Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн их эмч Б.Лхамдарьтай ярилцлаа.
-Харшлын үед дур мэдэн хлорфенамин хэрэглэх тохиолдол их байна. Энэ эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь зохистой юу?
-Нүд загатнах, хоолой боох, хамар битүүрэх, амьсгал давчдах, арьсаар нь тууралт гарах, бие загатнах зэрэг харшлын ямар нэг шинж тэмдэг илэрмэгц шууд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийх нь аюултай мөн эмийн гаж нөлөө гэж бий. Жишээ нь хлорфенамин гэх мэт эмүүдийг удаан хугацаанд ууснаар ам, хамрын салст хатдаг болох гаж нөлөө илэрч болно.
Мөн дексаметазон дуслыг замбараагүй хэрэглэж байгаа. Энэ эм нь бүх биед нөлөөлөх тул яс сийрэгжих, дархлаа муудах гэх мэт олон талын гаж нөлөөтэй байдаг. Зөвхөн эмчийн заалтаар л хийх ёстой эмчилгээ юм. Тиймээс эмч тохирсон эмчилгээг зааж зөвлөх тул харшлын шинж тэмдэг илэрмэгц дураараа эм тариа хэрэглэлгүй эмчид хандах хэрэгтэй.
-Харшил бүрэн гүйцэт эмчлэгдэх үү. Харшлаа тоохгүй яваад байвал ямар хор уршигтай вэ?
-Харшил бүрэн гүйцэт эмчлэгдэх боломжгүй харин тухайн үедээ эмчлэх, дахин өвчин сэдрэхээс сэргийлэх боломжтой. Харшлын эсрэг тохирсон эмчилгээг хийгээгүйгээс болоод өвчин илүү архагшдаг. Маш хүнд урвалууд бий. Анафилаксийн шок гэж харшлын маш хурц хэлбэр гэнэт илэрдэг. Энэ үед амьсгал боогдож, бүх биеэр нь тууралт гарч, хэдэн цаг минутын дотор ч амьсгал боогдож аминд хүрэх боломжтой. Ургамлын тоосны, хүнсний харшилтай, чонон хөрвөсийн тууралт гарч байсан эсвэл харшлын зовиур өгч байгаагүй хүнд ч энэ зүйл тохиолдох эрсдэлтэй. Тиймээс харшлын өвчнийг эрт дээр нь эмчид хандах хэрэгтэй.
-Харшил удамшдаг уу?
-Харшлыг халдвар шиг шинээр авдаггүй. Удмын хүчин зүйл ихэнхдээ нөлөөтэй байдаг. Тэгэхээр харшламтгай байдал удамшдаг гэсэн үг. Харшил бол цэвэр орчны онолоор тайлбарлагддаг өвчин. Хотжилт хүрээгээ тэлэх тусам энэ өвчнөөр өвчлөгсөд улам нэмэгдсээр байна. Хүн төрөөд байгаль орчинтой харилцаж байх ёстой. Гэтэл дөрвөн хананы дунд, цэвэр орчинд өнөөгийн хүмүүс амьдарч байна. Ямар ч шороо тоос, ургамалгүй орчинд амьдраад байхаар эдгээр зүйлсийг хүний биеийн дархлаа энгийн зүйл гэж хүлээж авч чадахгүй болж байна. Мөн орчин үед хөрс, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг нь тулгамдсан асуудал болж байна. Эдгээр нь харшлын өвчин үүсэхэд нөлөөлөх гадаад хүчин зүйл болж өгнө. Мөн бидний дархлаа халдварын эсрэг тэмцэх ёстой байхад, энгийн зүйлсийн эсрэг заримдаа өөрийн эд, эс үрүү тэмцэж харшлын өвчнүүд үүсч байна.
-Бага насны хүүхдүүд чонон хөрвөс, диатез зэрэг арьсан дээр тууралт өгөх өвчнөөр их өвдөх болжээ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Амьсгалын замын харшил үүсгэгч, халуун хүйтэн, хоол хүнс, эм гэх мэт маш олон зүйлсэд хариу урвал болж бие дээр нь тууралт гардаг. Манай эмнэлэгт арьсны харшлын өвчний улмаас хандаж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Арьсны харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн арьсыг маш сайн чийгшүүлж өгөх, харшил үүсгээд байгаа зүйлийг өвчтөн өөрөө анзаарч түүнээсээ зайлсхийх хэрэгтэй. Мөн элдэв өнгө, үнэр багатай зүйлсийг хүүхдэд хэрэглэж баймаар байна. Хэрвээ таны хүүхдэд энэ төрлийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандах нь зүйтэй. Үүнээс гадна нярай, бага насны хүүхдэд хоол хүнсний шалтгаантай харшил элбэг тохиолддог. Энэ үед арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг илрэх нь олонтоо. Өөрөөр хэлбэл чонон хөрвөс, атопийн дерматит өвчнүүд үүсэх боломжтой. Гэхдээ эрт эмчлүүлж, дэглэм баримтлах болон тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж 70 хувь нь өсвөр наснаас өмнө бүрэн эдгэрдэг. Үүнд эцэг эхийн асаргаа чухал байдгийг анхаараарай.
-Манай улсад ойрын хугацаанд нэвтрүүлэх боломжтой ямар шинэ эмчилгээний аргууд байна вэ?
-Манай эмнэлэгт одоогоор шарилжны харшлаас сэргийлэх хамрын цацлага вакцин эмчилгээг хийж байна. Энэ нь схемийн дагуу харшил үүсгэгчийг биед оруулж өгснөөр дасал үүсгэх зарчимтай эмчилгээ юм. Тиймээс энэ нь харшлын улирлыг угтуулан дөрвөн сараас эхлэн 2-3 сарын хугацаанд хийгддэг. Хүмүүс ганц удаа тариад болчих юм шиг буруу ойлголттой байдаг. Харшлын эсрэг хийгдэж байгаа сүүлийн үеийн бас нэг эмчилгээ бол хэлэн доороо тавьж уусгадаг таблетка байна. Энэ вакцин эмчилгээ мөн манай оронд хийгдэж байгаа. Энэ вакцин эмчилгээг хүн бүрт хийхгүй, эмч үзэж, тодорхой харшлын шинжилгээг хийж өвчтөнөө үнэлснээр эмчилгээнд хамруулах эсэхээ шийддэг.
-Харшилтай хүмүүст ямар шинжилгээнүүдийг хийдэг вэ?
-Манай эмнэлэгт эмчийн заалтаар арьс хатгах сорил болон цусанд харшил үүсгэгчийн эсрэг уургийн хэмжээг тодорхойлох гэсэн хоёр төрлийн шинжилгээ хийж байна. Арьс хатгах сорилыг ЭМД-аар үнэ төлбөргүй хийдэг. Яг харшлын улирал эхлэхэд манай эмнэлэгт ачаалал үүсдэг. Гэтэл энэхүү шинжилгээг жилийн дөрвөн улирлын турш хийж л байгаа. Арьс хатгах сорилыг хэт бага насны хүүхэд болон 65-аас дээш насны хүнд хийхэд физиологийн онцлогоос хамааран шинжилгээний хариу буруу гарах боломжтой. Харшлын суурьтай, зовиур илрээгүй хүмүүс ч арьс хатгах сорилд хамрагдаж болно.
Мөн сорил тавиулахаас өмнө долоо хоногийн дотор харшлын ямар нэг эм уугаагүй, тууралтгүй байх хэрэгтэй байдаг тул энэхүү Арьс хатгах сорилын шинжилгээг хийх боломжгүй үед цусанд харшил үүсгэгчийн эсрэг уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийж болно. Энэ шинжилгээний арга нь аль ч насны хүнд хэзээ ч хийж болдог давуу талтай. Харшлын хамгийн орчин үеийн оношилгооны арга юм.Дээрх шинжилгээнүүдээр ургамлын, тоосны, амьтны үс ноосны, мөөгөнцрийн гэх мэт амьсгалын замын болон хоол хүнсний харшлыг илрүүлэх боломжтой. Юунд харшилтай гэдгийг нь тогтоочихвол тэр зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ бол харшлын эсрэг хамгийн оновчтой эмчилгээ юм. Гэхдээ хүн бүрт энэ шинжилгээг хийхгүйг анхаарах хэрэгтэй, Энэхүү шинжилгээг хийх шаардлагагүй тохиолдлууд байдаг.
-Харшилтай хүмүүст хориглох хоол хүнс байдаг шүү дээ. Энэ талаар?
-Харшлын өвчний сэдрэлийн үед хоолны дэглэм баривал сайн байдаг. Шууд загатнаа үүсгэдэг, харшлыг улам сэдрээдэг гистамин агуулсан хүнсний зүйлс гэж байдаг. Үүнд цитрусийн төрлийн жимс, хийжүүлсэн ундаа, жүүс, өндөг, хоол амтлагчнууд, шарсан хуурсан хоол хүнс, түргэн хоолнууд, консервант агуулсан удаан хадгалдаг хүнсний бүтээгдэхүүнүүд, мөн тод өнгө, үнэртэй амттангууд, алкохолын төрлийн зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.