Манай улсад хоёр хүн тутмын нэг нь зөрчлийн хэргийн хохирогч болж байгаа тухай прокурорын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Тэр дундаа, гүтгэх, байгаль орчны эсрэг зөрчлийн хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргүүд ихээр гарах болсон байна. Иймээс прокурорын байгууллага бүтэц, орон тоогоо шинэчлэн баталж, улсын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурорыг томилон ажиллуулах болжээ. Мөн түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөнийг хоёр өдөр зохион байгуулж байна. Энэ үеэр УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралтаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Зөрчлийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Зөрчлийн хууль салбар хууль тогтоомжуудтай зөрчилдөх асуудал хяналт тавих явцад нэлээдгүй гарч байна. Тийм учраас бид тухай бүрт нь тодорхой асуудал, кейс дээр нь үндэслээд судалгаа хийж, Хуульзүй дотоод хэргийн яаманд нэмэлт өөрчлөлт оруулах талаар арав гаруй багц саналыг хүргүүлсэн. Тухайлбал, хулгайн асуудлыг зөрчилд тооцохгүйгээр өөр салбар хуулиар зохицуулж болмоор харагдаж байгаа. Өнөөдөр 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хулгайн хэргийг зөрчлийн хуулиар, 300 мянгаас дээш бол эрүүгийн хуулиар шийдээд явж байгаа. Гэхдээ энэ нь амьдрал дээр хэрэгжихэд асар хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Ялангуяа дүүрэг дамжсан, олон удаагийн үйлдэлтэй, тухайн үйлдэл бүр нь 300 мянган төгрөгөөс доош хохиролтой байгаа нь хэргийг зөрчлийн хуулиар шийдээд яваад байгаа. Энэ ер нь зөв юм уу, буруу юм уу. Энэ тохиолдолд эрүүгийн хуулиар зохицуулах ёстой юм биш үү гэсэн байр суурьтай байх жишээний.
-Зөрчлийн хуулийн 6.21 буюу "Гүтгэх" зөрчлөөр олон хүн шийтгэл авах болсон. Олон нийт ч янз бүрийн байр суурьтай байгаа нь анзаарагдсан?
-Гүтгэх зөрчлийг маш олон байр сууринаас ярьж байна. Зөрчлийн хуулиар шалгах ёстой юм уу, эрүүгийн хуулиар уу, иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шийдвэрлэх ёстой юм уу гэсэн үндсэн гурван байр суурь явж байна. Бид саналаа өгсний дагуу Хуульзүйн яам энэ асуудлыг мөн шалгаж байгаа. Сүүлийн үед хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх "гүтгэх" зөрчлийн хэргүүд гарсаар байна. Гүтгэх зөрчлийн хэргүүдийг гомдол гаргасан субьектээр нь авч үзэхэд Төр захиргааны байгууллага хамгийн ихээр төвлөрсөн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хамгийн их гарсан байгаа юм. Тухайлбал, ерөнхийлөгчөөс гурван удаа, УИХ-ын гишүүдээс 10, төрийн өндөр дээд албан тушаалтан 34, бусад хуулийн этгээд 12 удаа хандсан байх жишээтэй. Үүнээс өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан. Дээрх тоог нарийвчилбал, 24 иргэнд тус бүр хоёр сая, 25 сэтгүүлчид тус бүр хоёр сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг багасгах талаар та бүхэн ямар санал, санаачилга гаргаж байна вэ?
-Өнгөрөгч онд гарсан хамгийн их зөрчлүүдийн нэг бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай холбогдож байна. Энэ төрлийн зөрчил гаргасан 1.6 сая зөрчил гарснаас 90 хувийг нь торгож, 26 мянган жолоочийн эрхийг хасч, 6134 жолоочийг баривчилсан. Мөн байгаль орчны зөрчлийг авч үзвэл ойн тухай хууль зөрчих хэрэг Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад түлхүү гарч байгаа бол ашигт малтмалын тухай хууль зөрчих хэрэг Баянхонгор, Хөвсгөл аймагт, амьтны тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг Булган аймагт түлхүү гарч байна.
-Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад ачаалал их нэмэгдсэн байдаг. Прокурорын байгууллагад энэ зүйл ажиглагдаж байна уу?
-Зөрчлийн хууль 2017 оны долоон сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Хагас жилийн хугацаанд 600 мянга гаруй зөрчил үйлдэгдэж байсан бол 2018 онд бүтэн жилийн хугацаанд 1.5 сая орчим зөрчил үйлдэгдсэн байна. Эндээс харахад тэр бүх зөрчлийг шалган шийдвэрлэх ажилд прокурор хяналт тавина гэдэг утгаараа ачаалал маш их байгаа. Жишээлбэл, Нийслэлийн прокурорын газар гэхэд нийтдээ 1200 гаруй эрх бүхий албан тушаалтны зөрчил шалгах ажиллагаатай танилцаж байна. Тэгэхээр 1200 албан тушаалтантай таван прокурор ажиллаж байх жишээтэй. Орон нутгийн тухайд жишээ татвал, Дорноговь аймагт 14 байгууллагын 400 гаруй албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавихад ганцхан прокурор байна. Прокурорын ачаалал ямар байгаа нь харагдах болов уу.
-Албан тушаалтнуудтай холбоотой ямар зөрчил ихэвчлэн гарч байна вэ?
-Зөрчлийн онцлогоос хамаараад янз бүр. Албан тушаалтны хувьд зөрчлийн хуульд орсон нэг зохицуулалт бол төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчлийг салбар хуулиар шийднэ гээд хуулинд заасан байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага оногдуулна. Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулахгүй гэсэн үг юм.