Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Аюулгүй ажлын байр" нэгдсэн арга хэмжээний талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Эрдэнэцогт “Аюулгүй ажлын байр нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 22-ны өдрөөс зургадугаар сарын 22-ны өдөр хүртэл зохион байгуулна. Дулааны улиралд уул уурхай болон барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөдөг. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн гаралт ч ихэсдэг. Өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас 89 гэмт хэрэг бүртгэгдсэний 41 нь барилгын салбарт гарсан. Эдгээрийн дийлэнх нь аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүс, бэхэлгээ хэрэглээгүй зэрэг нийтлэг зөрчил байсан.Өөрөөр хэлбэл, баригдаж байгаа барилга дээр хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс 2016-2018 онд 99 гэмт хэрэг бүртгэгдэж, 110 иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна. Аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байран дахь аюулгүй байдлыг хангаж ажиллуулахын тулд энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний дүнг хэвлэл мэдээллийн байгууллагад эргэн мэдээлнэ” гэсэн юм.
Үүнээс гадна хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэг 2017 онд 70 бүртгэгдсэн нь 2016 оноос 59 нэгжээр буюу 45-аар буурсан бол 2018 онд 89 бүртгэгдэж өмнөх оныхоос 19 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин 2019 он гарсаар эхний улиралд гурван осол бүртгэгдээд байна. Тодруулбал, хамгийн сүүлд гэхэд өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс Орхон аймгийн харьяат 37 настай иргэн Б унаж бэртсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Мах Импекс”-ийн замын хажуугийн барилга дээрээс туслах ажилчин Ж нь тогтоосон журам зөрчсөний улмаас унаж гэмтжээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын нэгний өдөр “Сод монгол” групп ХХК-ын өргөтгөлийн барилга дээр инженерийн хяналт шалгалт сулаас барилгын туслах ажилчин Б-ийн хөл дээр төмөр унасан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 6-ны өдөр “Голомт” Констракшны барилга дээр барилгын туслах ажилчин Б хөрөө рамд гарын хуруугаа зүсч, гэмтээсэн хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн тохиолдолд байгууллагын захирал, хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүдийг яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлдэг гэж Цагдаагийн хурандаа Л.Эрдэнэцогт мөн онцолж байсан юм.
Хэвлэлийн хурлын үеэр НМХГ-ын хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой нийтлэг гардаг зөрчлүүд гэвэл төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд байдаг. Нийт төсвийн 1.5 хувиас доошгүй хөрөнгийг заавал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад зарцуулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2017 онд таван хүн, 2018 онд 13 хүн нас барсан. Аж ахуйн нэгж байгууллагууд хэдэн төгрөг хэмнэхийн тулд харам хандаад байдаг. Аюулгүй ажиллагааны зардал гаргаагүй байгууллагуудад холбогдох хариуцлагыг тооцоод явж байгаа” гэлээ.