Манай УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг баргаараа луйвардан авч, дипломатууд хар тамхины сүлжээнд орон ихэнх нь дипломат эрхээ ашиглан хар тамхи зөөвөрлөдөг болсон дуулианы дундуур шүүгчид нь бараг бүхэлдээ авлигач нь илэрсэн. Ямар сайндаа Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг нэг дор түдгэлзүүлэх вэ дээ. Авлигын хэрэгт холбогдсон нэг шүүгч урьдчилсан хорих байранд амиа хорлож, түүний хүү нь гэр бүлээ дагуулан их хэмжээний доллартой явж байгаад гадаад орны хил дээр саатуулагдаж байна. Одоо шүүгчээс өөр ажил алба эрхлээгүй атлаа хэдэн тэрбумын хадгаламж, олон арван орон сууцтай шүүгч ер цочирсон шинжгүй ажлаа хийгээд хүнийг яллаад, суллаад л сууж байна.
Энэ удаа бид хамгийн хүмүүнлэг бус, харгис шүүгчийн тухай өгүүлж байна. Манайд ч гэсэн 10 мянган төгрөг хулгайлсан, нялх хүүхэдтэй эхийг шоронд илгээж байсан ШҮҮГЧ бас л бий. Ер шүүгчийн ял оноосон хийгээд ялаас чөлөөлсөн шударга бус шийдвэрийн ард санхүүгийн сонирхол, нэг үгээр хэлбэл авлига ямагт байдгийг дараах жишээнээс уншиж болно.
Засаглалын хамгийн дээдэх шүүхийн шийдвэр хамгийн шударга, хуулийг, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой нь зүй. Ийм ч учраас шүүгчид тангараг өргөдөг. Гэтэл харамсалтай нь шүүхийн шийдвэр олны дургүйцлийг хүргэх нь аль ч улс оронд нэг биш. Энэ нь тухайн шүүгчид олон түмэн дургүйцэхээс эхлээд ер шүүхэд олон түмний итгэл алдрахад хүргэдэг. Аль ч улс оронд шүүх хараат бус байхаар хуульчлагдсан байдаг ч эрх баригчид, улс төрийн нам, эрх мэдэлтний дуулгавартай гар хөл болох нь энүүхэнд. Орост Москвагийн шүүгч Ольга Боровкова гэгчийг сөрөг хүчний тэмцэгчдийг байнга шүүж, захиргааны хуулиар баривчлуулдаг хэмээн нэг хэсэг олон нийт шүүмжилдэг байлаа.
Хамгийн ардчилсан улс хэмээдэг АНУ-д насанд хүрэгсэд болон насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг ялгалгүй шүүдэг улс орон. Зарим мужид бүр 13-14 настай гэмт хэрэгтэнд цаазаар авах ял ногдуулдаг байснаа бүх насаар нь хорих ялаар сольсон.
Харгис Марк Чьяворелла
Насанд хүрээгүйчүүдэд хамгийн харгис, хатуу ял оноодог, жинхэнэ хүмүүнлэг бус шүүгчээр Марк Чьяворелла гэгч нэрд гарсан байдаг. Тэр 1997 оноос шүүгч хийхдээ 2010 он хүртэл 13 жилд насанд хүрээгүй 4000 хүүхдэд ял оноосон байдаг. Эхлээд түүнийг Пенсильвани мужийнхан дараа нь бүх америк даяараа мэддэг болж “Юуг ч тэвчдэггүй хүн” гэж хочилдог болсон гэнэ. Чьяворелла гэм буруутай л бол гэмт хэрэгтний нас хамаагүй, хамгийн хатуу шийтгэл оноож залхаах ёстой гэж хатуу итгэсэн нэгэн.
Бусдын байшинг санамсаргүй шатаасан 10 настай охиныг, байшингийн эзэн гомдолгүй гэсээр байхад нэг жилийн хорих ялаар шийтгэж байсан нь зөвхөн нэг удаагийн хэрэг. Өөр бас 10 настай жаал хүүг дэлгүүрээс дөрвөн долларын үнэ бүхий ууттай самар хулгайлсных нь төлөө зургаан сар хорих ялаар шийтгэсэн бол түүний хамтрагч найзыг сургуульд нь явуулахгүйгээр хоёр сар хорих ялаар шийтгэж байжээ.
Ийм жишээ даанч олон. 11 настай хүү ээжийнхээ машиныг зөвшөөрөлгүй жолоодсоны төлөө хоёр жилийн ял өгсөн бол MySpace сүлжээнд багшийгаа гутаасан бичвэр нийтэлсэн 14 настай хүүд гурван сарын хорих ял өгсөн байна.
Хамгийн аймшигтай нь Чьярвореллын хэргийг нь шийдсэн энэ хүүхдүүдэд өмгөөлөгч өгөөгүйгээр шүүх хурал дунджаар дөрвөн минут үргэлжилж тэдний хувь заяаг шийддэг байсан гэнэ. Ээж рүүгээ гутал шидсэн 12 настай охины хэргийг ердөө нэг минутад шийдэж хоёр сар шоронд хорих ялаар шийтгэж байсан нь шүүгч Чьявореллагийн “дээд амжилт” гэнэ.
Гэтэл шүүгч Чьявореллагийн энэ “шударга” шийтгэлийн цаана санхүүгийн сонирхол байсан нь гэнэт илрэх нь тэр. Тэр насанд хүрээгүй багачуудыг хахир хатуу шийтгэн алх цохиж PA Child Care компанийн эзэмшлийн хувийн шорон руу илгээдэг байж. АНУ-д хувийн шорон нь хоригдол бүрийнхээ төлөө улсаас татаас авдаг болохоор шорон нь хэдий л олон хүнтэй байна, ашиг орлого нь төдий л их байдаг юм байна. Нөгөө талаар шоронд хоригдогсод шүүгчид 997 мянган доллар төлсөн байдаг. Гэмт хэргийг тэвчиж чаддаггүй “Шударга” шүүгч Чьяворелла энэ мөнгийг оффороор дамжуулан өөрийнхөө дансанд хийж, Майамид харш худалдаж авсан нь илэрчээ.
Энэ бүхний төлөө Марк Чьявореллаг 2011 оны хоёрдугаар сард 28 жил шоронд хорих ялаар шийтгэсэн бол өнөөх PA Child Care компанийн менежер, нягтлан бодогч зэрэг 30 хүнд дунджаар долоон жилийн ял оноосон байна.
Хамгийн гол нь Чьявореллагийн шийдвэрээр ял авсан 4000 гаруй хүүхдийн ялыг хүчингүй болгон цагаатгаж, яг тухайн үед шоронд сууж байсан хүүхдүүүдэд өршөөл үзүүлэн сулласан байна. Харамсалтай нь хоёр хүүхэд л шоронд байхдаа амиа хорлосон байдаг.
“Энэрэнгүй” Майкл Чиконтти
Америкийн өөр нэг шүүгч бол Огайо мужийн Лейк-каунти тойргийн шүүгч Майкл Чиконтти. Хамгийн хүмүүнлэг бус, бас инээдэмтэй шийдвэр гаргадаг шүүгч гэж АНУ даяар нэрд гарсан нэгэн. Тэр бол гэмт хэрэгтнийг шоронд хорих бус /хүмүүнлэг/ ялаар шийтгэдэг, хамгийн аймшигтай нь энэ шийтгэл тухайн хүнд сэтгэл зүйн асар их дарамт авчирдаг байна. Тухайлбал Чиконтти ийм шийтгэлээ “бүтээлч” шийтгэл гэж нэрлэдэг гэнэ. Нэг эрэгтэйг секс-шопоос хулгай хийснийх нь төлөө тэр дэлгүүрийн нь өмнө “Би үүнийг харахгүй” гэсэн пайз бариулан буруу харуулан тав хоног зогсоохоор шийтгэж байсан гэнэ.
Өөр нэг залууг цагдаагийн ажилтныг доромжилсных нь төлөө “Энэ бол цагдаа биш” гэсэн пайз бариулан гэгээн цагаан өдрөөр гахайтай хамт “хариулах” ялаар шийтгэжээ. Хоёр хүүхэд Исус бурхны баримал дээр 666 гэсэн тоо бичсэний төлөө хоёр хоног хотоор илжигтэй хамт туух ял өгсөн байна. Задгай машинаараа шөнийн цагаар хөгжим чанга тавин давхисан нэг залууг гурав хоног ойд ганцаар суух ялаар шийтгэж байж.
Гудамжинд хашхичиж олны тав тухыг алдагдуулсан хэмээн гурван эрэгтэйг тахианы хувцас өмсгөн гудамжинд гурав хоног зогсоосон байна. Өөрийнхөө нохойг толгой руу нь буудан хөнөөсөн нэгэн эрийг зургаан сарын хорих ялаар шийтгэснээ 20 хоног нохойн баг өмсөн явж хүүүхэд баагчуудад гудамжны хөдөлгөөнийн дүрэм болон хар тамхи мансууруулах бодис хэрэглэхийн аюулыг сурталчлах ялаар сольжээ. Ер нь Чиконетти гэмт хэрэгтэн хоёр төрлийн ял санал болгоод өөрийн нь сонголтоор тогтоол гаргадаг байсан гэнэ.
Бага насны хүүхэд зодсон нэгэн эмэгтэйд гурван сарын хорих ял, хүүхэдтэй зүй бус харьцахыг хориглосон сонин сэтгүүлийн өгүүллийг цуглуулж үдсэн дөрвөн хавтас материал унших ял санал болгосноос эмэгтэй мэдээж хоёр дахийг нь сонгосон байдаг.
Аврах хантаазгүйгээр усанд сэлж явсан залуу хосыг Чиконетти шүүгч нэг бол шоронд ор, эсвэл усны хувцас, аврах хантааз өмсөн бямба гараг бүр 15-17 цагт зогсон усанд аюулгүй сэлэх дүрэм журам уншин зогсох ялаар шийтгэсэн байна. Хосууд мэдээж хоёр дахь хувилбарыг нь сонгосон байдаг.
Хамгийн аймшигтай нь Чиконеттийн ялласан гэмт хэргийн ердөө долоохон хувь нь л хуулийг давтан зөрчсөн хэрэг байжээ. Энэ бол үүний өмнө өгүүлсэн Марк Чьяворелла шүүгчийн үйлдлийн дэргэд гайгүй юм шиг боловч хуульд заасан анхны үйлдэл, гэм буруугаа хүлээж байгаа эсэх гээд хөнгөрүүлэх зүйлийг үл харгалзан эрх мэдлээ ашиглан хуулиар далайлган бусдаар тохуурхаж, хувь заяагаар нь тоглон сэтгэл санааны дарамтад оруулж байгаа хэрэг. Харин энэ бүхний ард санхүүгийн ямар нэг сонирхол байсан эсэх нь тодорхойгүй.
Монголчууд “Хэнд эрх мэдэл байна, түүнд хилэнц бий” хэмээдэг билээ. Манайд ч гэсэн шүүгчдийн эрх мэдлийг өндөрсгөж, цалинг нь хэт өндөр тогтоосон нь авлигаас холдуулж шударга болгох нь бүү хэл шуналыг нь улам дэвэргэсэн хэрэг болсон биш үү.