Элэгний хорт хавдрын шалтгааны 70 хувь нь В, Д, С вирусээс үүдэлтэй байдаг. Эрдэмтэдийн хийгдсэн судалгаанаас харвал манай улсын эрүүл хүн амын 10 хувь нь В вирусийн халдвартай ба түүнээс 70 орчим хувь нь Д вирусийн хавсарсан халдвартай, мөн 16 хувь нь С вирусийн халдвартай гэсэн тооцооллуур байдаг байна . В, Д вирусийн халдвар нь элэгний хорт хавдар үүсгэх том хүчин зүйл болдог аж. Дэлхий дахинд Д вирусийн халдварыг эмчлэх эм өнөөг хүртэл хараахан нээгдээгүй байсан. Тэгвэл 2018 онд Германы эрдэмтэд Д вирусийн эсрэг Myrcludex эмийг гаргаж авчээ.
Өнөөдрийг хүртэл Д вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэх заалттай байсан “интерферон” нь эмчилгээний хувьд гаж нөлөө ихтэй байсан юм. Мөн Д вирусын эмчилгээнд 30 орчим хувийн үр дүнтэйгээс гадна элэгний өвчний хүнд шатанд болон хүүхдэд хэрэглэдэггүй байсан. Харин “Myrcludex” эмчилгээг аль ч насны хүн, өвчний үе шатаас үл шалтгаалан эмчлэх боломжтойгоороо давуу талтай гэнэ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн эмч, доктор Б.Саруултай ярилцлаа
-Элэгний өвчин үүсгэдэг хэдэн төрлийн вирус байдаг вэ?
-Дэлхий дээр нийтдээ элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирус байдаг. Монгол Улсад элэгний өвчлөл үүсгэдэг таван төрлийн вирус нь оношлогддог. Хоёрыг нь бид сайн мэднэ. Хүүхдүүд цэцэрлэг, яслид байхдаа голдуу тусдаг халдварт шар өвчин. Үүнийг А вирусийн элэгний үрэвсэл гэж нэрлэдэг. 2012 онд вакцинтэй болсноос хойш хүүхдүүдийн дундах өвчлөл эрс буурсан гэж хэлж болно. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар вакцин хийдэг болсноос хойш 23 дахин буурсан гэсэн үзүүлэлт гарсан ба жилд өвдөж буй хүүхдүүдийн тоо 30 орчим байна.Элэгний өвчлөл нь архагшдаггүй эдгэрэлт сайтай байдаг.
Нөгөө нэг нь бохирлогдсон ус, хоол хүнс, бохир гараар дамжин элэгний өвчлөл үүсгэдэг Е вирус. Энэ вирусын аюултай нэг шинж чанар нь бохирлогдсон усаар тархдаг учир хүн амыг олноор өвдүүлэх эрсдэлтэй. Жирэмсэн болон настай хүмүүс хүнд өвдөх магадлалтай. Гэхдээ харьцангуй эдгэрэлт сайтай байдаг өвчин. Энэ өвчлөл ньманай улсад 2015-2016 оны хооронд 14 тохиолдол бүртгэгдэж байсан.
Нөгөө үлдсэн гурван вирус нь В,С,Д вирусийн халдвар. В вирусийн хувьд вакцинтай халдвар. 1990 оноос хойш энэ вакцинийг хийж байгаа. Вакцин хийсний үр дүнд манай улсын 0-5 насны хүүхдүүдийн дундах В вирусын халдвар 0.53 хувьд хүрч буурсан. Ази Номхон далайн бүсийн орнуудын зорилт хоёр хувь байдаг ба вакцины ач тусаар цочмог В вирусын өвчлөл эрс буурсан.ХӨСҮТ-ийн тоо мэдээгээр 118 -300 орчим тохиолдол сүүлийн 5 жил бүртгэгдэж байгаа.
- Д вирусийн хувьд хэр аюултай вирус вэ?
-В вирус дээр нэмж халдварладаг вирус бол Д вирус. Д вирус нь элэгний архаг өвчин үүсгэдэг. Д вирусийн эсрэг вакцин болон вирусийн эсрэг эмийн хэрэглээ байдаггүй. Тиймээс хамгийн төвөгтэй халдваруудын тоонд ордог. Д вирусийн онцлог нь зөвхөн В вирустэй хүнд л халдварлана. В вирус цочмог болон архаг гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. тухайн хүн болон хүүхэд ариутгаагүй болон халдвартай зүү тариур, баталгаагүй газар цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт муутай газар мэс ажилбар, үр хөндүүлэлт хийлгэх зэрэг арьс салст нэвтэрсэн замаар болон бэлгийн замаар энэ халдваруудыг авч болно. Ялангуяа эмэгтэйчүүд хөмсөгний шивээс гэх мэт гоо сайхны мэс ажилбарууд их хийлгэдэг.
Монгол Улсын хэмжээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр өрх, сум, аймаг бүрийн эмч нарыг бэлтгэж, урьдчилсан тестээр В,С вирусийг илрүүлэх оншилгоо хийгддэг болсон. Оншилгоонд орсон хүмүүсийн тоо жилээс жилд ихсэж байна. В,С вирусийн халдвартай нь илэрчихсэн хүмүүсийг баталгаажсан 28 лаборатори руу илгээж, вирусууд идэвхтэй байна уу, үгүй юу гэдгийг тоолж байгаа. Тоолсны дараа эмчилгээний асуудал шийдэгдэнэ.
-Эдгээр 28 лабораториор вирусийг тоолсны дараа ямар эмчилгээ хийгдэх вэ?
-Тоологдсон тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2018 оны зургадугаар сард гарсан 288 тоот тушаалын журмыг баримтлан бүх сум, дүүргийн эмч нар заалтын дагуу эмчилгээ хийнэ. С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эм манай улсад 2015 онд орж ирсэн. Энэ эм дэлхий дахинд батлагдсан дэвшилтэт технологиор хийгдсэн, олон хүний амь насыг аврах боломжтой. Олон эмч нар энэ эмийн тухай сургалтад сууж, бэлтгэгдсэн.
Өмнө нь С вирусийн эсрэг эм байдаггүй байсан. Учир нь энэ мөн л вакцингүй халдвар. С вирус нь олон амин уургуудаас тогтдог. Доторх бүтцэд нь тогтворгүй уураг агуулагддаг. Энэ эм бүтцийн бус уурагт нөлөөлдөг ба С вирусийн өсөлт үржлийг дэмждэг уургыг саатуулагч . Энэ нь эм нь өндөр технологиор, эрдэмтдийн хүчээр хийгдсэн учир дэлхий дахинд С вирусийн эмчилгээ үр дүнтэй байна. Монгол Улсад олон мянган хүн эмчилгээнд хамрагдсан ба эмчилгээний үр дүн өндөр байна. Зөвхөн манай төвийн хувьд гэхэд 9000 хүн хамрагдаж, эмчилгээний үр дүн 98 хувьтай гарсан.
-Эрсдэл бий юу?
-Эмчилгээний үр дүн өндөр байдаг ч эрсдэл бас бий. Эмчилгээний дараа 0 буюу идэвхгүй боллоо гэж гарсан ч вакцингүй халдвар учраас С вирусийн халдварт өртөх зам нь байж л байдаг. Тиймээс өмнө хэлсэн замуудаар буцаад С вирус халдах эрсдэл өндөр.
Д вирус бол В вирусийн халдвартай хүнийг олж суудаг. Хоёр хэлбэрээр өвдөнө гэж түрүүн ярьсан. Архаг В вирусийн халдвартай хүн дээр суувал нэмэлт Д вирусийн халдвар авчихна. Ингэсэн тохиолдолд хоёр вирусийн дунд үүссэн архаг гепатит болон цаашид элэгний хатуурал үүснэ. Бусад вирусээ бодвол В, Д вирус нь төвөгтэй халдварын тоонд ордог. Яагаад гэвэл одоогоор Д вирусийн эм гараагүй байна. В вирусийн эм байгаа боловч заалт нь маш нарийн. Яг хэзээ эмээ уух вэ, хэзээ зогсоож, үргэлжлүүлэн уух вэ гэдгийг нарийн баримтлах шаардлагатай болдог.
-Д вирусийн эм Монголд туршилтаар орж ирэх гэж байгаа гэсэн. Хэзээ орж ирэх вэ?
-Дэлхий дээр Д вирусийн эсрэг гурван төрлийн эмийн туршилт дуусж албан ёсны патентаа авч байгаа.Энэ хоёр эмийн нэг нь “Элэг төв”-ийн оруулж ирэх гэж байгаа Лонафорниб. Энэ эмийн судалгаа уг төв дээр удахгүй хийгдэх болно. Элэг цөсний олон эмч нар хамтран оролцож судалгаа хийнэ. Нөгөө нь Мурклюдекс гэдэг тариа. Есдүгээр сарын 1-нээс ХСҮТ, манай төв зэрэголон төвт судалгааны баг гарч ажиллах бэлтгэл хийгдэж байна. Энэ судалгааны ажил нь элэгний хатууралтай хүмүүст маш их ач холбогдолтой байх болно.
- Өмнө нь ч бас элэгний хатуурал өвчин байсан биз дээ?
Элэгний хэвийн эд эс холбогч эдээр солигдохийг элэгний хатуурал гэдэг. Элэгний хатуурал үүсгэх шалтгаан олон янз. Нэгдүгээрт, хоол хүнсний буруу хэрэглээ,архины зохисгүй хэрэглээ мөн эмийн буруу хэрэглээ нөлөөлдөг. Дээр нь хүн амын бодисын солилцооны улмаас элэгний өөхжилт их байна. Энэ ч бас хатуурал үүсгэнэ. Нөгөө нэг үндсэн шалтгаан бол яалт ч үгүй В,Д вирусийн архаг үрэвсэл. Ийм хүмүүс 10-25 жилийн дараа элэгний хатууралд шилждэг. Эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг байдаг элэгний хатуурал, хавдар болсон хойноо ч оношлогдох боломжтой .
Өмнөх жилүүдийг бодвол элэгний хатуурал даамжраад ихсээд байгаа юм шиг харагдавч энэ нь тандалт, илрүүлэг сайн болсонтой холбоотой. Түүнээс биш өмнө нь байж л байсан. Хоёрдугаарт улс орон даяар явагдаж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд маш их илэрч байна. Гол нь өвчнийг хатуурал, хавдар үүсэхээс өмнө илрүүлэх нь чухал. Одоо илэрчихсэн хүмүүс цаашдаа элэгнийхээ үйл ажиллагааг алдагдалд хүрэхээс өмнө эмчилгээнд орох хэрэгтэй. Түүнээс биш хавдар, хатуурал үүсчихсэн хойно оношилогдвол эмчилгээний хувьд маш их хүндрэлтэй болно. Тэгэхээр элэгний хатуурал, хавдар үүсгэдэг гол шалтгаан бол В,Д вирусийн халдвараас сэргийлэх В вирусийн эсрэг вакцин хийлгэх нь маш чухал.
-Элэгний хавдар, хатуурал ямар шатандаа ихэвчлэн оношилогдож байна вэ?
Дийлэнх хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ оройтсон шатандаа илэрч байна гэсэн дүн бий. Сүүлийн таван жилийн хугацаанд ХСҮТ Хаан банктай хамтраад үндэсний аян зохион байгуулсан. Энэ аянаар илрүүлэлт маш сайн байгаа. ХСҮТ-ийн тоо мэдээг харахаар яалт ч үгүй манай хүн амын дунд нүүрлэж байгаа хавдруудын дунд элэгний хавдар хамгийн их буюу дэлхийн дунджаас даруй найм дахин их байна гэсэн баримт бий. Тиймээс элэгний хавдраараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байна гэж хэлж болно.
-Үүнийг яаж цаашдаа бууруулах вэ?
-Нэгдүгээрт В,С вирусийн халдвартай удаан явмааргүй байна. Ямар ч юмыг эхний шатанд нь илрүүлчихвэл эмчлэхэд амар шүү дээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусийн эмийг хувь хүн мөнгөө төлж авдагаа больж, Даатгалаас гаргадаг болсон. В вирусийн эмийн хувьд 65 хувийн хөнгөлөлттэй байгаа. Удахгүй мөн Д вирусийн эм орж ирэх гэж байна. Бодлого гаргадаг Эрүүл мэндийн яам болон Үндэсний хөтөлбөр зохицуулагч нар харьцангуй идэвхтэй ажлаа хийж байгаа. Д вирусийн эмчилгээ орж ирэхээр хавдрын асуудал цэгцрэх байх гэж эмч хүний хувьд найдаж байгаа.