Хуульч Н.Ариунболдтой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Төслийн ач холбогдол юунд оршиж байна?
-Тухайн улсын хөгжил, нийгмийн амьдрал бол тэр улсынхаа Үндсэн хуулийн шууд тусгал, үр дүн, үр дагавар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн амьдрал бол 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн шууд тусгал, түүний үр дүн гэж ойлгож болно. Тиймээс манай улс хөгжиж байгаа, иргэдийн амьдрал боломжийн түвшинд байна гэж үзвэл энэ шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, муу байна гэж үзвэл мөн л Үндсэн хуулийн үр дагавар тул болохгүй байгаа зүйлүүдийг залруулж, цаашид 20-30 жилийн хугацаанд улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох магадлалтай гэдгээрээ ач холбогдолтой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь нийгэмд үүсээд байгаа асуудал, хүлээлтийг бүхэлд нь тусгаж чадаж уу?
-Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гуайн ярьж буйгаар бол өргөн мэдүүлсэн төслөө өөрчлөлт биш тодотгол гэж нэрлээд байгаа. Төсвийн тодотгол гэж байдгаас хуулийн тодотгол гэж сонсоогүй. Хуулийн тайлбар гэж бол бий. Үндсэн хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах эрхтэй институц байхгүй ч манай улсын Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах замаар хэрэглээний жишгийг тогтоодог. Тухайлбал Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргадаг байсныг Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах замаар Үндсэн хуулийн хэрэглээний жишгийг тогтоож, болиулсан байдаг. Үүнийг Үндсэн хуулийн зөв хэрэглэх талаарх тайлбартай адилтгаж үзэж болох юм. Харин төсөл нь ирэх 20-30 жилийн хугацаанд улсыг хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр улсын хөгжлийг бүр илүү гацаах, танил талын бичигдээгүй хууль жинхэнэ хуулиас дээгүүр үйлчлэх боломжийг нээж өгөхөөр байна. Тухайлбал одоогоор улс төрийн томилгооноос ангид байж чадаж байгаа шүүхийн томилгоо руу эрх баригч нам УИХ дахь Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан орох Үндсэн хуулийн үүд хаалгыг нээх гэж байна. Энэ бол маш ноцтой. Төсөлд туссанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавин хувийг Хууль зүйн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ томилох юм байна. Одоогийн байдлаар Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт байгууллагын бүрэлдэхүүнийг УИХ томилдог бөгөөд энэ нь ихэнхдээ улс төрийн томилгоо байж, томилсон нам, эвсэлдээ үйлчлээд явдаг нь нуугаад байх зүйл биш гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа.
-Төсөлд шүүх эрх мэдлийн талаар нэлээдгүй сайн зүйл орсон байгаа талаар санаачлагч мэдэгдэж байгаа?
-Тэгэхээр түрүүн дурдсанчлан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цаашдаа хэн шүүгч болохыг “Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд” шийддэг болох гэж байгааг дэвшилттэй зүйл гэж бодохгүй байна. Харин ч УИХ-ын эрх мэдлээс Ерөнхий сайдаас бусад бүх томилгоог хасвал парламент гүйцэтгэх эрх мэдэлдээ хяналт тавих, хууль тогтоох үндсэн чиг үүрэгтэй илүү анхаарал тавих боломж нээгдэнэ. Шүүхийн тухайд Үндсэн хуулиар дээд шүүхийг 22 бүрэлдэхүүнтэй байхаар зааж. 320 сая хүнтэй АНУ-д есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэй дээд шүүх үйлчилж болоод байхад 100 дахин бага буюу 3.2 сая хүн амтай 22 бүрэлдэхүүнтэй дээд шүүх үйлчлэх болж байна. Энэ бол шүүхийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал болохоос биш бүх асуудлыг дээд шүүх шийдэх боломжгүй шүү дээ.
-2000 онд Үндсэн хуульд оруулсан дордохын долоо гэгддэг өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянаж байгаа талаар Цэцийн мэдээллийн албанаас мэдээлсэн?
-Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч процедурын алдаа гаргасны улмаас Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгож, 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дахин баталж байсан гашуун түүх бий. УИХ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн №47 “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолоор Үндсэн хуулийн эрх зүйн маргаан үүсгэн шалгаж байгаа. Нэгэнт Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий Үндсэн хуулийн цэц 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж байгаа тул уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарах хүртэл шинээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхгүй байх нь Үндсэн хуулийн эрх зүйн ойлгомжгүй байдал үүсэх, хэрэглээний гажуудал үүсэхээс сэргийлэх юм. Гэсэн хэдий ч хоёр дугаар хэлэлцүүлэгтэй орж байх шиг байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ хууль зөрчигдсөн талаар мэдээлэл гараад байгаа?
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан архаг, хашир парламентч. Харамсалтай нь яарвал даарна гэдэг шиг төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ Үндсэн хууль, журмын хууль ноцтой зөрчсөн. Өргөн мэдүүлэх төслөө хүртэл хуулийн төсөл гэх үү, зүгээр төсөл гэх үү гэдгээ ч тодорхойлж чадаагүй юм билээ. Гавьяат хуульч Б.Чимид агсан амьд сэрүүн байхдаа ажлын хэсэгт ажиллаж, түүний идэвхтэй оролцоотойгоор батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 8.1-д “Улсын Их Хурлын гишүүн... Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно…” 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна.” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн акт нь зөвхөн хууль байхаар байгаа юм. Гэтэл төслөөр бол эрх зүйн хэлбэргүй акт УИХ-аас гарахаар байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль зүйн зөрчил, цаашлаад Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил рүү оруулж болзошгүй. Түүнчлэн ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцээс санал аваагүй процедурын алдаа гаргасан байна лээ. 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосон үндэслэл нь яг энэ. Гэтэл энэ зөрчлөө мэдсээр байж дахин гаргаж байгаа нь ойлгомжгүй, эсвэл Цэцийн Үндсэн хууль хэрэглээний жишгийг огт тоохгүй, хүндэтгэлгүй хандаж байна гэж ойлгогдохоор байна.
-Төсөлд сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгох талаар заасан байна?
-Манай улс холбооны биш нэгдмэл төрийн байгуулалтай улс гэдгийг санах хэрэгтэй. Сум, дүүрэг бол засаг захиргааны нэгж, түүний удирдлага нь төрийн төлөөлөл болж тухайн сум, дүүрэгт төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг нийтийн албан тушаалтан юм. Ийм байтал засаг захиргааны дундын нэгжийн удирдлагыг иргэдээс сонгох нь төвлөрсөн захиргааны удирдлагыг алдагдуулах, улмаар төрийн төв болон захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үл хүлээн зөвшөөрөх, дагахгүй байх гэх мэт ноцтой үр дагаврууд үүсч болзошгүй. Харин аль ч улсын хувьд хот, тосгоны захирагчийг оршин суугчид нь нийтээрээ сонгодог тогтолцоо байдаг нь манайд ч бий. Гагцхүү өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар хот, тосгон ба засаг захиргааны нэгжийн удирдлагын чиг үүргийг зааглаж, ялгаж чадаагүй, чадахыг оролдохгүй байгаад л асуудал оршино.
-Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой гэсэн асуудал танд байдаг уу?
-Мэдээж хүн болгонд байдаг л байх. Ялангуяа Үндсэн хууль судлаач нарт. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд шударга ёс, тэгш байдлыг хамгаалдаг Үндсэн хуулийн институц орхигдсон байдаг. Яг үнэндээ шударга гэгдэх шүүхэд шударга ёс, тэгш байдал огт падгүй байдаг. Тэд шударга ч бай, шударга бус ч бай хуульд захирагдаж шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр Үндсэн хуулийн шүүх үлдэж байгаа. Манай Үндсэн хуулийн шүүх гэгдэх Цэц болохоор хууль шударга бус байгаа нь манай асуудал биш, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг шударга ёс, тэгш байдалд нийцүүлэх нь УИХ-ын бүрэн эрх гэсэн тайлбарыг өгдөг. Тэгэхээр өнөөх 76 гишүүнээсээ шударга ёс, тэгш байдлыг хүлээх болж байна. Тиймээс 27 жил шударга ёс, тэгш байдлыг хүлээж байна, цаашдаа ч хүлээх хэрэгтэй болох болчхоод байгаа юм. Үүнийг л засах буюу хууль шударга ёс, тэгш байдалд нийцсэн байх зарчмыг Үндсэн хуульд тусгайлан оруулбал ядаж л Үндсэн хуулийн шүүх нь шударга ёс, тэгш байдлыг тайлбарыг тухайн цаг хугацааны нийгэмд дэх үнэт зүйлд тулгуурлан тайлбарлаад явах боломж бүрдэнэ гэж үздэг.