Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сүрьеэ үхлийн аюултай өвчин

Сүрьеэ бол үхлийн аюултай өвчин гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үзэж байна. Энэ аюултай өвчнөөр зөвхөн 2017 онд гэхэд л 1.3 сая хүн нас нөгчсөний дотор 230 мянган хүүхэд байна гэж энэ байгууллага гаргажээ. Ийм ч болохоор энэ өвчнийг судлах ажил өнөөгийн анагаах ухааны гол чиглэл болж байна. Сүрьеэ өвчин өнөөдөр Африк, зүүн Азид илүү тархсан бол арлын орнуудын хүн ам бага өртөж байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудын хувьд сүрьеэг бүрэн ялсан гэж болно. Дархлаа султай хүмүүс, эрүүл мэндийн тогтолцоо муу хөгжсөн орнуудад сүрьеэгээр өвчлөх магадлал өндөр байсаар байна. Сүрьеэгээр өвчлөхөд халуурах, ханиалгах, бие сульдах шинж тэмдгээр эхэлдэг. Ингэсээр уушгинд нөлөөлж үхэлд хүргэдэг. 

2017 он гэхэд Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун хэсэгт гэхэд л сүрьеэгийн нийт шинэ илрэлийн 62 хувь гарсан байна. Тэгээд цаашаа Африкийн бүс нутагт энэ өвчний 25 хувь нь илэрчээ. Сүрьеэ нь ХДХВ-ийн халдвараар нас барах гол шалтгаан болдог аюултай.
2017 оны байдлаар сүрьеэгийн өвчлөл илэрсэн дэлхийн 208 улс орныг жагсаахад Монгол улс 100 мянган хүнд 428 хүн сүрьеэгээр өвчилсөн гэгдэж 10 дугаарт жагссан байна. 100 мянган хүнд 665 тохиолдол илэрсэн Лесото эхний байранд орсон бол Барбадос, Монако, Сан-Марино, Виржиний арлуудад энэ өвчин илрээгүйгээр хамгийн эцэст оржээ гэж ДЭМБ тайландаа тусгасан байна.
Дэлхий нийтээр авч үзвэл сүрьеэгийн өвчлөл 2017 онд өмнөх оныхоос хоёр хувиар буурсан дүн гарсан гэж энэ тайланд дурдсан байна. Дэлхийн дүнгээр авч үзвэл 2001 онд манай гараг дээр 100 мянган хүнд 170 өвчлөл тохиолдож байсан бол 2010 онд 153, 2016 онд 136, 2017 онд 133 хүн энэ өвчний халдвар шинээр авсан байна.


2000-2017 онд сүрьеэгийн улмаас дэлхийн 54 сая хүн эмчлүүлсэн дүнтэй байна. ДЭМБ 2030 он гэхэд сүрьеэгийн тархалтыг бүрэн зогсоох зорилт тавиад байгаа юм. Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхий даяар Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон манай гаргийн нийт хүн ам, эрүүл мэндийн байгууллагын анхаарлыг үүнд хандуулдаг уламжлал тогтоод байгаа юм. 1882 оны энэ өдөр доктор Роберт Кох сүрьеэ үүсгэгч нянг нээснээр энэ өвчнийг анагаах аргыг боловсруулах боломж бүрдүүлсэн юм.


Гэхдээ л энэ цагаас хойш бараг 140 жил өнгөрөөд байхад сүрьеэ өнөөдөр ДЭМБ, улс орнуудын сэтгэл түгшээсэн өвчин хэвээр байсаар, тархалт нь зогсохгүй байна. Манай гаргийн 30 мянган хүн энэ өвчний халдвар авч шинээр өвчилж байгаа бол 4500 хүн өдөрт энэ өвчний улмаас нас барж байгаа юм.
2000 оноос хойш энэ өвчнөөр нас барах явдал 42 хувь буурсан гэж ДЭМБ мэдээлж байна. 2018 оны есдүгээр сард сүрьеэгийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор дэлхийн улс орнуудын төр засгийн удирдагчид түүхэнд анх удаа НҮБ-ын дээд хэмжээний уулзалт хийж сүрьеэг устгах үүрэг хүлээсэн юм.
2019 оны Сүрьеэтэй тэмцэх өдрийн ДЭМБ “Гүйцэтгэх цаг боллоо” гэсэн уриан дор зохион өнгөрүүлсэн юм.

 

Сүрьеэтэй тэмцэж ирсэн түүх

Сүрьеэ өвчин бүр эртнээс хүн төрөлхтөнд тохиож, “танил” болжээ. Манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ Вавилонд эхнэр нь сүрьеэгээр өвчилбөл салахыг зөвшөөрсөн хууль үйлчилдэг байсан бол Энэтхэгт сүрьеэ өвчинтэй хүнтэй гэрлэхийг хориглодог байжээ. Манай эриний өмнөх V зуунд Перст сүрьеэ өвчинтэй хүнийг хотод амьдарч, хүн ардтай харилцахыг хориглодог байсан гэж Геродот бичсэн байдаг. Үүнээс хойш XII-XIV зуунд сая сүрьеэг халдварт өвчин гэж үздэг болсон байна. Харин ХVII зууны хоёрдугаар хагасаас л анагаахын салбарынхан энэ өвчнийг судалж эхэлжээ. Улмаар Германы бичил биет судлаач Роберт Кох сүрьеэ үүсгэгч нянг нээсэн нь тэр. Ингэж л XIX зууны эцэс, XX зууны эхээр сүрьеэгийн эсрэг идэвхтэй тэмцэл идэвхжиж эмчилгээнээс гадна буяны ажиллагаа эхэлсэн юм.
Энэ үеэс л Цагаан цэцгийн өдөр гэдэг санаа бий болж Женевт залуучууд цагаан балжингарав дүрсэлсэн бамбай барин жагсч сүрьеэгээр өвчлөгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. Улмаар энэ хөдөлгөөн Европын бусад орнуудыг хамарч цагаан цэцэг худалдах замаар хүн ардад сүрьеэгийн аюулыг сурталчлахын зэрэгцээ энэ өвчний эсрэг тэмцэхэд зориулан хөрөнгө хуримтлуулж байжээ. Дани, Норвегид цагаан цэцэг худалдах явдал түгээмэл болсон бол Орост 1909 онд сүрьеэгийн үнэ төлбөргүй эмнэлэг нээж өвчнийг илрүүлэн оношлох, эмчлэх ажилд хүн амыг өргөнөөр хамруулах болжээ. 1910 онд сүрьеэтэй тэмцэх Бүх Оросын лиг зохион байгуулсан бол гурван жилийн дараа сүрьеэгийн нийт 2000 ор бүхий 67 эмнэлэг, өөр хэд хэдэн сувилал байгуулсан байна.
Сүрьеэгийн эсрэг “Цагаан балжингарав” уламжлал өнөөдөр дэлхийн улс орнуудад түгээмэл, уламжлал болон энэ аюулт өвчний хөнөөл, аюулыг хүн ардад таниулж сурталчлах болоод байна.

Сүрьеэгээр жил бүр 200 монгол хүн амиа алддаг

Хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байгааг ч ДЭМБ онцолж байна. Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн, үүний 10 хувь хүүхэд сүрьеэгээр өвчилдөг гэж ХӨСҮТ-өөс ЭМЯ мэдээлж байна. Хүүхэд залуучууд энэ халдварт өвчнөөр их өвчилж байгаа нь нийгэмд сүрьеэ өвчний халдвар идэвхтэй байгааг харуулж байгаа бөгөөд үүний тод илрэл нь нийслэлийн 15, 97 дугаар сургууль гэж хэлж болно. Гэхдээ энэ сургуулиудад сүрьеэгийн халдвар тархаад байхад бид мэдэлгүй өдий хугацаа алдсанаас үзэхэд өөр хаана ийм байдлаар халдвар чимээгүйхэн тархаж байгааг таахад бэрх.
Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд байна. Жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг гэж ХӨСҮТ мэдээллээ. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулган зохион байгуулж, “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гаргаад байгаа юм байна.

 

 

Сүрьеэ өвчин халдварлах арга замууд

Нийгмийн халдварт энэ өвчнөөс сэргийлэхийн тулд ямар арга замуудаар халдварладгийг сайн мэдэж байх ёстой. Уушгины сүрьеэ өвчин дөрвөн замаар халдварлана.

-Агаар шүлсээр халдвар тархана. Энэ бол сүрьеэгийн халдварлах хамгийн түгээмэл хэлбэр. Өвчтэй хүний яриа, найтаах, ханиалгах үед сүрьеэгийн нян агаарт тархах замаар халдварлана гэсэн үг. Хамгийн аюултай нь сүрьеэгийн нян агаарт нэг цаг амьдрах чадвартай. Үүнээс гадна энэ нян өвчтэй хүний хувцас хэрэглэл, номын хуудас дээр тоосонцортой хамт байж байдаг. Угааж цэвэрлээгүй хувцас, хивс, цагаан хэрэглэл зэрэг бол нян тээгч л гэсэн үг.
-Биеэр шүргэлцэх, холбооны замаар. Ийм тохиолдол тийм ч элбэг биш. Салс бүрхэвч, нүдний эвэрлэг бүрхэвч, арьсан дээрх шалбархай, ил шархаар дамжина.
-Түүхий, шүүрхий бүтээгдэхүүн хэрэглэх үеэр. Сүрьеэгээр зөвхөн хүмүүс төдийгүй амьтад ч өвчилдөг баримт байна. Үхэр бол сүрьеэгийн тээгч байдаг болохоор буцалгаагүй сүү, түүхий, шүүрхий махаар дамжин халдварлах аюултай. Ийм тохиолдолд сүрьеэгийн савханцар шулуун гэдсэнд орж цусаар дамжин халдварлуулна.
-Ургаар дамжин. Ийм тохиолдол тун ховор. Эх хэдийгээр өвчтэй ч гэсэн ургаа бүрэн хамгаалдаг. Гэхдээ эмнэлгийн практикт шинэ төрсөн хүүхэд эхээсээ халдвар аван сүрьеэтэй төрсөн тохиолдол байдаг.

 

Сүрьеэгийн анхны шинж тэмдэг

Сүрьеэ бол хэдийгээр нийгмийн халдварт өвчин ч эдгэрдэг өвчин. Тэгэхдээ мэдээж анхан шатандаа хурдан эдгэрнэ. Ийм болохоор өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт л эмчид хандах хэрэгтэй. Юуны өмнө ямар шинжүүд илрэх вэ. Бие сульдаж ядрах,  бие тавгүйтэж оройдоо  халуун 37.5-аас дээш болж халууран, ханиалгаж эхэлнэ. Аажимдаа жин алдаж, хоол идэх дур сонирхолгүй болно. Цээж, уушги орчмоор хөндүүрлэн, шөнөдөө их хөлөрдөг болно. Гэхдээ өвчний энэ шинжүүд нь ямар замаар халдвар авснаас болж өөр өөр. 

 

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх нь

Сүрьеэ нь эдгэрдэгтэйгээ адил урьдчилан сэргийлж болох өвчин. Энэ өвчний халдвар авахгүйн тулд яах ёстой вэ.
-Дархлаагаа сайжруул
-Биеийн тамираар хичээллэ, дасгал хөдөлгөөн сайн хий
-Жимс, хүнсний ногоо, мах. Хоолоо сайтар болгож ид
-Байр сууц, албан өрөө, сургууль хүүхдийн цэцэрлэгт агаар сайн оруул
-Байр сууцанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хий
-Өдөр бүр цэвэр агаарт зугаалж амар
-Гаднаас орж ирээд гараа заавал савандаж угаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com