Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал болж, олны танил болоод улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд зарсан "Жаст групп"-ийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбогдох гэмт хэрэг шүүхийн шатанд явж байгаа гэдгийг онцолсон юм. Түүний "Стандарт банкинд" төлөх ёстой 140 сая долларын өрийг Монгол Улсын Засгийн газраас дарж, уг мөнгийг Ш.Батхүүгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Өнөө хүртэл шийдэгдээгүй байна. Уг нь Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж, 52 тэрбум төгрөгийн хөрөнгө хураасан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл улсын өрийг яг барагдуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Юутай ч шүүхээр уг асуудлыг бүрэн шийдвэрлэх юм.
Харин Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр нарын нөлөө бүхий эрхмүүд холбогдон, удаа дараалан шалгагдаж байгаа "Оюутолгойн гэрээ"-тэй холбоотой хэргийн шалгалт дуусах шатандаа орсон бөгөөд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаараа АТГ мэдэгдлээ. Гэвч уг хэрэгт С.Баяр, С.Баярцогт нараас гадна чухам хэдэн хүнийг хамруулж байгаа талаараа тодорхой тайлбар өгсөнгүй.
Мөн энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар дараах мэдээллийг өгсөн юм.
Шинээр томилогдсон албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж авав
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлийн дагуу тус газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газраас томилогдсон нийт таван албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авлаа. /УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт/
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 81 байгууллагын цахим сайтад мөн найман аймгийн орон нутгийн ТВ-ээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ашиг сонирхлын зөрчил, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаарх шторк, харандааны зураглал, гурван төрлийн шторк, сурталчилгааг /зохиомжит промо/ нэвтрүүлж иргэд, олон нийтэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг чадавхжуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Тээврийн прокурор гэх мэт байгууллагын 350 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.
23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгав
Тайлант хугацаанд тус хэлтэст нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар дөрвөн албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:
• “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
• Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
• Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
•Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа
Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу нэг албан тушаалтанд ажлаас халах, нэг албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, хоёр албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 962 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Тус хэлтэс өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.
Илт зөрчилтэй зургаан албан тушаалтан
• Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
• Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
• Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
• Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
• Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг
нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
Иргэдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэжээ
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч, 107 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.
Түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон 4 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлээд байна.
Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны зургадугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 буюу 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 75.0 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 6 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албаны тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, УЕПГ-аас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулж байна гэлээ