэж чадахгүй, өлөн зэлмүүн амьдарч буй зон олонд хэтийдсэн шийтгэл болно. Ёстой л өнөөх албан тушаал, өнгө мөнгөн дээр тогтсон капитализмын үеийн харгис хатуу хууль болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байхаа.


Хувь хүн хуулийн этгээдийг нийгмийн дэг журмыг сахиулах, сахилга хариуцлагын тогтолцоог бүрдүүлэн, хуулиудын хэрэгжих баталгааг хангаж байна гэхээсээ торгууль, шийтгэлээр улсын төсвөө бүрдүүлж, эрх мэдэлтнүүд хуваан зооглох гарцаа нээжээ гэдэг нь ойрмогхон болсон үйл явдлуудаас ч харагдаж байна.


Энэ онд баталсан улсын төсвийн 10 хувь буюу нэг их наяд төгрөгийг торгуулиар бүрдүүлэхээр баталсан нь үүний тод жишээ юм. Ард түмнийхээ халааснаас хуулиар далайлгаж цуглуулсан энэ орлогоос дарга нар “ЖДҮ” жижиг дунд үйлдвэрлэгч нэрээр тэрбум ,тэрбумаар нь зээл авч, мөнгө хүүлсэн. УИХ-ын гишүүн бүр хамгийн багадаа таван тэрбумаас тавин тэрбум хүртэл төгрөг өөрсдийнхөө зардалд батлуулж авсан, цаашлаад сонгуульд өрсөлдөх улс төрийн намынхаа зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр ч яригдаж байна.
УИХ бол улсын төсвийг баталдаг газар болохоос биш төсвийг өөрсдөдөө зориулж хуваарилдаг байгууллага биш шүү дээ. Төсвийг батлахдаа төсвийн ерөнхийлөн захирагчийн нэр дээр хуваарилж тэдгээр хүмүүс цааш нь төсвийн төвлөрүүлэн захирагч болон шууд захирагч нараар дамжуулан захиран зарцуулах эрхтэй гээд “Төсвийн тухай хууль”-д нь заачихсан байдаг юм. Гэтэл манай хууль тогтоогчид эрх мэдлээрээ бярдаж хуулин дээрээ гишгэчиж байгаа нь бид ямар төрийн дор амьдарч байгааг харуулсан баримт юм. Татвар торгууль,төлбөр,хураамж нэмэгдэж юмны үнэ өсөхийн хэрээр ядуурал ажилгүйдэл улам гаарч нийгмийн бухимдал дэврэн орон гэртээ ч гудамж талбайд сэтгэл амгалан амьдрах боломж алдагдлаа.


Ийм нөхцөлд торгуулиар улсын төсвийг бүрдүүлнэ гэдэг нь хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах зорилготой уялдах уу? Ард түмнээ өөд татаж, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ, улс орноо сэргээж, эдийн засгаа хөл дээр нь зогсооно гэсэн амлалттай нь хэрхэн нийцэж байна вэ? Амьдрал хоёр туйлд хуваагдаж нийгэм зөрчилдөөнөөр дүүрсэн өнөө цагт энэ хуулинд өртөхгүй хүн нь ховор болсон.
Торгууль шийтгэл бол ядарсан нэгэнд л илүү хүнд тусна. Дээдэс, баячуудад торгууль бол шийтгэл биш, хэдийгээр хуулийг үл тоомсорлон хамгийн их зөрчлийг тэд гаргах боловч нүүр талаараа торгуулиас мултарч чадна. Гудамж, талбайд тамхи, бохь ширхэглэн зарж, голоо зогоож байгаа, орох оронгүй тэнүүчлэн өдөр өнгөрөөж байгаа, хог түүж орон гэрээ авч яваа, хүмүүс дийлэнх нь болчихсон энэ үед талхны таван төгрөгөөр нь шоглоод байвал ядуурал улам л гаарна. Чухам энэ үүднээс уг хуулийг хатуу, харгис хууль болсон гэж үзэж байна. Ер нь энэ хуулийн торгуулийн хэмжээ нь өмнөх бүх хуулиар тогтоосноос ч хэт өндөр болсноор барахгүй, Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасан\торгуулийн дээд хэмжээ\ 40,000,000 \дөчин сая\ төгрөгнөөс ч давсан байна.


Нэг үгээр хэлбэл зөрчил гаргаж, өндөр торгууль төлөхийн оронд гэмт хэрэгт торгуулийн ялаар шийтгэгдэх нь хөнгөн болжээ. Түүнчлэн амьдралд их гардаг танхай, гүтгэлэг, доромжлолын гэмт хэргүүдийг эрүүгийн хуулиас хасчихаад бүгдийг “Зөрчлийн тухай хууль”-аар шийтгэж байхаар тогтоосон байх юм. Зөрчлийн тухай хууль нь ийм агуулгатай байж болохгүй ээ. Энэ хууль нь бусад хэд хэдэн хуулиудтай зөрчилдөхөөс гадна, хэрэгжүүлэх үйл явцад ч бэрхшээл хүндрэл учирна. Тодорхой ганц жишээ дурдахад: Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 19-р зүйлийн 12.1“бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” мөн хуулийн 11 дүгээр бүлгийн 19-р зүйлийн 12.2” бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтууд нь 200,000,000\хоёр зуун сая\ төгрөгийн хэмжээнээс ч хэтэрч байна гэдгийг Татварын байгууллагын ажилтнууд ярих юм билээ. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч хэрэгжилтийн явцдаа их л маргаан дагуулж байгаа бололтой. Зөрчлийн тухай хуультай холбоотой асуудлаар иргэд хэвлэл мэдээллээр санал бодлоо илэрхийлж, Үндсэн хуулийн Цэцэд хүртэл мэдээлэл хүргэсэн юм билээ. Энэ асуудал хууль санаачлагчдын ч анхааралд хүрч хаврын чуулганаар уг хуульд өөрчлөлт оруулах тухай яригдах төлөвтэй.


Хууль тогтоогчид хэрвээ уг хуулийг эргэж авч үзэх нь зөв гэж байгаа бол хэрэгжүүлэгчдээс судалгаа, санал авсны үндсэн дээр Эрүүгийн хууль, Иргэний хууль болон шинээр авч хэлэлцэх гэж байгаа Татварын багц хууль, Зөвшөөрлийн тухай хуулиудтай уялдуулах шаардлагатай. Зарим асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргуулах нь илүү үр дүнтэй байж болохоос гадна, уг хуулийг нэг мөр зөв хэрэглэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com