Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Г.Бат-Эрдэнэ: Эрсдэлгүй гэж хэлж байгаа эмч өөрөө эрсдэлтэй
Сонгдо эмнэлгийн гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмч Г.Бат-Эрдэнэтэй сүүлийн үед их хийлгэх болсон гоо сайхны мэс ажилбарууд болон түүнээс үүсч болох эрсдэлт нөхцөлийн талаар ярилцлаа.
 
-Монголд гоо сайхны мэс засал хийдэг болоод төдий л удаагүй байна. Өнөөдөр хүмүүс заавал гадны орон руу явахгүйгээр Монголдоо энэ үйлчилгээг авах нөхцөл бүрдсэн үү?
-Гоо сайхны мэс засал бол ерөнхий мэс заслаас салбарлаж хөгжсөн анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн нэг салбар нь. Энэ мэргэжлийг хүмүүс зөвхөн гоо сайхны мэс засал гэдгээр салгаж ойлгоод байдаг. Пластик мэс заслын салбарын 20-30 хувийг эстетик (esthetic) мэс засал эзэлдэг. Мэс засал гэдэг салбарын 20-30 хувийг л гоо сайхны мэс засал эзэлдэг. Үлдсэн хувийг нь нөхөн сэргээх мэс засал эзэлнэ. Энэ нь хүний төрөлхийн буюу олдмол гажгийг засах мэс ажилбарыг хэлдэг. Тухайлбал уруул тагнайн сэтэрхийнээс эхлээд, тархи толгой, хөл гарын хуруу илүү дутуу байхаас эхлээд эмэгтэй хүн өсөлтийнхөө явцад хөхний хэмжээ нь томрохгүй байх зэрэг нь бүгдээрээ төрөлхийн гажгуудад орно. Нүдний давхраа хийлгэх, хамар өндөрлөх, өөх соруулах зэрэг нь гоо сайхны хагалгаа. Манайд ерөнхий мэс заслаасаа салбарлаад хөгжиж л явна. Тиймээс гоо сайхны хагалгаа гэдэг нь гэнэт үүсээд бий болчихсон эсвэл буруу, муухай, байж болохгүй зүйл огт биш.
Харин манай улсын хувьд энэ нарийн мэргэжлээр эмч, мэргэжилтэн бэлтгэхгүй байгаа учраас энэ удаан, саадтай байж магадгүй. Гадны орнуудад бол энэ салбар маань бие даасан салбар болоод маш өндөр хөгжчихсөн байна.
 
-Энэ мэргэжлээр манайх эмч мэргэжилтэн бэлтгэдэггүй гэлээ. Тэгвэл хаана, хэдэн жилээр сурсан хүмүүс одоо хагалгаа хийгээд байгаа хэрэг вэ?
-Гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн сургалт Монгол Улсын хэмжээнд байхгүй. Монголд анагаахын боловсрол олгодог улсын нэг сургууль, хувийн хэд хэдэн сургууль байгаа. Энэ сургуулиудад бакалаврын зэрэгтэй зургаан жилээр эхлээд эмч бэлтгэдэг. Дараа нь ерөнхий мэс заслаар суралцах ёстой. Тэгж байж дараа нь гоо сайхны мэс засал руугаа ордог. Ингэж байж нарийн мэргэжлийн диплом авна. Өнөөдрийн төвшинд нүд, шүд, хамар гээд мэргэшсэн байдлаараа бид гоо сайхны мэс засал хийх боломжтой гэсэн ойлголт хүртэл байна.
Харин одоо манайд юу болоод байна вэ гэхээр хэдэн сарын курст сурчхаад тэр дипломоо хүмүүст үзүүлээд, мэс ажилбар хийгээд байна.Их сургуулийн мэргэжлийн диплом, курст суусан гэсэн сертификат маягийн баталгаа бол өөр шүү дээ. Харагдах байдлаараа төстэй байж болох ч хэдэн жилээр мэргэшсэн эмч нарын мэдлэг чадвар, мөнгийг нь төлчихвөл хэн ч суух боломжтой дамжаа төгссөн хүний сурсан мэдсэн зүйл гэдэг шал ондоо гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
 Жишээ нь энэ мэргэжлээр Америкт зургаан жил сурдаг. Энэ зургаан жилийн эхний хоёр жилийг ерөнхий мэс заслаараа сурдаг. Түүний дараа гоо сайхны мэс засалчаараа сурдаг. Миний сурсан Бүгд Найрамдах Куба улсад таван жилээр сургадаг. Харин Солонгосынх дөрвөн жилийн резиденсийн хөтөлбөртэй юм билээ.
 
-Гэтэл захын гоо сайхны салонд мэс ажилбаруудыг хийж байна. Энэ хүмүүс гоо сайхны мэс заслын эмч нар биш гэсэн үг үү?
-Түүнийг хариуцдаг, шалгадаг хяналтын байгууллага гэж байдаг бол тэр газруудаас асуусан нь дээр байх.
 
-Энэ салбарт гоо сайхны салон нь ийм үйлчилгээ үзүүлнэ, клиник эмнэлэг нь ийм юм хийнэ гэсэн стандарт байна уу?
-Яг одоогийн байдлаар стандарт гэж ярихаар бас л дутмаг. Яагаад гэвэл энэ шинэ салбар. Гэхдээ гоо салоны үйлчилгээ буюу гоо сайханч гэж хэнийг хэлэх юм, мэс засал гэж юуг нь хэлж байгаа юм, хэн нь мэс ажилбар хийх эрхтэй юм гээд наад зах нь нэршил, ойлголт, тодорхойлолтуудаа хяналтын байгууллагууд ялгаж салгаж нэг мөр болгох хэрэгтэй л дээ.
 
-Үйлчлүүлэгч клиник эмнэлгээс ямар үйлчилгээ, гоо сайхны салоноос ямар үйлчилгээ авах ёстой юм бэ?
-Гоо сайхны үйлчилгээ бол хүний арьс салстыг гэмтээхгүйгээр л үйлчилгээ үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл гоо сайханч хүн ийм үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Харин хүний арьс салстад ямар нэг байдлаар мэсээр, зүүгээр хатгах ажилбар хийх болбол түүнийг мэргэжлийн эмч хийх үүрэгтэй. Салонууд хүний арьсанд хатгах үйлчилгээ хийх эрх байхгүй. Гоо сайхны салоны үйлчилгээ бол арьс салстыг гэмтээхгүйгээр үзүүлэх үйлчилгээнүүд орно. Гэтэл өнөөдөр салонууд гоо сайхны ажилбарын үйлчилгээ үзүүлээд байгаа нь буруу. Уг нь гоо сайхны салонд иллэг, төрөл бүрийн аппаратны үйлчилгээ л үзүүлэх учиртай. Жишээ нь Америкт гоо сайханч нар ийм үйлчилгээ үзүүлэхийн тулд 1800-3000 долларын курсын төлбөр төлж сурдаг. Хоёрдугаарт эмчийн хяналт дор тусгай зөвшөөрлийн курст суудаг. Тэгсний дараа л ботокс хийх эрхийн дипломтой болдог. Гэтэл манайд гурван сарын курст сууж ирчхээд юутүбээс харж байгаад хүний арьс салстад мэсээр хүрч байгаа нь эрсдэлтэй үйлдэл.
 
-Тэгвэл хувь хүн гоо сайхандаа мэс ажилбар хийлгэх гэж хандвал хамгийн түрүүнд юуг нь харж, асууж мэдээлэл авах нь зөв бэ?
-Бидний амьдарч байгаа энэ цагийн хамгийн сайхан нь үйлчлүүлэгч эмчээ сонгох боломжтой бас бүрэн эрхтэй байна. Гэхдээ манайхан цагаан халад л өмсчихсөн байвал эмч гээд итгэчихдэг тал бий. Энэ ойлголтоосоо бас салах хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүл мэнд, гоо сайхнаа хүнд даатгах гэж байгаа бол та асуух эрхтэй. Та юуны эмч вэ, танд мэргэжлийн диплом байна уу, та хэдэн жилийн ажлын туршлагатай вэ, миний хүсч буй үйлчилгээг ямар давтамжтай, хэдэн удаа хийх бэ гээд асуух эрхтэй шүү дээ. Эмч үүнд хариулах үүрэгтэй. Монгол Улсын хэмжээнд эмчлэх эрхийн лицензийг эмч нарт өгдөг. Гэхдээ үүнийг эмч нарт нийтээр нь шахуу олгодог тогтолцооны гажиг бий гэдгийг ч үгүйсгэмээргүй байна. Тиймээс гоо сайхны мэс ажилбар бүр мэс заслын үйлчилгээ авах гэж байгаа бол хамгийн түрүүнд ядаж л тэр хүнд эмчлэх эрхийн лиценз байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй. Дараа нь дээр өгүүлсэн бүх л баталгаа нотолгоог шаардах хэрэгтэй.
 
-Монголд гоо сайхны хагалгаа хийх эрхтэй эмч хэр олон байдаг вэ?
-Гоо сайхны мэс засал бол манай улсад 1990 оноос хойш хийгдэж байгаа. Үнэнийг хэлэхэд мэргэжлийнхээ дагуу гоо сайхны мэс засал хийж байгаа эмч гэвэл бараг гарын арван хуруунд багтахаар байгаа одоохондоо. Бас энэ дотроо нэг эмч бүх төрлийн хагалгааг төгс хийж чаддаг уу гэвэл үгүй. Мэдээж хэрэг бүгдийг нь хийж чадах ч хүний дагнасан, туршлагажсан хагалгаа гэж бий. Тэгэхээр үйлчлүүлэгч эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө энэ бүхэнд мэдрэмжтэй, мэдлэгтэй хандах нь зүйтэй.
 
-Гоо сайхны хагалгааг хэдэн хувийн эрсдэлтэй гэж үздэг вэ?
-Ер нь эрсдэл өндөр. Эрсдэлгүй хагалгаа гэж дэлхийн хаана ч байхгүй. Бас хамгийн мундаг шилдэг эмчид ч эрсдэл ирэх боломжтой. Манай багш нар эрсдэлгүй гэж хэлж байгаа эмч өөрөө эрсдэлтэй гэж хэлдэг байсан. Тэгэхээр үйлчлүүлэгч эрсдэлгүй гэж хэлж байгаа эмчээс айж явах нь дээр байна шүү дээ. (инээв)
 
-Гоо сайхны мэс засалд ихэнх хүмүүс таагүй ханддаг. Зүгээр байсан бие эрхтнээ янз бүр болголоо гэдэг. Хүний гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл нь юунаас үүдэлтэй байдаг юм бэ?
-Маш сайхан асуулт байна. Хүмүүс “зүгээр байсан хүн” гэж ярьдаг. Тийм биш л дээ. Учир нь анагаахын шинжлэх ухаанд бие физиологи болон сэтгэл санааны хувьд тэнцвэртэй байгаа хүнийг эрүүл хүн гэж үздэг. Нийтлэг ойлголтоор биед нь ямар нэг зовиур шаналгаа, өвчин илрэхгүй өөрөөр хэлбэл өвдөөгүй л бол эрүүл хүн гэж үздэг нь өрөөсгөл. Хүний өөртөө таалагдахгүй байдал хүнд далдуур сөргөөр нөлөөлж сэтгэлийн зовиур шаналгаа, дарамт үүсгэдэг. Тухайлбал хөхний хэлбэр нь таалагдахгүй байлаа гэхэд хувцаслалт, өөртөө итгэх итгэл, биеэ авч явах байдал цаашлаад хосын дотно харьцаанд хүртэл нөлөөлдөг. Ийм сэтгэл санааны тогтвортой бус буюу сэтгэл дундуур байдал нь удаан хугацааны туршид хуримтлагдсаар тэр хүнийг өвчтэй болгодог. Гэхдээ сэтгэлзүйн өвчин биш шүү.
Харин энэ асуудлаа шийдэхийн тулд хагалгаанд орох хүртэл зориг гаргана гэдэг их хүч шаардана.
 
-Гоо сайхны хагалгаа хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Өөртөө таалагдахгүй байдлаа засуулахаар ирж байгаа хүнээс ихээхэн зориг гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин үр дүн нь олон талын эерэг нөлөөтэй байдаг. Хагалгаа хийлгэсэн олон хүний жишээнээс харж байхад хагалгааны дараа хүний өөртөө итгэлтэй байдал суга өсдөг. Түүнээсээ шалтгаалаад нийгэмд эзлэх байр суурь, хүн хүнтэйгээ эелдэг найрсаг харилцахаас эхлээд өөр болдог. Бусдаар мөнгөтэй бүхэн нь, хүссэн бүхэн нь гүйж ирээд хагалгаа хийлгээд байгаа юм шүү дээ. Эмнэлгийн бусад үйлчилгээтэй адилхан л хүний хүсдэг, хийлгэдэг үйлчилгээ. Өвчнөөсөө салсан хүн хэчнээн баяр жаргалтай болдог билээ түүн шиг сэтгэл санааны асуудлаасаа салж байгаа нэг хэлбэр.
 
-Саяхан өөхөө соруулсан эмэгтэй нас барсан тохиолдол боллоо. Манайд ийм эрсдэл байна уу энэ юунаас шалтгаалж байна вэ?
-Гоо сайхны мэс засал аюултай гэхээсээ илүү маш өндөр хариуцлагатай ажил. Ерөнхий мэс ажилбарыг хийлгэхдээ хагалгаанд орохын өмнө зөвшөөрлийн хуудас гэж бөглөдөг. Яагаад гэвэл ямар ч мэс засал эрсдэлтэй. Эрсдэлгүй мэс засал гэж байдаггүй гэж өмнө хэлсэн шүү дээ. Гэхдээ эрсдэлтэй гээд эрсдэл гаргах ёстой гэсэн үг биш. Эрсдэлд нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүд байдаг. Хамгийн гол нь эрсдэлийг багасгах хүчин зүйлүүдийг л дээд хэмжээнд авч, удирдах чадвар юм. Эмчийн ёстой хийх ажил бол тэр хүчин зүйлүүдийг бүх нөөц бололцоогоороо бууруулах гэж ойлгож болно. Мэдээж энэ ойлголт эмч нарийн мэргэжлийн буюу мэргэшсэн байна уу гэдгээс эхэлнэ.
 
Мөн хагалгааны өмнө, явцад нь, дараа нь хагалгааны тухай ойлголтоо үйлчлүүлэгчид бүрэн дүүрэн өгөх ёстой. Манайд зарим эмч энэ талдаа дутмаг ажилладаг байж магадгүй. Аль болох олон хүнийг үзэж оношлох гээд цагт баригдах ч юм уу янз янзын л юм байна. Тухайлбал миний үзлэгийн зөвлөгөө дор хаяж 30 минут үргэлжилдэг. Хүмүүс ямар их уддаг юм гээд байдаг. Ингэхээс өөр арга байхгүй. Хагалгааны тухайд ойлголтын зөрүү гэдэг өөрөө аюултай. Хагалгаа хийлгэх гэж байгаа хүн цаашлаад гэр бүл нь эмч нь нэг хүлээлттэй, нэг ойлголттой болж байж хагалгааг хийнэ. Гадны орнуудад эмчээс нь гадна хагалгаа тайлбарладаг хүн гэж байдаг юм билээ. Миний хувьд гэвэл хагалгаанд орох ч байсан, орохгүй ч байсан хүндээ тайлбарлах болдог.
 
Хагалгаа хийхээсээ илүү хагалгааны эрсдэлүүдийг нэг бүрчлэн тайлбарлах ёстой. Ялангуяа тухайн хүн архи, тамхи хэрэглэдэг ч юмуу өөр ямар нэг асуудалтай бол тухайн хүнтэй холбогдон гарч болох эрсдэылүүдийг тайлбарлаж ярилцана. Үүний эцэст нэг шийдэлд хүрнэ. Хагалгаа хийлгэх хүн дутуу буюу буруу ойлголттой байж болохгүй. Тухайлбал хамгийн сүүлд хийсэн хэвлийн хагалгааны өмнө үйлчлүүлэгч маань надтай дөрвөн удаа уулзлаа. Дараа нь нөхөр нь, ээж нь хэд хэдэн удаа уулзлаа. Энэ өөрөө зөв. Хуучин кесерёв хагалгааны сорвиос үүссэн хэвлий нь хоёр хуваагдсан байдалтай харагдаад байгаа нь тэр хүнд таалагдахгүй байна. Тэгээд маш сайн ойлголтоо нэгтгээд орсон одоо сайхан болоод байж байна. Таны асуудаг өөх соруулах мэс засал бол манай улсад хийгдэх боломжтой, хийгддэг мэс засал. Нас барсан нь маш харамсалтай байна. Учир шалтгааныг нь сайн мэдэж байж л бодит мэдээлэл хүмүүст хүргээсэй гэж бодож байна. Хүмүүсийг мэдээллээр айдас хүйдэст автуулах нь сэргийлэх арга биш л дээ.
 
-Таны хэлснээр хэрвээ хагалгаа хийлгэхээр шийдсэн бол эхлээд ойлголтоо маш сайн нэгтгэх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгээд дараа нь шийдвэрээ гаргах нь зөв үү?
-Тэгэлгүй яах вэ. Гоо сайхны мэс засал нь хэрэглээ шиг болчихсон Солонгос школ шиг хүн ороод ирэхээр үүнийг чинь, түүнийг чинь засах хэрэгтэй юм байна гэж бид ажилладаггүй. Хүн өөртөө таалагдахгүй юу байна түүнийгээ л хэлэх хэрэгтэй. Тэр сонголтыг эмч хийдэггүй, үйлчлүүлэгч хийх ёстой. Бусдаар мөнгө олох гээд хүнд түүнийгээ, үүнийгээ засахгүй бол болохгүй нь гээд байвал тэр эмч хүн биш. Хүний сэтгэл санаа дагаад нээрээ ч тийм юм болов уу би муухай харагдаад байгаа юм болов уу гээд бодоод эхэлдэг үр дагавартай.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com