Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Таны хүүхэд яг тан шиг хүн болно

Цагдаагийн Ерөнхий Газраас нийгэмд, эцэг эхчүүдэд эерэг хандлага хэвшүүлэх зорилготой “Зөв тусгал” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулаад дуусч байна. Стресс бухимдалтай, завгүй амьдралын хэмнэл дунд эцэг эхчүүд маань амьдралын утга учир болсон бяцхан үрстээ цаг зав гаргах, тэднийг сонсох хамгийн чухал үүрэг хариуцлагаа умартах болжээ. Яг л Михаэл Эндегийн “Момо” зохиол дээр гардаг шиг. Нийгэмд үгүйлэгдэж буй энэ чухал харилцааг ээж, аав бүрт сануулж буй “Зөв тусгал” аяны талаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

 

Д.Будзаан: Гэр бүлийн зөрчлийг хүчирхийллийн замаар шийддэг хандлага байна

Юуны өмнө энэхүү аяныг зохион байгуулах болсон урьдчилсан нөхцөл юу байв гэдгийг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа. Тэрбээр, Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал хүндрэлтэй байгаа зүйлүүдийн нэг хэвээр байна. Нэг л тоо баримт хэлэхэд, Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байгаа юм. Тэгэхээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэмт хэрэг жилээс жилд буурахгүй байгаа гэсэн үг. Уг нь, Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн. Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, хүүхдийн эрхийг хамгаалах хүн хүч хангалттай байна. Гэтэл яагаад хүүхдийн эрх зөрчигдөөд байна гэхээр хуулийг мөрдөх ёстой иргэн бүр, ээж аавуудын хандлагад асуудал байгааг бид олж харсан. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрэгчид үйлдэж байна. Манайд гэр бүлд болж байгаа зөрчлийг хүчирхийллийн замаар шийддэг, хүүхдийг үл хайхардаг тогтсон хандлага бий болчхоод байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй. Хүн бүр ээж аав болдог гэж үг бий. Тэгэхээр таны хүүхэд яг тан шиг ээж аав, том хүн болно гэсэн үг. Нөгөө талаас нь авч үзвэл эцэг эхчүүд хүүхдээ эрдэм, номтой, нэр алдартай, ухаантай, сайн хүн болгох гэж нэг их зовоод байх шиг санагддаг. Ингээд хамгийн том боловсрол болох хувь хүн болж хүмүүжих боловсролыг орхигдуулаад байгаа юм. Чухамдаа таны хүүхэд яг тан шиг хүн болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Таны хүүхэд таны гэр бүлийн тусгал байдаг. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүчирхийлэл үйлдээд, гарцгүй газраар дагуулж гүйгээд, хүүхдээ дагуулж цахим тоглоом тоглоод байвал таны хүүхэд тийм л болно. Тэгэхээр хүүхдийнхээ өмнө зөв үлгэрлээч гэсэн санаагаар энэхүү аяныг бид зохион байгуулж байгаа юм” гэлээ.
“Зөв тусгал” аяныг зохион байгуулагчдын зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр гарч байсан 1500 гаруй ном товхимлыг уншиж, судлаач эцэг эхчүүдэд хандсан 10 мессежийг онцлон хүргэхийг зорьжээ.

 

Б.Цолмон: Хүүхдээрээ баймаар байгаа ч бидэнд тийм боломж хомс байна

 

Аяны талаар аравдугаар ангийн сурагч Б.Цолмон ингэж ярьсан юм. Тэрбээр, “Цаг бол алт. Яг үүнтэй адил дэмий зүйлд дурлаж, гадуур хоосон сэлгүүцэж, энд тэнд худал ярьж суух нь хүчирхийлэлд өртөхийн нэг хэлбэр гэж боддог. Бидний үеийн охид гэр, сургууль хааяа нэг кино үзэх зэргээс өөр зүйлд сатаарч ерөөсөө болохгүй. Уул нь би хөгшчүүлийн хэлдгээр хүүхдээрээ баймаар байна, хүүхэд нас дахиж олдохгүй. Гэтэл тийм боломж бидэнд хомс. Хүчирхийлэл, бие биеэ үл хүндэтгэх байдал, газар авч байгаад эмзэглэж явдаг” гэсэн юм.

 

Н.Баяржавхлан: Зурагтаар хүүхдүүдийг зодоод, бас охидуудыг уйлуулаад байгаа гэсэн

 

Гуравдугаар ангийн сурагч Н.Баяржавхлан ярихдаа, “Хүчирхийлэл гэдэг бол хүүхдийг загнах, зодох, уйлуулах бас ээж аав нь орхиж явахыг хэлнэ. Зурагтаар хүүхдүүдийг зодоод, бас охидуудыг уйлуулаад байгаа гэсэн. Ээж аав хамаагүй гадуур битгий сэлгүүцээрэй гэж үргэлж хэлдэг. Манай ээж аав ах эгч надад их сайн. Намайг огт хүчирхийлдэггүй. Тиймээс би бүгдэд нь хайртай” гэлээ.
Б.Даваажав: Хүмүүжил бол зөвхөн гэр бүлээс олддог хамгийн том боловсрол

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Даваажав энэхүү аяны талаар ярихдаа “Энэ их зөв, зүйтэй аян болж байна. Автобусанд явж байхад ээж аавуудад зориулсан товч тодорхой мессежүүд харагдах болсон. Миний хувьд өглөө 7 цагаас шөнийн 10 цаг хүртэл өдрийн ихэнхийг ажил дээрээ болон замын түгжрэлд өнгөрүүлдэг. Хүүхдээ унтаж байхад яваад унтаж байхад ирдэг. Ингээд яваад байхаар ёстой нөгөө хошин шог дээр гардаг шиг нэг мэдэхэд хүүхэд маань мөлхдөг, алхдаг, ярьдаг болчих юм байна шүү дээ. Уг нь ажил хийж, мөнгө олж байгаа эцсийн зорилго маань үр хүүхдээ эрүүл саруул, зөв сайн хүн болгох. Гэтэл хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломж олдохгүй, зөв үлгэр дуурайл үзүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ аяны тухай мессеж авснаас хойш амралтын өдрүүдийг аль болох гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэхийг хичээх болсон. Хүмүүжил бол зөвхөн гэр бүлээс олддог хамгийн том боловсрол гэдгийг ойлгосон” гэв.

 

Г.Арсланхуяг: Хүүхэд бол зөвхөн эцэг эхийн тусгал биш нийгмийн тусгал

Аяны хүрээнд хийгдсэн ажил, хүлээгдэж буй үр дүнгийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

-“Зөв тусгал” аяны хүрээнд ямар ажлуудыг хийсэн бэ?
-Аяны нэр “Зөв тусгал”. Энэ нь “Хүүхэд бол зөвхөн эцэг эхийн тусгал биш нийгмийн тусгал” гэсэн санаагаар өгсөн юм. Энэ хугацаанд бид гурван сая гаруй хүнд мэдээ мэдээлэл хүргэжээ. Бид нийтдээ 20 гаруй ажлыг төлөвлөсөн. Мэдээллээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хүн хаана л зорчиж байна тэр бүх сүлжээгээр тараасан. Сумын төвд мотоциклийн ард хүртэл наасан байгаа. “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, хэрхэн сайн аав ээж болох талаар сургалт явуулсан. Бидний хийж байгаа ажил бол хандлагын өөрчлөлт. Хандлагын өөрчлөлт гэдэг оюун санаанд нь мэдээлэл яаж хүргэх вэ гэдэг асуудал юм. Тиймээс залуу гэр бүлүүдэд зөвлөгөө өгч, “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” сургалт зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн энэ хүрээнд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тохиолдуулж Сүхбаатарын талбай дээр олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Дөрвөн мянга гаруй хүнд хууль эрхзүйн зөвлөгөө өгсөн. Сонирхолтой видео контентуудыг хүргэж байна. Дуучин Ука болон Тундер нар хамтран шинэ дуу хийсэн байгаа.
-Аянаас та бүхэн ямар үр дүнг хүлээж байна. Хэдий хугацааны дараа бодитоор харагдах бол?
-“Зөв тусгал” аян бол эцэг эхчүүдэд үүрэг, хариуцлагаа ухамсарлах томоохон челленж болно гэдэгт найдаж байна. Үүнээс өмнө бид “Нэг хором” аяныг зохион байгуулсны дараа бааранд зодолдож байсан хоёр залууг найз нь “нэг хором” тэвччих гэж ятгасан хөгжилтэй түүх цахим орчинд явж байсан. Яг ийм хандлагын өөрчлөлтийг бид хүсч байгаа. Гэхдээ энэ бол ганц сарын аян зохион байгуулаад дуусах ажил биш. Үр дүн нь тийм амархан харагдахгүй байж ч мэднэ. Хамгийн гол нь ээж аавуудын толгойд нэг ч гэсэн үг, өгүүлбэр, мессеж хүрээсэй гэж хүссэн.
-Хүүхэд хамгаалахад зөвхөн албаны хүмүүс гэлтгүй эцэг эхийн оролцоо бас чухал?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Эцэг эх үр хүүхдэдээ хэр цаг гаргаж байна. Хүүхдүүддээ анхаарал тавьж тэдэнтэй илэн далангүй ярилцаж байх ёстой. Мөн үр хүүхдээ ойлгож сонсож байх нь маш чухал. Эцэг эх нь ямар хүмүүжил боловсролтой байна хүүхэд тэднийг дуурайна. Тиймээс эцэг эх бяцхан үрсээ хайраар дутаахгүй, хүчирхийлэлгүй орчинд өсгөж хүмүүжүүлж, эх орондоо зөв иргэнийг төлөвшүүлэх үүрэгтэй.

  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com